Гурван улсын үлгэр | 11 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


I БОТЬ-11 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЛЮ ХУАНШУ БЭЙХАЙ ГАЗАР КУНЮНИЙГ ӨМӨГЛӨСӨН ЛЮЙВЭНХОУ ПҮ ЯН ХОШУУНД ЦАОЦАОГ ЭВДСЭН

Өгүүлэх нь: Тэр арга өргөсөн хүмүүн нь Дунхайгийн Цюй хошууны хүмүүн, овог Ми, нэр Жү, өргөсөн нэр Зыжун. Энэ хүмүүний гэр үе улиран баян үргэлж Луо Янд худалдаа хийхээр одмуй. Тэргэнд сууж хойш ирэхэд замд нэгэн гуа эхнэр учирч хамт суухыг гуйсанд Мижү тэрэгнээс бууж явган яваад тэргээ эхнэрт юүлэн суулгав. Эхнэр Мижү лүгээ “Хамт суусугай!” хэмээхэд Мижү мөн тэргэнд гарч лахайн суугаад нүд гажуу үзэхгүй хэдэн газар явсан хойно эхнэр салж одоход Мижүгийн зүг өгүүлрүүн: “Би болбоос өмнө зүгийн галын тэнгэр бөлгөө. Хан хурмастын зарлигийг хүлээж чиний гэрийг гал тавихаар очмуй. Авгайн ёслолоор хүндэлснийг санаж тийнхүү илрүүлэн хэлж өгсүгэй! Авгай чи хурдан харьж эд таваараа даруй нүүлгэж гаргагтун! Би үдэш ирмүй” хэмээн өгүүлж бараад үзэгдэхгүй болов. Мижү их л цочиж нисэх мэт гэртээ хариад гэрийн эд юмыг санд мэнд нүүлгэн гаргав. Мөн шөнө үнэхээр будааны гэрээс гал гарч гэр орныг нь дуустал шатаажээ. Үүний учир Мижү гэрийн эдээр өглөг өгч үгээгүйг туслан гашууныг тэтгэсэн бөлгөө. Хойно Таоцянь залж авчраад Безя Цунши түшмэл болгосон ажгуу. Энэ өдөр арга өргөж өгүүлрүүн: “Эдүгээ би биеэр Бэйхай газарт одож Кунюнг гуйн цэрэг байгуулж өмөглүүлсүгэй! Бас нэгэн хүмүүнийг олж Цинжоу газрын Тянькайгийн дэргэд эчиж” цэргээр тусалмуй!” хэмээн гуйгтун. Хэрвээ хоёр замын цэрэг хамт ирвээс цаоцао эрхгүй цэргээ эгүүлмүй” хэмээсэнд Таоцянь үгийг дагаж даруй хоёр битүүмж захидал бичээд асууруун: “Хэн хүмүүн Цинжоуд өмөглөхийг гуйхаар очмуй” хэмээхүйд нэгэн хүмүүн өчрүүн: Би одохыг хүсмүй” хэмээсэнд олон үзвээс харин гуанлин газрын хүмүүн, овог Чэнь, нэр Дэн, өргөсөн нэр Юаньлун ажээ. Таоцянь эхлээд Чэнь Юаньлуныг Цинжоуд явуулсан хойно Мижүг бичиг бариулан Бэйхайд илгээгээд өөрийн биеэр олныг дагуулан хотыг батлан сахиж байлдахыг бэлтгэв.

Тэндээс Бэйхай газрын Кунюнгийн өргөсөн нэр Вэньзюй, Лү улсын Цюйфу газрын хүмүүн, Күнзийн хорьдугаар үеийн ач бөлгөө. Тайсаньгийн Дү Юй түшмэл Күнжоугийн хөвгүүн бөгөөд бяцханаас цэцэн гэгээн. Арван насанд Хөнаньгийн И түшмэл Ли Енд золгохоор очсонд хаалганы хүмүүн гажигдуулахад Кунюн өгүүлрүүн: “Би ли гүн лүгээ хуучин нөхөрлөсөн нөхрийн хүүхэд” хэмээн хэлж ороод золгохуйд Ли Ен асууруун: “Чиний өвөг миний өвөг лүгээ ямар ураг аж”. Кунюн өгүүлрүүн: “Эрт Күнз Лаозыгаас ёслолыг асуусан бөлгөө. Тийнхүү Юн би авгай лугаа үе улирсан таньсан нөхөр болой” хэмээсэнд Ли Ен ихэд гайхав. Баахан удаад Тайжун Дайфү түшмэл Чэньвэй хүрч ирсэнд Ли Ен, Кунюныг зааж: “Энэ гайхамшигтай хөвгүүн болой” хэмээжээ. “Бага цагт гэгээн сэцэн нь их болсон хойно басхүү гэгээн сэцэн болохыг үл магадалмуй” гэхэд Кунюн даруй очиж өгүүлрүүн: “Таны хэлэхээр болбоос авгай бяцхандаа эрхгүй цэцэн гэгээн нь бус болой” хэмээсэнд Чэньвэй нар цөм инээлцэн өгүүлрүүн: “Энэ хөвгүүн их болсон хойноо эрхгүй энэ ертөнцийн их сав болмуй” хэмээжээ. Үүнээс нэр алдаршиж хойно Жунлан Зян түшмэл болж бас Бэйхай газрын Тайшид шилүүлжээ. Нөхөр зочдод маш бахтай үргэлжид өгүүлрүүн: “Суудалд зочид уртад дүүрч, хундаганы архи хоосрохгүй байх нь миний хүсэл болой” хэмээдэг байжээ. Бэйхайд зургаан жил сууж иргэний сэтгэл их л дагасан ажгуу.

