Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.11/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр ачаа тээврийн үнийн талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох талаар мэдээллээ.
Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүү ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Гашуунсухайт боомтод өдөрт 100-150 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Харин Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа. Зөвхөн чингэлэг тээврээс гадна авто тээврийн хэрэгслүүдийг импортоор оруулж ирэх ажил хийж байгаа. Үүнийг хоёр хоногийн дараагаас эхлээд энэхүү өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж байгаа тээврийн хэрэгслийг тусгайлсан системээр зохион байгуулж, ажиллаж байна.
Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн буцааж байгаа. Өдөрт 25-35 чингэлэг буцааж байна.
Овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар нөгөө талтай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ авто тээврээр, төмөр замаар, чингэлгийн тээврээр оруулж ирэх гэсэн гурван төрлөөр ангилан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн ард иргэдийг бухимдуулаад буй тээврийн үнийн өсөлтийг хэрхэн ил тод зохион байгуулах талаар ярилцаж байна. Эрээнд нээлттэй платформ хэмээн системийн хөгжүүлэлтийг хийж байгаа ба Монгол Улсад ч үүнийг ажиллуулна. Тээвэр зуучийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийж үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Захиалж байгаа иргэн, ААН дамжуулж авч ирж байгаа газар болон үнийн талаарх мэдээллийг ил болгоно.
Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор нийт 1460 чингэлэг ачаа бараа татаад байна.
Булганы боомтын тээвэр нэлээн өсөлттэй байгаа ба өдөрт 120 орчим нүүрс тээврийн хэрэгсэл гарч байна. Өнгөрсөн сарын 28-наас эхлэн төмөр замын тээврийг эхлүүлж, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж байна. Өдөрт 50 вагонтой нэг галт тэрэг явж байгаа. Эхний ээлжид төмөр замд гарсан буюу нэгэнт ачигдсан барааг гаргах тал дээр нөгөө талтай ярилцаж байна. Одоогоор нүүрстэй 1200 гаруй вагон, төмрийн хүдэртэй 700 гаруй вагон, зэсийн баяжмалтай 100 гаруй вагон хүлээгдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )