Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | МӨНХИЙН УС-VII

2020 оны 02 сарын 12

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл.........

 

11. Мөнхийн ус

“Мөнхийн ус гэж  байдаг бол, хаанаас ч гэсэн олох юмсан

Миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөх юмсан”  гэсэн сайхан дууны мөрөөдлийн ус бол Ганга мөрний ус билээ. Гималайн нурууны мөнх сардигийн нэг болох Нанда Деви, Тресул, Камет оргилын цаснаас бий болсон Алакананда гол, Гомух дахь Ганготри цэвдгээс үүдэлтэй Багирати голууд нийлэн Ганга мөрнийг үүсгэдэг байна. Ганга мөрний урт нь хоёр мянга хоёр зуун хорин таван километр. Дөрвөн улсаар БНЭУ, БНХАУ, Бангладеш, Балба дамжин урсдаг, дэлхий дээр хамгийн их хүн ам буюу дөрвөн зуун сая хүн түүний эргийг даган амьдарч ундаалдаг байна. “Ганга” мөрнөө эмэгтэй бурхан гэж үзэн шүтэн биширч ирсэн утгаараа ч юм уу, эхийн хайр, эхийн сэтгэлээр тийм их хүн амыг ундаалдаг байна. Ганга мөрөн нь хүний амьдралын төрөлт, үхэл, дахин төрөлт гэсэн зогсошгүй эргэлтийг зогсоодог, өөрөөр хэлбэл хүн дахин өөрийн зовлонт дүрдээ буцаж төрөхгүй шууд диваажинд хүрдэг домогтой, ариун рашаан гэж үеэс үед ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн их мөрөн юм. Хинду шашинд “мокша” Бурханы шашинд “нирвана”-д хүрэх замыг нээж өгдөг бурхан гэж шүтэж ирсэн байна. Тийм ч учраас Энэтхэгийн өнцөг булан бүрээс баян, ядуу хүмүүс мөлхөөд ч болтугай ирж, тэр ариун рашаанаас хүртэж, тэнд мөнхрөхийг хүснэ, зорино. Хүмүүс ойр дотнынхоо хүмүүсийн шарилыг шатаасан үнс, шарилыг  Ганга мөрөнд урсгаснаар гэгээрэх замд нь үдэж байна гэж итгэнэ. Дэлхийн хамгийн бохирдсон таван гол мөрний нэгд ордог. Хүрээлэн буй орчныг хамгаалах бохирдолтын хяналтын зөвлөлөөс тогтоосноор Ганга мөрний усыг “Д” ангилал буюу хэт бохирдолттой ангилалд хамруулсан байна. Ганга мөрний усанд олон улсын судлаачид шинжилгээ хийж, хамгийн бохирдсон ус гэж оношлосон боловч, тэрхүү Ганга мөрний усыг уусан хүмүүс өвчин тусахгүй байгаад шинжлэх ухааны зүгээс хариулт өгч чадахгүй байна. Ганга мөрний усны бүтцэд их хэмжээний мөнгөн ус, тугалга, ердийн хэмжээнээс илүү их хүчилтөрөгч агуулагдаж байгаа нь тийм шинж чанарыг агуулахад хүргэж байж магадгүй гэж үздэг. Мөнгөн усны хэмжээ 84 мг/л, тугалга 290 мг/л. Ганга мөрний уснаас ууна гэвэл Риши Киш гэдэг газар очих хэрэгтэй. Бид эмээдээ мөнхийн ус амсуулахаар Риши Киш явав. Мөн л өглөө эрт, үүрээр холын замд гарав. Риши Киш нь Алакананда, Багирати голууд нэгдээд Ганга мөрнийг үүсгэсэн уулзвар газар бөгөөд мөргөл, шүтлэгийн үйл ажиллагаа явагддаг гол газар юм. Риши Киш нь Делигээс хоёр зуун гучин зургаан километрийн зайтай, дөрвөн цаг орчим явна. Бид ямар холын замд явж үзээгүй биш алжаалгүй сайхан яваад зорьсон газраа ирлээ. Машинаас буунгуут нэг л өвөрмөц, гэгээн газар ирсэн нь мэдрэгдэж эргэн тойрон өнгөлөг, олон өнгө хосолсон барилга байшин, тэнд цугларсан хүн гэж  түм бум. Хүмүүсийн өмссөн хувцасны өнгө олон янз, энд тэндгүй олон өнгийн дарцаг уяж хийсгэсэн, нүд эрээлжлэн байх агаад Ганга мөрний усанд ойсон нарны хурц цацраг эргэн тойрныг улам гэрэлтэй болгосон, нэг л их тод гэгээлэг орчин санаанд хоногшсон байдаг. Эргэн тойрноо гүйлгээд харахад бум бужигнаж, түм түжигнэсэн газар байлаа. Ямар олон хүн бэ. Хэзээ ч тийм олон хүн нэг газар бөөгнөрч, тэр тусмаа голын усанд орж байхыг хараагүй байв. Машин унаатай, явган нүцгэн, тэрэгтэй тэрэггүй, тахир дутуу, доголон сохор, дүлий элий балай, эрүүл ухаантай, ухаангүй бүгд цугларсан байв. Дээрээс нь үхэр мал нь, гахай, тахиа, загас, жараахай бүгд нэг доор. Бүгд тэр л Ганга мөрний уснаас ундаалж, дотор нь шумбан, биеэ савандаж угаах нь угааж, угаахгүй нэг нь биеэ булхаж, хувцас хунараа угаах нь угааж, тэр цаана цагаан даавуунд ороосон ойр дотнынхоо хүний шарилыг мөрний гол хавьцаа завин дээрээс аяархан гулгуулан хийж байх харагдана. Үхсэн