Эмийн сонсголын эхний өдөр хэн юу ярив

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа билээ. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, нар багтсан.

Тэгвэл нээлттэй сонсголыг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр, сэдвийн дараалал болон эдгээр сэдвийн хүрээнд хөндөх асуудлыг нэг бүрчлэн танилцууллаа. Тэрбээр, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэг, бүрэлдэхүүнийг сонсголын эхэнд танилцуулсан юм. Харин сонсголд ажиглагчаар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ш.Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар оролцож байна. Урилгаар сонсголд АТГ, УЕПГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллага, ХЭҮК, ҮАГ,  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, ГЕГ, ТЕГ, ХХЕГ, ШӨХТГ газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Сонсголын эхний өдрөөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судаллаа. Хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлш­гүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаал­тан нөлөөлсөн байдал, эм хан­гамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авлаа.

Сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Түр хороо хяналт шалгалтын ажлынхаа хүрээнд хэрхэн ажилласан талаар товч танилцуулгыг хийсэн. Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудас болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авчээ. Энэ хүрээнд иргэдээс дээрх асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ. Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллаж байгаа бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авахаар төлөвлөсөн байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өчигдөр Эм зүйн салбарын ерөнхий мэдээллийг шинжээч танилцуулж, хүртээмж, үнэ болон эмийн чанарын талаар иргэн Н.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга, мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ж.Даваалхам, нийгэмд үйлчлэх “Наран ижий заяа” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Ариунаа, “Элэгний B, D вирустэй тэмцэгчид” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрмаа, B, D вирустэй иргэдийн төлөөлөл Б.Буянтогтох, эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн М.Өлзийбаяр, уналт таталттай өвчтнүүдийн төлөөлөл О.Хонгор, чихрийн шижинтэй өвчтнүүдийн төлөөлөл Г.Жаргалсайхан нар тайлбар өглөө. Түүнчлэн эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагаанд гарч буй гажуудлын талаар Энэрэл сургуулийн жишээн дээр хянан шалгагч тайлан дүгнэлт хийв. Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон эдгээр зохицуулалтуудад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, төрийн байгууллага дахь эм хангамж эрхэлсэн байгууллагын хамаарлын талаарх тайлан дүгнэлтийг хянан шалгагч нар танилцуулж хэлэлцүүлсэн юм. Ингээд нээлттэй сонсголын үеэр хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Эрүүл мэндийн сайд асан Т.МӨНХСАЙХАН: Намайг сайдаар томилогдоход эмийн сангууд ямар байдалтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Ахмадууд хөнгөлөлттэй эмээ авах гэж хэдэн өдөр, хэдэн шөнө дугаарлаж зогсдог. Сар бүрийн эхний таван өдөр дугаарлаад, эм нь дуусчихдаг байсан. 13 дугаар тогтоолоор дээрх асуудлуудыг цэгцэлсэн. Үр дүнд нь олон жил дугаарласан ахмадууд гуравхан сарын дотор эмээ авдаг болсон.

УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН: D вирусгүй, дан В вирусийн халдвартай бол Тенофовер, Эндокавер эмүүдийг уух юм бол халдвар бүрэн зогсож, вирус унтаа байдалд ордог. Эмчилгээ үр дүнтэй байдаг. D вирустэй хүмүүсийн хувьд өөр. Уугаад байгаа хэр нь үрэвсэл нь даамжраад байгаа шалтгаан нь, В вирусийг дарангуйлагч эм биш байгаад байгаа юм.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Монгол Улсад эмийн бодлого алдагдчихсан. Үүнийгээ тавиад дуусчихсан гэдгийг 2017, 2018 оны үед хэлж байсан. 2017, 2018 оны үед ийм асуудлууд байна гээд гарын үсэг зурчихсан ирсэн. Уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон хэрнээ хүрэлцээгүй, олдохгүй байна гэж байсан. Айл, өрхийг ядууралд хүргэж байна гээд Төрийн ордны гадаа хүүхдээ тэвэрсэн ээжүүд ирж, жагсаж байсан. Уналт таталтын эмийг Хүний эмийн зөвлөл хэлэлцээд зайлшгүй хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан. Гэтэл уналт таталтын эмийн жагсаалтад тураах эм хүртэл орчихсон баримтууд байгаа. Ер нь манайд эмийн чанарын асуудал, ахмадууд 3000-аар даралтын эм авах боломжтой байхад эмийн сангууд байхгүй гэж хэлээд 30 мянган төгрөгийн эм өгдөг.

