Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 114 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

 Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

НИН ХАЙ ЖЮНЬ ГАЗАР СҮН ЖЯН АРХИ ДУСААСАН ЮН ЖИНЬ МЭНЬ ХААЛГАНАА ЖАН ШҮНЬ БУРХАН БОЛСОН 

Жич өгүүлэх нь, Фэй Бао бээр Ли Жюнь-ий зүг өгүүлрүүн: - Дүү би хэдийгээр уульхай бядуу боловч “Ертөнцийн үйл бүтвээс эрхгүй алдмуй. Хүмүүний бие дэгжирвээс заавал доройтмуй” хэмээн сэцэн мэргэдийн шүүмжлэн хэлэлцэхийг сонссон бөлгөө. Эрхин ах Лян Шань уулнаа анх гарснаас эдүгээ болтол энэхүү арваад оны хооронд гавъяа нэрийг бүтээн хандсан зүгт эсэргүүцэлгүй явжээ. Урагш өдөр Ляо улсыг эвдэх үед нэг ч жанжин бие эндсэнгүй. Эдүгээ Фан Ла-г хураамжлахуйяа үзэж атал хурц сүр буурч, тоо хэмжээ холгүй болжээ. Өчүүхэн дүү би юун хэмээн зэрэг хэргэмд үл дурламуй? Ганц ертөнцийн өнгө муу болой. Хожмын өдөр дэлхий дахин тэгширсэн цагт тэрхүү ховдог түшмэл авлигач сайд цөм чиний амийг мушгин хөнөөсүгэй хэмээмүү. Эртний үгэнд: “Энх амгаланг жанжин хүмүүн бүтээсэн атал, энх амгалан амьдралыг жанжин хүмүүн эдэлж үл чадмуй” хэмээсэн нь түмэн зөв бөлгөө.

Эдүгээ бид дөрвүүл журмаар ах дүү барилдсан тул эрхин ах та гурвуул юун хэмээн тоо хэмжээ хараахан төгсөөгүйг амжин бие орших газрыг эрж бага сага зоос зугаа цуглуулан, нэгэн их онгоц үйлдэж, хэдэн усчин эрийг цуглуулаад мөрөн тэнгисийн доторх бие оршиж болох сэлүүн газрыг эрэн насан хутгийг төгсгөхгүй аж! хэмээсэнд Ли Жюнь газар тэврэн сөгдөж: - Эрхин дүү сургаал хүртээж унтсанаас сэрээсэн нь маш сайн болов. Ганц хулгайн түрүү Фан Ла-г арилгаагүйн дээр ах Сүн Гүн Мин-ийн өршөөл журмыг тэвчихүйеэ бэрх тул урагш өдөр энэ замыг бодсонгүй. Энэ өдөр хэрвээ мэргэн дүүг дагаж эчвээс эрхгүй энгийн цагт найрлан цугласан журам ёсноос тэрслэх бус уу. Хэрвээ олон дүү нар голохгүй бөгөөс Ли Жюнь миний бие хулгайн түрүү Фан Ла-г хураамжилсны хойно Ли Жюнь би энэ хоёр дүүг дагуулан түшихээр ирсүгэй. Та нар эдүгээ нэгэнт манай хожмын замыг бэлтгэж өгсөн учраа тэр үед татгалзахгүйгээр хүлээн авах болов уу.

Хэрвээ Ли Жюнь би энэ өдрийн үгсээс буцваас сайн эр бус, эцэг тэнгэр эс таалах болтугай хэмээхүйеэ, Фэй Бао зэргийн дөрвөн сайн эр зэргээр өгүүлрүүн: - Бид онгоц салыг бэлтгэж эрхин ахын ирэхийг тухайлан хүлээсүгэй. Болзооноос битгий зөрчигтүн хэмээхүйеэ Ли Жюнь, Фэй Бао нар архи хэмнэж аман тангараг тавьж үгсээс буцахгүй хэмээв. Жич өдөр, Ли Жюнь бээр Фэй Бао зэргийн дөрвөн хүмүүнээс салж Тун Вэй, Тун Мэн-ийн хамт урагш ирж Сүн жян-д ёслон золгоод Фэй Бао зэргийн дөрвөн хүмүүн зэрэг хэргэмд дургүй, ганц загас агнаж дураар явахад бахтай хэмээн зүй зүйгээр тоочин хэлэхүйеэ Сүн Жян урт сүүрс алдаж, усан замын жанжин цэрэгт цэрэг хөдөлгө хэмээн цааз зарлав.

Тэр үед Ү Жян сянь-ий хязгаараа нэгэнт хулгай дээрэм үгүй болсон тул Пин Ван Жэнь балгасыг өнгөрч Сю жоу фү-г шууд чиглэн ирэхүйеэ, Сю жоу фү-г сахисан жанжин Дуань Кай бээр урагш өдөр Су жоу-г сахисан их ван Фан Мао-ын алдсаныг сонсоод юм хүмээ авч дутаан зайлсугай хэмээж атал харуулын ард дотогш орж Сүн улсын цэрэг хотын ойр болон усан замын цэргийн туг хиур нарыг халхлан онгоц сал унасан хүлэг харилцан залгалдаж алан ирэв хэмээн мэдүүлсэнд Дуань Кай биеийн сүнс биед үгүй, билгийн ухаан цээжинд үгүй болов. Удсангүй Сүн улсын өмнөд цэргийн их жанжин Гуань Шэн, Чинь Мин нар хотын доор хүрч ирээд усан замын цэрэг жанжинд цааз зарлан хотын баруун хаалгыг бүслэн хаалгасанаа Дуань Кай бээр хотын хайсан дээр гарч: - Битгий бүслэн хаагтун.

Бид дагасугай хэмээмү хэмээн өндөр дуугаар хашхирч, хаалга үүдийг цайтал нээлгэн үзэмжит зул өнгөт дэнлүү барин, хонь үхэр хөтлөлцөн архи сархад дамнан Сүн Жян-г залж хотод оруулаад яамны танхимд удирдан гаргасан хойно Дуань Кай бээр урагш ирж мөргөн золгосоноо Сүн Жян бээр түүнийг тэтгэн босгож сайн үгсээр тохруулаад шударга түшмэл болгож зар тунхаг гарган зуун овогтныг илбэн тохруулав. Төдийд Дуань Кай айлтган өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос угт Му жоу газрын шударга ард бөлгөө. Хожим Фан Ла-д удаа дараагаар мушгин дарлагдсанаа арга буюу эелэн дагаж түүний доор үйлчилмүй. Энэ өдөр тэнгэрийн цэрэг хүрч ирсэн тул ямар аймшиггүй эс дагах аж! хэмээхүйеэ Сүн Жян асууруун: - Ханжоу-ын Нин Хай Жюнь-ий хотыг ямар хүмүүн сахих бөгөөд цэрэг жанжин хэдий баймуй? хэмээвээс Дуань Кай айлтгаруун: - Ханжоу-ын хот өргөн уудам, хүмүүн ам ягч зузаан бөгөөд өмнө талд их мөрөн, баруун талд их нуур, зүүн хойдод хуурай газар байхуй бөгөөд Фан Ла-ын их тайзи өмнийг төвшитгөх Нань Ань Бин ван Фан Тянь Дин дарангуйлан сахих бөлгөө.

