Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | ТАЖ МАХАЛ-VI

2020 оны 02 сарын 07

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл ....

1980 он

             10. Таж Махал

Аав 1980 оны хавар хайрт аавтайгаа очиж золгохоор явлаа. Аав минь аавтайгаа хорин нэг хоног байж, үгийг нь дуулгавартай сонсож, шатар хүртэл тоглож аав хүү хоёр үнэхээр аз жаргалтай байсан байх. Өвөө минь аавд “За аав нь хүүгээ яг нэг жил хүлээнэ дээ” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр жил ес хоногийн дараа өвөө минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж аавд минь бүтэн өнчрөл хагацлыг үзүүлж  билээ. Жаахан охин би амьдралын хатуу хөтүүг бас л амсаж, хоёр өвөөгөөсөө хагацан бяцхан зүрх минь шаналж билээ. Аавд минь ямар хэцүү байсан бол доо. Хөөрхий миний аав хэдийгээр үр хүүхэд  бидэндээ “Аав”, хамгаас том хүн, уул шиг түшигтэй, нар шиг ивээлтэй, эр хүний үлгэр дуурайл, сайн сайхны амьд жишиг, эр зоригийн бахархал мөн ч, өвөөд минь аавын жижигхэн хүү, алаг нүдэн бөмбөөлэй шүү дээ. Тийм хайртай үрсээ орхиод явахдаа хичнээн их сэтгэл шаналж байсан бол доо өвөө минь. Аавд минь хэцүү байсан. Аав минь “ Хайрын үгэнд ханхалзаж, хатуухан үгэнд нь гоморхож явсан энэ насны эцэг хүүгийн ерөөлийн ариун хэлхээс алдууран тасарч, мянгантаа дуудлаа ч, түмэнтэй дууллаа ч эс эгээрэх нүгэлт хорвоогийн дүлий хоосонд сонсогдох цуурайгүй замхран одвоо” гэж бичсэн байдаг. Аав Далай багшийн их багштан Лин Рембүүчийд бараалхаж Дээрхийн гэгээнтэн арван дөрөвдүгээр Далай лам, Ламтны Их, Бага хоёр багш бусад бүх лам хувраг, хутагт хувилгаад оролцсон хойт насыг залах буяны их хурлыг Энэтхэгийн Дарамсала хотноо хуруулав. Энэ бол тэр социализмын үеийн шүтэх бишрэх эрхийг хаасан үед тийм ч хүн болгон хийж чадаад байдаг зүйл биш байв. Энэ бол өвөөгийн минь буян хишиг, үр хүүхдээ зөв хүн болгож өсгөх гэж чармайсны үр дүн, аавынхаа ачийг өчүүхэн ч гэсэн хариулж чадсан Аавын минь чадамж. Тэгж буян үйлдсэн хүн тэр цагт бол байгаагүй, одоо ч бас юу л бол...

“Хан уулын үрчлээ

Духанд нь  хээтсэн аав минь

Хангайн царгил хөхөө

Дуудаж өгүүлсэн аав минь дээ...

Үйлдсэн буян тань диваажинд таныг аваачихгүй бол

Өвөрт эрхлэх үр минь болж заяагаарай

Тэр цагт хичнээн хайртай байсныг тандаа

Тэнгэрийн доор та мэдэж, би баярлах болно

Цогцлон барилдах төөрөг бүр тань УМ АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ”,  бас л аав минь ингэж бичсэн.    

Зүрх сэтгэлээ үзэгний алтан үзүүрээр сийлэн бүтээх ур чадвар, Аав Танд минь заяаж, Та олж. Тэгж чаддагүй юмаа гэхэд Аав, Ээж та хоёртоо зөв харагдаж явахыг үр хүүхэд бид нар нь үргэлжид хичээнэ.

             1980 он манай гэр бүлийн хувьд өвөөгийн минь бие нь чилээрхээд тиймэрхүү л байлаа. Аав нутаг яваад ямар ч байсан уулзаад хэсэг хугацаанд хамт байгаад ирсэн. Бас ч гэж бид бүхний сэтгэл өег байв. Бид ч өсөж өндийж том болж байлаа. Энэтхэг, ялангуяа Шинэ Дели өдөр болгон нартай. Халуун ч гэсэн нартай байна гэдэг бол хүмүүн төрөлхтөн, байгаль дэлхийд баяр баясгаланг байнга авчирна. Өглөө босоод л сэрэхэд нар нүд гялбуулан цацрах нэг л урамтай, нэг л хөөрөлтэй. Бидний бага насыг өдөр болгон нартай өнгөрүүлэх гэж аав, ээж хоёр минь хичээж байлаа. Өглөө нар модны навчны завсраар олж харахгүй байж магадгүй гэж байгаа юм шиг гялбаад л, жирхнүүд нэг модноос нөгөө рүү дүүлэн харайгаад л, шувуунууд энд тэндгүй жиргээд л, содон хачин дуу авиаг гаргаж өглөөг сэрээнэ. Би өглөө эрт босоод сүүнд явах дуртай байж билээ. Дугуйгаа унаад, нэг гараараа жолоогоо бариад, нөгөө гартаа бидоноо бариад явна. Замдаа эргэн тойрноо харна. Тайван сайхан мэдрэмж төрнө. Баян айлууд босоод зарц, үйлчлэгч нар нь хашаа хороогоо цэвэрлэж угаана, цэцэрлэгч нар зүлэг модоо усалж, үхсэн навч цэцэгсийг зулгааж цэвэрлэнэ, хүүхдүүд сургуульдаа явах гээд гэрээсээ дуу шуутай гарч ирээд л аав ээждээ үнсүүлээд явна. Энэтхэгийн сургуулийн дэг өглөө эрт эхэлдэг байв. Сүүний газрын тэр хавьд урц шиг юманд ядуу хүмүүс амьдардаг байлаа. Тэд босоод л гэртээ байгаа юм шиг, хэн ч тэд нарыг харахгүй байгаа юм шиг хээв нэг, тайван шүд амаа угаагаад л суниагаад л, ор дэрээ засч байдагсан. Тэдний хүүхдүүд л мөн л сургуульдаа явах гээд гоёж, цайгаа уугаад ээждээ үнсүүлээд аав нь дугуйн дээрээ суулгаад явна. Тэд нарт гэр орон байхгүй ч гуниж гутрах юмгүй, байнгын баяр баясгалантай инээж байдагсан. Ер нь хүн бүр гудамжинд инээнэ. Тэрийг нь хараад өөрийн эрхгүй дагаад инээдэгсэн. Ингээд л өглөө болгон инээж бие биенээ угтаж, баян хоосон гэлтгүй аз жаргалтайгаар өдрийг эхлүүлдэг байж билээ. Энэ бол өөрийнхөө байгаад хангалуун байж, ирээдүйгээ гэрэлтэй гэгээлгээр угтаж чадаж байгаа агуу зан чанар юм. Хүн өөрийн төрсөн төөргөөрөө энэ амьдралд ямар ч байдалтай явж болно. Гэхдээ өөрт байгаа зовлонгоо бусдад үүрүүлж, өөрөө бухимдалтай бол бусдыг мөн бухимдалд оруулах ёсгүй гэдгийн тод жишээг энэ бүх байдал тод томруунаар харуулна. Алгын чинээ хир даахь болсон даавуунд боосон боодолтой юмнаас өөр өмчгүй мөртлөө бусад руу хараад баяр баясгалантай инээнэ. Манайхан ийм байдлыг хараад тэнэг маанагаар дуудах байх л даа, эсвэл цайрчихсан юм чинь гэж бас тайлбарлах л байх. Тийм биш юмаа. Бусдыгаа хүндэтгэж байгаагийн нэг хэлбэр, өөрийнхөө хувь заяатай эвлэрч, тэрнийхээ бурууг бусдад тохохгүй байх өөдрөг ухамсартайн илрэл. Нийгмийг нийгмийн бохирдлоос урьдчилан сэргийлж байгаагийн нэг хэлбэр юм. Тийм тайван орчинд өсөж торнисон болоод ч тэр үү, тэр ядуу зүдүү хүмүүсийг харж,  заримдаа хамт тоглож өссөн болоод ч тэр үү, хүнийг ялгаварлан гадуурхах, дугаарлах, дээрэнгүй байх энэ муухай зан чанарууд надад байхгүй. Бид уг нь гарал, үүсэл, нийгэмд эзлэх байр сууриараа эднийхээр бол дээд кастад орох ёстой юм. Энэтхэгийн кастын тогтолцоо нь хүний нийгмийн хөдөлмөр болон мөнгөний хуваарилалтыг зохицуулдаг тогтолцоо юм. Энэ нь нийгмийн байршил, оршилтын тогтолцоо, нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөх үйл явцын үндэс суурь байсаар ирсэн. Түүхээс аваад үзэхэд их сонин, үнэхээр л хүний нийгмийн зохицуулалтыг  хөдөлмөр эрхлэлтийнх нь хувьд хийх гэж зорьсон юм шиг. Энэ тогтолцоо Хинду шашинтанд л илүү байна. Өөр бусад шашин үүнийг дагадаггүй. Үндсэн дөрвөн кастаас бүрдэнэ. Брахман \Brahman\ буюу ном эрдмийн, Кшатра\Kshatra\  буюу төрийн үйлчилгээ, хууль, цэргийн эрдмийн, Вайшия\Vaishya\ буюу худалдаа, аж ахуйн, Шутра \Shutra\буюу аливаа ажлыг гүйцэтгэх чадвар дутмаг, ерөнхийдээ дээрх гурван кастын зарц гэж ойлгож болох. Ямар кастын гэр бүлд төрнө тийм хувь заяа түүнийг өөрөөс нь үл шалтгаалан хүлээнэ. Энэ тогтолцооны хамгийн харгис нь доод зэрэглэлийн каст дээшээ каст ахих боломжгүй. Үүгээрээ эдийн засгийн чадамж нь байнга хязгаарлагдана. Гэхдээ хүүхдийн ертөнцөд энэ ялгаа бол байгаагүй юм. Бид адилхан мод, шийдмээ бариад, хэл амаа ололцоод хөлсөө гаргаад хөөрөлдөн наадаж тоглож байлаа. Манай Сандагсүрэн гуайн хүү Гангамөрөн биднийг ирэхэд л тэр хавийн ядуу, баян хүүхдүүдтэй ижил үерхдэг байсан. Биднийг бүгдтэй нь танилцуулж, бид орой болгон талцан хуваагдаж их тоглодог байсан. Хүүхэд ахуй насны гэнэн цайлган сэтгэл, ертөнцийг зөвхөн өнгөтөөр, сайн сайхнаар харах гэгээлэг хонгорхон үе. Баян ч бай, ядуу ч бай аав, ээж юу авчирч өгнө тэрийг өмсөнө, тэрийг иднэ. Тэдэнд тэрний үнэ цэнэ огт хамаагүй, харин амттай эсэх нь хамаатай. Хүүхэд болгон амттанд дуртай. Дэлгүүрийн цонхны цаана байх үнэт эдлэлийг тэд харан зогсдоггүй, харин амттай юмыг хараад нүдээ жоотийлгон шүлсээ залгин харж зогсдог. Зарим нэгэн зураг байдаг байсан ядуу хүүхэдтэй тоглох юм бол бөөс халдана гээд л. Өдөр болгон шахуу л тоглодог байсан ямар нэгэн халдвар огт аваагүй шүү. Голдуу тэр хүүхдүүдтэй крикет юм уу, хөл бөмбөг хамт тоглодог байсан. Бид “Дэлхий булаах” тоглоом их тоглоно. Тэр нь шороон газар дээр дэлхий зурж байгаад энийг би эзлэнэ гээд хутгаар газар зоож, зоосон газраа зуран эзэгнэн авдаг байв. Бид тэр тоглоомыг тоглож байгаад би хөл рүүгээ атвертка шаачихаж билээ. Хүүхэд болгон гэнэт гайхаад хараад зогсчихсон. Би зоосон атвертка автал цус олгойдож гарч ирээд бөөн юм болж билээ. Унасан хүүхэд өөрөө уйлдаггүй, тэр өдрөөс хойш бүтэн сар доголж, дугуйгаа нэг хөлөөрөө жийж явсан. Одоо хүртэл тэр сорви байдаг юм. Гангаа маань их богинохон настай байж дээ, хөгжилтэй, сэргэлэн, сайн хүү байж билээ.