Тэндээс нэгэн өдөр зочин лугаа сууж ахуйд хүн мэдүүлрүүн: “Сюйжоу мужийн Мижү хүрч ирэв” хэмээсэн хойно Кунюн оруулж золгоод ирсэн учрыг асууваас Мижү Гаоцяньгийн бичгийг гаргаж өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг байлдах нь маш шахам тул гэгээн гүнгийн хөөрхийлэн өмөглөхийг хүсмүй”. Гүн Юан өгүүлрүүн: “Би Тао гүнзүтэй96 нөхөрлөсөн нь зузаан дээр зыжун97 бас биеэр ирсэн тул яахин очихгүй болж болмуй. Гагцхүү Цао мөндө над лугаа өс үгүй тул урьдаар хүн зарж бичиг хүргэж эвсэлцэн хэлэлцье. Хэрвээ дагахгүй болбоос жич цэрэг байгуулсугай!” хэмээсэнд мижү өгүүлрүүн: “цаоцао цэргийн сүрд эрдэж яавч эвсэлцэхийг хүлээхгүй бөлгөө” хэмээжээ. Кунюн нэгэнтээгүүр цэрэг морийг байцаан нэгэнтээгүүр хүн зарж бичиг хүргэсүгэй хэмээн зөвдөлцөж атал гэнэт хүн ирж “Шар алчуурт хулгайн хоршоо гуаньхай хэдэн түмэн олон хулгайг авч нисэх мэт ирэв” хэмээсэнд Кунюн ихэд цочиж даруй цэрэг дагуулан хотоос гарч хулгайтай байлдахаар очиход Гуаньхай гарч өгүүлрүүн: “Би Бэйхайд амуу элбэг байхыг мэдмүй. Надад нэгэн түмэн дан98 зээлж өгвөөс би цэргийг хойш эгүүлсүгэй. Бус болбоос хотыг эвдэж хөгшин залууг цөм үлдээхгүй” гэхэд Кунюн зандан өгүүлрүүн: “Би нь их Хан улсын сайд их Хан улсын хотыг сахимуй. Хэдийгээр амуу байвч хулгайд өгөх ёс буй буюу?” гэхэд Гуаньхай ихэд хилэн төрж морио давхиулан илд далайн Кунюнгийн зүг байлдахаар ирэхэд Кунюнгийн жанжин Зунбао жад далайн гарч байлдаад хэдэн удаа болсонгүй Гуаньхай Зунбаог цавчин унагаасанд Кунюнгийн цэрэг ихэд самуурч цөм хотод оров. Гуаньхай даруй цэргээ хуваан хотыг дөрвөн зүгээс хаажээ. Үүнд Кунюнгийн сэтгэл дотор ихэд бүтмүй. Нэндээ мижүгийн сэтгэл зовохыг өгүүлэх юун.

Тэндээс дэд өдөр Кунюн хотын дээр гарч анхаарваас хулгайн сүр хүч их тул нэн сэтгэлд хувь нэмэн зовж байхад гэнэт хотын гадна нэгэн хүн жад барьж морио довтолгон хулгайн жагсаалд орж зүүнийг цохин барууныг шувтлан байлдах нь хүнгүй газар явах адил. Шууд хотын ойр хүрч ирээд өндөр дуугаар “Хаалгыг нээгтүн!” хэмээжээ. Кунюн тэр хүнийг танихгүй тул айж хаалгыг нээсэнгүйд олон хулгай голын ирмэг хүртэл нэхэж ирснийг тэр хүн бие эгэж нэгэн дараагаар арван хэдэн хүнийг жадлан унагасан тул хулгай сая буруулав.

96 Таоцяньгийн өргөсөн нэр

97 мижүгийн өргөсөн нэр

98 Эртний хэмжүүрийн нэгж. Жаран килограмм буюу зуун хорин жинтэй тэнцэнэ.

Кунюн даруй хаалгыг нээлгэж дагуулан оруулсан хойно тэр хүн мориноос бууж жадаа тавиад шууд хотын дээр гарч кунюнд ёслон золгов. кунюн түүний овог нэрийг асууваас өчрүүн: “Би Дунлай газрын Хуансяньгийн хүн. Давхар овог Тай Ши, нэр Цы, өргөсөн нэр Зы И, хөгшин эх эзэн гүн таны хүнд хишиг хүртсэн бөлгөө. Би өчигдөр Ляодунгаас буцаж эхээ үзэхээр ирээд хулгай хотыг хаасныг99 мэдэв. Хөгшин эх өгүүлрүүн: “Удаа дараа эзний гүн хишигт хүртсэн тул чи даруй өмөглөхөөр очвоос зохимуй” хэмээн захив. Тийнхүү би ганц мориор хүрч ирэв” хэмээсэнд Кунюн ихэд баярлаж угаас Тай Шицытай нүүр золгосонгүй боловч түүнийг нэгэн баатар идтэн хэмээн мэдмүй. Түүний хөгшин эх нь хотоос хойно хорин газрын эцэст сууж баймуй. Тийн хүү түүний хол үүд гарсан хожим кунюн үргэлж торго амуу хүргүүлэх бөлгөө. Эх нь Кунюнгийн эрдмийг санаж тусгайлан Тай Шицыг туслахаар илгээсэн ажгуу. Тэр тухай Кунюн Тай Шицыг ихэд хүндлэн дээл хуяг эмээлтэй морь өгсөнд Тай Шицы өгүүлрүүн: “Би нэгэн мянган шилсэн цэрэг гуйж гараад хулгайг алахыг хүсмүй!” хэмээв. Кунюн өгүүлрүүн: “Авгай хэдий баатар боловч хулгайн хүчин маш хөгжиж аху тул хөнгөлөн гарваас болохгүй”. Тай Шицы өгүүлрүүн: “Хөгшин эх авгайн зузаан хишгийг санаж тусгайлан Тай Шицы намайг илгээсэн атал хэрвээ би энэ хаасныг тайлж чадахгүй болбоос хөгшин эхэд золгох нүүргүй болмуй. Нэгэнтээ үхэн байлдахыг хүсмүй!” гэхэд Кунюн өгүүлрүүн: “Би сонсвоос Лю Сюаньдө энэ цагийн хэцүү баатар хэмээмүй. Хэрвээ түүнийг залж ирээд туслуулбаас энэ хаагдсаныг тайлж болмуй. Гагцхүү илгээх хүн үгүй” хэмээсэнд Тай Шицы өгүүлрүүн: “Авгай та бичиг бичиж өгвөөс би түргэвчлэн очсугай!”. Кунюн ихэд баярлан даруй бичиг хийж Тай Шицыд өгөв. Тэндээс Тай Шицы хоромхон зуур хуяглаж бараад морь унаж сүүжиндээ нум сум гархилан, гартаа төмөр жад барьж цадтал идсэн хойно хотын хаалгыг нээмэгц нисэх мэт гарч одов. Голын ойр хүрвээс хулгайн жанжин олон цэргийг дагуулан байлдахаар иржээ. Тай Шицы дараагаар хэдэн хүнийг жадлан алж хаасныг шувтлан гарав. Гуаньхай хотоос хүн гарсныг сонсож энэ эрхгүй “Өмөглөхийг гуйхаар одсон болой” хэмээн өөрөө хэдэн зуун цэргийг дагуулан нэхэж очоод Тай Шицыг найман талаас бүслэв. Тай Шицы жадаа хатган зогсоод нумандаа зэв онилж найман тийш тойрон харвасанд эс оногдож үхсэнгүй нь үгүй тул хулгайн олон аймшигтүй нэхэхээр ирсэнгүй бөлгөө.