Түүний гарын доор дөрвөн их юаньшуай, хорин дөрвөн баатар жанжин байхуй бөгөөд долоон түмэн цэрэг морийг захирчээ. Тэргүүлсэн хоёр их жанжин нь маш хэцүү, нэгний нь цол “эрдэнийн гэрэлт шагжамуни” хэмээмүй. Түүний овог Дэн, бомбын нэр Юань Чуай, Шэжоу газрын хүмүүн бөлгөө. Тавин жин хүнд түүхий төмрөөр давтсан санваартны шийдэм хэрэглэмүй, хүмүүний түүнийг улсын багш хэмээн дуудмуй. Нөгөө сайн эрийн овог Ши нэр Бао, Фүжоу газрын хүмүүн. Солир бялууг хэрэглэж зуунтаа занчваас зуунтаа ономуй. Тэр хүмүүнд бас салхиыг цавчих илд хэмээх эгэн эрдэнийн илд байхуй бөгөөд хүрэл төмрийн зүйлийг цаас мэт огтолж, гар өргөн занчваас гурван давхар ган дуулга ч тэсэхгүй бөлгөө. Нөгөө хорин зургаан жанжин ч цөм хүч чадал мохошгүй баатрын манлай тул их жанжин хөнгөнөөр орж болохгүй хэмээхүйеэ Сүн Жян бээр Дуань Кай-г хүндэд шагнаж түүнийг Жан Жао Тао-ын өмнө илгээж энэ учрыг зүй зүйгээр хэлүүлэв. Хойно Дуань Кай бээр Жан Жао Тао-г дагаж Су жоу-г сахин хамгаалж, дэд дүдү Лю Гуан Ши-г илгээн Сю жоу-ыг батлуулан сахиулахуйяа Сүн Жян сая цэрэг морийг хөдөлгөн Зүй Ли Тин-ийн хажууд хүрээ буудаллан олон жанжныг шагнаж хуримын ширээ засан, Ханжоу-г байлдах үйлийг зөвлөхүйеэ хуй салхи Чай Жинь өндийн босож: - Эрхин ах бээр Гао Тао жоу-ын газар мөхөс хүмүүний амийг аварснаас нааш үүр өршөөл эрдмийг хүртээн энхрийлэн хайрлаж хугасаар суусаар баян эрхмийг эдлүүлсэн боловч эдүгээ болтол ачийг хариулж чадсангүй бөлгөө.

Эдүгээ дүү бээр дуртайяа хулгайн үүрт орж чимээ сургийг тагнан мэдээд нэгэнтээгүүр цэргийн гавъяа байгуулж, эзэн төрд зүтгэн, жичид бас эрхин ахын нүүрт өнгө гэрэл нэмж өгсүгэй хэмээмүү. Эрхин ахын санаанд ямар? хэмээсэнд Сүн Жяних л баярлаж: - Хэвээ чиний бие урагш эчин хулгайн үүрт орж Ши Шань уулын доорх нарийн нягт учрыг нь туршиж мэдээд ирвээс цэрэг орж хулгайн түрүү Фан Ла-г амьдаар барин эзэн хотноо хүргэх цагт эзэн төрд чиний гавъяаг айлтган мээдүүлж нэгэн хамтаар баян эрхмийг эдэлсүгэй. Ганц замын гудаст мэргэн дүү зовж зүдэх тул явуулахад хүчир болой хэмээвээс Чай Жинь бас өгүүлрүүн: - Дуртайяа амийг цөлөн урагш эчсүгэй хэмээмүү. Олдохул эрхин ах бээр Янь Чин-г хамт илгээвээс маш сайн бөлгөө. Энэ хүмүүн газар орны үгийг төсөөлөх бөгөөд бас зохисыг үзэн арга үүсгэж чадах болой хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн үг маш зүйтэй боловч эдүгээ Янь Чин бээр Лю Жюнь И-ийн цацрын доор үйлчлэх тул албан бичиг илгээн дуудуулбаас сая авчирч болмуй хэмээн хараахан зөвлөж атал харуулын ард дотогш ирж: - Дэд Сянь фэн Лү Жюнь И бээр тухайлан Янь Чин-г зарж баяр сонсгохоор илгээв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян бээр их л баярлан: - Эрхин дүүгийн энэ эчих нь эрхгүй их гавъяаг бүтээж болмуй.

Янь Чин-ийн энэ ирсэн нь илэрхийеэ эцэг тэнгэр урьдаас ёр бэлгэ мэдүүлэв хэмээхүйеэ Чай Жинь бас их л баярлав. Түүнээс Янь Чин бээр цацарт орон Сүн Жян-д ёслон золгосоноо Сүн Жян чилээ тайлах дарсыг хэмнэж Янь Чин-д бариад: - Эрхин жанжин усан замаар ирсэн буюу? Хуурай замаар ирсэн буюу? хэмээн асуухуйяа Янь Чин хариу өчрүүн: - онгоцод сууж энд ирэв хэмээхүйеэ Сүн Жян бас асууруун: - Урагш өдөр Дай Зүн энд ирээд цэрэг урагшлан Ху жоу хотыг байлдмуй хэмээмүй. Эдүгээ ямар хэрэг болов? хэмээснээ Янь Чин айлтган өгүүлрүүн: - Сюань жоу-оос моордсоны дараа Лу Сянь фэн цэрэг морийг хоёр зам хуваан өөрийн биеэр хагас илүү жанжин цэргийг дагуулан Ху жоу-г байлдаж хотыг сахисан хулгайн жанжин Гүн Вэнь хийгээд түүний жигүүрийн таван жанжныг алж Ху жоу-г байлдан эзлээд хулгайнц эргийг алан сарниулж зуун овогтныг илбэн төвшитгөөд, нэгэнтээгүүр элч илгээн Жан Жао Тао-д айлтган мэдүүлж түшмэл илгээн батлан сахиулагтун хэмээн хэлүүлж, нөгөөтээгүүр бага дүү намайг их жанжны энд зарж баяр мэдүүл хэмээв.

Лу Сянь фэн бээр Линь Чүн-д цэрэг морийг өгч Дү Сүн Гуань боомтыг байлдахаар илгээгээд Ханжоу хотод цэрэг нийлсүгэй хэмээн зөвлөж тогтов. Бага дүү намайг энд ирэхийн үед Дү Сүн Гуань боомтыг өдөр дараалан байлдавч олохгүй хэмээн сонсоод Лу Сянь фэн бээр цэргийн багш Жү Ү-ын хамт Дү Сүн Гуань боомтноо эчиж Хү Яньжуо бээр цэрэг морийг захируулан Ху жоу хотыг сахин хамгаалуулж Жан Жао Тао-ын тэндээс түшмэл хүрч ирж хязгаарыг хамгаалан ард иргэнийг амуулсны хойно сая цэрэг мордон Дэ Чин сянь-ийг байлдаад, Ханжоу-д нийлэн цугласугай хэмээн захив хэмээхүйеэ Сүн Жян бас асууруун: - Ху жоу хотыг сахиж Дэ Чин сянь-ийг байлдах цэрэг жанжин ба Дү Сүн Гуань боомтыг өмөглөн байлдахаар эчсэн жанжин хэн хэн болов. Нарийвчлан тоочиж над сонсгох болов уу хэмээхүйеэ Янь Чин бээр: - Нэрийн данс энд баймуй хэмээн өврөөсөө гаргаж өгөв. Түүний дээр бичсэн нь: Дү Сүн Гуань боомтыг байлдах хорин гурван жанжин: Дэд Сянь фэн Лү Жюнь И, Жү Ү, Линь Чүн, Дүн Пин, Жан Чин, Се Жэнь, Се Бао, Люй Фан, Гуо Шэн, Оу Пэн, Дэн Фэй, Ли Жүн, Жоутун, Зоу Юань, Зоу Рүнь, Сүнь Синь, Гү Дасао, Ли Ли, Бай Шэн, Тан Лун, Жу Гүй, Жу Фу, Ши Чянь Эдүгээ Ху жоу хотыг сахиж мөн өдөр Дэ Чин сянь-ийг байлдах арван есөн жанжин: Хү Яньжуо Суо Чао Мү Хүн Лэй Хэн Ян Сюн Лю Тан Шань Тингүй Вэй Дингуо Чэнь Да Ян Чүнь Сюэ Юнь Дү Чянь Мү Чүнь Ли Юнь Ши Юн Гүн Ван Дин Дэсүнь Жан Чин Сүнь Эл Нин Төдийд Янь Чин бас: - Бага дүү намайг гач ирэх үед энэ хоёр газрын дөчин хоёр жанжин цэрэг орсугай хэмээн зөвлөн тогтов хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Энэ мэт хоёр замаар хавчин байлдваас маш сайн бөлгөө.

