Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 116 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

 

 ШЭ ЖОУ-ЫН ЗАМД ЛҮ ЖЮНЬ И ЦЭРЭГ МОРИЙГ ХУВААСАН Ү ЛҮН-ИЙН ДАВААНД СҮН ГҮН МИН ИХ БАЙЛДААН ҮҮСГЭСЭН 

Өгүүлэх нь мөн өдөр Жан Хэн бээр өөрийн дүү Жан Шүнь-ий үгүй болсныг сонсмогц мэдээ алдан харангадан унасанд олон хүмүүн яаран тэнхрүүлж сэхээ оруулсан хойно Сүн Жян өгүүлрүүн: - Түр цэргийн цацарт түшин аваачиж сувилагтун. Илаарь болсон хойно сая далайд эчсэн эл үйлийг лавлан асуусугай хэмээгээд Пэй Сюань, Жян Жин-д захиа буулган олон жанжны гавъяаг тэмдэглэ хэмээсэнд луу могой цаг болсон хойно олон жанжин цацрын өмнө цуглаж ирэв. Ли Жюнь, Ши Сю хоёул Ү Хи-г амьдаар барьж, гурван эхнэр жанжин Жан Дао Юань-ийг амьдаар барьж, Линь Чүн бээр Лэн Гүн-г жадлан алж, Се Жэнь, Се Бао хоёул Цүй Юй-г цавчин алав. Ши Бао, Дин Юань Чуай, Ван Жи, Чао Жүн, Вэнь Кэ Ран зэргийн таван хүмүүн буруулан дутаав. Сүн Жян зар гарган тунхаг нааж зуун овогтныг тохруулан амуулж олон цэрэгт шан тавьсан хойно Ү Хи, Жан Дао Юань-ий тэргүүнийг цавчин олноо үзүүлэхээр Жан Жао Тао-ын яаманд хүргүүлж, амуу хүнс өргөсөн Юань Пин Ши-г Фү Ян сянь-ий мэдэгч түшмэл болгохоор Жан Жао Тао-д бичиг илгээн баталсныг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь олон жанжин хотноо орж бие амран сууж атал зүүн баруун жигүүрийн ард ирж мэдүүлрүүн: - Руань Сяочи мөрнийг гэтлэн хүрч ирэв хэмээсэнд Сүн Жяних цацарт дуудан оруулж учрыг асууваас Руань Сяочи өгүүлрүүн: - Дүү би Ран Хэн, Хоу Жянь, Дуань Жинжү лугаа усчин нарыг авч далайн хөвөөг дагаж онгоц сал эрж явсаар Хай Янь зэрэг газарт хүрээд санаанд Чянь Тан Жян мөрнийг гэтлэн эгсүгэй хэмээсэн боловч санасангүй салхи урваж онгоцыг хөөн их далайд оруулав. Онгоцон толгойг залж хойш эгтэл салхи хөдөлж онгоцыг эвдсэн тул олон хүмүүн усанд унав. Хоу Жянь, Дуань Жин Жү Ү сэлж чадахгүй тул гүн цээлд цацаж үхэв. Олон усчин амь зулбан зүг зүгтээ сарниж эчсэн тул дүү би далайн оломд умбаж ирээд Жэ Шань Мэнь хэмээх газар хүрвээс гэнэт далайн түлхлэг ирж Бань Фань Шань хэмээх олтригт урсган аваачсан тул усыг огтлон хойш ирэв. Үзвээс Жан Хэн ах Ү Юнь Шань уулын энгэр дэх мөрний усанд умбаж эрэг өөд яаран явж байсан боловч гэнэт далд орон хааш эчсэнийг мэдэхгүй, өчигдөр шөнө хот дотор гал мандаж буу дуугарсныг олж сонсоод эрхин ахыг Ханжоу хотноо байлдаж баймуй хэмээн санаад мөрнийг гэтлэн энд ирсэн болой.

Жан Хэн ахын хөвөөнөө гарсан эсэхийг мэдэхгүй хэмээсэнд, Сүн Жян бээр Жан Хэн-ийн урьдах үйлийг нарийвчлан тоочиж Руань Сяочи-г хоёр ах лугаа учруулж хуучин хэвээр усан цэргийн онгоц салыг захируулсан хойно усан  цэргийн олон түрүүд цааз зарлаж мөрний усан дахь онгоц салыг сэлбэж Му жоу хотыг дайлахаар бэлтгэ хэмээгээд, Жан Шүнь-ий хувилгаан илэрснийг санаж Юн Жинь Мэнь хаалганы гадна Си Ху нуурын хөвөөнөө нэгэн хийд байгуулж, "Жинь Хуа тайбао хэмээн нэрийдээд өөрийн биеэр тахил өргөн наманчлан тахив. Хожим Фан Ла-г дарж улс гэрт гавъяа байгуулаад Жин балгаснаа эгсэн хойно Жан шүнь-ий үйлийг дээш айлтгасанд хаан бээр зарлиг буулган, "Жинь Хуа жанжин хэмээн өргөмжлөөд Ханжоу хотноо сүм байгуулан тахив. Түүнээс Сүн Жян ордноо аж, мөрөн гэтэлснээс нааш хохирсон олон жанжин нарыг санаж дотор игтлэн сэтгэл эвхрээд, Жин Сэ Сэ хийдэд эчиж долоон шөнө долоон өдрийн буян ном үйлдүүлж манз чанан олноо түгээж боогдсон иргэдийг тэтгэн тусалж олон жанжны сүнс мөрийг заан шүтээний ширээг засаж тахисан хойно, Фан Тянь Дин-ийн ордон доторх аливаа хэрэгслийг галдаж, алт мөнгө тана сувд магнаг торго хив хоргой зэргийн зүйлийг жанжин цэрэгт түгээн өгөв.