малынхаа сэгийг хүртэл мөн мөрөн рүү хийнэ. Бүгд л нэгийг бодож, сайныг ерөөж, энэ бүх үйлдлийг хийнэ. Хэн ч тэднийг хорихгүй, саад болохгүй, хэн нэг нь хийж байгаа үйлдэлд нь дургүйцэхгүй. Тийм л тэгш эрх чөлөөг баян, ядуугүй эдэлж байх юм. Зарим нь шүдээ угаагаад зогсож байхад, нөгөө нь шилэнд, аяганд уснаас аваад ууж байх гээд өөрт зөв гэж бодогдсон үйлийг хийж байлаа. Ганга мөрөн маань улаанаар эргэлдэнэ. Ганга мөрний эргээр хог новш дүүрэн хэдий ч сэжиглэж байгаа хүн алга. Аав, ээж, эмээ гуравт юу гэж бодогдож байсан юм бол надад бол тэр бүгд нэг л сонин, жигтэй, хараад ч ханамгүй сонирхолтой харагдаж байсан болохоос сэжиг төрөх ч юм уу, эвгүй бодол мэдрэмж төрөхгүй байлаа. Бүх л юм байх ёсоороо л юм болж байгаа юм шиг санагдаж байсан. Бид ч ажилдаа оров. Уух ус авах бол арай өөр газраас завинд сууж явж байгаад дунд хавиас нь авдаг юм байна. Бид тийшээ нь завиар явлаа. За даа, нэг их ялгараад дээрдээд байх ч юм харагдаж мэдрэгдсэнгүй, нөгөө л улаанаар эргэлдсэн булингартай ус. Тэр хавьд нь мөн л нөгөө түм буман хүмүүс. Ялгаа ер алга. Бид нэг литрийн вискиний хоёр шилээр дүүрэн ус авав. Бас толгойгоо норгож, духандаа хүргэн адис авлаа. Арай л ууж зүрхэлсэнгүй. Аав, ээж эмч хүмүүс болохоор тийм бохир ус уувал ямар үр дүнд хүрэхийг сайн мэдэж байлаа. Нэгэнт ирснийх бид мөрөн рүү бас орлоо, хормойгоо шуугаад. Тэдний нэгэн адил нэлээд зогслоо. Сайхан л санагдаж байлаа. Надад л лав маш гоё, сонин санагдаж байсан. Жаахан хүүхэд болохоор яг ямар мэдрэмж төрж байсныг, тэр мэдрэмжээ оноосон үгээр илэрхийлж чадахгүй байлаа. Бид Ганга мөрөн дээгүүр татсан дүүжин гүүрэн дээр гарав. Гүүр хоёр тийшээ салхинд тэгш хэмтэй савлаад, доошоо харангуут Ганга мөрөн хүчтэй, улаанаар эргэлдэн урсаад, аймаар харагдана. Хэрэв тэр гүүр тасраад унах юм бол амьд гарах ямар ч боломж байхгүй. Бид гүүрэн дээр гэрэл зургаа авахуулав. Риши Кишид байсан шиг тийм өвөрмөц мэдрэмж төрж байсан нь ховор юм. Бид тэндээс холгүй хүрхрээнд очив. Тэнд үнэхээр гоё байсан. Дээрээс бууж ирж байгаа тэр хүчтэй усанд цохиулна гэдэг маш сайхан, тэр өдрийн халуунд хүйтэн усанд цохиулах бүр ч гоё байлаа. Ингээд бид хоёр шил “мөнхийн рашаан” гэгдэх Ганга мөрнийхөө устай гэрийн зүг зам залав. Гэртээ ирээд хоёр шилтэй усаа хөргөгчинд сайн гэгч нь бөглөөд хийчихэв. Пүжи бид хоёр гадаа тоглож байгаад орж иртэл аав, ээж хоёр хөргөгчинд хийсэн Ганга мөрний шилтэй усыг хэн уусан гээд асуудаг юм байна. Хэн уусан, хурдан хэлж арга хэмжээ авахгүй бол одоо уусан хүн шууд гэдэсний халдварт өвчин тусаад үхнэ гэж байна. Пүжи бид хоёр ч уугаагүй гээд л хэлэв. Миний хувьд үнэхээр уугаагүй болохоор уугаагүй л гэж хэлэв. Пүжи бас л уугаагүй гэв. Жамул дөрвөн настай байв. Жамулаас асуусан чинь бас уугаагүй гээд л дуурайгаад хэлэв. Аав арга хэрэглээд тэр ус уусан бол сайн, яг аль шилтэй уснаас нь уусан гээд л их эвтэйхэн асуусан чинь Жамул уусан гээд шилийг нь зааж байна. Ээж тэнд одоо яанаа гээд сандрав. Одоо яах билээ дээ, уугаад нэлээн удсан. Ямар нэгэн шинж тэмдэг огт илэрсэнгүй. Үнэхээр гайхамшигтай. Жамул тэр шилтэй усыг ам цангахаар л уугаад дуусгасан байв. Яагаа ч үгүй гээд бод доо. Үнэхээр “мөнхийн рашаан” юм билээ. Тэр бүх зүйлийг нүдээр харж, яг л тэр уснаас тэр л шилээр дүүргэн авсан, тэр бол үнэн. Дүү минь мөнхөрсөн байхаа. Түүнээс хойш ээж нутаг явахдаа Ганга мөрний уснаас авч явдаг байв. Ажаагийн ээж гээд наян зургаатай хөгшин байсан юм. Ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр үе гэж оношлогдсон байсан. Ээж ажаагийн ээжид мөнхийн рашаан гээд Ганга мөрний уснаас гурван жил дараалан өгөөд, хорт хавдрын сүүлийн шатанд байсан хүн өвдөх өвчингүй олон жил амьдарч ерэн зургаан насыг насалсан. Энэ бол бидний амьдралд тохиолдсон үнэн түүх. “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” гэж ард түмнээс минь ам дамжин уламжлан ирсэн үг үнэн юм.