Өнөө жанжин дүү Чай Жинь бээр чиний хамт Фан Ла-ын үүрт орж тагнан туршсугай хэмээмүй, чи эчмүй үү? хэмээснээ Янь Чин өгүүлрүүн: - Эзэн жанжны зарлигийг ямар аюулгүй зөрчиж болмуй? Өчүүхэн хүмүүн дуртайяа Чай жанжныг дагаж эчихийг хүсмү хэмээвээс Чай Жинь их л баярлан: - Миний бие цагаан дээлт бичгийн хүмүүн мэт чимж, жанжин чи зарцын ёсоор засаж, ятга сэлэм бичгийн савыг үүрэн зам хөөвөөс сэжиглэх хүмүүн үгүй болой. Мөрний хөвөөнд хүрч онгоц сал эрэн Юай жоу фү-ээр өнгөрөн бага замыг өлгөн Жу Жи сянь-д хүрч тэндээс уулан замыг өлгөн өмнөш эчвээс Му Жу холгүй болмуй хэмээн зөвлөж тогтсон хойно өдөр сонгож Сүн Жян-аас аярлан салаад хоёул ятга сэлэм бичгийн савыг үүрэн мөрний хөвөөнөө эчиж онгоц сал эрэхийг түр өгүүлэхгүй. Түүнээс цэргийн багш Ү Юн бээр Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Ханжоу хотын өмнө хагас нь Чянь Тан Жян мөрөнд тулах бөгөөд энэ мөрөн шууд их далайн аралд залгалдмуй. Хэрвээ хэдэн хүмүүн суман онгоцонд сууж далайн хөвөөгөөр явж Жэ Шань Мэнь-ээр ороод хотын өмнө хаалган доорх их мөрөнд хүрч тэмдэг буу тавин туг хиур босговоос хот дотор эрхгүй самуурах бөлгөө хэмээгээд бас: - Танай усан цэргийн олон жанжин хэн хүмүүн өмнөш эчмүй?" хэмээх үг барахын урьд Жан Хэн, Руань овгийн ах дүү гурвуул урагш давшин: - Бид дуртайяа эчсүгэй хэмээв. Сүн Жян өгүүлрүүн: - Ханжоу хотын баруун этгээдэд их нуур залгалдсан тул усан цэргийг өөр хэрэглэх газар баймуй.

Та дөрвүүл бүрнээ эчиж болохгүй хэмээхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Жан Хэн, Руань Сяочи хоёул суман онгоцонд сууж Хоу Жянь, Дуань Жинжү хоёулыг дагуулан эчигтүн хэмээгээд дөрвөн жанжныг дуудан гуч дөчин усан цэргийг өгч, арван хэдэн галт буу үнст дарь туг хиурын зүйлийг тушааж илгээхүйеэ дөрвөн жанжин бээр мөрний хөвөөнөөс суман онгоцонд сууж Чянь Тан Жян мөрний зүг нисэх мэт ирэв. Үүл гарваас бороо орж, үлгэр үүсгэвээс салаа гарах тул эртний хүмүүн ч үлгэр тууж хэлэхэд: - Аливаа учрыг мэдсүгэй хэмээвээс алгуураар тайлан хэлэхийг хүлээгтүн" хэмээмүй. Ийнхүү сударч түшмэл миний бие ч өдий чинээ учрыг нэгэн доор өгүүлэн тоочихуйяа бэрх тул үзэх мэргэд бээр үгийн сэдвийг цээжлэн тогтоовоос эрхгүй үүний тодорхой учир шалтгаан алгуур аажимдаа гарах буй за. Жич өгүүлэх нь, Сүн Жян бээр жанжин цэрэгт цааз зарлаж баруун Сю жоу хотноо эгж цэрэг орж Ханжоу хотыг байлдах үйлийг хараахан зөвлөн бүхийд харуулын ард дотогш орж эзэн төрийн элч бээр хааны шагнасан амтат дарсны зүйлийн хишиг шанг авч хаалган доор хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жяних л яаран их бага олон жанжин цэргийг авч хот гаран элчийг угтан оруулж хишигт мөргөн, хааны шагнасан амтат архиар ширээ засан хүндлэн дайлахуйяа хааны элч бээр эзэн хаан хижиг томуунд дайрагдан бие шартай болсон тул эмнэн засах яам Тай И Юань-д зарлиг буулган амьд оточ Ань Даочуань-ийг дуудан Жин хотноо авчирч эзэн хааны биеийн шадар үйлчлүүлсүгэй хэмээн бага элчийг зарав хэмээхүйеэ Сүн Жян аймшиггүй татгалзан чадахгүй зарлигийг хүлээв. Жич маргаадрын өдөр хуримын ширээ засаж хааны элч жич Ань Даочуань хоёулыг дайлж бараад арван газрын үзүүр гартал үдэн мордуулахуйяа Ань Даочуань бээр хааны элчийн хамт дахин дахин салах ёсыг хийж Жин балгасыг чиглэн явав. Нэгэн анги шүлэгт амьд оточ Ань Даочуань-ийг магтсан нь: Адбиш цуурхай увдис эрдэмт хувилгаан оточ Алдар нэр Шаньдун газар нийдэм мандав. Эм тавин судал барихад хувилгаан сахиус мэт, Өвчин засаж үрэл боловсруулахад бурхан бодьсадва адил. Ясыг хусан махыг зүсэж хорт зэвийг аваад Яр шарханд хутга тавимагц агшин зуур эдгэмүй.

 Аглаг Лян Шань-ий чигч журам төмөр чулуу мэт, Аярлан салахуйяа уруу шүд мэт найрыг умартахуйяа бэрх. Жич өгүүлэх нь, Сүн Жян бээр цэрэг жанжинд шан хишгийг өгч олон жанжныг илэрхийлэн шагнаад өдөр сонгож цэргийн тугийг тахиж Лю дүдү, Гэн цаньмо нараас аярлан салж онгоц салыг хөдөлгөн унаа хүлгийг довтолгон их цэргийг хөдөлгөж Чүн Дэ сянь-ий зүг ирэхүйеэ хотыг сахисан жанжин чимээ сургийг сонсмогц Ханжоу хотын зүг буруулан эчив. Түүнээс Фан Ла-ын тайзи Фан Тянь Дин бээр олон жанжныг зөвлөлийн яаманд дуудан гаргаж цэргийн үйлийг зөвлөв. Тэрхүү зөвлөлийн яам ин Гүн хэмээгч эдүгээхийн Лүн Сян Гүн ордон бөлгөө. Фан Тянь Дин-ийн гар доор дөрвөн их юаньшуай байх бөлгөө. Тэр дөрвөн хүмүүн болбоос: Эрдэнийн гэрэлт шагжамуни улсын багш Дэн Юань Чуай Өмнийг төвшитгөх их жанжин цэргийн юаньшуай Ши Бао Улсыг төвшитгөх их жанжин Ли Тянь Рүнь Улсыг хамгаалах их жанжин Сэ Син Фан Үзвээс энэхүү дөрвөн их юаньшуай-г цөм Фан Ла өөрийн биеэрээ өргөмжлөн дэвшүүлсэн ажгуу. Фан Тянь Дин-ийн гар доор бас хорин дөрвөн жигүүрийн жанжин байхуй бөлгөө.

