УОК: Цаашид гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Үүний дараа УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-"Чингис хаан" боомтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Боомтууд мөн шар түвшинд шилжих үү?

-Олон Улсын нисэх буудал болох "Чингис хаан" боомт бол нээлттэй байгаа. Экспорт, импортын үйл ажиллагааг хэвийн явуулах, хил орчмын бүс нутгийг халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор тухайн боомтын орчныг улбар шар түвшинд үлдээсэн. Өөрөөр хэлбэл, газрын бүх боомтууд улбар шар түвшинд байгаа. 

Хил, гаалиар зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй. Харин тухайн боомтын бүсэд халдварын тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэсэн үг. 

-Манай улстай агаарын хилээ нээсэн хичнээн орон байна вэ. Манай улс руу ирж байгаа иргэдээс шинжилгээ авч байгаа юу?

-Өнгөрсөн 2021 оны тавдугаар сараас эхлээд Монгол Улс үйл ажиллагаануудаа тодорхой үе шаттайгаар нээж эхэлсэн. Энэ хүрээнд манай улс агаарын хилээ зургадугаар сарын 1-нээс нээсэн. Тийм учраас манай улс руу ирж байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Тухайн иргэн шинжилгээнд хамрагдаад ирэх ёстой гэх шаардлага тавигдаж байсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарладаг байсан бол энэ зарчим цаашдаа үйлчлэхгүй. 

Гэхдээ тухайн иргэн вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаараад шинжилгээ өгнө. Манай улсад ирснийхээ дараа аль ч улсын иргэн байсан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

-Бүх хилээ нээлээ. Халдвар нэмэгдэх болов уу. Эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?

-Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. "Омикрон" хувилбарын давлагаа зарим улс оронд буурч байна. Зарим оронд оргил үедээ байна. Манай улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон гэж ойлгож болно. Тухайлбал, халдварын оргил үе болох нэгдүгээр сарын 25-ныг одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад халдварын тархалт 50 орчим хувиар буурсан байна.

-Шар түвшинд шилжихээр үйлчилгээний байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

-Үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоохгүй. Өмнө нь тухайн нэгжийн Засаг дарга цагийн хязгаарлалтыг тогтоодог байсан. Энэ зарчим хэвээрээ үйлчилнэ. УОК болон Засгийн газраас халдварын тархалтаас хамаарсан ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэсэн үг. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууруулсан ч иргэд маскаа зүүх, хүн хоорондын зай барих зэрэг халдвараас аль болох өөрийгөө хамгаалах хэрэгтэй. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.126) 2025 оны 03 сарын 13

За, за, Ковид баяртай.

1  |  0
Top