1981 он  

12. Грейтест

1981 оныг бид өнөр өтгөн угтав. Элчин Сайдын Яаман дээрээ уламжлал ёсоор шинэ оноо угтаад, гэртээ бас тэмдэглэн өнгөрүүлэв.  Он гаргаад эмээ маань ч буцах болов. Нэлээд удаан бараг гурван сар хамт байсан учир визний хугацаа ч дуусах дөхөж байлаа. Үлдсэн хугацаандаа бид эмээтэйгээ аль болохоор их байж, гадаа саданд зугаалж ойр зуурын зах, дэлгүүрээр явж байв. Делид үзэж харах юм их. Хагас бүтэн сайнд идэх, уух юмаа базааж аваад Лоди парк их явдаг байв. Тэнд очоод, өдөржин эрүүл агаарт хэвтэж, тоглож өнжинө. Бас канастер их тоглоно. Заримдаа бүүр элчингийнхэнтэй хамт салхинд гарах тохиолдолд дөрвөн хөзөр нийлүүлж байгаад канастердаж гарна даа. Ёстой өрсөлдөөнтэй тоглоно. Эмээ тэнд канастер сурчихаад нутагт ирээд ойр хавийнхаа танил, найз нөхдөд зааж өгөөд дандаа тоглодог болов. Бүр сүүлд өнгөрөхийнхөө өмнөхөн хүртэл бид канастер тоглож билээ. Эмээ минь наян зургаан настай байсан. Эмээ их шартай, даагаа нэхээд л тоглоод байна. Заримдаа эмээ бид хоёр хоёулахнаа ч тоглоно. Эмээгийн дуртай тоглоом байж билээ. Ээж бас заримдаа канастер тоглоё гэж гуйна. Даанч тоглох завтай хүн хомс болсон учир тэр болгон тоглож чадахгүй. Эмээ явах дөхсөн учир нутагт байгаа ах дүү нартаа бэлэг авах ажил өрнөв. Бид нэрсийн жагсаалт гаргаж байгаад бэлэг авдаг байж билээ. Тэр үед тогосны өд олддоггүй их ховор байсан. Тогосны өд, хүж, зандан модоор хийсэн бэлэг дурсгалын зүйлс, зандан үзэг, зандан эрих гээд тэр үед хүмүүс олж хараагүй чамин юм их байдаг байсан. Юм ховор байсан болохоор гадаадад л хийсэн бол бал хүртэл их л том бэлэг болдог байсан үе. Тэр үед жинхэнэ зандан модоор хийдэг байсан. Харин одоо бол зүгээр модоор хийгээд зандангийн үнэр шингээчихдэг болсон байна билээ. Бас тэр үед их эрэлт хэрэгцээтэй байсан зүйл бол Энэтхэгийн саатай алчуур, жин багатай, хүнд өгөхөд чамин  бөгөөд хэрэгцээтэй. Мөн өмхий давс, ходоодонд маш сайн, хордлого тайлна. Бас бурам, мөсөн чихэр, энэтхэгийн торгоноос дээлийн өнгө болгохоор их авдаг байсан. Хорьхон кг ачаа ч юу базаах вэ дээ дороо дүүрчихнэ. Ээжид энэтхэгчүүд их сайн болохоор харж үзээд нэмж арван кг-ийг үнэгүй явуулчихдаг байв. Мөн л гартаа жаал зугаа үлдсэн юмаа заавал барина. Айл болгон нэг жижигхэн бөндгөр юм гэртээ явуулна. Ингээд эмээ минь явахад жин тан боллоо. Гэхдээ хэдхэн сарын дараа бид нутаг явж амрах учир бас ч гайгүй тайван байв. Эмээ миний хүүхдүүд удахгүй ирэх юм чинь, юу байх вэ, ээж нь, эмээ нь хүүхдүүдээ хүлээгээд л байж байна гэж хэлээд явж билээ. Эмээгийн минь алтан шаргал зам нь өлзийтэй байж, аян замдаа алжаалгүй яваад гэртээ хариасай гээд л ерөөгөөд үлдэв.

Хаврын урь орж, цэцэг навч дэлгэрч, дулаарах тийшээ хандав. Өвлийн улирал өнгөрч, хавар ирэхтэй холбоотойгоор хаврын баяр болдог байв. “Холи” бол дулаан улирал ирж байгааг бэлгэдсэн баяр юм. Энэ баяраар хүмүүс гудамжиндаа гарч таньдаг, таньдаггүй ч бие бие рүүгээ ус, будаг цацна. Энэ өдөр муу хувцсаа өмсөхгүй бол хэн ч хаанаас ч хамаагүй будаг цацаад, усаар шалба норгоод, эсвэл будагтай ус цацаад ёстой аймаар болгочихно. Тэр тохиолдолд инээгээд адилхан баярлаад эргүүлээд ус, будгаа цацна уу гэхээс уурлаж болохгүй. Энэ баяраар хүн бүр азгүй, муу зүйлээ ардаа орхиод дандаа сайн сайхныг зөгнөж, мөрөөдөх ёстой. Бид нар баярт бэлдээд нэлээн багтаамж сайтай усан буу, маш олон жижиг шааруудыг авч ус хийж зангидаад сагсанд хийж тавив. Энэ баяр бол хүүхэд бидний дуртай баяр байлаа. Ганц бидний ч биш Энэтхэгчүүдийн залуу хөгшингүй, баян ядуугүй дурладаг, хөөрдөг баяр байв. “Холи”-ийн баяр жил жилд өөр өөр өдөр тохионо. Хоёрдугаар сарын сүүлчээс гаравдугаар сарын аль нэг өдөр тухайн жилийн онцлогоосоо хамаарч болдог. Өөрөөр хэлбэл, манай цагаан сар шиг. “Холи” гэдэг нь “Холика” гэдгээс гаралтай. Дээр үед Хиранякашипу гэдэг чөтгөрийн хааны дүү охин Холика гээд муу санаатай эмэгтэй байж. Чөтгөрийн хаан нэг хүүтэй, тэр хүү маш хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй байж. Аав хүүгээ өөрийнхөө талд орохгүй, үгэнд нь орохгүй байхаар нь янз бүрээр хүүгээ шийтгэсэн байна. Гэтэл хүү тэр бүх бэрхшээл, тамлалтыг давж гарсанд Холика эгч нь их дургүйцэж ямар нэгэн аргаар хүүг алахаар шийдэв. Тэгээд хүүд хамт галаар тоглоё гэж хэлээд галаар тоглож байтал гэнэт түүний хувцас нь гал авч тэр шатжээ. Тэр үед сайн бурхан гарч ирж хүүгийнхээ эсрэг байсан муу санаатай аавыг нь алжээ. Түүнээс хойш муу бүхэн шатаж, шинэ, сайн сайхан бүхэн ирнэ гэсэн утгаар нь “Холи” гэж нэрлэсэн байна. Тийм учраас энэ өдөр хүн болгон үүд хаалга, хүүдий саваа нээж, сайн юм болгон орохыг хүсэн, бэлгэдэнэ. Хүүхдүүд бидний хувьд бол ёстой энэн шиг гоё баяр байхгүй.

Энэтхэгийн сонингуудаар “Америкийн ерөнхийлөгчийг алах гэж завдаж” гэсэн мэдээнүүд хаа сайгүй гараад эхлэв. Дөнгөж саяхан нэг сарын хорины өдөр АНУ-ын дөч дэх ерөнхийлөгчөөр Америкийн Холливудын од, жүжигчин хүн сонгогдлоо. Маш хэрцгий хүн боллоо, дайн бараг дэгдэж магадгүй, Орос Америкийн харьцаа муудна байх гээд л манай томчууд ярьж, нэг хэсэг энэ талаар бөөн яриа болж байсныг санаж байна. Би тэр үед жүжигчин хүн уг нь ерөнхийлөгч болж болохгүй юм байна, дайн ч болж магадгүй тэгвэл яанаа, эмээ яанаа л гэж бодож байж билээ. Тэгээд дайн ч болсонгүй, нэг хэсэг мартагнаж байтал, нөгөө ерөнхийлөгчийг буудаж гэнээ гээд л бөөн яриа болох нь тэр. Бид мэдээг алгасалгүй харж байлаа. АНУ-ындөчдүгээр ерөнхийлөгч Рональд Рейганыг \Ronald Wilson Regan\ Вашингтон зочид буудлын гадна Жон Хинклей \John Warnock Hinkley Jr\ гэж хүн цээж рүү нь буудсан юм. Мөн хоёр цагдаагийн ажилтан, түүний хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Жэймс Брэди нарыг шархдуулсан байв. Жон Хинклей шүүхээс шийтгэгдэж, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаад гучин таван жилийн дараа  2016 оны есдүгээр сарын арванд суллагдсан. Рональд Уилсон Рейган 1981 оны нэгдүгээр сарын хоринд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерыг \James Earl Carter Jr\ ялж АНУ-ын дөч дэх ерөнхийлөгчөөр сонгогдов.Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө дан жүжигчний ажил хийж байсангүй, 1967-1975 онд Калифорни мужийн гучин гурав дахь захирагчаар ажиллаж байсан, туршлагатай улс төрч гэж бичиж байлаа. Хожим, 2004 онд би Жамулынд Нью Йоркод айлчилж очоод байж байхад зургаадугаар сарын тавны өдөр, миний том охины төрсөн өдөр би маш сайн санаж байна, яагаад гэвэл тэр өдөр охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэж байсан, Рональд Рейган ерөн гурван насандаа таалал төгсөж билээ. Нас биед хүрээд түүх, улс төр судлаж байхад Р.Рейганы явуулж байсан бодлого, ер нь хувь хүнийхээ хувьд их өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг байсан. Би зурагтаар салах ёс гүйцэтгэх төрийн ёслол болон холбогдох нэвтрүүлгүүдийг бүгдийг нь алгасалгүй үзсэн. Хамгийн гол нь тэр хүний эхнэрээ хайрлах хайр, улс төрч хүнд гэр бүлийн тогтвортой, бат бөх, халуун дулаан амьдрал ямар чухал гэдгийг бусдад ойлгуулж үлгэр дуурайл болж чадсан хүн гэж боддог юм. Түүний хоёр дахь эхнэр болох Нэнси Дэвис \Nancy Davis Reagan\түүнийг эцсийн амьсгал хураатал нь бүхэл бүтэн хагас зуун буюу тавин хоёр жил хамт амьдарч, халамжилж, жүжигчин, улс төрчийн гэргий, тэргүүн хатагтай, халамжит хань, хүүхдүүдийнх нь ээж байж, гараас нь хөтөлсөөр явж эцсийн замд нь үдсэн журамт сайхан эмэгтэй. Надад тэр хоёр хөтлөлцөөд гараад ирэхэд нэг л чанд хатуу, зарчим журамтай, тэгсэн мөртлөө элэгсэг, хүйтэн, хөдлөшгүй  мэт сэтгэгдлүүдийг төрүүлдэг байж билээ. Рейган, Нэнси хоёр “гэр бүл бол төрийн чухал бүтэц”, өөрийн бат бөх гэр бүлийг удирдагч хүн бий болгож чадаж байж төр улсыг тогтуун удирдаж чадна гэдэг жишээг харуулсан гэж боддог. Рейганы явуулсан эдийн засгийн бодлогыг “Рейгономик” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Рейгономикт  татварыг багасгаж эдийн засгийн өсөлтийг хурдасгах, мөнгөний нийлүүлэлтийг хянаж инфляцыг багасгах, эдийн засгийн дерегуляц хийх, засгийн газрын зардлыг багасгах бодлого явагдаж байсан юм. Рейгономикийн үр дүнд Америкийн эдийн засаг сэргэсэн гэж үздэг. Рейган хар тамхи, мафи болон зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг дайн зарласан. Энэ бүгд өнөөдөр манай нийгэм, улс төрд нүүрлээд байгаа бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдаж буй зүй ёсоор хэрэгжүүлбэл зохих бодлого яах аргагүй мөн. 

Өдрөөс өдөрт халууны эрч ихсэж байлаа. Нэмэх гучин долоон хэм, заримдаа нэмэх дөчин хэм гэдэг бол тал хээрийн салхийг цээж дүүрэн амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалан зулай, цээж юугаа шавшдаг монгол хүнд байж суухын аргагүй халуун юм. Аав минь халуунд их түүртдэг байв. Халууцах тоолондоо монголынхоо сүүдрийг санана. “Манай сүүдэр маш сайхан шүү, хичнээн халуун байсан ч сүүдэрт ороход л хүйтэн сэрүүхэн байдагсан” гэж бид ярина. Мөн крантны усаа их санадаг байж билээ. Ямар гоё хага ташим хүйтэн бэ гээд л ярина. Үнэхээр тэр үед манай крантны ус дэндүү гоё амттай, хага ташим хүйтэн, мөн ямар ч шүүлтүүргүйгээр ууж болдог байж билээ. Одоо бол бид крантныхаа усыг байнга шүүж уухад хүрч байна. Нэгэн хичээлийн жил дуусч, бид шалгалт шүүлгэндээ бэлдэж байв. Сургуульдаа явахын хажуугаар бид Монгол руу, эх орон руугаа амралтаараа явах бэлтгэлээ хийж байв. Амьтан ах дүүгийн захиас биелүүлэх, бэлэг сэлт авах гээд нэлээд ажилтай байлаа. Энэ бүгдийг ээж минь голдуу хийчих болохоор бид дэмжигч нар, дагалдан баясагч нар л байв. Дүн гарангуут л бид бараг маргааш нь явахаар билетээ захиалсан байв. Бид гурав бөөн баяр хөөр, нэгдүгээрт эмээ дээрээ очно, хоёрдугаарт эх орондоо, Монголдоо очно. Монгол ямар болсон бол гэж бодно, мөн найз нар хүлээж байгаа. Яг явахын урд өдөр тавдугаар сарын хорин нэгний өдөр Францын  ерөнхийлөгчийн сонгуульд Францын Социалист намын дарга Франсуа Миттеран ялалт байгуулж, Франц улсын хорин нэгдүгээр ерөнхийлөгч болов гэж уншив. Хорин нэгдүгээр ерөнхийлөгчөөр хорин нэгний өдөр болсон нь надад бас гайхалтай санагдаж байв. Социалист орон гэгдэх Монголд амьдарч байсан монголчуудын хувьд энэхүү үйл явдал нь улс төрийн хувьд их сонирхол татаж байсан юм. Тэрээр Францын ерөнхийлөгчийн үүрэгт албыг тасралтгүй арван дөрвөн жил хашсан билээ.

Төрөлх нутгийнхаа газар шороо, уул усаа хараад бид баярлав. Онгоцны цонхоор хараад Улаанбаатар хот маань маш жижигхэн, авсаархан харагдана. Тэнгэрт ямар ч үүлгүй, агаар цэнгэг, нар хурц, нүд гялбуулна. Эмээ болон ах дүү нар маань тоссон байлаа. Биднийг бараг арван машин угтсан байв. Тэр бүх хүмүүс манай зургаадугаар хорооллын дөчин дөрвөн ам метр байранд минь багтчихаж билээ. Миний нүдээр харахад ах дүү нар маань баяр хөөртэй харагдаж байсан ч, ер нь монголчуудын маань царай гандуу, хар бор харагдаж байлаа. Тэр үед гоо сайхандаа анхаарах, нар салхинаас хамгаалах гэсэн ойлголт маруухан байсан үе. Оо, энгэсэг их ховор. Дэлгүүрт оросын хуурай пудр вазелин тос л голдуу байдаг байсан. Нүдний будаг тень, сормуусны будаг их ховор. Оросын будгийг шүлсдэж байгаад л буддаг байсныг санаж байна. Ямар сайндаа ээж чөмөгтэй чихэрний чөмгөөр сормуусаа наавал дэрвийнэ гээд найз нартайгаа тийм байдлаар сормуусаа дэрвийлгэдэг байсан гэсэн. Нийслэл Улаанбаатар хот маань өргөжин тэлж гурав, дөрөвдүгээр хороолол баригдаж, нүсэр их бүтээн байгуулалт явагдаж байлаа. Манай гэрт Баабаагийнх төвхнөчихсөн, эмээ минь долоон буудалдаа амьдарч байв. Бид гурав эмээтэйгээ хамт зуныг өнгөрөөсөн. Тэгж байгаад Хөвсгөл явж амарлаа. Хөвсгөл тээр жил бага байхдаа амарч байсныг бодвол нэлээн өөрчлөгдсөн байв. Тэр үед тоглож байсан хүүхдүүд, Сүнжиг ахын хүүхдүүд ч том болсон байлаа. Бид Түнэлийн амралт, Шинэ Идэр суманд очиж амрав. Аав, өвөөгийн нутаглуулсан газар очиж, мөн “Овооны хонх” гэдэг өвөөгийн минь шүтэж байсан газар очив. Тэгээд л хэд хоног хөдөө хээр ах дүү, нутаг усныхаар явж, “Дулаан бүлээний рашаан” дээр очиж амарч байгаад буцав. Дулаан бүлээний рашаан дээр амарч байхдаа рашаанаас урсаж гарч байгаа хэсгийг тэлж ухаад усыг нь боож байгаад том цөөрөм маягийн юм хийгээд усанд сэлдэг байв. Ус тэр цөөрмийг дүүргээд илүү гарахаар цаашаа урсаж байв. Ёстой хага ташим хүйтэн цэнгэг ус байсандаа. Улаанбаатартаа ирж хэд хоноод улсын их баяр наадмаа үзээд, эмээдээ сайн эрхэлж өвөрт нь унтаж, үхэр малаа туулцаж байгаад Жагар нутгаа зорин буцав. Эмээ минь цайныхаа дээжийг өргөөд бид бүхний алтан шаргал зам өлзийтэй байхыг ерөөгөөд, доголон нулимстай үлдлээ. 

