NBA багц: Вэмбаньяма дахиад өсөж, Леброн бага хүүгээ хүлээхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

Сагсанбөмбөгч сонирхогчдодоо NBA-гийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллээс багцлан хүргэе.

“Сан Антонио”-гийн цамхаг залуу Виктор Вэмбаньяма багийнхаа улирлын өмнөх үзлэгт хамрагдахдаа биеийн өндрөө үзүүлжээ. 21 настай тоглогчийн биеийн өндрийг 2.235 мерт буюу өмнөх жилийн мөн үеийнхээс 2.5 сантиметраар өссөн гэсэн үг дүн гарсан байна.

“Биедээ би их анхаарсан. Улирал дундын амралтын хооронд байж болох дээд цэгтээ тултал ажилласан. Одоо би саадгүй тоглоход бэлэн” гэж Вэмбаньяма өгүүлсэн байна.

40 настай Леброн Жэймс бага хүү Брайсыгаа лигт иртэл нь хүлээхгүй гэлээ. “Би Брайсыг хүлээхгүй ээ. Тэр өөрийн гэсэн хуваарьтай. Би ч гэсэн өөрийн хуваарьтай” хэмээн хэлсэн байна. Брайс одоо Аризонагийн Их сургуулийн нэгдүгээр курст байгаа юм.

Драфтын тэргүүн, 18 настай Күпер Флэгг Майкл Жордантай Райдерийн цомын үеэр таарч, уулзсан тухайгаа ярьжээ. “Майкл Жордантай уулзсан тухайд уу... Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчтэй уулзлаа гэж бодож байна. Би үргэлж түүнийг хамгийн шилдэг нь гэж бодсоор ирсэн. Харин одоо мөрөөдөл минь биеллээ. Цаг гаргаж, уулзсанд маш их баярласан” гэжээ.

Никола Йокич “Денвер”-т замналынхаа туршид тоглохыг хүсэж буйгаа мэдэгдсэн байна. “Гэрээг сунгана гэдэг бол шагнал юм. Ялангуяа орчин үеийн NBA-д цалингийн асуудал ийм болж байгаа нөхцөлд онцгой явдал. Миний төлөвлөгөө “Денвер”-т замналынхаа турш тоглох. Миний хариулт ийм л байна” гэжээ.

Энтони Дэвис баруун нүдний хагалгаа амжилттай болсныг зарлалаа. Одоо ямар нэгэн хязгаарлах, болгоомжлох зүйл үгүй гэнэ. Гэхдээ замналынхаа үлдсэн хугацаанд эмчийн зөвлөснөөр нүдний хамгаалалтын шил зүүх ажээ.

Ахиллын шөрмөсний гэмтэлтэй Тайриз Халибертон тоглож чадахгүй ч гэлээ дасгалжуулагч, тоглогчдын дунд гүүр болох боломжтой гэж бодож байна. “Тоглох боломжгүй болчихоор аливаа зүйлийг арай өөрөөр харах юм. Хажуугаас тоглолт арай өөрөөр харагдах ч шиг. Магадгүй дасгалжуулагчийн нүдээр хараад ч байх шиг. Өмнө нь би дасгалжуулагчийн зарим шийдвэрийг ойлгодоггүй, зөвшөөрдөггүй байлаа. Харин одоо бол ингэж харах сонирхолтой санагдаж байна. Хувцасны өрөөнд багийнхантайгаа байхдаа бүгдийг сайн ажиглаж, дасгалжуулагч болон тоглогчдыг хоорондоо бүрэн ойлголцоход нь гүүр болж тусалья гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Мөн л ахиллын шөрмөсний гэмтэлтэй Жэйсон Тэйтүм “Би долоо хоногийн зургаад нь бэлтгэл дасгал хийж байгаа нь үнэн шүү. Дасгал хийх тусам хөл минь чангарч, өмнөхөөсөө ч хүчтэй болж байгаа. Хөл ч гэлтгүй биеийн бусад булчингууд ч илүү чангарсан. Магадгүй 19 настай байхдаа л биеэ ийм чанга байхыг мэдэрч байсан байх” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top