Ханжоу хотын зуун овгийн иргэд энх амгалангаар аж төрөх болсонд хурим тавин найр хийж цэргийн багш Ү Юн лүгээ арга үйлийг зөвлөж цэрэг байгуулан Му жоу хотыг дайлахаар тогтов. Төдийд чив хэмээн дөрвөн сарын сүүл болсон ажгуу. Нэгэн өдөр гэнэт хүмүүн ирж мэдүүлрүүн: - Дэд дүдү Лю Гуан Ши хааны элч лүгээ Ханжоу хотноо хүрч ирэв хэмээсэнд Сүн Сянь фэн яаран олон жанжныг дагуулан Бэй Гуань Мэнь хаалганы гадна гарч угтан ордноо залж суулцсан хойно богдын зарлигийг нээж уншваас: - Сянь фэн жанжин Сүн Жян нар Фан Ла-г хураамжлахаар мордоод удаа дараа их гавъяа байгуулсан тул хааны битүүмжилсэн ордны дарс гучин таван малуу, магнаг дээл гучин таван зах илгээж тэргүүлсэн жанжинд шагнасугай. Бус олон дэд жанжинд нэр дараалан хив торго шагнасугай хэмээв. Угт хаан ордон бээр ганц Гүн Сүньшэн-ийн мөрөн гэтэлсэн үгүйг мэдэхээс бус, Фан Ла-г хураамжлахаар нэлээд хүмүүн хохирсныг мэдэхгүй аж. Төдийд Сүн Жян бээр гучин таван хүмүүний нэрийг зааж шагнасан ордны дарс магнаг дээлийг үзээд тэсгэлгүй сэтгэл уяран халуун нулимс унагахад, хааны элч учрыг асууваас Сүн Жян бээр олон жанжны бие хохирсныг зүй зүйгээр тоочин айлтгасан хойно хааны элч өгүүлрүүн: - Баатар жанжны ийн хохирсныг хаан төр яахин олж мэдмүй? Доорд түшмэл Жин хотноо эгсэн хойно эрхгүй эзэнд айлтгасугай хэмээсэнд хуримын ширээ засаж хааны элчийг засав. Лю Ши Гуан гол суудалд сууж, бус олон жанжин баатад зэрэг ялган дараалж суугаад эзний хайрласан ордны дарсыг хуваалцан амсаж хааны хишигт хүртэв. Амь нөгчсөн олон жанжинд хайрлан шагнасан дарс дээлийг жич өдөр тахил базаан ширээнээ өрөөд алсаас наманчлан сүнсийг тахисан хойно Сүн Жян бээр нэгэн малуу ордны дарс, нэгэн зах магнаг дээл авч Жан Шүнь-ий сүмд хүрээд нэрийг дуудан тахил өргөөд, магнаг дээлийг шарил хөрөгт нь нөмрүүлж бус юмыг цацал хийж галд дусгав. Хааны элч хэдэн өдөр суусан хойно эзэн хот Дунжин-д эгэв. 

Түүнээс өдөр хоног харвах сум мэт түргэн тул хэдийн гуч дөчин хоног өнгөрчээ. Нэгэн өдөр Жан Жао Тао элч заран бичиг ирүүлж Сүн Сянь фэн-г цэрэг байгуулан урагш орогтун хэмээн шаардсан тул Сүн Жян даруй Ү Юн лүгээ Лү Жюнь И-г залж ийн зөвлөрүүн: - Эндээс Му жоу хотыг авахад мөрнийг дагаж мордвоос хулгайн үүрт шууд хүрч болмуй. Харин Шэ жоу хотноо хүрэхэд эрхгүй Юй Лин Гуань боомтын нарийн замаар явах хэрэгтэй. Эдүгээ цэрэг хуваан дайлахаар эчихэд мэргэн дүү аль хотыг байлдсугай хэмээмүй? хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Цэрэг захиран жанжин томилоход эрхин ахын чанга цаазаар явахаас бус, ямар аймшиггүй өөртөө сонгомуй? хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Хэдий ийн хэмээвч тэнгэрийн заяагаар болговоос зохимуй хэмээгээд жанжин цэргийг хоёр тийш салгаж хоёр шавга үйлдсэн хойно хүж асаан тэнгэрт залбираад тус тус нэжгээд шавгыг татсанд Сүн Жян-д Му жоу хот таарч, Лү Жюнь И-д Шэ жоу хот оногдохуйяа Сүн Жян өгүүлрүүн: - Чин Си сянь-ий Бан Юань Дүн агуй болбоос Фан Ла-ын үүр болох тул мэргэн дүү Шэ жоу-г авсны хойно хүрээ байгуулан цэрэг буугаад элч илгээн бичиг довтолгож өдөр болзон хугацаа тогтож Чин Си сянь-ий хулгайн үүрийг хамтаар байлдсугай хэмээсэнд Лү Жюнь И бээр Сүн Гүн Мин-д айлтган жанжин цэргийг тэгшлэн хуваалгав.

