Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй явцын талаар товч танилцуулж, Засгийн газрын зүгээс Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох түншүүдтэй нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хэлэлцэх асуудал, дэвшүүлэх зорилт, хүрэх үр дүнтэй уялдаж байгааг онцлон дурдав.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийлж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талаар дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа нотлов.


Сэтгэгдэл ( 0 )