Д.Батбаатар: Монголд 1000 автомашинтай хүн ч байдаг

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

1999 оны зургаадугаар сарын 4-ний өдөр батлагдаж байсан Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дарга асан Д.Батбаатартай ярилцлаа.


-МОНГОЛЧУУД ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД БОЛОН ТЯНЬЖИН ХҮРТЭЛ ТЭЭВЭР ХИЙХ ЭРХТЭЙ БОЛСОН-

-Өнөөдөр манай улсын тээврийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна вэ. Салбарын мэргэжилтний хувьд та юу гэж тодорхойлох вэ?

-Ер нь тээврийн салбар бол маш том хөгжилтэй салбар шүү дээ. Би ганцхан тоо баримт хэлье. Монгол Улсын зорчигч тээврийн 90 хувийг автотээвэр хангадаг. Дэлхийд хуурай замын тээвэр, агаарын болон усан замын тээвэр гэж бий. Хуурай замын тээвэр нь дотроо төмөр замын болон автотээвэр гэж хоёр хуваагддаг. Монголд усан замын тээвэр байхгүй, агаарын болон төмөр замын тээвэр нийлээд 20 хүрэхгүй хувийг эзэлж байна. Ачаа тээврийн хувьд ч мөн адил 70 гаруй хувийг автозамын тээвэр эзэлдэг.

Нэг үгээр хэлбэл, хүн эмнэлэг, гал команд, барилга, уул уурхайгаас эхлээд авто тээвэргүй нэг ч байгууллага байхгүй. Төмөр замынхан, агаарын тээврийнхэн өөрсдөө автотээврээр үйлчлүүлж, замдаа хүрдэг гэх жишээний. Мэдээж энэ бол маш том хөгжил. Тэгэхээр тээврийн салбар хөгжиж байна уу гэвэл хөгжиж байна. Дэлхийд байхгүй машинууд Монголд байна. Дээд тал нь 1000 машинтай хүн, аж ахуйн нэгж байна шүү дээ.

-Монгол Улсын нийт тээврийн 90 хувийг автотээвэр эзэлж байна гэлээ. Тэгвэл автотээврийн салбарын хөрөнгө оруулалт, төрийн бодлогын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Нэг шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл маань автотээврийн салбар механикаар л хөгжиж байгаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт байдаггүй. Жил болгон агаарын тээвэрт бааз байгууллаа, төмөр замын шинэтгэл, шинэ өртөө барилаа гээд өчнөөн их наядаар нь хөрөнгө оруулдаг. Гэтэл автотээврийн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Зөвхөн өнөөдөр, маргааш гээд тээвэрчид өөрсдөө зохицуулж явдаг. Тийм учраас би энэ салбарын хуулийг өөрчлөгдөөсэй гэж хараад байгаа юм. Мэдээж энэ салбар дотоодын хууль тогтоомжоос гадна олон улсын хууль тогтоомж илүү их үйлчилдэг. Монгол Улсаас БНХАУ, ОХУ, Казакстан, Беларусь, Лавти, Турк, Хойд Солонгостой хүртэл Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй байдаг. Хэрвээ ямарваа нэг үйл ажиллагаа Монгол Улсын хуульд заагаагүй бол олон улсын хууль, тогтоомжоор шийднэ гэж заасан байдаг. Энэ талаас нь харвал автотээврийн салбар маш том хөгжилтэй л байгаа. Гэхдээ төрийн оролцоо маш бага байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Төмөр замын хуулинд хөдөлгөөн зохицуулалтыг зохицуулж байх төрийн байгууллагыг хуульчлаад заасан. Агаарын тээврийнхийг ч мөн адил. Харин автотээврийн тухай хуулинд энэ тухай байдаггүй. Ер нь энэ бүхнийг хянаж байдаг, зохицуулж байдаг, хэн нь хаанаа болохгүй байгаа юм, хэн нь хариуцлагагүй, зөвшөөрөлгүй жолоо бариад, тээвэр хийгээд байгаа юм гэдгийг хянадаг байх шаардлагатай юм.

Европын холбооны хамгийн сүүлийн судалгаанаас авч үзэхэд, хэрвээ онгоц нислэгийн үеэр гэмтэл учирвал үүнийг засахад 30-60 минут зарцуулдаг. Төмөр замын тухайд зам тасрах гэх мэт тохиолдлуудад мөн хугацаа хожиж, зам салгах гэх мэтээр хугацаа, арга бий. Харин автотээвэр дээр ганцхан жишээ авсан байгаа юм. Та нэг секунд үүрэглэх юм бол аюултай, таван секунд үүрэглсэн бол та өөрийгөө үхсэнд тооцоорой гэж байгаа байхгүй юу. Энэ тээврүүд адилхан л хүн тээвэрлэж байгаа. Тэгэхээр ийм аюултай, нөхцөл байдалтай автотээврийн салбарт хяналт, эрхзүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэсэн ийм бодол байдаг.

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЯАМ ОЛГОХ НЬ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХЭД ХАЛДСАН ЗААЛТ БОЛСОН-

-Та автотээврийн салбарт хорин жил ажиллаж, удирдах албан тушаал хашиж ирсэн. Энэ хугацаанд юу хийж хэрэгжүүлэв. Мөн энэ салбарынхаа алдаа дутагдлыг юу гэж харж байна вэ?

-Үүнийг ярьвал маш урт зүйл болно. Ер нь алдаа дутагдал гэхээсээ илүүтэй хууль, тогтоомж эрхзүйн байдалд анхаарах ёстой гэдэг зүйлийг л ярьж байна. Алдаа ярихаасаа илүүтэй цаашдаа яах вэ гэдэг тухай л ярих нь чухал байх. Миний хувьд, энэ салбарт, салбарынханд боломжийг нээх тухайд анхаарч байсан. Жишээлбэл, автобусаар үйлчлүүлэхдээ урдуураа сууж, карт уншуулахыг яамны газрын дарга байхдаа хэрэгжүүлж байсан юм. Улс хоорондын тээврийн хэлэлцээр маш чухал. Хятад-Монголын хэлэлцээр бол хамгийн том хэлэлцээр байхгүй юу. Монгол Улс БНХАУ-тай 12 боомтоор харилцдагаас найман боомтоор нь ашигт малтмал тээвэрлэж байгаа. Энэ болгоны цаадах хэлэлцээрүүдийг эхлүүлэх, үүнд оролцож байсан хүн нь би. 2011 оны 11 сарын 25-ны өдөр Хятад-Монголын тээврийн хэлэлцээрийг шинэчлэн баталж байсан. Мөн транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээврийн асуудлыг 2004 оноос хойш манай үе үеийн дарга нар хөөцөлдөж яваад одоо монголчууд Тяньжин хүртэл тээвэр хийх эрхтэй болсон байна. Баруун тийшээ европийн холбооны улсууд руу явах эрхтэй болчихсон.

-Яг одоо Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байгаа. Энэ төсөл хөрсөн дээрээ буух боломжтой юу?

-Автотээврийн тухай хууль нь 1998 онд хийгдээд 1999 оноос хэрэгжиж эхэлсэн хуучин хууль бол зургаан бүлэг 23 зүйлээс бүрдсэн байсан. Одооны төсөлд бол 11 бүлэг 33 зүйлтэй болгосон байна. Дандаа муу хэлэх юм бол байхгүй. Сайн талууд зөндөө байгаа. Жишээлбэл, тээврийн аюулгүй ажиллагаа гэдэг зүйл ерөөсөө хуульд байдаггүй байсан. Дэлхий нийт аюулгүй ажиллагаа мөрдөж байгаа. Үүнийг оруулж байгаад би их баяртай байгаа. Дээр нь тээврийн ослыг шинжлэн шалгах гэдэг бүлэг орсон байгаа. Урьд нь бол байсан боловч хуулиар болиулаад явсан байсныг сэргээсэн. Тээврийн дэд бүтэц ямар байх вэ гэдгийг хуульчилж оруулж байгаа нь сайн. Тээврийн мэдээллийн сантай болох, монголчуудын үйлдвэрлэж байгаа машин, чиргүүлийн тухай тусгасан гэх мэт сайн талууд бий. Гэхдээ энэ хуулинд байж болохгүй, мөн тусгах шаардлагатай зүйл олон байгаа.

-Тухайлбал?

-Тусгай зориулалтын буюу нүүрс тээвэр хийх дүрэм батлахаар заасан боловч Автотээврийн улсын хяналтын дүрмийг хассан. Хяналт нь хэрхэн явагдах тухай тусгаагүй. Энэ дээр хяналт явагдах юм уу үгүй юм уу. Монголын эдийн засагт нөлөөлж байгаа бүх тээвэрлэлт явагдаж байгаа, үндэсний аюулгүй байдал яригдаж байгаа энэ тал дээр хяналт байхгүй гэх жишээний. Өмнөх хуульд хүн амын нягтаршил байршил зэргээс хамаараад хот хоорондын тээвэрт нөхөн олговор олгож болно гэдэг заалт байсныг авч хаясан. Хот дотор бол шугамын тээврийнхэн нөхөн олговроо аваад явж байгаа, жолооч нар нь хоёр ээлжээр буюу өглөө 06:00 цагт гарсан бол 14:00 гэхэд буугаад ээлжээ сольдог. Харин хот хоорондын, орон нутгийн тээвэр бол онцлогтой шүү дээ. Хамгийн ойрхон нь Төв аймаг 50 км, хамгийн хол нь Ховд аймгийн Булган сум 1720 км зайтай. Ийшээ явж байгаа жолооч нар дээд тал нь 72 цаг нойр хоолгүй явж байгаа шүү дээ. Энэ жолооч нар нэг зорчигчтой ч байсан хоёр зорчигчтой ч байсан цагийн хуваарийн дагуу явна. Энэ байдлыг үзэхээр нөхөн олговор зайлшгүй шаардлагатай.

Нөгөө талаас нь нийслэлд хүмүүс Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд төрийн алба хаагч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх иргэд хөнгөлөлттэй зорчдог. Энэ хөнгөлөлтийн нөхөл олговорыг төр тухайн компанид өгдөг бол хот хоорондын тээвэрт тийм зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр хөдөөгийн иргэд эрхээ эдэлж чадахгүй байгаа гэдгийг л хэлэх гээд байна.

Бас нэг чухал зүйл бол тусгай зөвшөөрлийн асуудал юм. Өмнө нь энэ салбарт авлига, хүнд суртал байгаа учраас маш олон тусгай зөвшөөрлийг цуцалж байсан. Миний хувьд ч мөн улс хооронд болон хот хоорондын зорчигч тээврийн маш олон  зөвшөөрлийг цуцалж байсан. Гэтэл өнөөдөр дахиад л оруулаад ирсэн. Яам бол бодлогын ажил хийх ёстой. Гэтэл яам тусгай зөвшөөрөл олгож, гэрээ байгуулж байгаа нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд халдсан заалт болсон. Осол гарлаа гэхэд цагдаа нар очоод ослыг хянадаг. Гэтэл замын нөхцөлөөс болоод дугуй хагарах болон бусад эвдрэлээс болоод онхолдсон байвал энэ ослыг шалгах газраас нь очоод техникийн бүрэн бус байдлаас болсон уу, накладаа сольсон уу, сольсон байна. Хаана сольсон бэ, баталгаатай байсан уу. үгүй юу гэх мэтээр хяналт тавих ёстой. Гэтэл шууд Зам тээврийн яаманд ийм байгууллага байна гэж зааж өгснийг буруу юм болов уу гэж бодоод байгаа юм.

-Эдгээр саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн үү?

-Миний зүгээс энэ саналуудыг УИХ-ын гишүүдэд хэлж байгаа. Хамгийн гол нь хот хоорондын зорчигч тээвэрт нөхөн олговор олгох хэрэгтэй гэдгийг онцлох хэрэгтэй. Улаанбаатар хотод бол нэг сард нэг аж ахуйн нэгжид нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Харин хот хоорондын зорчигч тээвэрт нэг жилдээ 30 тэрбум орчим төгрөг  гэсэн тооцоо байдаг. Олон улсад энэ төрлийн туршлага олон байдаг. Үүнийг л хуульчлаад өгөх шаардлагатай байгаа юм.

-Таны ярианаас замын эвдрэл гэмтлээс үүдээд осол, аваар гарсан тохиолдолд ослын нөхөн төлбөр, хариуцлагыг тухайн замын компани хариуцах гэж ойлголоо. Ер нь ийм тохиолдол байдаг уу?

-Манай улсад замын нөхцөл байдал муу байна. Зам нь стандарт бус, шинэ замууд стандар хангаагүй гэх мэт шүүмжлэх юм зөндөө бий. Аль альдаа талдаа л замын компани, жолооч хоёрын хариуцлага яригдана. Автозамын тухай хуульд болохоор хууль хяналтын байгууллагын шалгалтаар, замын нөхцөл байдлаас шалтгаалан осол гарсан нь тогтоогдох юм бол нөхөн олговрыг замын байгууллага төлөх ёстой гэдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлдэггүй. Дандаа жолоочид буруу өгдөг байхгүй юу. Мэдээж жолоочоос шалтгаалах зүйл бий. Хоёр талтай учраас тэнцвэржүүлэх ёстой.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(192.82.76.63) 2020 оны 10 сарын 29

чааваас даа 20 жилд хийсэн ажил автобусд суухдаа урд хаалгаар орох

0  |  0
Stupid ideas(66.181.168.131) 2020 оны 10 сарын 29

Stupid people

0  |  0
Top