NBA багц: Гарнеттийн аймшигт харц, Көрригийн эхнэрийн үг, Брауны аавын хэрэг, Шредерийн гуниг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

NBA-гийн багц мэдээллээсээ та бүхэнд хүргэе. Эхлээд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нэгэн түүхийг Пол Пирс ярьсныг дуулгая. “Онгоцоор нисэж явах үедээ бид багаараа хуралдсан юм. Кевин Гарнетт тэр улиралд гэмтэлтэй байж таарсан. Бидний аварга болсны дараах улирал байгаа юм. Хуралдааны үеэр ахмад, залуу тоглогчдын дунд ангал үүсэж, хоорондоо муудалцлаа.

Перкинс юу ч билээ хэлчихсэн юм аа, тэгсэн чинь Гарнетт дүрсхийгээд босоод ирлээ. Перкинсийг юу юугүй цохиод авах нь ээ. “За бараг алчих байх даа” гэж би бодож амжсан. Аймшигтай мөч байсан шүү. Гарнеттийн нүдийг харсан бол... Би энэ амьдралдаа Гарнеттийнх шиг тийм аймшигтай харцыг хараагүй. Яг л алах байсан. Нүцгэн гараараа зодоод алчихаж мэдэх хүн байгаа юм. Бид саад хийгээгүй бол Перкинс үхчисэн байгаа” хэмээн Пол Пирс ярьжээ.

Стев Көрригийн эхнэр Айиша нөхрийгөө NBA-гийн супер од болно гэж төсөөлж байгаагүйгээ ярьжээ.

“Би Көрриг сургуулийн дасгалжуулагч л болно гэж боддог байснаас биш супер од болно чинээ төсөөлөөгүй. Өөрөө ч сургуулийн дасгалжуулагч болно л гэж ярьдаг байсан. Харин би өөрийгөө хамгийн том амжилтад хүрсэн ажил хэрэгч эмэгтэй болно гэж боддог байлаа” гээд Айиша инээжээ.

Тэд 14 настайдаа сүмд танилцсан гэдэг. Үе үехэн утсаар ярьж байсан ч Айишагийн эцэг эх нь охиноо хэнтэй ч дотно байлгахыг хүсээгүй учир сургууль төгстөлөө үерхэхийг хориглосон байна. Ингээд 20 насандаа тэд Лос-Анжелест санаандгүй тааралдсанаар уулзаж эхэлсэн гэдэг.

“Бостон”-ы од Жэйлэн Брауны аав Марсель Браун авто зогсоол дээр маргаан үүсгэж, бухимдсандаа хөлбөмбөгийн нэгэн дасгалжуулагчийг хутгалсан хэргээр баривчлагдаад байна. Өнгөрсөн лхагва гаригт  энэ хэрэг гарчээ. Хохирогчийн гэдсэнд нь хутгалчихаад хэргийн газраас зугтсан ч цагдаа нар олж илрүүлэн, баривчилжээ.

Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэж, хагалгаа хийсэн байна. Одоогоор биеийн байдлынх нь талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа юм. Марсель Браун мэргэжлийн боксчин байсан. Нийт 52 тулаан хийхдээ 33 ялснаас 25 удаад нь нокаутаар буулган авч байжээ. 10 жилийн өмнө сүүлчийн тулаанаа хийсэн юм байна.

Деннис Шредер хэзээ ч германчуудад Дирк Новицки шиг хайрлагдахгүй гэдгээ мэддэг тухайгаа ярьсан байна. “2008 оны Бээжингийн олимпын наадамд Дирк Новицкиг төрийн далбаа өргөж нээлтийн ёслолд оролцохыг харж суухдаа би 14 настай байлаа. Ямар гоё юм бэ гэж бодож бахархаж байсан. Үүнээс илүү хүндэтгэл байхгүй гэж бодож байлаа.

Гэвч үнэндээ намайг бол хэзээ ч Дирк Новицки шиг хүндэлж, хайрлахгүй. Яагаад гэвэл би өнгөт арьстан” хэмээн Шредер өгүүлсэн байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх Европын АШТ-д түрүүлнэ гэж мөн мэдэгдлээ. “Бид түрүүлэх болно. Түрүүлнэ гэдэгтээ итгээгүй бол би ингэж хэлэхгүй. Түрүүлнэ гэж бодоогүй бол энэ тэмцээнд оролцох ч үгүй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top