Түүнээс Тай Шицы сая олж гараад шөнө дөл Пин Юань суманд хүрч Сюаньдөд ёслон золгосон хойно Кунюн Бэйхайд хаагдсанаар өмөглөхийг гуйхаар ирсэн учрыг хэлээд бичиг гаргаж өргөн барив. Сюаньдө үзэж бараад Тай Шицыгээс асууруун: “Эрхэм чи яасан хүмүүн болой”. Тай Шицы өчрүүн: “Би өнөө Тай Шицы Дунхай газрын хөдөөлөг хүн болой. Кунюн лугаа ураг төрөл бус бөгөөд гацаа хүйн хүн ч бус. Гагц чин журмыг санаж эчээд зовлонг хувааж гасланг хамт эдлэх санаа болой. Эдүгээ Гуаньхай догшин самуун тул Кунюн хаагдаад ганцаар буурайг өгүүлэх газар үгүй. Түгшүүр өглөө үдшийн хувьд хүрсэн тул авгайн өршөөл журамтай нэр яруу алдаршиж, хүний цухалдсаныг тэнхрүүлж чадмуй хэмээн сонссоноор сая тусгайлан намайг зарж зэр зэвсэгт шургаж, хаасныг дайран өмөглөхийг гуйхаар илгээсэн бөлгөө” хэмээсэнд Сюаньдө царайгаа амирлангуй болгож өгүүлрүүн: “Кунюн энэ ертөнцөд Любэй мэдэх аж!” хэмээгээд даруй Юньчан, Жанфэйг дуудан гурван мянган шилсэн цэргийг авч Бэйхайгийн зүг мордов. Гуаньхай өмөглөх цэрэг ирснийг үзээд биеэр цэрэг авч угтан байлдахаар ирээд Сюаньдөгийн цэрэг цөөн хэмээн санаанд авсангүй. Сюаньдө, Гуань, Жан, Тай Шицы цөм жагсаалын өмнө гарч зогсвоос гуаньхай хилэн төрч шууд гарч ирэв. Тай Шицы сая гарсугай хэмээтэл Юньчан хэдийнээ гарч Гуаньхайгийн зүг байлдахаар очив.

99 бүслэх

Хоёр морь зөрөлдөн байлдахад олон цэрэг цөм хашхирмуй. Санахад дорд муу Гуаньхай яахин Юньчанийг мөчөөрхөж чадах билээ? Хэдэн арван удаа байлдсангүй хөх луут дам илдийг өргөж гуаньхайг цавчин мориноос унагаав. Үүнд Тай Шицы, Жанфэй хоёул цугаар гарч хос жадыг хамт өргөөд хулгайн жагсаалд алан орсонд Сюаньдө бас олныг авч даран алахаар оржээ. Кунюн хотыг дээрээс үзвээс Тай Шицы гуань, Жан лугаа хулгайг хөөж алах нь барс хонин сүрэгт орсон адил хөндлөн гулд явж зогсоон чадах хүнгүй. Кунюн бас цэрэг авч хотоос гараад хоёр биеэс хавчин байлдаад хулгайг их л дарсанд дагасныг тооловч барахгүй. Үлдсэн нь цөм сарнив. Түүнээс Кунюн, Сюаньдөг угтаж оруулаад ёсолж дууссан хойно их хурим бэлтгэж баярлахад бас Лижүг дуудан гаргаж Сюаньдөд золгуулаад “Цаосүнг Жанкай алсан учир эдүгээ Цаоцао цэрэг хөдөлгөж иргэнийг тааваар алж булаасаар ирээд Сюйжоуг хаасанд туслах цэрэг эрэхээр ирснийг” хэлсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Тао Гүнзү нэгэн өршөөл журамт эрдэмтэн сайд болой. Санамсаргүй энэ мэт хилс зовлонг эдэлсэн ажээ”. Кунюн өгүүлрүүн: “Күн чи хан хааны угсаа төрөл. Эдүгээ Цаоцао зуун овогт иргэнийг зовоон хорлож чийрэгт эрдэж, буурайг дарлаж байх тул юунд над лугаа хамт өмөглөхөөр очихгүй аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Би аймшиггүй маргах бус. Гагц жанжин цэрэг цөөн тул хөнгөлөн хөдлөхөөс бэрхшээмүй”. Кунюн өгүүлрүүн: “Кунюн миний Тао Гүнзүг өмөглөх нь хэдийгээр хуучин нөхрийн учир байвч бас ч их зүйг бодсон бөлгөө. Гагц гүн чамд зүйг барих санаа үгүй үү?”. Сюаньдө өгүүлрүүн: “Ийм болбоос Вэньзюй100 чи урьд оч! Любэй би гүн Сүньзаньгийн дэргэдээс дөрөв таван мянган цэрэг гуйж хойноос даруй хүрсүгэй!” Хэмээсэнд Кунюн өгүүлрүүн: “Гүн чи батыг битгий алдагтун!”. Сюаньдө өгүүлрүүн: “Гүн чи Любэй намайг ямар зэргийн хүн болгожээ”. Богдсын өгүүлсэн нь: “Эртнээс үхэх цөм буй. Хүмүүн бат үгүй болбоос зогсон чадахгүй” хэмээжээ. “Любэй би цэрэг зээлэн олох ба олохгүй боловч эрхгүй биеэр хүрмүй” хэмээсэнд Кунюн “мөн!” хэмээгээд Мижүг урьд “Сюйжоу мужид хэлэхээр оч!» хэмээн илгээв. Кунюн цэргийг засаж мордоход Тай Шицы тал өгч өгүүлрүүн: “Тай Шицы би хөгшин эхийн захиагаар туслахаар ирсэн бөлгөө. Эдүгээ завшаанд зовлонгүй болжээ. Янжоугийн Цыши түшмэл Лю Яо Тайшицы над лугаа нэгэн хотод суусан тул бичгээр дуудахаар иржээ. Аймшиггүй очихгүй хэмээж болох