Сянь фэн жанжин Сүн Жян тэргүүлсэн жанжин ба дэд жанжин гучин зургаан хүмүүнийг авч Му жоу хот хийгээд Ү Лүн Лин давааг байлдахаар эчмүй. Ямар гучин зургаан жанжин болов хэмээвээс: Цэргийн багш Ү Юн, Гуань Шэн, Хуа Рүн, Чинь Мин, Ли Ин, Дай Зүн, Жү Түн, Ли Күй, Лү Жишэнь, Ү Сүн, Се Жэнь, Се Бао, Люй Фан, Гуо Шэн, Фань Руй, Ма Линь, Янь Шүнь, Сүн Чин, Сян Чүн, Ли Гүнь, Ван Ин, Ху Саньнян, Лин Жэнь, До Син, Зай Фү, Цай Чин, Пэй Сюань, Жян Жин, Юй Баосы нар болмуй. Усан цэргийн түрүү тэргүүлсэн жанжин ба дэд жанжин долоон хүмүүн цэргийг дагаж Му жоу хотыг байлдахаар эчмүй. Ямар долоон хүмүүн болов хэмээвээс: Ли Жюнь, Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяочи, Тун Мэн, Тун Вэй, Мэн Кан нар болмуй. Дэд Сянь фэн жанжин Лү Жюнь И тэргүүлсэн жанжин ба дэд жанжин хорин найман хүмүүнийг авч Шэ жоу хот хийгээд Юй Лин Гуань боомтыг байлдахаар эчмүй. Ямар хорин найман хүмүүн болов хэмээвээс: Цэргийн багш Жү Ү, Линь Чүн, Хү Яньжуо, Ши Жинь, Ян Сюн, Ши Сю, Шань Тингүй, Вэй Дингуо, Сүнь Ли, Хуан Синь, Оу Пэн, Дү Чянь, Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн, Сюэ Юнь, Зоу Юань, Ли Ли, Ли Юнь, Зоу Рүнь, Тан Лун, Ши Юн, Ши Чянь, Дин Дэсүнь, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүнь Эл Нян нар болмуй. Түүнээс Лү Жюнь И их бага жанжин хорин есөн хүмүүн, шилдэг цэрэг гурван түмэн хүмүүнийг салган авч сайн өдрийг үзэж Лю Дүдү-д салах ёсыг хийж Сүн Сянь фэн-ээс аяарлан салж Ханжоу хотоос мордон гараад уулан замыг өлгөн Линь Ань сянь-ийг дайран аяны замд оров. Төдийд Сүн Жян нар онгоц салыг бүрдүүлэн цэрэг морийг засаж жанжин баатдыг тэгшлэн авч өдөр сонгон туг тахин цэрэг хөдлөөд ус хуурай хоёр замаар урагш оров.

Тэр үед Ханжоу хотноо хижиг дэлгэрч өвчин орсон Жан Хэн, Мү Хүн, Күн Мин, Жу Гүй, Ян Линь, Бай Шэн зэргийн зургаан хүмүүн өвчинд баригдаж хараахан илаарь болоогүй тул байлдаанаа мордож чадсангүй, Ханжоу хотноо хоцрохуйяа Мү Чүнь, Жү Фү-г үлдээн харгалзуулсан хойно Сүн Жян тэргүүлэн бус жанжин гучин долоон хүмүүн Му жоу хотыг байлдахаар мөрний хөвөөг барин Фү Ян сянь-ий зүг мордов. Хоёр замын цэрэг морь мордсоныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, Чай Жинь, Янь Чин хоёул Сю жоу хотын Зүй Ли Тин харшид Сүн Жян-аас аярлан салаад, Хай Янь сянь-ий далайн хөвөөнөө хүрээд онгоцноо сууж Юай жоу хотыг дайран Жу Жи сянь-д ирж загасанд олмыг гэтлэн Му жоу-ын хязгаарт ирснээ боомтыг сахисан жанжин цэрэг замыг хөндөлсөж хориосонд Чай Жинь өгүүлрүүн: - Би болбоос Жүн Юань газрын бичгийн хүмүүн болой. Тэнгэрийн утга газрын зүйгээс аваад арга билгийн ухаанд нэвтэрч, зургаан хөхийн хувирлыг ялгаж, гурван гялбаан улирлыг төсөөлж, гурван сургаал есөн урсгалыг үл нэвтрэхүүн ч үгүй.

Эдүгээ Жян Нань орныг алсаас шинжвээс тэнгэрийн хөвүүний уур бадрах тул тухайлан сурвалжлахаар ирсэн тул юуны учир мэргэдийн замыг тасалмуй? хэмээсэнд харуулын жанжин бээр Чай Жинь-ий үг аялгуу ер бус болохыг үзээд овог нэрийг асууваас Чай Жинь өгүүлрүүн: - Миний овог Кэ нэр Ень, эзэн зарц хоёул дээд гүрний хүсэж ирснээс бус, өөр санаа огт хэмээн үгүй болой хэмээхэд сахиул жанжин даруй Чай Жинь-ийг үлдээж, Му жоу хотноо хүмүүн илгээж баруун гарын чэнсян Зү Ши Юань, зөвлөлийн түшмэл Шэнь Шоу, шүүгэч түшмэл Хуань И, юаньшуай Тань Гао зэргийн дөрвөн сайдад мэдүүлсэнд хүмүүн зарж Чай Жинь-ийг Му жоу-д дуудан харилцан ёсолж учирсан хойно Чай Жинь уран үгсээр дөрвөн хүмүүнийг хуурсны дээр түүний төрсөн байдал бас тэсгэлгүй сүр гэрэлтэй тул огт сэжиглэсэнгүй бөлгөө. Баруун гарын чэнсян Зү Ши Юань их л баярлаж шүүгч түшмэл Хуань И-г дуудан Чай Жинь-ийг Чин Си сянь-ий дотоод ордноо дагуулан аваачиж хаанд бараадуулагтун хэмээв. Угт Му жоу, Шэ жоу хоёр хотноо цөм Фан Ла-ын суух орд харш байх бөгөөд Чин Си сянь-ий Бан Юань Дүн агуйд таван орд зургаан яам байдаг ажгуу. Түүнээс Чай Жинь, Янь Чин хоёул Хуань И-г дагаж эзний нийслэл Чин Си сянь-д ирж урьд зүүн гарын чэнсян Лоу Минь Жүн-д ёслон золгосонд Чай Жинь үг өрнүүлэн учрыг шүүмжлэхүйеэ Лоу Минь Жүн их л баярлан түүнийг яамандаа үлдээн дайлах зуур сэдэв гарган хэлэлцвээс Чай Жинь, Янь Чин-ийн үг этгээд шүүмжлэл сонин бөгөөд бичигт нэвтэрч ёслолд шалгарсан тул хэдийн найман хувь бишрэн таалав. Энэлоу Минь Жүн хэмээгч болбоос угтаа Чин Си сянь-ий бичиг заах багш асан бөлгөө.

