ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Өнөөдөр 2023.02.17. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 07 цаг 56 минутад мандлаа. 18 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Либерид Хувьсгалын өдөр бол Бүгд Найрамдах Косово улсад Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Рене Руссо, Дениз Ричардс, Жозеф Гордон-Левитт, Пэрис Хилтон, Канадын дуучин Лорина Маккеннитт, Америкийн сагсан бөмбөгч Майкл Жордан, Их Британийн жүжигчин Бонни Райт, дуучин Эд Ширан, Австралийн теннисчин Алекс де Минаур зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2011 оны энэ өдөр Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацанд болжээ.

2013 оны энэ өдөр Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болжээ.

2015 оны энэ өдөр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү эцгийн алдар сууд хүрсэн нь Монголын түүхэнд аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол болжээ.

Мөн энэ өдөр 70 дахь аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан билээ.

Мөн Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын X зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болжээ.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын соёлын элчээр томилжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top