Үгүй. бид дахин золгосугай!” хэмээхэд Кунюн алт торгыг тал бэлэг өгч хариулбаас Тай Шицы хүлээж авсангүй салан одов. Гэртээ хүрсэн хойно түүний эх баярлаж өгүүлрүүн: “Би чиний бэйхайд ач хариулсныг сайшаамуй” хэмээгээд даруй Тай Шицыг Янжоуд илгээв. Кунюнгийн цэрэг хөдлөхийг өгүүлэх юун.

100 кунюнгийн өргөсөн нэр

Түүнээс Сюаньдө Бэйхайгаас мордон гүн Сүньзаньд ирж золгон ёсолсон хойно Сюйжоуд өмөглөхөөр очих хэргийг хэлсэнд гүн Сүньзань өгүүлрүүн: “Цаоцао чам лугаа өсгүй атал юу хэмээн бусдын төлөө хүч гаргамуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Би нэгэнтээ хүлээсэн тул батыг алдаж эс болмуй”. Гүн Сүньзань өгүүлрүүн: “Би явган морьт цэрэг хоёр мянгыг зээлэн өгсүгэй!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Нэндээ Зылунг зээлэн өгөхийг хүсмү!”. Гүн Сүньзань хүлээн авсан тул Сюаньдө гуань, Жангийн хамт гурван мянган цэргийг авч өмнө болж Жао Зылун хоёр мянган цэргийг авч хойно болж Сюйжоугийн зүг мордов. Тэндээс Мижү хойш буцаж Таоцяньд хэлрүүн: “Кунюн бас Лю Сюаньдөг залж туслахаар ирэв” хэмээтэл Чэнь Юаньлун бас ирж хэлрүүн: “Цинжоу мужийн Тянькай мөн цэрэг авч өмөглөхөөр ирэв” хэмээхэд Таоцяньгийн сэтгэл баахан сул болов. Кунюн, Тянькайгийн хоёр замын цэрэг Цаоцаогийн сүр хүчнээс айж аглаг уулыг түшиж хүрээ буулгаад хөнгөлөн орсонгүй. Цаоцао хоёр замын цэрэг хүрч ирснийг мэдээд бас ч цэргийн хүчийг салгасан тул аймшиггүй хотыг байлдахаар очсонгүй болой. Тэндээс Лю Сюаньдөгийн цэрэг хүрч ирээд Кунюнтай золгосон хойно Кунюн өгүүлрүүн: “Цаоцаогийн цэргийн хүч ихийн дээр тэр бас сайнаар цэрэг хэрэглэх тул хөнгөлөн байлдваас болохгүй. Түр түүний хөдлөх аашлахыг үзэж жич цэрэг орвоос сая болмуй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Хэрвээ хот дотор амуугүй болбоос яахин удтал байж чадмуй. Любэй би Юньчан, Зылунд дөрвөн мянган цэрэг өгч гүнд туслуулсугай! Би Жанфэй лүгээ Цаоцаогийн цэргийн хүрээг шувталж шууд Сюйжоу мужид ороод Таоцянь лугаа золгож зөвлөсүгэй!” Хэмээсэнд Кунюн ихэд баярлав. Хойно Тянькай лугаа нийлж тулга мэт болгож Юньчан, Зылун цэргийг авч хоёр этгээдэд туслав. Тэр өдөр Сюаньдө Жанфэй лүгээ нэг мянган цэргийг авч Цаоцаогийн цэргийн хүрээний хажуугаар ороод явж атал хүрээний дотроос нэгэнтээ хэнгэргийн дуу гармагц явган морьт цэрэг усны долгион адил ирэв. Өмнө нэгэн жанжин нь Юйзинь болой. Өндөр дуугаар дуудруун: “Ямар газрын балмад эр хааш очмуй”. Жанфэй огт өчих үгүй шууд Юйзиньгийн зүг очиход хоёр морь зөрөлдөн байлдаж хэдэн удаа болсонгүй Сюаньдө хоёр ирт илдээ гарган цэргийг дохиж орсонд Юйзинь даруй буруулав. Жанфэй урагшлан нэхэж алсаар Сюйжоу хотын дор хүрэхэд хотын дээрээс үзвээс улаан тугт цагаанаар “Пин Юаньгйнн Лю Сюаньдө” хэмээн бичжээ. Таоцянь үзээд даруй хаалгыг нээж Лю Сюаньдөг хотод оруулаад Таоцянь угтан хамт яаманд хүрч ёслон золгосны хойно хурим бэлтгэж хүндлэн нэгэнтээгүүр цэрэгт шагнуулав. Таоцянь Сюаньдөг үзвээс байдал дүр гэрэлтэй бөгөөд үг өгүүлэл хуухинамуй. Үүнд ихэд баярлан даруй Мижүгээр Сюйжоу мужийн шошго тамгыг аван ирүүлж Сюаньдөд найр тавихад Сюаньдө цочиж өгүүлрүүн: “Гүн чиний энэ ямар санаа вэ?”. Таоцянь өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахин самуурч хааны хэлхээ бадрахгүй болжээ. Гүн чи Хань улсын угсаа тул чухам улс төрд хүчлэн тусалбаас зохимуй. Хөгшин би өтлөөд чадалгүй болсон тул дуртайд Сюйжоу мужийг найр талбин өгсүгэй! Гүн чи битгий маргагтун! Таоцянь би илтгэл бичиж хаанд айлтгая!” хэмээсэнд Сюаньдө даруй ширээнээс салж дахин дахин ёсолж өгүүлрүүн: “Любэй би хэдийгээр хааны угсаа боловч гавьяа бага эрдэм нимгэн. Пин Юаньгийн сумын түшмэд аж. Харин чадахгүйгээс эмээж буй. Эдүгээ их зүйг санаж туслахаар ирсэн бөлгөө. Гүн чи энэ үгийг гаргах нь Любэй намайг газрыг эзлэх санаа буй хэмээн сэжиглэмүй үү. Хэрвээ ийм санаа төрвөөс дээд тэнгэр мөн ивээхгүй болтугай!”.