Тэр хорин дөрвөн жанжин хэмээвээс: Ли Тянь Ю, Ү Хи, Жао И, Хуан Ай, Чао Жүн, Тан Фэн Ши, Ван жи, Сюай Доу Нань, Лэн Гүн, Жан Жянь, Юань Син, Яо И, Вэнь Кэ Ран, Мао Ди, Ван Рэнь, Цүй Юй, Лянь Мин, Сюй Бай, Жан Дао Юань, Фэн И, Жан Тао, Су Жин, Ми Цюань, Бай Жин Күй Энэ хорин дөрвөн хүмүүнийг цөм жанжин өргөмжилж нийт хорин найман жанжин байхуй бөлгөө. Төдийд Фан Тянь Дин бээр зөвлөлийн яаманд сууж олон жанжныг дуудан цэргийн үйлийг зөвлөж ийн өгүүлрүүн: - Эдүгээ Сүн Жян бээр ус хуурай хоёр замаар цэрэг урагшлан Жяннань газрын зүг байлдан ирээд дараа дараагаар гурван их жюнь-ий газрыг эзлэв. Үлдсэн Ханжоу-ын газар болбоос өмнөд гүрний халхавч болох тул хэрвээ эндэш гарваас Му жоу-г хэрхэн хамгаалж чадмуй? Урагш өдөр одон гарагийг шинжих сэ тянь жянь түшмэл Пү Вэнь Ин бээр тэнгэрийн байдлыг шинжээд “Ган од Ү-ийн газар халдсан тул энэхүү зовлон бага бус” хэмээн өгүүлсэн нь түв хэмээн энэхүү бүлэг хулгайг хэлжээ. Энэ өдөр хулгайн цэрэг хязгаарыг халдан ирэв. Олон жанжин энгийн цагт улс гүрний хишиг пүнлүүг хүндэд хүртсэн тул эрхбиш үнэн сэтгэлээр улсын төлөө зүтгэж алгуурлан осолдож болохгүй хэмээхүйеэ олон жанжин ийн айлтгаруун: - өдий чинээ шилсэн цэрэг гавшгай жанжин бас Сүн улсын цэрэг лүгээ байлдаагүй тул эзэн гүн сэтгэлийг сул болговоос зохимуй. Эдүгээ хэд хэдэн жоу жюнь-ий газрыг алдсан нь цөм зохисгүй хүмүүнийг хэрэглэсэн учраа ийн эндэш гарчээ. Сонсохул Сүн Жян, Лү Жюнь И нар цэрэг морийг гурван зам хувааж Ханжоу-ын зүг байлдахаар ирмүй хэмээх тул эзэн гүн бээр улсын багшийн хамт Нин Хай жюнь-ий хотыг сахих түмэн оны үйлсийг бүтээвээс зохимуй.

 Манай олон жанжин зарлигийг хүлээн зам замаар мордон хулгайг тулсугай хэмээхүйеэ тайзи Фан Тянь Дин ихэд баярлан зарлиг буулгаад цэрэг морийг гурван зам хувааж өмнөш эчиж угтан байлд хэмээгээд өөрийн биеэр улсын багш Дэн Юань Чуай-ын хамт хотыг сахимуй хэмээв. Аль гурван юаньшуай-г илгээв хэмээвээс: Улсыг хамгаалах их юаньшуай Сэ Син Фан дөрвөн их жанжныг дагуулж Дэ Чин жоу-г өмөглөн байлдмуй. Тэр дөрвөн жанжин болбоос: Сюай Даоу Нань, Хуан Ай, Сюй Бай, Ми Цюань Улсыг төвшитгөх их юаньшуай Ли Тянь Рүнь дөрвөн их жанжныг авч Дү Сүн Гуань боомтыг өмөглөн байлдмуй. Тэр дөрвөн жанжин болбоос: Ли Тянь Ю, Жан Жянь, Жан Тао, Яо И өмнийг төвшитгөх их юаньшуай Ши Бао бээр найман жанжныг авч хот гарч дайсны цэргийг угтан байлдмуй. Тэр найман жанжин болбоос: Вэнь Кэ Ран, Жао И, Лэн Гүн, Ван Рэнь, Жан Дао Юань, Ү Хи, Лянь Мин, Фэн И. Төдийд Фан Тянь Дин бээр гурван жанжинд гурван түмэн цэрэг өгч гурван замаар морд хэмээн цааз зарласны хойно алт мөнгөний зүйлийг авчруулан шагнаж их цэргийг хөдөлгө хэмээхүйеэ Сэ Син Фан бээр нэгэн багийн цэрэг морийг дагуулан Дэ Чин жоу-г өмөглөн байлдсугай хэмээн Ханжоу-оос цэрэг мордохыг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь, Сүн Жян бээр их цэргийг хөдөлгөн өмнөш ирээд Линь Пин Шань уулын доор хүрч ирээд нүд өргөн үзвээс өндөр уулын оройд улаан туг дарвалзан хийсэж нэгэн анги цэрэг морь урагш ирмүй. Сүн Жян бээр Хуа Рүн, Чинь Мин хоёр жанжныг дуудаж өмнөх замыг туршин онгоц салыг шаардан Чан Ань-ий хашлагыг өнгөрөгтүн хэмээхүйеэ Хуа Рүн, Чинь Мин хоёул за хэмээн захиаг хүээж нэг мянган цэрэг дагуулан уулан хошууг өнгөрөн гартал Ши Бао хэдийн цэрэг морийг дагуулан хүрч ирэв. Төдийд Ши Бао-ын жигүүрийн жанжин Ван Рэнь, Фэн И хоёул Сүн улсын цэрэг морь алан ирэхийг үзээд урт жадыг хөндөлсөн морь хийсгэж ирэхүйеэ Хуа Рүн, Чинь Мин хоёул бас морь ташуурдан жагсаалаас гараад цахилгаан тэнгэр Чинь Мин чонын араат бялууг өргөн Фэн И-г угтан орж, Хуа Рүн сарт жадыг өргөн Ван Рэнь-ийг угтан орж хоёр хос жанжин хойш урагш зөрөлдөн арван хэдэн удаа болохуйяа дийлэн дийлэгдэх хараахан ялгарахгүй. Төдийд Хуа Рүн, Чинь Мин хоёул нүд өргөн үзвээс хойноос хулгайн өмөглөх цэрэг зам хашин алан ирсэнд "байлдахыг түр зогс хэмээн зандарч зэвсгийг өргөн жадыг зайлуулж морин жолоо дарж жагсаалын зүг эгэхүйеэ Хуа Рүн: - Зууралдан байлдаж болохгүй. Хурдан их Сянь фэн-д мэдүүлж өөр арга бодвоос зохимуй хэмээгээд цэргийн ардыг явуулан дундад цэрэгт мэдүүлэхээр илгээв.

Түүнээс Сүн Жян бээр мэдүүлснийг сонсоод Жү Түн, Сюй Нин, Хуан Синь, Сүнь Ли зэргийн дөрвөн жанжныг авч жагсаалын өмнө хүрч ирэхүйеэ Ван Рэнь, Фэн И хоёул бас морь хийсгэн өмнөш ирээд: - Дийлэгдсэн жанжин аймшиггүй өмнөш ирж байлдмуй уу хэмээн гутаан хараасанд Чинь Мин их л тачаадан чонын араат бялууг далайн морь тавьж Фэн И-г угтан байлдав. Ван Рэнь бас Хуа Рүн-г хэдэн зэрэг өдөөхүйеэ Сюй Нин их л хилэгнэж жад мушгин угтан оров. Үзвээс Хуа Рүн, Сюй Нин хоёр болбоос түв хэмээн алтан жад мөнгөн жадыг хэрэглэх нэгэн хос жанжин асан ажгуу. Төдийд Хуа Рүн бас морь тавин өмнөш орж Сюй Нин-ийн ард бие халхлан холховч нумд зэв онилон Сюй Нин, Ван Рэнь хоёулын зөрөлдөн байлдахыг хүлээхгүй ойртон ирээд нэгэн зэвээр Ван Рэнь-ийг харваж мориноос унагаснаа өмнийн цэрэг ихэд цочиж нүүрийн өнгө шороо мэт болов. Фэн И бээр Ван Рэнь-ий зэвд оногдон мориноос тонгорцоглон унасныг үзээд их л гэлмэж бие буруулж завдахын урьд Чинь Мин бялуу эргүүлэн занчиж унагасанаа олон цэрэг зүг зүгтээ буруулан эчив.

Сүн улсын цэрэг алан ирэхүйеэ Ши Бао эсэргүүцэн чадахгүй болж Гао Тин Шань уулын доор ухран ирж Дүн Синь Чяо-ын хажууд хүрээ бууж, арга олдохгүй тул мөн оройдоо цэрэг хураан хотдоо ухран оров. Жич өдөр Сүн Жян бээр цэрэг морийг дагуулж Гао Тин Шань уулын доор ирээд Дүн Синь Чяо гүүрний хажууд цацар майхан цогцолж цэрэг морийг гурван зам хувааж Ханжоу хотыг байлдсугай хэмээв. Гурван замаар байлдах жанжин хэн болов хэмээвээс: Тан Жэнь балгасны замыг өлгөж хотын зүүн хаалгыг байлдах явган цэргийн жанжин болбоос: Жү Түн, Ши Жинь, Лү Жишэнь, Ү Сүн, Ван Ин, Ху Саньнян Бэй Синь Чяо гүүрний замыг өлгөж Гү Тан-ыг байлдан баруун замыг хашиж нуурын усанд эсэргүүлсэн хаалгыг байлдах усан замын жанжин болбоос: Ли Жюнь, Жан Шүнь, Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Мэн Кан Дундад зам болж морьт явган усан цэргийг захиран гурван замаар цэрэг ороод Бэй Гуань Мэнь, Гэнь Шань Мэнь-ийг байлдах өмнөд цэргийн жанжин болбоос: Гуань Шэн, Хуа Рүн, Чинь Мин, Сюй Нин, Хао Сывэнь, Лин Жэнь Их Сянь фэн Сүн Жян, цэргийн багш Ү Юн-г дагасан хоёрдугаар ангийн жанжин болбоос: Дай Зүн, Ли Күй, Ши Сю, Хуан Синь, Сүнь Ли, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Ма Линь, Пэй Сюань, Жян Жин, Янь Шүнь, Сүн чин, Цай Фү, Цай Чин, Юй Баосы Усан зам хуурай газраар өмөглөн байлдах гуравдугаар ангийн жанжин болбоос: Ли Ин, Күн Мин, До Син, Ян Линь, Тун Вэй, Тун Мэн Сүн Жян бээр гурван замын цэрэг жанжныг зарлаж бармагц их цэргийг хөдөлгөв. Үлгэрийн учир үг байваас урт, үггүй бөгөөс охор бөлгөө.

Түүнээс дундад замын өмнөд цэргийг захирсан их жанжин Гуань Шэн цэргийг дагуулан Дүн Синь Чяо гүүр хүрч ирэхүйеэ хулгайн цэргийн бараа үгүйд Гуань Шэн ихэд сэжиглэн цэргийг хураан гүүрээс бууж хүмүүн илгээж Сүн Жян-д мэдүүлэв. Сүн Жян бээр үүнийг сонсоод Дай Зүн-г зарж: - Хөнгөнөөр орж болохгүй, өдөр бүр хоёр жанжныг гаргаж туршин үзүүлсүгэй хэмээн захиа уламжлав. Тэргүүн өдөр Хуа Рүн, Чинь Мин хоёр гарч туршив. Жич өдөр Сюй Нин, Хао Сывэнь хоёр гарав. Энэ мэтээр хэд хэдэн өдөр болтол хулгайн цэрэг бас гарч байлдсангүй. Нэгэн өдөр Сюй Нин, Хао Сывэнь хоёул арван хэдэн морьтныг дагуулан Бэй Гуань Мэнь хаалган доор ирж нүд өргөн үзвээс хотын хаалгыг цайтал нээж асанд тэр хоёул унуул гүүрний доор ирж туршин үзэж атал гэнэт хотын хайсан дээр хэнгэрэг харангын дуу мандаж нэгэн анги цэрэг морь хаалга шурган гарч ирэв.

Сюй Нин, Хао Сывэнь хоёул их л гэлмэж морин жолоог эргүүлтэл хотын баруун этгээдээс бас хашхирах дуу мандаж зуу илүү морьтон алан ирэв. Сюй Нин бээр хүлэн байлдаж хулгайн жагсаалыг шувтлаад бие эргэн үзвээс Хао Сывэнь харагдахгүй болсон тул морь тавин хойш ирж үзвээс хулгайн хэдэн жанжин Хао Сывэнь-ийг хүлж хотын зүг түлхлэн аваачмуй. Сюй Нин их л гэлмэж бие эргэн буцсугай хэмээтэл гэнэт нэгэн зэв нисэн ирж хүзүүг нь оносонд зэвийг сугалж завдахгүй морь ташуурдан буруулав. Энэ үед хойноос хулгайн зургаан жанжин морь тавин нэхэж ирэхүйеэ түв хэмээн Гуань Шэн-д учирчээ. Төдийд Гуань Шэн бээр хулгайн жанжныг байлдан ухруулж Сюй Нин-г тэнхрүүлэн авахуйяа цус ихэд урссан тул манаран унав. Гуань Шэн бээр нисэх мэт довтлон ирж Сүн Жян-д мэдүүлсэнд Сүн Жяних л цочин урагш ирж үзэхүйеэ Сюй Нин-ийн долоон сүвнээс улаан цус урсах тул гашуудан уйлж цэргийн эмчийг дуудан зэвийг сугалан авч сайн эм жинь чян гоёо тэргүүлэн эмнэн засуулж өөрийн биеэр Сюй Нин-г түшин онгоцноо гаргаж сахин суув. Мөн шөнө хэд хэдэн удаа манарсанд сая хорт зэвд оногдсоныг мэдэв.

Сүн Жян тэнгэрийн зүг урт сүүрс алдаж өгүүлрүүн: - Амьд оточ Ань Даочуань-ийг эзэн хотноо аваачсаны дээр энд бас сайн эмч үгүй тул, эрхгүй миний жигүүр сод мэт жанжны бие эндэх бөлгөө хэмээн гашуудан уйлж зогсохгүй. Удсангүй цэргийн багш Ү Юн урагш ирж ах дүүгийн найрыг бодож улс гүрний их үйлийг саатааж болохгүй, их жанжин цацарт эгж цэргийн үйлийг зөвлөвөөс зохимуй хэмээхүйеэ Сүн Жян арга буюу цэргийн ардаар Сюй Нин-г Сю жоу хотноо хүргүүлэн өвчнийг нь сувилуулсан боловч санамсаргүй хорт зэвд оногдсон тул хэрхэн эдгэрэх аж. Төдийд Сүн Жян бээр хүмүүн илгээж Хао Сывэнь-ий чимээг авуулбаас дэд өдөр цэргийн ард ирж мэдүүлрүүн: - Ханжоу хотын хойд хаалган дээр урт шурагт Хао Сывэнь-ий тэргүүнийг өлгөж олонд цээрлэл үзүүлжээ хэмээн мэдүүлснээ Сүн Жян сая хулгайн цэрэгт туячин алагдсаныг мэдэж дуу тавьж гашуудан уйлав. Дэмий хагас сар болсонгүй Сюй Нин-г таалал төгсөв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян дараа дараагаар хоёр жанжин автагдсаныг үзээд цэрэг морийг хөдөлгөхгүй ганц их замыг сахиж суув. Түүнээс Ли Жюнь нар цэргийг авч Бэй Синь Чяо гүүрний хажууд хүрээ буудаллан цэрэг жанжныг хэдэн зам ангилж Гү Тан-ын ууланд илгээн зам эрүүлж агснаа харуулын ард нисэх мэт довтлон ирж: - Хао Сывэнь хулгайд алагдан, Сюй Нин зэвд оногдон бие барав хэмээн мэдүүлэв.