Делигийн Олон Улсын Нисэх Онгоцны буудалд бид газардав. Урдаас нөгөөх халуун аагим агаар угтсан ч нэг л дотно сайхан байлаа. Бид нутаг явж амрахаасаа өмнө байраа солиод “Вест Энд” гэдэг газар нүүж ирсэн байв. Манай байр газар давхарт байрлах бөгөөд байрныхаа өмнө, хойноо өөрийн садтай, том балконтай, илүү олон өрөөтэй байр байсан. Хүүхдүүд бидэнд тоглох талбай ихтэй, байрны ур талд  цэцэрлэгт хүрээлэнтэй. Дэлгүүр, гуанз ресторан, сургууль, кино театр ойрхон гээд л, давуу тал ихтэй. Бас манай ангийн хүүхдүүд тэр дүүрэгт их амьдарна. Манайх нутаг явахаасаа өмнө зуны хоёр сард Сүхбаатар ахынхыг байрандаа байг гээд үлдээгээд явсан. О.Сүхбаатар ах Жавахарлал Неругийн Их Сургуулийн монгол хэлний багшаар ажиллаж байсан юм. Дандаа манайхаар ирдэг, аав, ээжтэй минь сайхан найз нөхдүүд байсан. Жижигхэн өрөөнд гурвуулаа гэр бүлээрээ амьдарна. Тийм учраас амьдралын нөхцөл хэцүүвтэр байдаг байв. О.Сүхбаатар ах маань, монгол хэл бичгийн, монгол судлаач манай том эрдэмтдийн нэг, их сайхан хүн байсан. Манай томчууд их нийлж бүжиглэнэ, хүүхдүүд бид дунд нь ороод л бас үсрэнэ, тэгэхэд бид О.Сүхбаатар ахыг бүжиглэхийг нь дуурайгаад л шоолж инээдэг байж билээ. Одоо, хөөрхий минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хожим Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд \НСИСОУХ\ ажиллаж байхдаа хамтарч ажиллах боломж олдсонд би байнга баяртай явдаг юм. Гэргий Алтанцэцэг эгч дөлгөөн, сайхан сэтгэлтэй, гоё хүн байж билээ. Хожим манай хажуугийн цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхад нь нэг удаа би очиж уулзсан, түүнээс хойш сураг тасарсан. Ирэхэд тэр гурав маань хоол цай хийчихсэн байв. Пүжи бид хоёр бушуухан дугуйгаа сундалдаж унаад ойр хавийн дэлгүүр орохоор, бас тоглохоор гарав. Удахгүй бид зах дээр явж байгаад нэг хөөрхөн герман овчаркны гөлгийг худалдаж авав. Маш хөөрхөн тэр минь дөнгөж нүдээ нээж байж билээ. Тэрэндээ бид дээр үед “Зуун айлд” байхдаа байдаг байсан Мухтар нохойныхоо нэрийг дурсаж өгөв. Тэр бяцхан гөлгөө бид сүүгээр угжиж өсгөв. Хэт их хооллодог байсан учир таргалаад дөрвөн хөл нь дөрвөн тийшээ алцайгаад гэдсээрээ газар чирэн явдаг байв. Бараг явж чадахгүйдээ. Аав харахаараа наад нохойгоо аллаа гэнэ, тэгэхээр нь аавыг ирж явбал хурдхан шиг аль тааралдсан юмныхаа доогуур хөлөөрөө түлхээд хийчихнэ. Тэр тарган юм чинь маш удаан хөдөлгөөнтэй, гасалж дуугарна гэж үгүй. Тэгээд яваад өгөхөөр татаж гаргаж ирээд дагаад явдаг байв. Өдөрт ээжтэй үлдэнэ. Ээж загнах юм бол нуугдаад биднийг иртэл гарч ирэхгүй. Зөвхөн бид гурвыг ирэхээр гарч ирнэ. Удалгүй есөн сарын нэгэн болж хичээлдээ оров. Би долоодугаар ангид, Пүжи тавдугаар ангид, Жамул дөнгөж таван нас хүрсэн боловч нэгдүгээр ангид оров. Жамул биднийг хичээл хийж байхад байнга хажууд байсаар байгаад ч юм уу, өөрөө уншаад сурчихсан юм. Дөрвөн настай байхад нь бид гадуур явж байгаад рекламны самбар дээрх юмыг уншаад байхаар нь цээжилчихэж гэж бодож байв. Гэтэл хажуугаар өнгөрөх бүх самбарыг уншаад байхаар нь гайхаад юм уншуулж үзэв. Тэгсэн, үнэхээр уншиж, хамгийн гол нь оросоор буюу кирил, англиар аль алинаар нь уншиж чадаж байв. Тэгээд аав, ээж хоёр Жамулыг дагуулаад Орос сургуулийн хичээлийн эрхлэгч дээр ороод нэгдүгээр ангид оруулах хүсэлтээ тавьтал манайх долоон настайгаас эхлэж авдаг авах боломжгүй, хүүхдийн уураг тархинд муу гэж хэлэв. Гэтэл Жамул өөрөө гуйгаад тэгээд ном уншуулаад ойлгосон зүйлийг яриулаад, захирал өөрийн эрхгүй авахаар болж билээ.