Таоцянь өгүүлрүүн: “Энэ миний үнэнхүү сэтгэл болой” хэмээн дахин дахин найр тавивч сюаньдө огт хүлээн авахгүй ажээ. Мижү өгүүлрүүн: “Эдүгээ цэрэг хотын дор хүрч ирсэн тул урагш дайсныг эгүүлэх аргыг бодолхийлбээс зохимуй. Хэрэг төвшин болсон хойно дахин хэлэлцэхэд эс болох учир үгүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Би урьд Цаоцаод бичиг үйлдэж илгээгээд эвсэлцэхийг дурьдсугай! Цаоцао хэрвээ дагахгүй болбол тэр цагт байлдавч удахгүй!” Хэмээгээд даруй гурван хүрээнд зарлаж “Түр цэрэг хөдөлгөж болохгүй!” хэмээсэн хойно хүн зарж Цаоцаод бичиг хүргүүлэв. Түүнээс Цаоцао дунд хүрээнд олон жанжинтай хэрэг зовдөж асанд хүн хэлрүүн: “Сюйжоу хотоос байлдах бичиг хүргэн иржээ” хэмээв. Цаоцао бичгийг нээж үзвээс Любэйгийн бичиг болой. Бичгийн их төлөв нь:

“Любэй би боомтын гадна авгайн нүүрт ёслон золгосноос тэнгэр газар мэт алсадсан тул довтолгон хүрч сувилан чадсангүй. Урьд эрхэм эцэг Цаохун нь үнэнхүү Жанкайгийн өршөөлгүйн учир хорлогдсоноос биш Тао Гүнзүгийн ял бус болой. Нэндээ эдүгээ шар алчуурт хулгайн үлдсэн хоршоо гадаадад өрнөн самуурч Дунжуогийн үлдсэн нам дотоодод сууж байх тул гэгээн гүн урагш улс төрийн түгшүүрийг арилгаж гуяч өшөөг хойно болгоод, Сюйжоу мужаас цэргийг татаж улсын зовлонг тэнхрүүлэхийг хүсмүй. Тийм болбоос Сюйжоу мужийн хишиг бөгөөд дэлхий дахины завшаан болой!” хэмээжээ.

Цаоцао бичгийг үзээд өндөр дуугаар хараан: “Любэй ямар зэргийн хүн хэмээн аймшиггүй бичгээр намайг ятгамуй! Нэндээ бичиг дотор дайруулах санаатай тул даруй ирсэн хүнийг алж түргэн хотыг байлдсугай!” Хэмээсэнд Гуожя ятгаж өгүүлрүүн: “Любэй холоос туслахаар ирээд урьд ёслолыг гүйцэтгэн хойно цэрэг хэрэглэх санаа тул эзэн гүн зүй нь сайн үгээр хариулж Любэйгийн сэтгэлийг сул болгоод хойно цэргийг дэвшүүлэн хотыг байлдваас хотыг эвдэх болой”. Цаоцао түүний үгийг авч ирсэн хүнийг ахуулан хүндэлж “Хариу бичгийг хүлээ” хэмээгээд зөвдөлцөн атал гэнэт мэдээний хүн нисэх мэт довтолгон зовлонгийн хэргийг мэдүүлэхээр ирэв. Цаоцао учрыг асуухад мэдүүлрүүн: “Люйбү нэгэнтээ Яньжоуг эвдээд пү янг эзэлжээ”. Үзвээс Люйбү Лизюэ, Гуосыгийн самуунд Ү Гуань боомтоор оргон гарч Юаньшүг дагахаар очсон бөлгөө. Юаньшү Люйбүг урвалхийлэн тогтворгүй хүмүүн хэмээгээд хураан авсангүй тул хойно Юаньшаог эрэхээр очсонд Юаньшаог үлдээн авч Люйбү лүгээ Жан Яныг Чаншань газарт эвдэлснээс Люйбүгийн сэтгэл их болж Юаньшаогийн доорхи жанжингуудад гэдийснээр Юаньшао “Люйбүг алсугай!” хэмээхэд Люйбү гарч Жан Яныг эрэхээр одов. Жан ян түүнийг ахуулсны хойно Паншу Чан Ань хотод Люйбүгийн эм, хүүхдийг нуун тэжээж байсан тул Люйбүд хүргүүлжээ.