Хэдий утга уянгыг баахан төсөөлөвч сурсан эрдэм гүехэн тул Чай Жинь-ий өндөр шүүмжлэлийг сонсмогц үнэн сэтгэлээс сүсэглэн шүтжээ. Шөнө өнгөрч өглөө болохуйяа хаан Фан Ла харшнаа заларч, шадар түшмэл хатан татвар, өнгөт шивэгчдийг дотоод ордноо жагсааж, есөн сайд дөрвөн чэнсян, бичиг цэргийн зуун түшмэлийг гадаад харшнаа хуруулж, илд сүх барьсан хуяг цэргийг индрийн өмнө зогсоож хэмхт бэрээ атгасан гочиг хиа нарыг хоёр гарлан жагсаажээ. Төдийд зүүн гарын чэнсян Лоу Минь Жүн зэргээс давшиж мөргөн айлтгаруун: - Богд эрдэмтэн Күн Фүзи-ийн төрсөн нутаг Жүн Юань газраас Кэ Жинь хэмээх нэгэн эрдэмт хүмүүн ирэв. Энэ хүмүүн бичиг цэргийн эрдэм бүрдэж, бодлого баатар төгс хосолж, тэнгэрийн утга зарын зүйгээс аваад зургаан хөхийн хувирал, тэнгэр газрын улиралд нэвтэрч, гурван сургаал есөн урсгал, зуун эрдэмтний утга уянгыг үл мэдэхүүн бээр нь үгүй, эдүгээ тэнгэрийн хөвүүний өлзийт уурыг шинжиж тухайлан дагахаар ирээд барааллын харшийн гадна аж хаан эзний зарлан дуудахыг хүлээж баймуй хэмээвээс Фан Ла өгүүлрүүн: - Эрдэмт хүмүүн морилон ирсэн тул сул хувцсаар оруулан бараадуулагтун хэмээсэнд их бага хаалгуудын зарлиг уламжлагч түшмэл нар Чай Жин-г дам дамаар дотогш удирдан харшийн өмнө ацарч хөсөрт сөгдүүлэн түмэн наст эзэнд учруулсан хойно зарлиг булган дотогш оруулав.

Фан Ла нүд өргөн Чай Жинь-ийг үзвээс байдал дүр төв ихэмсэг, үнэн луун үр ачийн төлөвтэй тул хэдийн найман хувь таалж ийн асууруун: - Тэнгэрийн хөвүүний өлзийт уурыг шинжиж ирэв хэмээн эрхин эрдэмтний өгүүлсэн нь ямар газарт илрэв? хэмээвээс Чай Жинь айлтгаруун: - Түшмэл Кэ Ень-ий уг нутаг Жүн Юань газар байхуй бөгөөд эцэг эх хэдийн бие өнгөрсөн тул ганц биеэр эрдмийг хичээж урьдын эрдэмтний нууц увдисыг залгамжилж, богд мэргэдийн гүн эрдмийг уламжлан сурав. Ойрын өдөр шөнө дүлээр тэнгэрийн байдлыг шинжвээс эзний од гийн гэрэлтэж зүүн Ү-ийн газрыг гэрэлтүүлэх тул мянган газрын алсыг хол хэмээн алжаалгүйгээр өлзийт уурыг шинжиж, тухайлан мөрний өмнө ирвээс тэнгэрийн хөвүүний таван өнгийн өлзийт уур Му жоу хотоос мандан цацармуй. Эдүгээ тэнгэрийн хөвүүний луун нүүрт бараадахуйяа луу гардийн сүр мандаж, тэнгэрийн нарны төлөв бадраад чив хэмээн энэхүү ёрд тохиолдов. Ийнхүү түшмэл би тэсгэлгүй баярлаж баймуй хэмээгээд дахин хөсөрт сөгдөн мөргөхөд Фан Ла өгүүлрүүн: - Мөхөс надад хэдий зүүн өмнө зүгийн газар орон баймуй хэмээвч Сүн Жян нар орчмын өдөр хот балгасыг давчлан, миний хязгаарт ойртож ирсэн тул хэрхвээс зохимуй? хэмээхэд Чай Жинь айлтгаруун: - Түшмэл би сонсохул эртний хүмүүн: “олох нь хялбар болбоос, алдах нь хялбар, олох нь бэрх болбоос, алдах нь бэрх” хэмээн өгүүлжээ. Эдүгээ дээд эзэн зүүн өмнөд хязгаарыг эзэлж тулгар төрийг байгуулснаас нааш чийрс эвхэх мэт түргэн давшиж тоолшгүй олон жюнь жоу-ын газрыг олсон болой.

Эдүгээ хэдийгээр Сүн Жян-д хэдэн газраа булаагдсан боловч удахгүй эзний буянаар эгүүлэн авах буй за, хожмын өдөр мөрний өмнөх газар байтугай, Жүн Юань-ий улс гэр ч мөн дээд эзний харъяа болох буй за хэмээсэнд Фан Ла их л баярлаж торгон исэр хайрлан суулгаж ордны дарсаар хүндлэн дайлаад дотоод ордны бичээч түшмэл өргөмжилсөн тул Чай Жинь өдөр бүр Фан Ла-д ойртон уран үгээр дулдуйдан аашилж тухайг үзэн хэргээ үйлдэх болов. Түүнээс дэмий хагас сар болсонгүй Фан Ла-аас тэргүүлэн ордны дотоод гадаадын сайд түшмэд Чай Жинь-ийг эс таалах нь үгүй болов. Удсангүй Фан Ла хянаваас Чай Жинь үйл явдалд төв голч тул үнэн сэтгэлээс таалан баясаад зүүн гарын чэнсян Лоу Минь Жүн-ээр зууч оруулж Жинь Хи гүнжийг богтлон өгч Чай Жинь-ийг фүма болгож жу Чуай дү юй түшмэл өргөмжлөв. Янь Чин нэр юүгээ халж Юнь Би хэмээсэн тул хүмүүс түүнийг Юн Фан Юй хэмээн дуудмуй. Чай Жинь бээр гүнж лүгээ хуримласнаас нааш орд харшнаа дураар тойрч дотоод гадаадын нягт учрыг бүрнээ мэдэв. Фан Ла дайн байлдааны чухал үйл тохиолдвоос даруй Чай Жинь-ийг дотоод ордондоо дуудан зөвлөх тул Чай Жинь үүр Фан Ла-д: - Дээд эзний гэгээн төлөвийг үзвээс үнэн луун сүр бүрдсэн боловч Ган Син од халдан түйвээх тул ойрын хагас жилд амар төвшин болж чадахгүй, Сүн Жян-ын гар доорх нэгэн жанжин үгүй болж Ган Син од эгсэн хойно дээд эзэн тулгаар төр юүгээ дахин мандуулж Жүн Юань-ий газрыг чийрс эвхэх мэт түргэн олж болмуй хэмээн айлтгахад Фан Ла өгүүлрүүн: - Мөхөс хүмүүний гар доорх хэд хэдэн янаг жанжин цөм Сүн Жян-д алагдсан тул хэрхвээс сайн хэмээхэд Чай Жинь бас айлтгаруун: - Түшмэл би шөнө дүлээр тэнгэрийн байдлыг шинжвээс дээд эзний гар доорх хэдэн арван жанжны од үнэн уурт тооцогдохгүйгээр үхэх боловч хорин найман одон эзэн ирж туслах тул тулгар төр дахин мандмуй. Сүн Жян-ын хоршоогоос бас арваад хүмүүн дагахаар ирмүй.

Тэр ч бас хорин найман одонд тооцогдох тул дээд эзний тулгар нээн сууриныг байгуулах гавъяат түшмэд болох аж! хэмээсэнд Фан Ла сонсоод цээжээ дэлбэртэл баярлав. Шүлэгт өгүүлсэн нь: Заргад унаан сударч түшмэл хар гэрт орохуйяа Зальхайд дагасан түшмэл ли Лин-г хэн үл буруушаамуй за? Зав тохиолоор итгэлийг олсон Кэ овогт фүма Завсаргүй үнэнч санаагаар Сүн Жян-ын төлөө хичээмүй. Чай Жинь-ий фүма болсныг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, Сүн Жян бээр их цэргийг авч Ханжоу хотоос мордож Фү Ян сянь-ий зүг явж атал эрдэнийн гэрэлт Дэн Юань Чуай жич юаньшуай Ши Бао, Ван Жи, Чао Жүн, Вэнь Гэ Ран зэргийн таван хүмүүн дарагдсан цэргээ авч Фү Ян сянь-ий боомтноо буруулан ирж Му жоу хотноо хүмүүн илгээн туслах цэрэг өгүүлэхийг гуйснаа баруун гарын чэнсян цэрэг захирах Хи Хүй Ши түшмэл хоёр жанжинд нэгэн түмэн цэрэг өгч туслуулахаар илгээв. Ерөнхийлөн захирагч Бай Чинь дэд захирагч Жин Дэ болбоос түмэн эр тэнцэшгүй баатар хүчтэй ажгуу. Төдийд хоёр жанжин цэрэг авч Фү Ян сянь-д ирээд Дэн Юань Чуай лугаа цэрэг нийлүүлэн уулан оройг эзэлж авав. Сүн Жян нар их цэргийг захиран Чи Ли Вань хэмээх аралд ирснээ усан цэрэг нь морьт цэргийг дагуулан урагш ортол Ши Бао олж үзээд солир алхыг авч, дам илдийг хөшиж Фү Ян сянь-ий уулан оройгоос морь тавин бууж Сүн Жян нарыг угтсанд Гуань Шэн морь харайлган гарсугай хэмээтэл Люй Фан дуудаж өгүүлрүүн: - Эрхин ах түр хүлээгтүн. Дүү миний хэдэн зэрэг байлдахыг үз хэмээсэнд Сүн Жян жагсаалын үүднээс үзвээс Люй Фан хүлэг хийсгэн жад сунгаж Ши Бао-ын зүг байлдан оров. Хоёр жанжин зөрөлдөн байлдаж тавин удаа болсон хойно Люй Фан тэнхээ бууран дарагдахад Гуо Шэн жолоо даран жад эргүүлж өмөглөн байлдсанаа Ши Бао илдийг бүжиглэн хоёр хүмүүн лүгээ мөчөөрхөж угт хэмээн осолдохгүй, чив хэмээн халамшин байлдаж атал өмнө жагсаалын эрдэнийн гэрэлт шагжамуни хэнгэрэг дэлдэн цэрэг хураав.

Угт Дэн Юань Чуай үзвээс их мөрний онгоц сал салхи уруудан усны хөвөөнд ойртох тул хоёр этгээдээс хавчин байлдах болуузай хэмээн хэнгэрэг дэлдэн цэрэг хураасугай хэмээсэнд Люй Фан, Гуо Шэн зууралдан байлдаж зай тавихгүйд Ши Бао шаламгайлан хэдэн зэрэг зөрөлдтөл Сүн улсын жагсаалаас Жү Түн дөрөө өшиглөн жад шилэмдэж өмөглөхөөр ирэхүйеэ Ши Бао гурван жанжныг ялгуухгүй болоод зэвсгийг зайлуулан жагсаалын зүг буруулсанд Сүн Жян ташуураа өргөн цэрэг морийг даллаж Фү Ян Шань уулын оройг даран оров. Ши Бао-ын цэрэг морь зам зуур хөл тогтож чадахгүй болсон тул шууд Түн Лу сянь-ий хязгаарт ухран орохуйяа Сүн Жян шөнө дүлээр цэрэг аван нэхэмжилж Бай Фэн Лин давааны өмнө хүрч хүрээ байгуулан буугаад мөн шөнөдөө Се Жэнь, Се Бао, Янь Шүнь, Ван Ин, Ху Саньнян-г зүүн замаар илгээж, Ли Күй, Сянь Чүн, Ли Гүнь, Фань Руй, Ма Линь-ийг баруун замаар илгээж тус тус нэгэн мянган цэрэг өгч Түн Лу сянь-ий хулгайн хүрээг дарагтун хэмээсэн хойно Ли Жюнь, Руань овгийн гурван баатар, Тун Вэй, Тун Мэн, Мэн Кан зэргийн долоон хүмүүнийг усан замаар урагш орогтун хэмээв. Төдийд Се Жэнь нар цэрэг дайчлан Түн Лу сянь-д алан хүрвээс хэдийн гурван жингийн үе болов.

Дэн Юань Чуай цэргийн цацартаа Ши Бао лугаа цэргийн үйлийг зөвлөж атал гэнэт буун дуу мандсанд олон хүмүүн мориндоо мордож завдсангүй яаран гарч үзвээс гурван этгээдээс гал мандсан тул олон жанжин бээр юаньшуай Ши Бао-г дагаж амь тавин буруулахаас бус ямар аймшиггүй дайсныг угтан байлдах аж. Гурван замын цэрэг морь хөндлөн гулдгүй дайран ирсэнд Вэнь Кэ Ран баахан хожигдсон тул нарийн замаар буруулан эчээд Ван Ин, Ху Саньнян эр эм хоёрт учирч амьдаар баригдав. Ли Күй, Сян Чүн, Ли Гүнь, Фан Рүй, Ма Линь зэргийн хэдэн хүмүүн хотноо ороод хүмүүн алж гал тавин үүсгэв. Сүн Жян мэдээг сонсмогц цэрэг морийг авч Түн Лу сянь-д ирж хүрээ байгуулан буусан хойно, Ван Ин, Ху Саньнян эр эм хоёул Вэнь Кэ Ран-ыг түлхлэн ацраад гавъяа тэмдэглүүлэв. Сүн Жян бээр Вэнь Кэ Ран-ыг битүү тэрэгнээ хорьж Ханжоу хотын Жан Жао Тао-ын яамнаа хүргүүлэн тэргүүнийг нь цавчуулсныг түр өгүүлэхгүй. Жич Сүн Жян цэрэг морийг тэгшлэн ус хуурайн хоёр замаар мордож Ү Лүн Лин давааны зүг одов. Давааг өнгөрвөөс даруй Му жоу хотноо хүрэв. Төдийд Дэн Юань Чуай олон жанжныг авч өндөр даваанаа хүрээ байгуулан цэрэг буугаад боомт хавцлыг сахиж суув. Тэр Ү Лүн даваа болбоос урт мөрнийг түшиж байх тул урсгал долгин уул хад бартаатай, дээр нь цайз байгуулж, доор нь онгоц салыг зэрэглэжээ.

Сүн Жян цэрэг морийг дайчлан давааны хормойд хүрээ байгуулан буусан хойно явган цэргийн жанжин Ли Күй,  Сян Чүн, Ли Гүнь-д бамбар барьсан таван зуун цэрэг өгч зам цагдуулахаар илгээснээ гурван жанжин цэрэг дагуулан Ү Лүн Лин давааны энгэрт ирвээс боомтоос чулуу хаян мод өнхрүүлэх тул ойртож болохгүй урагш орох арга тасраад хойш ирж мэдүүлсэнд Сүн Жян бас Руань Сяо Эр, Мэн Кан, Тун Мэн, Тун Вэй зэргийн дөрвөн хүмүүнд цааз зарлаж онгоц салын хагасыг авч усан замаар урагш орогтун хэмээсэнд Руань Сяо Эр хоёр дэд жанжин лугаа нэгэн мянган усан цэрэг, зуун онгоцыг салгаж аваад туг сажлан хэнгэрэг дэлдэж, уулан дуу юугаа дуулалцсаар Ү Лүн Лин давааны зүг мордон хөдлөв. Ү Лүн Лин давааны чанадах уулан энгэрт Фан Ла-ын усан цайз байх бөгөөд тэрхүү цайзнаа таван зуун онгоц, таван мянган усан цэрэг байх аж. Жэжян газрын дөрвөн луу хэмээгдсэн дөрвөн жанжин усан цэргийг захирах бөлгөө. Ямар дөрвөн луу болов хэмээвээс: Хас хумст луу бүгдийг захирагч: Чэн Гүй Торгон хайрст луу дэд захирагч: Жай Юань Давалгааг зүсэгч луу зүүн гарын дэд захирагч: Чяо Жэн Сувд үмхэгч луу баруун гарын дэд захирагч: Се Фү Энэ дөрвөн захирагч болбоос угтаа Чянь Тан Жян мөрний онгоц сэлбэгч асан бөлгөө. Сүүлээр Фан Ла-г дагасанд гуравдугаар дэсийн тушаалд тавив. Мөн өдөр Руань Сяо Эр нар онгоцонд сууж долгин урсгалаар уруудан мөрний хөвөөг чиглэхүйеэ өмнө цэргийн усан цайзын дөрвөн захирагч хэдийн олж үзээд, нарс чөөрсөөр үйлдсэн тавин хэлхээ их алд хуурай өвсийг овоолоод дарь хүхэр мэтийн зүйлийг нууж тавиад хулсан дээсээр ороон хэлхээд усны оломд зэрэглэн тавьсан ажгуу.

Руань Сяо Эр тэргүүлэн Мэн Кан, Тун Вэй, Тун Мэн нар үүнийг мэдэхгүй тул ганц сэлбүүр сажлан урагш давшмуй. Усан цайзын дөрвөн захирагч онгоц ирэхийг үзээд тус тусын тэмдэгт улаан тугийг барин хөнгөн явдалт дөрвөн завинд суугаад урсгалыг даган дорогш эгэхүйеэ Руань Сяо Эр цааз зарлан араас нэхүүлбээс хөнгөн завь хөвөөнөө шахаж дөрвөн захирагч орой дээр үсрэн гарч олон усчныг дагуулан явав. Руань Сяо Эр үзвээс эргийн хажуу дахь усан цайзнаа зүггүй олон онгоц сал байх тул урагш давшваас болохгүй хэмээн хараахан эргэлзэж атал гэнэт Ү Лүн Лин даваанаас туг сажилж хэнгэрэг дэлдсэнд гал дүрэлзсэн их салыг салхи уруудуулан тавиад урт жад сэрвээт дэгээ барьсан усан цэрэг их онгоцноо сууж өндөр дуугаар хашхиралдсаар галт салын араас давхин ирэв. Тун Вэй, Тун Мэн үзвээс дайсны сүр халиршгүй их тул усны хөвөөнөө ойртон онгоц салыг гээж уулан энгэрт гүйн гараад зам эрэн хүрээнээ буцав. Руань Сяо Эр, Мэн Кан онгоц салыг хөдөлгөн дайсныг угтан ортол дүрэлзэн ноцсон галт сал дайран ирэв. Руань Сяо Эр их л мэндүүрэн усанд харайн орсугай хэмээтэл арын онгоц нэхэн ирж сэрвээт дэгээгээр гохдохуйяа Руань Сяо Эр их л цухалдан дайсны гарт орвоос гутаагдах болуузай хэмээн зүүсэн илдээ сугалан хоолойгоо огтлон үхэв.

Мэн Кан байдал бусыг үзээд яаран уснаа харайсугай хэмээтэл галт салын галт буу зэргээр хүнгэнэж Мэн Кан-ын тэргүүн суманд оногдон шавар мэт няцрав. Дөрвөн захирагч галт  онгоцноо сууж урсгалыг даган дайран ирсэнд Ли Жюнь, Руань Сяо Ү, Руань Сяочи өмнөх онгоц гэнэдсэнийг үзээд яаран онгоцон толгойг эгүүлж салхи уруудан Түн Лу сянь-ий хөвөөнд ирэв. Жич өгүүлэх нь Ү Лүн Лин давааны Дэн Юань Чуай, юаньшуай Ши Бао усан цэргийн захирагч нарын дийлснийг үзээд цэрэг аван даваанаас алан буув. Ус гүн тул нэхвээс болохгүй, зам хол тул хөөвөөс завдахгүй хэмээн хулгайн жанжин цэрэг хураан даваанаа эгэхүйеэ Сүн улсын цэрэг Түн Лу сянь-д ухарч эчив. Түүнээс Түн Лу сянь-ий цэргийн цацартаа асан Сүн Жян бээр Руань Сяо Эр, Мэн Кан-ын хохирсныг үзээд сэтгэл эвхрэн дотор цухалдаад идвээс хоол орохгүй, хэвтвээс нойр хүрэхгүй болсноо Ү Юн тэргүүлэн олон жанжин хэдий ятгавч огт сонсохгүйд Руань Сяочи, Руань Сяо Ү бэлэвсрэл хийсэн хойно урагш давшин Сүн Жян-г ятган өгүүлрүүн: - Манай ах энэ өдөр улс гэрийн төлөө амиа алдсан нь Лян Шань уулнаа нэр төргүй үхсэнээс хол дээр болой. Сянь фэн ах цэрэг морийг дайчлан захирах тул ийн зовниж болохгүй, улс гэрийн их хэргийг таслан шийтгэвээс зохимуй. Ах дүү хоёул өшөөг хариулахаар эчсүгэй хэмээсэнд Сүн Жян-ын сэтгэл баахан тавиурав.

Жич өдөр цэрэг морийг дахин тэгшлэн урагш орсугай хэмээтэл Ү Юн ятган өгүүлрүүн: - Эрхин ах ийн яарч болохгүй, өөр нэгэн арга үүсгэсний хойно давааг дайлахад оройтохгүй хэмээхэд Се Жэнь, Се Бао өгүүлрүүн: - Бид ах дүү хоёул угаас уул давж хад авирч дассан анчин тул эдүгээ анчны ёсоор засаж хувцаслаад уулан оройд сэмээр авиран гарч нэгэн атга гал тавьж, хулгайн цэргийг цочоон айлгаваас эрхгүй боомтоо гээж буруулмуй хэмээхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Энэ хэдий сайн арга хэмээвч уул хад бартаатай тул дээш авирахад их л бэрх. Хэрвээ хөл халтиран ойчвоос амийг хамгаалахуйяа бэрх хэмээхүл Се Жэнь, Се Бао өгүүлрүүн: - Бид ах дүү хоёул Дэнжоу хотын гяндангаас оргож Лян Шань ууланд ирснээс нааш эрхин ахын буянд шүтэж удаан он сайн эр хэмээн явж төрийн түшмэлийн зэрэгт ороод магнаг дээлийг олж өмссөн тул эдүгээ хаан төрийн өмнө зүтгэж, хэдий яс хэмхрэн бие балбарав хэмээвч өршөөлт ахын их ачийг мөн хариулж чадахгүй хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү нар битгий ийн бэлгэгүй үгсийг хэлэгтүн. Ганц их гавъяаг эртхэн бүтээж Жин балгаснаа эгвээс эзэн төр хэрхэвч биднийг үтээрэхгүй буй за. Та хоёул ганц сэтгэлийг барин зүтгэж улс гэрийн төлөө хүчээ өргөгтүн хэмээв.

Түүнээс Се Жэнь, Се Бао ах дүү хоёул анчны ёсоор хувцалж барсын арьсан дээлээ хэдрэн, тус тусын хурц илдийг сүүжиндээ суйрч урт эштэй ган сэрээг гартаа бариад Сүн Жян-аас аяарлан салаад Ү Лүн Лин давааг чиглэн явсаар мөн шөнийн тэргүүн жин болохуйяа зам зуур бүгж нуусан хоёр туршуулчинд учирч түүний бамийг бүрэлгээд дэд жингийн үед давааны энгэрт хүрэв. Хоёул чих тавин чагнаваас уулан цайзын жингийн хэнгэрэг тод хангинах тул их замыг гээж зэлийг ирэн ороонгыг шүүрч алхам алхмаар дээш авирав. Тэр шөнийн сар туяалж өдөр мэт тунгалаг асан тул ах дүү хоёул алгуураар мацсаар давааны оройд ойртож нүд өргөн үзвээс уулан цайзад дэн зул гэрэлтэх бөгөөд хаалган гаднаас чагнаваас дөрвөн жингийн хэнгэрэг дуугарсан тул Се Жэнь сэмээр дүү юүгээ дуудаж: - Шөнө охор болсон тул удахгүй гэгээ ормуй. Бид хоёул бушуу гарахгүй болбоос болохгүй хэмээгээд тэд хоёул хад наалдан дээш авирсаар эгц хаднаа хүрч эргэн тойрныг ажиглахгүйгээр мацалхийлэн явахад ар нуруунаа үүрсэн ган сэрээ зэл ороонгод өлгөгдөн хангир цангир хэмээх анир гарснаа даваан дээрх харуулын ард хэдийн сэрж мэдэв. Төдийд Се Жэнь мацсаар уулан хонхорт хүрвээс гэнэт: - Зэвсэг үз! хэмээх дуу гармагц сэрвээт дэгээ нисэн ирж шанхалсан гэзэгнээс гохдож авснаа Се Жэнь их л сандран сүүжин дэх охор илдийг сугалан автал, хэдийн хий дээр дүүжлэгдсэн тул зүрх түгшин цухалдаж, илд өргөн нэгэнт цавчваас сэрвээт дэгээ тас үсэрч хий дээрээс дорогш унав. Залуу наснаа аруухан баатрын тоонд орж явсан хөөрхий Се Жэнь-ийн өндөр хаднаас саван унаж хилсээр үхэв. Се Бао бээр ахын унасныг үзээд бие урван дорогш буусугай хэмээтэл орой дээрээс чулуу зэв мөндөр мэт бууж ирсэн тул нэгэн үеийн баатар анчин давааны энгэрт өнхрөн унаж ахын хамт бие хэмхрэн үхэв.

Түүнээс тэнгэр гэгээрсэн хойно уулан цайзаас хүмүүн илгээн Се Жэнь, Се Бао-ын хүүрийг аваачиж өндөр модноо өлгөж тавьсныг туршуулч ард олж үзээд Сүн Жян-д мэдүүлснээ Сүн Жян бээр Се Жэнь, Се Бао-г хохиров хэмээн сонсоод их л гашуудан уйлж хэдэн эрэг харангадан унасан хойно Гуань Шэн, Хуа Рүн-г цэрэг авч Ү Лүн Лин давааны хавцлыг байлдаж дөрвөн дүүгийн өшөөг хариул хэмээсэнд Ү Юн ятган өгүүлрүүн: - Өршөөлт ах ийн яарч болохгүй. Хүмүүн хохирсон нь тэнгэрийн заяа болох тул боомтыг авсугай хэмээвээс хэрхэвч энэ мэт цөлсөөр үйлдэж болохгүй. Хувилгаан арга мэргэн бодлогыг тогтоосон хойно сая цараг дайчлан жанжин илгээж болмуй хэмээвээс Сүн Жян хилэгнэн өгүүлрүүн: - Санасангүй миний олон ах дүү нарын их хагас нь хохиров. Харгис хулгай нар миний хоёр дүүгийн хүүрийг модноо өлгөсөн тул энэ шөнө эрхгүй цэрэг байгуулан хүүр ясыг булаан аваад авснаа хийж оршуулахгүй болбоос болохгүй хэмээгээд Ү Юн хориглон өгүүлрүүн: - Хулгайн цэрэг хүүрийг өлгөсөн нь зусар арга болох тул эрхин ах хөнгөнөөр хөдөлж болохгүй хэмээсэнд Сүн Жян түүний үгийг огт сонсохгүй, өөрийн биеэр гурван мянган шилдэг цэргийг салган Гуань Шэн, Хуа Рүн, Люй Фан, Гуо Шэн зэргийн дөрвөн жанжныг авч мордоод шөнийн дэд жинд Ү Лүн Лин даваанаа хүрч ирэв.

Туршуулч ард хойш ирж Сүн Жян-д мэдүүлрүүн: - Өмнө этгээдэд хоёр хүмүүний хүүрийг өлгөж баймуй. Санаваас Се Жэнь, Се Бао-ын яс болох буй за хэмээсэнд Сүн Жян морь ташуурдан урагш эчиж үзвээс хоёр хүүрийг хулснаа уяж өндөр модноо өлгөөд модны хальсыг зоргож хэдэн мөр үсэг бичсэн боловч шөнийн харанхуйд танигдахгүй тул Сүн Жян гал ацруулан дэнлүү асаан үзвээс: - Эрт орой нэгэн өдөр Сүн Жян-ын хүүрийг бас энэ модонд өлгөмүй хэмээн дурайтал бичсэн тул Сүн Жяних л хилэгнэж цэргийн ардыг модноо гарч  хоёр хүүрийг буулгагтун хэмээтэл дөрвөн зовхисоос бамбарын гэрэл мандаж харанга хэнгэрэг түрчигнэн дуугараад Сүн Жян нарыг суулга мэт дүгрэглэн хааж орой дээрээс самуун зэв бороо мэт бууж ирэх бөгөөд мөрний онгоц дээрх усан цэрэг ч нэгэн зэргээр хөвөөнөө гарч ирэх тул Сүн Жян үзээд сүнс завхартал эмээгээд мэндэн сандан цэрэг хураан эгсүгэй хэмээтэл юаньшуай Ши Бао явах замыг хөндөлсөн хаасан тул цэрэг дохин хажуу тийш зайлбаас Дэн Юань Чуай бас цэрэг аван дарж ирэв. Энэ үнэхээр бартаат зам Ма Лин Дао мэт аюултай, гарди унах Ло Фэн хөтөл адил эмээлтэй. Эгнэгт Сүн Жянын цэрэг морины хэрхэн амь мултрахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top