Улаанаа бид хоёр Жамулыг авч тоглож байгаад эргэдэг тоглоомон дээр хүчтэй эргүүлээд эргэлтэн дунд нь Жамул хажуу тийшээгээ шидэгдээд, алчих дөхөж билээ. Харсан чинь Жамул бараг гурван метрийн цаана газар хэвтэж байна. Бид хоёр сандраад л очоод авсан чинь бага зэрэг шалбарсан өөр яагаа ч үгүй байхаар баярлав. Уйлах гэхээр нь эр хүн байж уйлж болохгүй гээд загначихав. Тэгсэн уйлсангүй. Харахад л гайгүй боловч нэлээн хүчтэй шидэгдсэн яаж ч гэмтэл авч болохоор байсан байна билээ, одоо бодохнээ дух нь хонхойж цаашаа орсон байсныг чадлынхаа хирээр соров. Ээж бол гудамжны үзүүрээс хараад л мэдэхээр байв. Одоо яанаа загнуулах ч энүүхэнд, гол нь дүү минь л зүгээр байгаасай гэж бодов. Хожим Жамул, тэгж шидэгдсэний дараа би бага зэрэг ээрэх гээд байдаг байсан минь бүүр алга болсон гээд яриад байсан. Азаар дүү минь өөр гэмтэл аваагүй байна билээ. Жамул их хөөрхөн хүүхэд байж билээ. Ном их уншина. Хожим том ангид ороод номыг хөндлөн буюу диагональдаж уншдаг байж билээ. Тэр техникээ надад зааж өгсөн боловч би яг тэгж хурдтай ойлгоцтой уншиж чадахгүй байв.

Би эмэгтэй хүүхэд байж зодоон, бокс их сонирхоно. Миний бишрэн шүтэгч Мухамед Али \Muhammed Ali\ байв. Тэрний зодоон л гарч байх юм бол би бүх юмаа мартаад үзнэ. “Грейтест” гэж хочтой тэр агуу тамирчныг би шүтдэг байв. Эрэгтэй байсан бол түүний шавь болно гэж төсөөлөн боддог байсан. Мухамед Али жаран нэгэн удаа зодолдож, тавин зургаан удаад ялалт байгуулж, түүнээс гучин долоон удаад нь нокаутанд оруулж, таван удаа ялагдсан агуу зодоонч. Хамгийн сүүлийн зодооныг би үзээд уйлж байж билээ. Энэ бол 1981 оны арван хоёрдугаар сарын арван нэгний өдөр Нассау-д Мухамед Али Тревор Бербиктэй\Trevor Berbick\ зодолдоод ялагдсан нь 1981 оныг санаанаас гаргахгүй болгох нэг үйл явдал миний хувьд байлаа. Хөөрхий минь, хэдийгээр паркинсоны өвчин нь даамжирч байсан ч аравдугаар раунд хүртэл тэсч байсныг харахад үнэхээр өрөвдмөөр. Энэ түүний хамгийн сүүлчийн зодоон байсан. Тэр тоглолтыг үзээд дахиж боксын тэмцээн үзэх зүрх үхэж  байсан ч, Тревороос түүний өшөөг авах тамирчин заавал гарна гэж бодохоос тэсэн ядан хүлээдэг байв. Тэр мөчийг үзэхийн тулд том болох ёстой, тэр өшөөг авагч надтай хамт өсөн торниж байсныг би мэддэггүй байлаа. Тэр өшөө авагч нь Майк Тайсон байв. Тэрээр 1966 онд төрсөн байв. Тревор Бербик 1954 онд төрсөн Яамайк гаралтай Канадын мэргэжлийн боксчин, нийт жаран нэгэн удаа зодолдож, дөчин есд нь ялж, түүнээс гучин гурван нокаут, арван нэгэн удаа ялагдаж байсан гайхмашигтай тамирчин. Нэгэн үе хүнд жингийн чемпион гэдэг алдрыг хүртэж байсан хэдий ч 1986 онд хорин настай Майк Тайсонд техникал нокаутанд орж ялагдал хүлээсэн билээ. Мухамед Али 2016 оны зургаадугаар сарын гурванд далан дөрвөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэн одов.  Социалист нийгэмд амьдарч байгаа бидэнд Америкийн боксчид бол харгис хэрцгий, мөнгөний төлөө, хаашаа хэнд ч худалдагддаг  байсан, цаанаасаа бүх юм тохируулж, зохицуулагдсан тоглолт мэтээр ухуулан сурталчилдаг байв. Дийлэнх нь тэр сурталчилгаанд орсон байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top