Ли Жюнь бээр Жан Шүнь-ий зүг зөвлөж өгүүлрүүн: - Манай цэргийн сахих суусан энэ зам болбоос Дү Сүн Гуань боомтод эчиж Ху жоу, Дэ Чин хүрэх чухал газар болох бөгөөд хулгайн цэрэг энэ газраас үүр тасрахгүй. Бид хэрвээ хулгайн хоолой багалзуур мэт хавцал замыг хашин сууж, хулгай хоёр талаас хавчин байлдваас манай цэрэг цөөн тул хялбараар хулгайг дийлж чадахгүй. Ийнхүү Си Шань уулын дотор алан орж хүрээ буухад хүрэхгүй. Энэ газар Си Ху нуур лугаа залгалдаж Си Ху нууртай хулгайг тулбаас болохын дээр ард бас Си Си ус лугаа нэвтрэх тул цэрэг ухравч болмуй хэмээгээд бага хуягийг зарж Сүн Жян-д мэдүүлээд захиаг хүлээн цэрэг морийг удирдаж Тао Юань Лин давааг өнгөрөн Си Шань уулын дотор хүрээ буудаллаж, Си Си Шань уулын хавцалд цацар майхан цогцолж өмнөд цэргийг Тан Жя Ва олмын тэнд илгээн туршуулав. Үзвээс Тао Юань Лин даваа хэмээгч эдүгээхийн Лин Ень Сэ газар болох бөгөөд Си Си Шань уулын хавцал хэмээгч эдүгээхийн Гү Тан олом асан бөлгөө. Төдийд тэр өдөр Жан Шүнь бээр Ли Жюнь-ий зүг өгүүлрүүн: - Хулгайн цэрэг Ханжоу хотод орж сахин суув. Бид энэ газар цэрэг буудаллан хагас сар болтол хулгай байлдахаар ирэхгүй тул бид энэ мэт гүн ууланд шургаад хэзээ сая гавъяа байгуулж чадмуй? Ийнхүү дүү би эдүгээ нуурын уснаа живж усан хаалгаар хотод ороод гал тавин дохио болгосугай.

Ах чиний бие тэмдэг галын гэрлийг олж үзвээс цэрэг аван алан орж хулгайн усан хаалгыг булаагаад Сүн Сянь фэн-д чимээ өгч гурван талаас хотыг байлдсугай хэмээхүйеэ Ли Жюнь өгүүлрүүн: - Энэ арга хэдий сайн хэмээвч дүү чи ганц биеэр хэрхэн эчиж болмуй? хэмээв. Жан Шүнь өгүүлрүүн: - Өөрийн амь насаараа Сянь фэн ахын олон жилийн их ачийг хариулбаас барав хэмээхүйеэ Ли Жюнь өгүүлрүүн: - урьдаар эрхин ахад мэдүүлж цэрэг морийг тэгшлэн өмөглөн байлдахаар бэлтгэсэн хойно дүү чи эчихэд оройтохгүй хэмээсэнд, Жан Шүнь өгүүлрүүн: - Ах чи хүмүүн илгээж их Сянь фэн-д мэдүүлэх ташрамаар би бас үйлд эчсүгэй. Ингэвээс дүү би хотын доор хүрэх үед ах Сүн Жян бас хэдийн чимээг сонсох бус уу хэмээв. Мөн үдэш Жан Шүнь бээр биедээ ахар сэлмийг авч архи махыг цадтал идээд Си Ху нуурын хөвөөнд ирж нүд өргөн үзвээс гурван талаар хөх уул хүрээлж, нуурын ус тэнгэрийн хаянаа залгалдан Ханжоу хотын дөрвөн хаалга нуурын усанд сүүдрээ тусгажээ.

Тэр дөрвөн хаалга хэмээвээс Чянь Тан Мэнь, Юн Жинь Мэнь, Чин Бо Мэнь, Чянь Ху Мэнь болмуй. Үзэх мэргэд бээр өгүүлэн ярихыг сонсогтун. Эртний Сүн улсаас өмнө Ханжоу хотыг Чин Хэ Жэнь балгас хэмээн дуудах бөлгөө. Чянь ван эзний үед сая Ханжоу Нин Хай жюнь хэмээн халж, арван хаалга цогцлов. Энэ арван хаалга болбоос зүүн этгээдэд Цай Ши Мэнь, Жянь Чяо Мэнь хэмээх хоёр хаалга баймуй. Өмнө биед Хоу Чао Мэнь, Жя Хүй Мэнь, баруун зүгт Чянь Ху Мэнь, Чин Бо Мэнь, Юн Жинь Мэнь, Чянь Тан Мэнь хэмээх хаалга баймуй. Хойд этгээдэд Бэй Гуань Мэн, Гэнь Шань Мэнь хэмээн байгуулжээ. Гао Зүн хаан тэрэгнээ сууж хөх мөрнийг гэтэлсний хойно энэ газар нийсэлж нэрийг "цэцэг хуарт Хуа Хуа Линь Ань Фү хэмээн халаад бас гурван хаалга нэмэн байгуулжээ. Эдүгээ Фан Ла эзлэн суух нь түв хэмээн Чянь вангийн нийсэлсэн хуучин хот бөлгөө. Ханжоу хот хэдий Гао Зүн хаан хөх мөрнийг гэтлэх үед адил баян эрхэм бус боловч угаас ул ус өнгө үзэмжтэй, ард иргэн ганган хээнцэр тул эртнээс "дээдэд диваажин, ертөнцөд Сухан хэмээн алдаршжээ. Түүний өнгө үзэмжийг үзвээс: Урьд төрийн Жяннань газрын нийслэл хот, уг язгуураас баян эрхэм Чянь Тан мөрөн. Хот зээлийн өнгө үзэмжийг хэлэхгүй, ховор үзэсгэлэн Си Ху нуурыг магтан өгүүлсүгэй: Номин долгион түмэн бээр болор дээврийг дэлгэн, оюу чимэг гурван мянга хөх тэнгэрт залгамуй.

Хаврын салхи нуурыг илбэхүйеэ, алим тоорын үнэр хамар нэвт, халуун нар уснаа тусахуйяа, хайтан лянхуа цоморлог дэлгэн зураг мэт. Намрын үүл сувд бөмбөрүүлэхүйеэ, нэмүүн удвалын шаргал хэлтэс дэлхий дүүрэн, өвлийн тэнгэр хас золгохуйяа, умар оргилын мэй цэцэг ариун мөсийг яржээ. Хөвөлзөн нүүх хөх үүл нарс майлсыг илбэн, хоржигнон урсах номин булаг нисэх гүүрийг дэлгэв. Өглөөний туяа тусаж гурван тэнгэрийг улайлган буухуйяа, үдшийн шүүдэр хоёр оргилыг холбомуй. Сармагчин архирах агуу дүнгээс салхи жавар дэгдэн, луу тоглосон уул хадаас үүл бороо үүсмүй. Гурван мэргэдийн танхимын хөвөөнөө, яст мэлхий агаар хурмастыг нуруулан, дөрвөн богдын давхарлагийн өмнө, зуун эвхэр билигт үүл дээш дорогш тунармуй. Эрт галавын хувилгаан утгач Су Дүн Бо, өнчин уул гүн шугуйд ул мөрийг үлдээжээ. Лин Ень хийдийн өмнө хойно зорчих хүмүүн зөрөлдөн, лавай хатгасан өглөгийн эзэд Жин Сэ сүмийг чиглэмүй. Гурван арлын сахиусны орныг хол хэмээн сонссоноос бус, Си Ху-ын үзэмж Пэн Лай-аас хэтэрснийг яахин олж мэдмүй? Эртний эрдэмтэн Су Дүн Бо-ын нэгэн анги шүлэгт түүнийг магтсан нь: Нуурын ус нэлийн цайлзаж цэлмэг өдөр гойд Уулын өнгө бүртэлзэн харагдаж борооноо бас гайхалтай. Угалзлан урсах Си Ху нуурыг Си Зи лүгээ үлгэрлэвээс, Оо энгэсэг засал чимэг юутай ийнхүү зохицсон аж. Бас нэгэн анги Хуань Си Ша хэмээх эртний дуулалд өгүүлсэн нь: Нуурыг хөндөлсөх улаан хөвөөнд нисэх чимгийн дуу, нэлийн цайлзах хаврын уснаа хурын үүлний сүүдэр, номин дээвэр шар тоосго тоосгүй цэвэр.

