ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 01

Өнөөдөр 2023.12.01. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -18 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр, Өмнөд туйлын өдөр. Панамд Багш нарын баяр, Украинд Прокуроруудын өдөр, АНУ-д Иргэний агаарын эргүүлийн өдөр, Чадад Эрх чөлөө, ардчиллын баяр, Португалд Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон өдөр аж.

Энэ өдөр уран, цирконий, титан, церий зэрэг химийн элементийг нээсэн Германы химич Мартин Хенрих Клапрот, Өмнөд туйлд анх хөл тавьсан судлаач Карстен Борхгревник, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Георгий Жуков, Нью-Йоркийн алдарт ихэр цамхаг болох Дэлхийн худалдааны төвийн зураг төслийг гаргасан архитектор Минорү Ямасаки, Колумбын хар тамхины хаан Пабло Эскобар зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1887 оны энэ өдөр Шерлок Холмсын тухай анхны ном “Час улаан судалгаа” уншигчдын хүртээл болов.

1891 онд Жеймс Нейсмит сагсан бөмбөгийг зохиожээ.

1913 оны энэ өдөр Латин Америк болон бөмбөрцгийн өмнөд талын анхны газар доорх метро Буэнос-Ариэс хотод ашиглалтад оров.

1959 онд Өмнөд туйлыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглосон Өмнөд туйлын гэрээ байгуулагдав.

1988 онд НҮБ арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Модон хохимой өдөр.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top