
Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон улсын зах зээлд гарна гэж хөөрцөглөөд, БЭТ тавьж харгалзуулаад, ногдол ашиг тарааж нэг оноо авсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн аудитаас тогтож харах, онож тооцох хэдэн зүйл байна. Үндэсний аудитын газар тус компанийн 2024 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийснийг 2025 оны дөрөвдүгээр сард дүгнэжээ. Уг шалгалтаар тус компанийн үйл ажиллагаанд ноцтой гэж хэлж болох хэд, хэдэн зөрчил илэрч, ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд анхаарах шаардлагатайг харууллаа. Аудитын тайланг ерөнхийд нь тоймловол нийт 30 гаруй зөрчил бүртгэгджээ. Дийлэнх нь гэрээний ил тод байдал, хөрөнгийн бүртгэл, дотоод хяналтын сул байдалтай холбоотой байсан юм.
Нэг зүйлийг тодотгох ёстой. 2024 он бол компанийн түүхэнд хамгийн өндөр ашиг орлоготой жил байсныг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлж байв. Тухайн жилд 4.5 их наяд төгрөг буюу 44 хувийн цэвэр ашигтай ажиллаж, 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2024 онд дангаараа Монгол Улсын нүүрсний экспортын 36%, татварын орлогын 12% бүрдүүлжээ. Мөн онд нийт 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонныг нь борлуулж, гурван тэрбум ам.долларын орлого олсон юм.
Нүүр борлуулах болон тээвэрлэх гэрээнүүдийн 40 орчим хувь нь олон нийтэд ил тод бус байсан юм. Зарим гэрээний нөхцөл, үнийн мэдээлэл, гэрээт талуудын сонгон шалгаруулалтын үндэслэл тодорхойгүй байжээ. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, олон нийтийн итгэлийг бууруулах гол хүчин зүйл болж байна.
Тухайлбал, “Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэх мэдээллийг хуульд заасан хугацаанд иж бүрэн, үнэн зөв, ил тод мэдээлээгүй байна”. Зөрчлийн үнийн дүн нийт 86.2 сая төгрөгөөр хэмжигджээ.
Аудитын шалгалтаар зарим хөрөнгийг бүртгэлд бүрэн тусгаагүй, эсвэл үнэлгээний зөрүүтэй бүртгэсэн тохиолдлууд илэрчээ. Тухайлбал, зарим тоног төхөөрөмж, барилга байгууламжийн бодит үнэ цэн нь тайланд тусгагдсан дүнгээс зөрүүтэй байсан нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд сөргөөр нөлөөлөх шалтгаан болжээ.
Аудитын тайланд дурдсанаар “Уурхайн төмөр замын нүүрс ачилт, буулгалтын талбайн камержуулалтын ажлыг гүйцэтгүүлэх ажил гэрээнд заасан хугацаанд хийгдээгүй 2 жилийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 23 -нд тоног төхөөрөмжийг хүлээн авсан нь хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлолгүйгээр худалдан авалт хийсэн байна” гэж дүгнэжээ.
Санхүүгийн гүйлгээ, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, гэрээ байгуулах үйл явцад давхар хяналт, баталгаажуулалт хангалтгүй байсныг аудитын баг онцолсон. Зарим тохиолдолд нэг хүний шийдвэрээр олон сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь хяналтын тогтолцооны сул талыг илтгэж байна.
Аудитын тайланд дурдсанаар “ТӨБЗГ-аас тайлант онд 907,452.8 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий нүүрс тээврийн 11 багцад ерөнхий гэрээний аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд тус худалдан авалтууд нь байгууллагын 2023, 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.
Тайлангийн хавсралтууд дутуу, нотлох баримт хангалтгүй, зарим гүйлгээний тайлбар тодорхой бус байсан нь аудитын нотолгоонд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь аудитын байгууллагаас “хязгаарлалттай санал дүгнэлт” гаргахад хүргэсэн гол шалтгаануудын нэг болжээ.
Тодорхойгүй төсөл, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой эргэлзээтэй гүйлгээнүүд бүртгэгдсэн. Зарим тохиолдолд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслүүдийн үр дүн тодорхойгүй, тайлагнал хангалтгүй байжээ.
Аудитын тайланд дурдсанаар “Компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, нийгмийн шинж чанар бүхий 3 арга хэмжээнд нийт 671.9 сая төгрөгийг зарцуулсан байна” гэж дүгнэжээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит оруулахад нийт 38.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 34.3 тэрбум төгрөгийн зөрчилд 10 албан шаардлага хүргүүлж, 4.4 тэрбум төгрөгийн зөрчилд есөн зөвлөмж өгчээ. Аудитын тайлангаас харахад “Эрдэнэс-Тавантолгой” ХК цаашид гэрээ, худалдан авалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хөрөнгийн бүртгэлийг шинэчлэн, үнэн зөв мэдээлэлд тулгуурлах, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн тайлангийн бүрдүүлэлтийг олон улсын стандартад нийцүүлэх ёстой болж байна. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадвал олон улсын зах зээлд гарахаа байг гэхэд санхүүгийн сахилга бат сайжирч, олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Бүр цаашлаад ирсэн дарга бүр нь шорон яваад байхгүй юм даа.

Сэтгэгдэл ( 0 )