Ар хөөврийн “Аралтай нуур” минь

2023 оны 09 сарын 20

Дарьганга сумын зүүн хойт биеийнхэн голдуу нутагладаг нутгийн төв хэсэгт  хүн, мал сүргийн унд, хүүхэд багачуудын зугаалдаг “баянбүрд”-ийг Ар Хөөвөр гэж нэрлэдэг билээ. Эргэн тойрон хадат ирмэгээр хүрээлэгдсэн гүн хүрийн доторх цагаан тойром бод малын гэдсээр татаж, нуурын голд байгаа жижигхэн арал дээр очдог олом хэмээх зүүн хойт талаас нь морьтой туулахад нь морины нуруун дээгүүр давж байдаг сан.

Ахмад дээдсүүд минь “Алтан Овооны мэлмий” гэж сүсэглэн залбирч, арал дундах булгийн усанд хир буртаг оруулчих вий гэж үргэлж бидэнд сануулж байдаг сан. Хахир хүйтэн өвөл шувтарч цаг наашлан хаврын урь ороход Баруун, Зүүн, Дунд Нартаар өвөлжсөн айл өрх хотлоороо нүүн ирж хаваржин, зунжин нутаглана. Нуурын захаар мал сүрэг багшран хүүхэд багачуудын дуу цангинан, аяны шувуудын ганганаатай нийлэн найраг хөгж­мийн чуулга мэт анир чимээ алсын алсад уянгалдаг байж билээ.

Нүдэн хөөврийн ус нь

Арлаа тойрон цэнхэртэнэ

Нутгийн олон айлууд нь

Нуураа тойрон зусна.

Нүүдлийн олон шувууд нь

Арал дундаа ганганалдана

Арлын зэгс шагшуурга нь

Адуу малаа хүлээн бөхөлзөнө.

Нуурын бяцхан арлын усанд

Нартын гурван уулс дүрээ тольдоно

Адгуус бүхнийг ундаалан

Алсын бэлчээрт нь үднэ

Алдрайхан бага насаа үдсэн

Ар Хөөврийн аралтай нуур минь

Алтан Овооны мэлмий болон мэлтэлзэнэ

Амьтай бүхнийг ундаалан алсын замд нь үднэ гэж дэмий ч нэг шүлэглээгүй биз. Намар өдийд алс одох хун шувууд чуулж эхлээд, ойр холын хүмүүс өнжин хонон саатаад, зэгс нь шаргалтаж, зэсэн улаан наран толгодын оройд саатан шаргалтсаар буй биз ээ.

Г.ДОВДОНДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top