Бодибилдингийн Дэлхийн оргил тэмцээн “Мистер Олимп”-ын 7 удаагийн аварга, АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Щварценеггер олон кинонд хөгжилтэй, хүчирхэг эрийн дүрийг бүтээсэн.
Тэгвэл саявтархан Watch What Happens Live-д уригдан оролцохдоо ямар дүрээрээ хамгийн өндөр орлого олсон талаараа ярьсан байна.
Сонирхолтой нь, түмний мэдэх “Терминатор”-ын гол дүр биш 1988 онд дэлгэцнээ гарсан “Ихрүүд” киногоо хэлжээ. Денни ди Витотой ихэр болж төрсөн ч амьдралын салаа замаар салж, тусдаа өссөн тухай кинонд хөгжилтэйгээр өгүүлдэг.
“Бид тэр киноны дараагаар анх удаагаа банк руу алхаж үзсэн юм даа. Тэр хүртэл бидэнд мөнгө байгаагүй. Гэтэл үнэхээр гайхамшигтай орлого олсон. Би л гэхэд тэр дүрээрээ 35 сая ам.доллартай болсон юмдаг. Энэ бол хамгийн өндөр орлого олсон дүр маань. Үнэхээр гайхалтай амжилттай. Уг нь удаахь ангийг нь “Гурван ихэр” гэж хийхээр төлөвлөчихөөд байсан ч найруулагч Айвен Райтман нас барсан учир хийх боломжгүй болсон” хэмээн Щварценеггер өгүүлжээ.
Харин Денни ди Вито “Бид “Ихрүүд 2”-ийг хожим ч болтугай хийж болох байсан. Гэтэл энэ амбан захирагч болоод арилаад өгсөн. Уг нь амбан захирагч биш ихрээ дахиад хийсэн бол илүү өндөр орлого олох байлаа” хэмээн хошигножээ.
Арнольдоос “Терминатор”-ын цувралуудаас хамгийн муу болсныг нь хэлээч гэхэд “4 дэх нь. Яагаад гэвэл би амбан захирагч байсан тул тоглоогүй юм. Ер нь надгүйгээр яаж “Терминатор”-ыг хийж чаддаг байна аа? Ямар ч утгагүй шүү дээ” гээд инээмсэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )