1993 оны долоодугаар сард Умард Каролинад домогт Майкл Жорданы аав Жэймсийн амийг бүрэлгэсэн хэрэг гарч, дуулиан тарьсан.
Тус хэргийг үйлдсэн нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял сонссон хоёр ялтны нэг нь 30 гаруй жилийн дараа аллага үйлдээгүй хэмээн тэмдэглэсэн захидлыг АНУ-ын төр засагт хаяглан илгээж, яаралтай өршөөлд хамрагдах хүсэлтэй гэдгээ мэдэгджээ.
.jpg)
Тухайн хэргийг үйлдэхдээ 18 настай байсан, одоо 50 настай Даниел Грин найз Ларри Демери хамтаар Жэймс Жорданыг хөнөөсөнд тооцогдсон юм. Майкл Жордан тэр үед NBA-гийн гурван удаагийн аварга болчихсон байлаа.
“Майкл Жордан болон түүний гэр бүлд хандах нь: Би Жэймс Жорданы үхлийн буруутан биш. Би аллагын хэргээр ял үүрэх ёсгүй. Шорон бол хүний байхыг хүсээд байхаар газар биш. Ялангуяа буруугүй хүн энд байх ёсгүй. Намайг буруутгасан олон зүйл ангийн заримд нь би буруугүй” хэмээн Даниел Гриний мэдэгдэлд дурджээ.
.jpg)
Даниел Грин 30 гаруй жилийн турш хоригдохдоо хэргийнхээ талаар судалж, хуулийн гарц гаргалаануудтай танилцсан байна. Тухайн үед яагаад аллага үйлдсэн гэж хүлээн зөвшөөрснөө тайлбарлахдаа “Тэгэхэд би 18 настай хүү байлаа. Шөнө дунд Ларри над дээр ирээд “Хэн нэгнийг алчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би туслах ёстой л гэж бодсон. Цогцсыг тээвэрлэж, нуухад нь тусалсан учраас аллага үйлдсэнтэй ялгаагүй бодсон” хэмээн өгүүлсэн байна.

Жэймс Жорданы цогцсыг 11 хоногийн дараа намгаас олсон юм. Даниел Гриний ярьж буйгаар хэний цогцос гэдгийг эхэндээ ойлгоогүй ч Ларри аваргын бөгжийн тухай ярьж байсныг бол санаж байна гэжээ.
Гэхдээ тухайн үед хэрэг явдал яг юу болсныг эргэн сануулахад, Жэймс Жорданы алга болсноос хойш хэдхэн хоногийн дараа Грин NBA-гийн аваргын малгай болгон бөгжтэй рэп бичлэг хийсэн нь олдсон байдаг. Аавдаа Майкл Жордан аваргын малгай, бөгжөө бэлэглэсэн байжээ.

“Яагаад би цогцсыг нуухад тусалсан бэ гэвэл тэгэхэд жаахан хүү байлаа. Харин одоо би 50 настай. Тиймээс тухайн үед яагаад тэгснээ тайлбарлаж чадахгүй. Өөдтэй тайлбар ч хийж чадахгүй нь. Ямар үр дагавар гарахыг бодоогүй, ойлгоогүй. Тухайн үеийн бодолдоо л хөтлөгдсөн” гэжээ.
Харин Жэймс Жорданы үхэл хүүгийнх нь мөрий тоглоомд дуртай байсантай нь холбоотой байж магадгүй гэсэн яриаг Даниел Грин үгүйсгэсэн байна. “Үгүй ээ, тийм холбоос байхгүй байх. Ларри тэр үед мансуурчихсан байсан. Мөрийтэй тоглоомтой холбоотой сүүлд тарсан мэдээлэл бол домогт тоглогчийг “харлуулах” гэсэн санаа л байх” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )