Эзэн хааны цом | Барселона шөвгийн наймд шалгарлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Испанийн Эзэн хааны цомын шөвгийн 16-ийн тоглолт болж, Барселона клуб Албасет клубийг талбайд нь 1-2 харьцаагаар хожиж дараагийн шатанд шалгарлаа. Барселона клуб энэ тоглолтод ялалт байгуулснаар бүх тэмцээний хүрээнд 17 тоглолтын 16-д нь ялалт байгуулсан юм.

Албасет клуб өмнөх тойрогт Реал Мадридыг буулган авч томоохон дуулиан тарьсан. Тэд энэ тоглолтод Испанийн аваргуудыг хожих дүүрэн итгэлтэйгээр талбайд гарсан юм. Гэхдээ энэ их итгэл тоглолтын эхний хэдэн минутад харагдсангүй. Испанийн аваргуудад бөмбөг байсаар байлаа. Маркус Рэшфорд хэд, хэдэн оновчтой дамжуулалт өгсөн ч гоол болж чадсангүй. Тоглолт эхэлснээс хойш 15 минутын дараа Барселонагийн бөмбөг эзэмшилт 73% байсан юм. Тоглолтыг бүрэн хяналтдаа авсан Барсагийнхан 39 дэх минутад Френки де Йонгийн дамжуулалтаар Ламин Ямаль улирлын 14 дэх гоолоо орууллаа. Тоглолтын эхний үе энэ үр дүнгээр өндөрлөсөн.

Ингэснээр Албасет клуб 1995 оны 11-р сараас хойш Испанийн аваргуудыг ялж чадсангүй.

Тоглолтын хоёрдугаар үе мөн л зочдын давамгайллаар эхэлсэн. Кубарси, Олмо нар хэд, хэдэн удаа хаалга руу цохисон ч хараахан гоол болж чадсангүй. Улмаар тоглолтын 56 дахь минутад Роналд Араухо, англи тоглогч Маркус Рэшфордын дамжуулалтаар гоол оруулан тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Тоглолт дуусахад 10-аад минут үлдээд байхад эздийн тоглолт сэргэсэн. Аз хайсан цохилтыг ч хийгээд амжсан юм. Улмаар тоглолтын 87 дахь минутад Лазогийн дамжуулалтаар Хави Морено шумбаж мөргөн Барсагийн хаалгыг мялайлаа. Тоглолтын сүүлийн мөчид 90+1 дэх минутад Ферран Торрес гоол оруулсан видео нягтлаад гоолыг тооцоогүй. Ийнхүү тоглолт энэ үр дүнгээрээ өндөрлөлөө. Ингэснээр Албасет клуб 1995 оны 11-р сараас хойш Испанийн аваргуудыг ялж чадахгүй л байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top