Лизюэ, Гуосы үүнийг сонсож даруй Паншуг алаад Жан Янд бичиг илгээгээд “Люйбүг ал!” хэмээсэнд Люйбү олж мэдээд Жан Яныг гээж Жанмяог дагахаар очив. Тэр үес төв хэмээн Жанмяогийн дүү Жанчао Чэньгүнийг аваачиж Жанмяод учруулсанд Чэньгүн, Жанмяогийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахин ангижраад аруухан баатар цөм боссон атал авгай чи мянган газрын олныг захиран аху бөгөөд харин хүнд захирагдах нь ичгүүрэхгүй үү. Эдүгээ Цаоцао цэрэг авч хамт Яньжоу авбаас их үйл бүтэж болмуй хэмээсэнд Жанмяо ихэд баярлан даруй Люйбүгээр Яньжоу хотыг байлдуулан эвдээд Пү Янг эзлэв. Ганц Зюаньчэн, Дун А, Фаньсянь энэ гурван газрыг Сюн Юй, Чэн Юй арга үүсгэж үхэхэд сахиснаар чадсангүй. Түүнээс өөрийг цөм автжээ. Цаорэнь дахин давтан байлдавч дийлэхгүй тул тусгайлан мэдүүлэхээр ирэв” хэмээсэнд Цаоцао сонсоод ихэд цочиж өгүүлрүүн: “Яньжоуг алдваас миний буцах гэр үгүй болмуй. Даруй арга сүвэгчлэхгүй болохгүй. Гуозя өгүүлрүүн: “Эзэн гүн мөн шалтагт Любэйд нүүр өгч цэргээ буцаагаад Яньжоуг эгүүлэн авбаас ямар” Цаоцао тэр үгийг авч даруй бичиг бичиж любэйд хойш илгээгээд цэргээ буцаав.

Тэндээс зарсан хүн хойш Сюйжоу мужид эргэж Таоцяньд золгоод бичгийг өргөж хэлрүүн: “Цаоцаогийн цэрэг нэгэнт эргэв” хэмээхэд Таоцянь ихэд баярлан хүн зарж Кунюн, Тянькай, Юнчан, Зылун нарыг хотод оруулж хуримламуй хэмээн залуулав. Хуримлаж барсан хойно Таоцянь сюаньдөг дээд суудалд залаад олны зүг гараа өргөж ёслон өгүүлрүүн: “Хөгшин би насжаад хоёр хүү бас тэнэг муухан, улс төрийн хүнд үйлийг хүлээн авч чадахгүй. лю гүн нь хааны угсаа бөгөөд эрдэм өндөр, сурсан нь үлэмж тул Сюйжоу мужийг захирваас болмуй. Хөгшин би дуртайяа чөлөө гуйж өвчнөө сувилсугай хэмээмүй” гэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Кун Вэньзюй101 намайг авч ирээд Сюйжоу мужийг өмөглүүлсэн нь журам болой. Эдүгээ учир бусаар эзлэн авбаас дэлхий дахины хүмүүн Любэй намайг журамгүй хүн хэмээмүй”. Мижү өгүүлрүүн: “Эдүгээ Хан улсын төр эвдэрч далайн дотоод самуурчээ.

101 кунюнгийн өргөсөн нэр

Гавьяа байгуулж төрийг бүтээх нь чухам энэ цагт буй. Сюйжоугийн мужийн газар баян бөгөөд өрх ам зуун түмд хүрмүй. Любэй авгай та хүлээн автугай! Битгий маргагтун!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Энэ хэргийг яавч хүлээн авч чадахгүй” хэмээсэнд Чэньдэн өгүүлрүүн: “Таофүжяньд өвчин үлэмж тул хэрэг шийтгэж чадахгүй гэгээн гүн битгий марга!” Сюаньдө өгүүлрүүн: “Эдүгээ Юань Гүн Лү102 дөрвөн үе болтол гурван гүнд хүрчээ. Далайн доторх хүний сэтгэл цөм дагасан бөгөөд эдүгээ шоучуньд буй. Юунд түүнд Сюйжоу мужийг найр талбих үгүй аж” Кунюн өгүүлрүүн: “Юань Гүн Лү хүүрийн доторх хохирсон яс болой. Яахин тооцоход хүрэх аж. Энэ өдрийн хэрэг нь тэнгэрийн хүртээсэн тул хүлээн авахгүй болбоос хойно гэмшивч гүйцэхгүй болмуй” Сюаньдө хатуужин хүлээн авахгүйд Таоцянь уйлан өгүүлрүүн: “Чи хэрвээ намайг гээж одвоос би үхэвч нүд анихгүй”. Юньчан өгүүлрүүн: “Нэгэнт Тао Гүн найр тавин өгч байгаа тул ах чи түр мужийн хэргийг шийтгэвээс болмуй”. Жанфэй өгүүлрүүн: “Бид ямар түүний мужийг эрхдэн авах нь бус. Тэр сайн санаагаар найр тавьсныг юунд ийн гашуудан маргамуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Та намайг журамгүй нэрд унагамуй уу” хэмээжээ. Таоцянь гурвантаа найр тавивч Сюаньдө огт болохгүй тул Таоцянь өгүүлрүүн: “Сюаньдө яавч дагахгүй болбоос энэ ойр газарт нэгэн бага хот буй. Нэрийг Сяопэй хэмээмүй. Цэрэг тэжээхэд гүйцэх тул Сюаньдө түр энд сууж Сюйжоуг хамгаалбаас ямар”. Олон бүгдээр Сюаньдөг ятгаж “Сяопэйг авагтун!” хэмээн шаардсанд Сюаньдө сая үгийг дагав. Таоцянь цэргүүдийг хуримласны хойно Жао Юнь салж одсугай хэмээхэд Сюаньдө гараас атгаж уйлалцан салав. Кунюн, Тянькай бас тус тус цэргээ авч салан одсон хойно Сюаньдө, Гуань, Жан лугаа Сяопэйд ирж хотын хэрмийг засан цогцолж иргэнийг элсэн тохинуулан суув.

102 юаньшао

Түүнээс Цаоцао цэрэг авч буцан ирэхэд Цаорэнь угтаж “Люйбүгийн хүч ихийн дээр бас Чэньгүн тусалсанд Яньжоу, Пү Яныг нэгэнт алдав. Гагц Зюаньчэн, Дун А, Фаньсянь гурван газрыг Сюн Юй, Чэн Юй хоёул арга үүсгэж амиар биеэ талбиж сахижээ” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би бодоход Люйбү баатар хэцүү боловч бодлогогүй тул айх явдалгүй. Урьдаар цэргийн хүрээ буусан хойно дахин зөвдсүгэй!” хэмээжээ. Тэндээс Люйбү Цаоцаогийн цэрэг эгэж нэгэнт Төнсяньгийг өнгөрөв хэмээн сонсож туслагч жанжин Сюйлань, Лифэнг дуудаж өгүүлрүүн: “Би та хоёулыг зарсугай хэмээн хэдийнээ санасан бөлгөө. Та нэгэн түмэн цэрэг авч Яньжоуг батлан сахигтун! Би биеэр цэрэг дагуулан Цаоцаог эвдлэхээр одмуй” хэмээсэнд хоёр хүн “мөн!” Хэмээн хүлээн автал Чэньгүн сонсоод яаран орж өгүүлрүүн: “Жанжин чи Яньжоуг орхиж хааш одсугай хэмээмүй”. Люйбү өгүүлрүүн: “Би Пү Янд бууж гүлсийн хөл адил болгосугай!”. Чэньгүн өгүүлрүүн: “Ташаарав, Сюэлань лав Яньжоуг сахиж чадахгүй. Эндээс чиг өмнө нэг зуун наян газрын эцэст Тайшань уулын замын бэрх буй. Тэнд шилсэн цэрэг түмэн хүн бүгүүлж болмуй. Цаоцао Яньжоуг автагдав хэмээн сонсвоос эрхгүй зам нугалж ирмүй. Түүнийг хагас өнгөрүүлээд байлдваас нэгэнтээ байлдсанд баримталж болох болой” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Миний Пү Янд цэрэг буух нь өөр сайн бодлого буй” хэмээгээд Чэньгүнгийн үгийг авсангүй. Сюэланыаар Яньжоуг сахиулж даруй мордов. Цаоцаогийн цэрэг Тай шань уулын бэрх замд хүрсэн хойно Гуозя өгүүлрүүн: “Түр битгий орогтун! Үүний дотор цэрэг бүгсэн байж магад” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Люйбү нэгэн бодлогогүй амьтан тийнхүү Сюэланьгаар Яньжоуг сахиулаад өөрөө Пү Янд одсон тул яахин энэ газарт бүгсэн цэрэг буй аж”. Хэмээгээд Цаорэньд нэгэн баг цэрэг өгч Яньжоуг хаахаар оч! Би Пү янд цэрэг оруулж Люйбүг хурдан байлдсугай!” хэмээгээд мордов. Чэньгүн Цаоцаогийн цэрэг ойр хүрч ирснийг сонсоод арга өргөж өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцаогийн цэрэг хол газраас ирээд ядаж зүдсэнийг хурдан байлдваас зохимуй. Түүний амьсгал хүчийг тэжээлгэж болохгүй!” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би ганц мориор дэлхий дахиныг хөндлөн гулд явах тул яахин нэгэн цаоцаогаас аймуй. Тэр хүрээ буусан хойно би өөрөө барьсугай!” хэмээв.

Тэндээс Цаоцаогийн цэрэг Пү Янгийн ойр хүрч ирээд хүрээ байгуулав. Дэд өдөр олон жанждыг авч хээр гарч цэрэг жагсаасан хойно Цаоцао морь унаж хаалганы тугийн дор зогсож үзвээс Люйбүгийн цэрэг хүрч ирж жагсаал жагссан газраас Люйбү морь унаж өмнө гарч ирэв. Хоёр этгээдэд найман гавшгай жанжин зэрэгцэн зогсжээ. Тэргүүн жанжин Яньмэнгийн Ма И газрын хүн, овог Жан нэр Ляо өргөсөн нэр Вэнь Юань. Хоёрдугаар нь Тай Шаний Хуа Инь газрын хүн, овог Зан, нэр ба өргөсөн нэр Сюаньгао. Энэ хоёр жанжин Хаомөн, Цаосин, Чэньлянь, Вэйсюй, Сүнсянь, Хоучэн нарын зургаан баатар жанждыг дагуулан таван түмэн цэргийг жагсаан хэнгэрэг дэлдэн гарч ирэв. Цаоцао Люйбүг зааж өгүүлрүүн: “Би чам лугаа угаас өсгүй атал ямар учирт миний хот балгасыг булаан авмуй”. Люйбү өгүүлрүүн: “Хан улсын хот балгас хүн бүрт цөм хувь буй. Чи ганцаар эзэлсүгэй хэмээмүй” хэмээгээд занбаг гаргаж байлдуулахад Цаоцаогийн цэрэг дотроос Юэзинь гарч хоёр морь харилцан зөрөлдөж, хос жадыг цугаар өргөмүй. Гучин удаа байлдаад хэн аль нь дийлэх дийлэгдэх ялгарахгүй байтал Ся Хоудүнь морио давхиулан туслан байлдахаар ирэхэд Люйбүгийн хүрээнээс Жанляо гарч угтан байлдав. Люйбү хилэн төрж жадаа өргөж морийг довтолгон, жагсаалыг дайран ирсэнд Ся Хоудүнь, Юэзинь цөм буруулав. Люйбү араас нь алахаар ороход Цаоцаогийн цэрэг их л дарагдаж гуч дөчин газар хойш буруулав. Люйбү мөн цэргээ хураажээ. Түүнээс Цаоцаогийн цэрэг нэгэн удаа дарагдаж эргээд олон жанжин лугаа зөвлөхөд Юйзинь өгүүлрүүн: “Би энэ өдөр уулын дээр гарч үзвээс Пү Янгийн баруунтаа Люйбүгийн нэгэн хүрээ буй. Бараглаваас цэрэг үлэмж үгүй энэ шөнө түүний жанжин манай цэргийг буруулав” хэмээгээд “Лав сэргийлэхгүй тул цэрэг авч дарахаар очвоос болмуй. Хэрвээ энэ хүрээг олбоос Люйбүгийн цэрэг эрхгүй самуурмуй. Энэ эрхэм арга болой” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж Цаохун, Лидянь, Маозе, Люцянь, Юйзинь, Дяньвэй зургаан жанждыг авч морьт явган хоёр түмэн цэргийг сонгож шөнө дөл бага замаар мордов. Тэндээс Люйбү хүрээний дотор цэргээ шагнаж байхад Чэньгүн өгүүлрүүн: “Баруун цэргийн хүрээ харин чухал газар болой. Хэрвээ Цаоцао дарахаар ирвээс яамуй” гэхэд Люйбү өгүүлрүүн: “Тэр энэ өдөр дарагдсан тул ямар аймшиггүй ирмүй”. Чэньгүн өгүүлрүүн: “Цаоцао хэмээгч цэрэг хэрэглэхэд маш уран хүмүүн. Бид түүний бэлтгэсэнгүй хэмээн байлдахаар ирэхийг сэргийлбээс зохимуй” хэмээсэнд Люйбү даруй Гаошүнь, Вэйсюй, Хоучэн гурван хүнийг цэрэг авч “баруун хүрээг сахь!” хэмээн илгээв.