Энэтхэг орон, жагарын орон, бурханы орон. Тэр үед тэгж ярьдаг байж билээ. Бурхан шүтээнээ дээдэлж, биширч шүтэх бүрэн эрхтэй, төрийн сүлдэндээ мөргөн залбирч, төрөө дээдлэн, ардчилсан үзэл баримтлалыг Ази тивд жинхэнэ утгаар нь дэлгэрүүлсэн орон. Энэ оронд бүх юм байлаа. Амьдралын бүхий л үзэгдлийг үзэж болох тийм сонин гайхамшигтай орон. 1980 оны зургаадугаар сарын хорин гуравны өдөр бид эртлэн босоод Делигийн төвд шахуу байрлах Чаняка Пуригээс урд орших морин тойруулгын газар луу явлаа. Тэнд морин уралдаан хэрхэн явагддагийг үзэх, бас морь унах зорилгоор явав. Морин тойруулга надад их гоё, өөр санагдсан. Яагаад гэвэл бид улсынхаа их наадмаар монгол морины уралдааныг харахаар, морь хөлслөхөөр гэр бүлээрээ явдаг байсан. Гэтэл тэнд хүн болгон тусгай зориулалтын хувцастай, урт хар түрийтэй савхин гутал манайхаар бол хром, бие барьсан өмд, цамц, хатуулгатай саравчтай хар малгай шанаавчлан өмссөн байв. Тийм хувцасгүй бол морь унахыг зөвшөөрөхгүй. Морин тойруулга нь яг л кинон дээр гардаг шиг байв. Бид гурав морь унав. Манай морийг бодвол өндөр зэгзгэр, том морь байв. Морь унах хичээлд бас хамрагдаж болно гэв. Бид морин дэл дээр өссөн монгол хүн морь унах хичээл заалгахгүй гэж хэлээд заалгасангүй. Хөдөө морь унаж байсан болохоор гайгүй байлаа. Бид морь унаж явж байх тэр өдөр Шинэ Делигийн Савдаржан нисэх онгоцны буудлын ойролцоо Энэтхэгийн Ерөнхий Сайд Индира Гандигийн \Indira Priyadarshini Gаndhi\ бага хүү, зүй ёсны улс төрийн карьерийг нь залгамжлагч гэж үзэж, бодлогоор бэлтгэгдэж байсан Санжей Гандигийн\Sanjay Gandhi\ нисч явсан онгоц сүйрэх үед тэрээр толгойндоо хүнд гэмтэл авсны улмаас зуурдаар нас барж Энэтхэгийн ард түмэн, Энэтхэг улсад уй гашуу авчрав. Ялангуяа “Конгресс Ай \Congress I, Indian national congress party\” намын үзэл баримтлалыг дэмжигч сая сая дэмжигч, шүтэн бишрэгчдийн амьдралд цаашид итгэх итгэл үнэмшил ганхаж эхэлсэн юм. Надад ч маш аймшигтай санагдаж байлаа. Би хувь хүнийхээ хувьд “Конгресс Ай” намын үзэл баримтлалыг дэмжиж, Санжей Ганди Индира Гандиг залгамжлана, тэгээд Энэтхэг улс хурдан хөгжинө гэж итгэж байсан юм. Улс төрийн зорилгоор зохион байгуулалттайгаар хүний амь насыг хөнөөж болдог болохыг анх удаа хүмүүсээс сонсож гайхаж билээ.  

