Украины тусгаар тогтнолын өдөр: Дайн эхлээд зургаан сар өнгөрөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Украин улс хуучин ЗХУ-аас тусгаар тогтносон өдрийг тэмдэглэж байна. Мөн өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэх тушаал өгснөөс хойш зургаан сар өнгөрч байна. Зургаан сар үргэлжилж буй дайнд талууд ялах хэмжээний хүчтэй биш, ялагдах хэмжээний сул биш гэдгээ харуулав. Өнгөрсөн хугацаанд Орос Луганскийг бүрэн эзэлсэн ч Донецкт амжилт олж чадаагүй л байна. Тавдугаар сарын сүүлээс эхлэн Украины Зэвсэгт хүчин Харьковын хойд хэсэг, Днепр мөрний баруун эргийн Херсон мужийг хамгаалах тулаанд тодорхой дэвшил гаргаад байна. Гэсэн хэдий ч дайн дуусах дохио өгсөн томоохон дэвшил гараагүй л байна. Энэ байдал талуудыг яриа хэлэлцээний ширээний ард дахин суухад хүргэх үү?

Туркийн зуучлал

Хамгийн сүүлд талууд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы оролцоотой гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр хэлэлцээ хийсэн билээ. Туркийн талын зуучлал хямралыг зохицуулахад чухал хэвээр байна. Долоодугаар сарын сүүлээр Турк улс Украины үр тариаг Хар тэнгисийн боомтоос гаргах асуудлыг амжилттай зуучилсан. Наймдугаар сарын 18-нд Режеп Тайип Эрдоган Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзалт хийсэн. Талууд Запорожийн атомын цахилгаан станцад Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийн шалгалтын хүрээг тохиролцов.Европт хамгийн томд тооцогддог Запорожийн атомын цахилгаан станцыг гуравдугаар сарын сүүлээр Оросын цэргүүд хяналтдаа авч, бааз болгон ашиглаж байгаа юм. АЦС орчим тулаан өрнөж байгаа нь болзошгүй цөмийн гамшгийн түгшүүр зарлахад хүргээд байна. Харин Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцсаны эцэст Путин ОУАЭА-ийн шинжээчдийг АЦС-т нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон юм.

ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ СЭРГЭХ ҮҮ?

Туркийн зуучлал дайныг дуусгах энхийн хэлэлцээ сэргэнэ гэсэн найдвар төрүүлж байгаа ч бүдэг хэвээр. Учир нь талууд яриа хэлэлцээний талаарх байр сууриа өөрчлөөгүй. Украины тал эхлээд Орос цэргээ гаргах ёстой гэсэн болзол тавьж байгаа бол Оросын тал хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалт зохион байгуулах уриалгад татгалзаж, ОХУ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа байнга төлөөлөгч Геннадий Гатилов Украинтай энхийн гэрээ байгуулах боломжийг бүрэн үгүйсгэсэн билээ.

Үүнтэй зэрэгцэн талууд халуун цэгүүд дэх хамгаалалтаа бэхжүүлсэн хэвээр. Оросын ЗХ Украины давшилтыг эсэргүүцэх зорилгоор Украины өмнөд хэсэгт цэргээ дахин дайчлаад байгаа бол Киев Донецк дахь өөрийн хяналтдаа байгаа бүс нутгаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, хамгаалалтаа бэхжүүлж байна.

Өвөл айсуй

Энэ намар тулаан ширүүсэхийг үгүйсгэхгүй ч цэрэг дайны хувьд онцгой амжилт гарах нь эргэлзээтэй. Өвөл ирж, цаг агаарын нөхцөл байдал муудахтай зэрэгцэн гал зогсох магадлал бий. Байлдаан намжсанаар талуудыг хэлэлцээний ширээний ард суулгах боломжтой. Энэ нь Баруун Европ эрчим хүчний хангамжийн хүндрэлтэй тулгарч, өрнөдийн нэгдмэл байдал эрсдэлд орох үетэй давхацна. Энэ үед Путин өрнөдийнхөн Украинд газар нутгаа алдсаныг хүлээн зөвшөөрөх шахалт үзүүлж, хүссэн нөхцөлөөрөө дайныг шийдвэрлэх боломж олгоно гэж найдаж байх талтай. Энэ тохиолдолд Кремль хожих ч тогтвортой энх тайван тогтох баталгаа үгүй болно. Эх сурвалж: channelnewsasia.com

Top