Торлон татсан аалзан шүлс согтуу зочмодыг угтан, донгодон жиргэх шувуухайн дуу зорчих хүмүүнийг дуудаж, тунаран жаргах улаан нарнаа хаврын өдөр охор. Эртний Сүн улсын үе дэх Си Ху нуурын өнгө үзэмж үнэхээр орчлон дэлхийд хосгүй тул нэгэн цагт өгүүлэн тоочихуйяа бэрх ажгуу. Түүнээс Жан Шүнь бээр Си Лин Чяо хөвөөн доор ирээд нүд өргөн үзвээс тэр үед түв хэмээн хаврын урьхан цаг болсон тул мөнгөн сарны гэрэл доор нуурын ус хөх долгион хаялж дөрвөн зүгт сүндэрлэсэн өндөр уул оюу сувд хэлхээлдсэн мэт өнгө үзэмж бүрдсэн тул дотроо ийн санаруун: - Миний бие Сюнь Ян Жян мөрний хөвөөнд төрж догшин салхи ширүүн давалгааг хэдий чинээ олон өнгөрөөсөн боловч угаас ийм сайхан өнгө үзэмжтэй газрыг ер олж үзсэнгүй бөлгөө. Ийнхүү хэдий ийм газар нүд анивч бас гомдолгүй хэмээгээд бөс дээлийг тайлан гүүр доор тавиад тэргүүндээ улаан ёнхор утсан бүс бүсэлж сүвээндээ ахар илдийг суйран хөл нүцгэлж нуурын уснаа үсрэн ороод усан доогуур шумбасаар хотын зүг ирэв. Тэр үед чив хэмээн тэргүүн жингийн үе асан тул сарны гэрэл мананд далдлагдан гийвэрчээ. Жан Шүнь шумбасаар Юн Жинь Мэн хаалган доор ирээд толгой бултайн усан дээр гарч чих тавин чагнаваас асрын зөнгийн дуу тэргүүн жингийн дөрөвдүгээр мөчийг мэдүүлэхээс бус хотын гадна ялам зулам нэг ч хүмүүн үзэгдэхгүй. Хотын хэрэм дээрээс дөрөв таван хүмүүн толгой бултайн ийш тийш үзмүй.

Жан Шүнь уснаа орж нэлээд удаад дахиж толгойгоо гарган үзвээс хотын хэрэм дээр хүмүүн үзэгдэхгүй. Жан Шүнь өмнөш шумбавч усан хаалганы доор ирээд үзвээс төмөр сараалж босгон халхалсан тул гар сунган тэмтрэн үзэхүйеэ усан үүдийг төмөр өөшөөр торлон уяж түүний дээр бас гуулин хонх дүүжилжээ. Жан Шүнь бээр усан хаалганы ийн бат бэх зохиосныг үзээд хотноо орж чадахгүй арга буюу гар сунган төмөр өөшийг нэгэнт татсанд гуулин хонх хангинан дуугарав. Хот дээрх хүмүүс хонхон дууг сонсож бархиралцан үүсгэхүйеэ Жан Шүн сэмээр уснаа шумбан эчив. Хотын хэрэм дээрх хүмүүн дорогш бууж ирээд усан хаалгыг байцаан үзвээс хүмүүн алга тул ам амандаа: - Эсвээс их загас усан хаалга доор ирээд гуулин хонхыг мөргөж дуу гаргасан буюу хэмээгээд нэгэн зэрэг нарийвчлан байцааваас юу ч харагдахгүй тул харьж унтсугай хэмээн хувь хувьдаа салж эчив. Жан Шүнь усан дээр хөвөн гарч чих тавин чагнаваас зөнгийн дуу гуравдугаар жинг мэдээлж гурван зэрэг болсноо дотроо энэ хир цэргийн ард хэдийн ундуй сундуй хэвтэж хамар татан хурхирсан буй за хэмээн бодоод хотын хэрэм доор хөвж эчив.

Төдийд Жан Шүнь бээр усан замаар хотноо орвоос болохгүй хэмээн санаж нуурын хөвөөн дээр мацан гараад ийш тийш үзэхүйеэ ялам зулам хүмүүний бараа харагдахгүй тул хотын хэрэм дээр авиран гарсугай хэмээгээд бас дотроо: - Хайсан дээр хүмүүн байваас амь юугаа хүргэж эчих бус уу, түр туршиж үзсүгэй хэмээгээд нэгэн хэсэг чулууг шүүрэн авч хэрмийн дээр хаян илгээв. Тэр үед хараахан унтаагүй асан цэргийн ард их л цочин дэн зул барьж дорогш буун ирээд байцаан үзэхүйеэ огт анир чимээ үгүй, хайсанд гарч бараалбаас нуурын уснаа онгоц сал нэг ч үгүй байв. Үзвээс Фан Тянь Дин хэдийн зарлиг буулгаж Си Ху нуурын онгоц салыг Чин Бо Мэнь хаалганы гаднах Жэн Сэ Ган оломд хураалгаж өөр хаалганд онгоц сал зогсоож болохгүй хэмээн цааз зарласан ажгуу. Тэр үед хотон хайсан дээрх цэргийн ард: - Юутай ийн жигтэй аж? хэмээн хэлэлцэн: - Эрхгүй чөтгөр бөлгөө, түүнийг хамаарах хэрэг үгүй. Бид харьж унтсугай хэмээн ам амандаа өгүүлсэн боловч харьж унтсангүй хэрмийн сүүдэрт далдлав. Жан Шүнь бас нэгэн мөч хүлээвээс огт чимээ анир үгүй тул хотын хэрмийн доор ирээд чих тавин чагнахуйяа мөч мэдээлэх зөнгийн дуу бас чимээгүй болсонд аймшиггүй дээш авирахгүй, нэгэн хэсэг чулууг шүүрэн авч шидэн илгээвээс бас огт чимээ гарсангүйд дотроо: - Нэгэнт дөрөвдүгээр жин цохиж удахгүй тэнгэр гэгээрэх тул хот эдүгээгийн хэрэмд гарахгүй бас ямар цагийг хүлээмүй? хэмээгээд хотын хэрэм өөд хагас мацан гартал гэнэт хэнгэрэг харангын дуу гарч олон хүмүүн бархиралцан үүсгэв. Жан Шүнь усан дотор үсрэн орж уснаа шумбасугай хэмээтэл хэдийн хот дээрээс зэв сум, шүрэн чулуу мөндөр орох мэт буун ирж хөөрхий нэгэн үеийн аруухан баатар Жан Шүнь зэвд оногдон Юн Жинь Мэнь хаалган доор үхжээ.

Шүлэгт өгүүлсэн нь: Байлдахад гавшгай жанжин цэргийн зэвсэгт үхэж Усанд цуурхай баатар уснаа бие эндмүй. Ваар хүйс эгнэгт худагт эвдрэх учраа Уртад битгий эрэмгийл хэмээн авгай таныг ятгасугай. Үлгэрийн учрыг салаа гарган өгүүлсүгэй. Жич өгүүлэх нь Сүн Жян бээр хараахан цацарт суун цэргийн хэргийг шийтгэж атал Ли Жюнь-ий зарсан элч нисэх мэт довтлон ирж Жан Шүнь усаар шумбаж хотод орж тэмдэг гал тавихаар эчив хэмээн мэдүүлсэнд зүүн хаалгыг сахисан жанжин цэрэгт мэдүүлэхээр хүмүүн илгээв. Тэр үдэш Сүн Жян цэргийн цацарт суун Ү Юн лүгээ цэргийн үйлийг зөвлөж дөрөвдүгээр жин болсноо тэсгэлгүй бие ядангуйрч нойр хүрэх тул зүүн баруун этгээдийг эгүүлж ширээнээ дэрлэн хэвтэв. Гэнэт нэгэн зэрэг зэвүүн салхи үлээснээ Сүн Жян бие өндийн үзвээс зулын гэрэл сүүмэлзэн бүртэлзээд жихүүн жавар яс янгинатал үлээмүй. Сүн Жян нүд өргөн үзвээс зэвүүн жаврын дунд хүмүүн хэмээвээс хүмүүн бус, чөтгөр хэмээвээс чөтгөр бус нэгэн юм чичрэн зогсож бүхий биедээ цус нөж наалдуулан нам дуугаар: Бага дүү би эрхин ахыг удаан өдөр дагаж өршөөл хайрд зузаан хүртэв.