Түүнээс Цаоцао үдшийн хэрд цэрэг авч баруун хүрээнд хүрч ирээд дөрвөн талаас нь орвол хүрээний доторхи цэрэг мөчөөрхөж чадахгүй дөрвөн зүг буруулан сарнив. Цаоцао хүрээг эзлээд дөрвөн жин болсон хойно Гаошүнь сая цэрэг авч ирээд алан орсонд Цаоцао биеэр цэрэг авч угтваас төвхийж Гаошүнь лугаа учрав. Гурван аймаг цэрэг хутгалцан байлдсаар тэнгэр гэгээрсэн хойно баруун зүгээс хэнгэргийн дуу ихэд түрхэрмүй. Хүн ирж хэлрүүн: “Люйбү өөрөө цэрэг дагуулан өмөглөхөөр ирэв” хэмээсэнд Цаоцао хүрээг гээж буруулан явахуйяа ар хойноос Гаошүнь, Вэйсюй, Хоучэн нар нэхэн ирсний дээр өмнөөс Люйбү бас хүрч иржээ. Юйзинь, Юэзинь хоёул Люйбүг байлдваас дийлэхгүй тул Цаоцао хойд зүг буруулав. Уулын хойноос нэгэн баг цэрэг гарав. Шүүн этгээдэд Жанляо, баруун этгээдэд Занба байжээ. Цаоцао Люцянь, Цаорэнь хоёрыг гаргаж байлдуулбаас дийлэхгүй тул Цаоцао баруун зүг буруулахад гэнэт бас хашхирах дуун гарч бас нэгэн баг цэрэг хүрч ирэв. Хаомөн, Цаосин, Чэньлянь, Сүнсянь дөрвөн жанжин одох замыг тосжээ. Олон жанжин үхэлдэн байлдаж Цаоцао урагшлан жагсаалыг дайрваас түгшүүрийн дуун гартал харвах зэв бороо орох адил ирмүй. Цаоцао явж чадахгүй оргох арга болох үгүй болсон тул өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Хэн хүмүүн намайг авармуй” хэмээсэнд морьт цэргийн дотроос нэгэн жанжин гарав. Тэр Дяньвэй ажээ. Гартаа хос сарт жадаа бариад их дуугаар “Эзэн гүн битгий айгтун!” Хэмээгээд мориноос бууж хос жадаа аргацаан атгаж хэдэн арван охор сарт жадыг гартаа хавчаад дагах хүний зүг өгүүлрүүн: “Хулгай арван алхмып ойр хүрч ирвээс намайг дууд!” Хэмээн өгүүлж их алхмаар зав шургаж урагш явмуй. Люйбүгийн цэргээс хэдэн арван морьтой хүмүүн нэхэж ирсэнд дагах хүн их дуугаар өгүүлрүүн: “Арван алхам болов!”. Дяньвэй өгүүлрүүн: “Таван алхам болбол намайг дууд!” хэмээсэнд дагах хүн бас дуудаж өгүүлрүүн: “Таван алхам болов!” хэмээхэд Дяньвэй жадаа нисэх мэт цохиж чичсэнд нэгэн жаданд нэг хүнийг мориноос унагаан нэг ч хоосон цохисонгүй бас зогсоогоор арав илүү хүнийг жадалж унагахад олон цөм буруулав. Дяньвэй дахин мориндоо нисэх мэт мордож нэгэн хос жадаа барьж жагсаалд дайран ороход Хаомөн, Цаосин, Чэньлянь, Сүнсянь дөрвөн жанжин хүлээн чадахгүй тус тусдаа буруулав. Дяньвэй дайсны цэргийг алан сарниулж Цаоцаог авран гаргасан хойно олон жанжин нар бас хойноос хүрч ирсэн тул зам эрж хүрээндээ очиход тэнгэр улам улам харанхуй болжээ. Гэнэт арын хойноос хашхирах дуу гарсан газраас Люйбү морь довтолгон нэхэж ирээд их дуугаар бархиран: “Хулгай цаоцао битгий буруулагтун!” хэмээв. Тэр цагт Цаоцаогийн цэрэг морь ядарч зүдээд олон хүн харилцан нүүрээ ширтэж тус тусдаа буруулсугай хэмээн санамуй. Энэ чухамхүү:

“Хэдийгээр түр давхарлан хаасан103-аас гарсан боловч

Хэрхэн хүчит дайсны нэхсэнээс хэлтрэн чадмуй”

Эгнэгт цаоцаогийн амь ямар болохыг доор бүлэгт үзтүгэй!

103 бүслэлт

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top