“Баялгийн сан”, Ж.Батзандан хоёр БАЯРТАЙ боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хэнийг юутай холбоод байна гэж уншигч та бодож байж болох. Гэхдээ энэ их учиртай. Учир зүйн логикоор нь харвал стратегийн ордуудыг хяналтгүйгээр, эрх баригчид өөрт ашигтайгаар ашиглана. Эцэст нь Баялгийн сан гэдэг үг үндсэн агуулгаараа баяртай болж, сонгуулийн өмнө нь л амилдаг хэрэгсэл болж хувирна, өөр юу ч биш. Ер нь байна аа, Ж.Батзандандаа ч байгаа юм биш. Сөрөг хүчний хяналт гэдэг хамгаас чухал. Хяналтгүй газар задарсан дарга нар сааж эхэлдгийг та бид мэднэ шүү дээ. 

Одоогоос яг жилийн өмнө дөө. Ж.Батзандан гарч ирсэн. Гарч ирэхдээ “Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч”-ийн дүрээр эргэн ирсэн. Яахав хүн нь анхаарал татсан байж болох л доо. Нам хэссэн, попорсон, судалгаагүй, өөр юу гэдэг ч юм. Гэхдээ юу гээч, иргэний хөдөлгөөн гэж явсных, улс төрийн онооны төлөө ч бай стратегийн ордуудын эзэдтэй, компанитай хэд, хэдэн удаа хэлэлцээ хийчихсэн л юм даа. Чухам иймээс Харбины гэрээ гэрэл цохиж, Засгийн газар ч оноо авахын тулд стратегийн ордуудын ач холбогдол, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Томилогдсоноосоо хойш хоёр сар орчим өөрийнхөө хариуцсан үүрэгтэй холбоотой хэвлэлд хэд, хэд харагдаад таг болсон. Үндсэндээ 2025 оны дөрөвдүгээр сараас хойш гэсэн үг. Энэ хугацаанд хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаар тодорхой тайлбар өгөөгүй. Энэ нь зөвхөн Ж.Батзандангийн дур зорго биш, Ардчилсан намыг засгаас хөөсөнтэй холбоотой. Засгаас сөрөг хүчнээ хөөчихсөн учраас Ардчилсан намын гишүүний хувьд түүний ажлын статус тодорхойгүй болсон гэсэн үг. Засаг солигдсоноос хойш хэн нэгнийг хөөн зайлуулж, суга татах л ажил хийж байгааг уншигч та харж л байгаа байлгүй.

Ер нь байна аа, Ж.Батзандандаа ч байгаа юм биш. Сөрөг хүчний хяналт гэдэг хамгаас чухал.

ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогтын тэмдэглэлээр 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр чөлөөлсөн. БЭТ Ж.Батзандан чөлөөлөгдсөн гэдэг нь стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийн явцад өөрчлөлт гарсныг илтгэнэ. Ж.Батзандангийн оронд хэн томилогдох нь тодорхойгүй байгаа.

Одоогийн байдлаар стратегийн ордуудын хэлэлцээ тодорхой байна. Засгийн газар 34-51 хувийг төрд авах чиглэл барьж байгаа ч УИХ-ын ажлын хэсэг намрын чуулганд санал танилцуулна гэж амласан ч сандал суудлын хэрүүл гээд анхаараагүй. Одоо 2026 оны хаврын чуулганд энэ асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна. Ер нь энэ хэлэлцээр ямар шатандаа яваа нь олон нийтэд тодорхойгүй байгаа. Хэрэв асуувал Засгийн газар ч яв цав хариулт өгч чадахгүй биз.

Монгол Улс 2007 онд 16 ордыг стратегийн ангилалд оруулсан. Үүнээс гадна 39 орд стратегийн ангилалд нэмж оруулах нөхцөлтэй байгаа. Чухам хэзээ стратегийн ордод нэмэх нь тодорхойгүй байна. Гол ордууд гэвэл Оюу Толгой. Сүүлд “Онтре” компанид лицензийн хэсэг үлдсэн гэж УИХ-ын зарим гишүүд мэдээлсэн. Тавантолгойн орд багтана. Мөн л “Ухаахудаг” ордыг хууль бусаар салгаж авсан эсэх дээр маргаан мэтгэлцээн өрнөж байна. Асгатын мөнгөний орд байна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох шаардлага бий гэж үздэг.

Сонгууль эхлэхээс өмнөхөн дөө. 2024 оны дөрөвдүгээр сард “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталсан. Энэ хуулиар газрын хэвлийн баялгийн өгөөжийг шударга хуваарилах, Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, тайлагнал, хяналт тавих үндсэн зорилтыг биелүүлэх хүлээлттэй. Одоогийн байдлаар Үндэсний баялгийн сангийн хуримтлал 2.9 их наяд төгрөгөөр арвижсан мэдээлэл байна.

Гэтэл төсвийн тогтвортой байдал, уул уурхай болон түүхий эдийн орлогын хэлбэлзэл нь энэ сангийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Уншигч та “И-Монгол”-оо нээгээд үз. “Чингис хаан” үндэсний баялгийн санд 175.4 мянган төгрөг байгаа гэх мэдээлэл гарна. Гэхдээ бол зүгээр л тооцсон дүн. Бодит хөрөнгө биш. Баялгийн сандаа 175.4 мянган төгрөгтэй та одоо нэг зүйл бод. Нэгдсэн төсвийн орлого 31.6 их наяд төгрөг. Харин зарлага нь 32.98 их наяд төгрөг. Төсвийн алдагдал ДНБ-ний 1.3 хувьтай дүйж байгаа. Гэтэл төсвийн тогтвортой байдал, уул уурхай болон түүхий эдийн орлогын хэлбэлзэл нь энэ сангийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар нь энэ хөрөнгөө эргэлдүүлж ирээдүйд үр дүнтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах замаар хуримтлалаа нэмдэг жишиг байна. Будаа идэх гэж олон жил оролдож байгаа Норвегийн баялгийн сан ийм юм. Аа харин тэр ад үзээд байгаа Ж.Батзандангийн мест нь үүнийг л ашигтай, орлоготой болгох цаад зорилготой байсан юм уг нь. Гэхдээ С.Бямбацогтын цохолтоор Ж.Батзандан баяртай болсон. Араас нь “Баялгийн сан” ч баяртай болох нь...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top