Энэ өдөр өөрийн амиар ачийг хариулсугай хэмээн өмнөш эчээд санамсаргүй зэв суманд оногдож Юн Жинь Мэнь хаалган доор үхсэн тул тухайлан эрхин ахад салах ёсыг гүйцэтгэсүгэй хэмээн ирэв хэмээхүйеэ Сүн Жян нүд өргөн үзээд дуу алдаж: - Энэ нь дүү Жан Шүнь буюу хэмээгээд бие эргэн үзвээс ард бас улаан цус урсгасан гурав дөрвөн хүмүүн зогсож бүрэг бараг дэмий тодорхой харагдахгүй. Сүн Жян дуу тавин гашуудан уйлж сэрвээс үзвээс нэгэн цагийн зүүд асан ажгуу. Төдийд цацрын гадна зогссон шадар ард гэр дотор эхэр татан уйлах дуу гарахыг сонсоод гүйлцэн ирж үзвээс Сүн Жян: - жигтэй болой! хэмээгээд шадар ардаар цэргийн багшийг дуудуулж зүүдний үйлийг совиулав. Ү Юн асууруун: - Эрхин ах үүрэглэн унтаад ямар жигтэй зүүд зүүдлэв? хэмээхүйеэ Сүн Жян өчрүүн: - Сая зэвүүн жавар үлээж ирснээ миний бие их л гайхаж нүд өргөн үзвээс түүний дотор дүү Жан Шүнь бүх бие цус болж зогсоод: “Бага дүү би эрхин ахыг удаан өдөр дагаж өршөөл хайрд зузаан хүртэв. Энэ  өдөр өөрийн амиар ачийг хариулсугай хэмээн өмнөш эчээд санамсаргүй зэв суманд дайрагдаж Юн Жинь Мэнь хаалган доор үхсэн тул тухайлан эрхин ахад салах ёсыг гүйцэтгэсүгэй хэмээн ирэв” хэмээмүй. Би ихэд гайхаж бие эргэн үзэхүл хажууд бас цус нөж наалдуулсан дөрөв таван хүмүүн зогсож зүс төлөв бүрэг бараг дэмий сайн үзэгдэхгүйд санамсаргүй эхэр татан уйлж цочин сэрэв хэмээв.

Ү Юн өгүүлрүүн: - Энэ өглөө усан цэргийн жанжин Ли Жюнь хүмүүн зарж Жан шүнь бээр нуураар шумбаж хотноо ороод гал тавьж тэмдэг болгосугай хэмээн хэлүүлснийг ах чи бодсоор зүүдэлсэн бус уу? хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Санаваас Жан Шүнь хэмээгч гэгээн мэдрэлтэй хүмүүн тул учир шалтгаангүйгээр тийм хялбар үхэхгүй буй за хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Си Ху нуураас хот хүртэл бэрх бартаа үлэмж тул санаваас эрхгүй эндэл гарч түүний хөөрхий сүнс ах чамд зүүд өгч мэдүүлсэн буюу хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Үнэхээр тийн бөгөөс хажууд зогссон дөрөв таван хүмүүн бас хэн болов? хэмээгээд цэргийн багш Ү Юн-ийн хамт цацарт суусаар үүр цайлгахуйяа хотын дотор бас огт чимээ аниргүйд хараахан сэжиглэж атал үдийн хойно Ли Жюнь хүмүүн илгээж: - Ян Шүнь бээр Юн Жинь Мэнь хаалган доор хүрч хотын хэрмийг давсугай хэмээж агаад хулгайн зэвд оногдон бие барав. Эдүгээ хулгайн ард Жан Шүнь-ий тэргүүнийг хулсан шурагт өлгөн хотын хайсанд босгомуй хэмээн мэдүүлсэнд Сүн Жян дуу тавин гашуудан уйлж муужран унахуйяа Ү Юн зэргийн олон жанжин бас их л сэтгэл зовов. Үзвээс Жан Шүнь-ий хүмүүн нь маш төв голч тул энгийн цагт олон жанжин лугаа маш эе эвтэй явалцмуй. Сүн Жян өгүүлрүүн: - Би эцэг эхээ алдаад бас ийм их зовсонгүй, үнэхээр зүрх голыг сугалмуй хэмээснээ, Ү Юн болон олон жанжин нар ийн ятган өгүүлрүүн: - Эрхин ах улс гэрийн их үйлийг бодолхийлбээс зохимуй. Битгий ах дүүгийн найрыг бодож хасын биеийг зовоо хэмээсэнд, Сүн Жян бээр нулимсыг арчин: - Би эрхбиш өөрийн биеэр нуурын хөвөөнөө хүрч түүнд архи дусаан өгч бэлэвсэрсүгэй хэмээхүйеэ Ү Юн ятган өгүүлрүүн: - Эрхин ах тийм их бэрх бартаат газар өөрийн биеэр эчиж болохгүй.

Хэрвээ хулгайн цэрэг олж мэдвээс эрхгүй байлдахаар ирмүй хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Надад өөр арга баймуй хэмээгээд Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн дөрвөн жанжныг дуудаж таван зуун цэрэг дагуулан өмнөх замыг туршин үз хэмээн илгээгээд Ши Сю, Дай Зүн, Фань Руй, Ма Линь зэргийн дөрвөн жанжныг авч таван зуун цэрэг дагуулан Си Шань уулын зөрөг замыг өлгөн Ли Жюнь-ий цэргийн хүрээнд хүрч ирэв. Ли Жюнь нар угтан авч Лин Ень Сэ хийдийн номын гэрт оруулж суулгав. Сүн Жян бас нэгэн зэрэг гашуудан уйлж Лин Ень Сэ хийдийн бумба хуврагийг дуудан буян ном үйлдэж Жан Шүнь-ий сүнс мөрийг даатгаж өгмүй хэмээв. Жич өдөр нар баруунаа ташиж үдэш болсноо Сүн Жян бээр бага хуягийг дуудаж "Нирваан төгссөн их жанжин Жан Шүнь-ий ариун сүнс хэмээн цагаан дарцагт бичсэн маанийг тушааж Си Ху нуурын хөвөөнд босгогтун хэмээн илгээгээд тахил тавилгын юмыг олон бэлтгээд Ли Күй-г дуудаж чихэнд нь ийм тийм хэмээн сургаад  хойд уулын аманд бүгүүлж Фань Руй, Ма Линь, Ши Сю нарыг түүний зүүн баруун этгээдэд бүгүүлэн Дай Зүн-г биеийн шадар үлдээв.

Удсангүй тэргүүн жингийн үе болсноо Сүн Жян биедээ цагаан магнаг нөмрөн алтан дуулганы оройд бэлэвсрэлийн бүс уяж, Дай Зүн-ийн хамт долоо найман хуврагийг дагуулж бага замыг өлгөн Си Ли Чяо гүүрний хажууд ирэхүйеэ хуягийн ард хэдийн цагаан хонь хар гахай, алт мөнгөн цаасны тахил тавилгын юмсыг бэлтгэж хүж зул асаасанд Сүн Жян бээр Юн Жинь Мэнь хаалган зүг сөгдөж архи дусаан гашуудан уйлж Жан Шүнь-ий сүнсийг тайхуйяа Дай Зүн бас хажууд зогсмуй. Олон хуушаан хонх дамар сажлан Жан Шүнь-ий сүнсийг даллаж сэржим өргөж ном уншихуйяа Дай Зүн тахилгын бичгийг уншив. Сүн Жян архи дусааж тэнгэрийн зүг хандан гашуудан уйлж атал гэнэт гүүрний хоёр этгээдээс хашхиралцах дуу мандаж өндөр уулын ар өвөрт харанга хэнгэргийн дуу гарч хоёр багийн цэрэг морь Сүн Жян-г барихаар ирэв. Энэ үнээр өршөөл журам тэнгэр газар мэт их учраа шугуй хулс мэт сэлэм жадыг хямралдуулжээ. Эгнэгт Сүн Жян, Дай Зүн нар хэрхэн хулгайг тулахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top