“Наран ижий заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл АРИУНАА: Би хоёр жил гаруй эмийн агентлаг, Эрүүл мэндийн яаманд хандаж, эмчилгээ үйлчилгээг даатгалд оруулах гэж явсан. Бүтэн хоёр жил хөөцөлдөж байж арай гэж даатгалд оруултал тариа нь хасагдаж орж ирсэн. Энэ тариа 1.7 сая төгрөгийн үнэтэй. Таван жилийн хуга­цаатай уудаг хөхний хавдрын эсрэг эм уух гэхээр олдохгүй байна. Эмийн сангуудаас хайгаад олдохгүй байна.

В, D вирустай иргэдийн төлөөлөл БУЯНТОГТОХ: Иргэд эрүүл мэндийнхээ төлөө ЭМЯ-наас гуйдаг байдалд орчихлоо. D вирустэй 150 мянган иргэн байна. Үхэлд хүргэдэг, гаж нөлөө ихтэй. В, D вирусээр үүсгэгдсэн элэгний өвлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна. Vicure гэх эм 15 мянган төгрөгөөр зарагддаг байсан. Энэ жилээс Интекэвэр эмийг нь даатгалаас хасчихсан. Чанаргүй, хямд өртөгтэй эмийг даатгалд оруулж, дундаас нь ашиг олдог юм уу гэж бодож байна. Миний бие энэ эмийг 2014 оноос хойш ууж байна. Гэтэл хавдар церозын шатандаа орчихсон. 30 жил хэрэглэсэн тариаг одоо яагаад иргэддээ шахах гээд байдаг юм бэ. Үүнээс өөр эмчилгээ хөрш зэргэлдээ оронд чинь гарчхаад байхад яагаад иргэддээ хуучин тариа шахах гээд байгаа юм. Иргэдээ эрүүл байлгах бодолго алдагдчихсан. Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм тариа шахаад байдаг юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Яагаад сонсголд дуудагдсан юм бол гээд хувьдаа гайхаж байсан. Гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоо руу шижлсэн нь зөв зүйл болсон гэж боддог. Аптекууд хөнгөлөлттэй эмийг нь олгох гээд санхүүжилт нь дууссан шалтгаанаар баахан оочертой, бухимдалтай цаг үе саяхан санагдаж байна. Одоо манайхан бүгд мартсан байх шиг байна. Хөнгөлөлттэй эм зарах аптекуудыг тодорхой хэмжээний эрх мэдэлтнүүд зааж өгдөг тогтолцоо байсан юм. Эрх мэдэлтнүүдийн зааж өгсөн аптект хүмүүс дугаарлаж, эмээ авдаг байлаа.

Эрүүл мэндийн сайд асан С.ЭНХБОЛД: Би 2022 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тухайн оны зургаадугаар сард уналт таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Энэ хүрээнд 44 нэр төрлийн эмийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 настай унаж, татдаг хүүхдийн хэрэглэх эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх, насанд хүрэгчдийг 70 хувь хөнгөлөх тогтоолыг гаргасан. Явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хөнгөлөлтөд оруулсан 44 эмээс шахмал, уусмал хоёр эмийн талаар ярьж байна. Л карнитин эмийг хүүхдийн уналт, таталтад нэмэлтээр хэрэглэдэг. Тодруул­бал, төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьс­гал дарангуйлагдах хам шинж, явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй.

Хүний эмийн зөвлөлийн дарга асан Ц.ЭРДЭМБИЛЭГ: Зөвлөл 2022 оны долоодугаар сарын 25-ны өдөр  хөнгө­лөлттэй 44 эмийн асуудлыг хэлэлцсэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Л-карнитин гэдэг эмийг АНУ-ын 1998 оноос хүүхдийн эпилепсид хэрэглэсэн үр дүнгийн судалгаа байгаа. Уналт, таталтын эсрэг эм, эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн элгэнд үзүүлэх нөлөөг багасгадаг гэдэг судалгаа ч бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top