1980 оны зун Алтан Москва хотноо дэлхийн зуныхорин хоёрдугаар Олимп боллоо. Бид бүхэн хөөрөлдөж Монгол улсад Олимп болж байгаа юм шиг бахархаж, баярлаж байв. Алтан Москва бидэнд газар зүйн хувьд асар хол тэртээд орших мөрөөдлийн хот, эрдмийн их уурхай мэтээр дүрслэгддэг байсан хэдий ч бидний сэтгэл, зүрхэнд бол хамгийн ойр оршдог байж билээ. Москвагийн зуны Олимп долдугаар сарын арван еснөөс наймдугаар сарын гуравны хооронд болж тэр хугацаанд улс орон болгон чих тавин манайх ямар амжилт үзүүлэх нь вэ гэж зүрхэн дээрээ алгаа хавсран зурагт, радио, сонины мэдээг харна. Харамсалтай нь 1980 оны гуравдугаар сарын хорин нэгний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер \James Earl Carter Jr.\ Москвагийн зуны олимпод бойкот хийнэ гэдгээ албан ёсоор зарлаж,  улмаар олимпийн их гүрнүүд болох АНУ тэргүүтэй Канад, Япон, ХБНГУ, Өмнөд Солонгос зэрэг жаран таван улс орон бойкотлон оролцоогүй юм. Дэлхийн спортын одууд болох Америкийн болон Өрнөдийн тамирчид олимпод оролцож хурд хүч, ур чадвар, оюун ухаанаа сорин амжилт гаргаж чадаагүй нь тэдгээр тамирчдын хувьд асар их хохирол байсан юм. Энэ бол дахиад л дайны хар нөлөө байлаа. 1979 оны арван хоёрдугаар сарын хорин дөрвөнд ЗХУ Афганистанд Америкийн дэглэмийг тогтоохгүйн төлөө дайн хийв. Энэ бол хүйтэн дайны хамгийн том илрэл, Вьетнамд хийсэн Америкийн дайны нэгэн адил байлаа. АНУ өшөөгөө авч чадсан юм. Арван жил үргэлжилсэн Афганы дайнд арван таван мянган Зөвлөлтийн цэргүүд, охид, хөвгүүд амиа алдаж, хоёр сая гаруй Афганы энгийн ард түмэн үрэгдсэн.Москвагийн зуны олимпод Монгол улс чөлөөт бөх болон жүдогоор хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ нь манай улсын оролцсон тав дахь олимп байлаа.

Энэтхэгийн хувьд, тэр сайхан улсад амьдарч сурч, өсөж торниж байсан болохоор Энэтхэгийн тамирчдын ямар амжилт гаргах нь бидэнд бас чухал байлаа. Хүүхдүүд болсон хойно хэрэв Энэтхэгийн тамирчид манай тамирчидтай халз өрсөлдөөгүй л бол бид Энэтхэгийн талд орж байлаа.  БНЭУлс талбайн хоккейгээр нэг л алтан медаль авав. Олимпийн Мишка, тэр хөөрхөн бамбарууш хүүхэд бидний мөрөөдлийн бэлгэ тэмдэг болж, билээ. Удахгүй сургуулиа төгсөөд Алтан Москвад очиж сурах юмсан гэсэн мөрөөдөл маань улам бүр хүчтэй болж нэг хэсэг л их идэвхтэй хичээл номондоо шамдаж билээ. Сонин шүү, тэр үед гуравдагч оронд амьдарч байсан мөртлөө сургуулиа төгсөөд Америк, Япон эсвэл бусад капиталист оронд сурна гэж огт ярьдаггүй байсан юм. Тэгээд бодохоор үзэл суртлын хүмүүжил маш хүчтэй нөлөөлж, социалист орны хүүхдүүд зөвхөн социалист оронд л сурах ёстой гэсэн үзэл баримтлал хэн ч зааж өгөөгүй байхад яс маханд суусан байгаа юм. Хүүхэд нас нэг хөөрч, нэг үйл явдал нөгөөхөөр солигдвол мартагнаж, дээшээ, доошоо, дэгэн догон болж байдаг сэтгэлийн хөөрөлтэй, адтай бага нас. Монголоос ирсэн хүмүүс бидэнд яг Москвагаас авчирсан гээд “Мишка”-тай жижиг энгэрийн тэмдэг, ил захидал янз бүрийн хөөрхөн бэлэг дурсгалын зүйлсүүд өгдөг байв. Тэрүүгээр хэнд хэдэн ширхэг, хэнийх нь илүү гээд л хүүхдүүд хоорондоо бас өрсөлдөнө. Москвагийн олимпоос хойш есөн зуны Олимп болж, олимп болгон өөрийн онцлог бэлгэ тэмдэгтэй байсан ч  “Мишка” шиг тэгж миний сэтгэлд үлдсэн нь байхгүй билээ. Мишка миний хувьд энх тайван, шударга ёс, эв санааны нэгдэл хамгийн гол нь ихийг сурах эрдэм мэдлэгийн бэлгэ тэмдэг байсан юм. Аугаа их Орос оронд очиж Ленин багшийн “Сур сур бас дахин сур” гэсэн сургаалиар бид хүмүүжиж байсан болохоор, хэдийгээр гуравдагч, хөрөнгөтөн оронд өсөж хүмүүжсэн ч тэр л үзэл суртлаасаа хэзээ ч хазайгаагүй нь сонин юм шүү.

Эмээ минь тэр алс холын замыг туулан ирлээ. Бага залуу насандаа төрсөн нутгаасаа гараад Улсын нийслэл Улаанбаатар хотод ирж их хотын хөл хөгжөөн дунд амьдралын шинэ гараагаа эхэлж, бяцхан охин, хүү хоёрынхоо төлөө хатуу хүтүү бүхнийг хийж явсан миний эмээ аймгийн төв, Улсынхаа нийслэлээс өөр газар хөл тавьж үзээгүй билээ. Гэтэл эмээ минь тэр хол аян замыг туулан замдаа бас гадаадын хүмүүстэй хэл амаа зангаа дохиогоор ололцон, мэддэг хэдэн орос үгээ хэрэглэн, ганц хоёр англи үг цээжлэн, алжаасан шинжгүй хүрээд ирж билээ. Тэр үед тоотой цөөхөн Монголчууд гадаад руу явдаг байж. Тэр тусмаа гуравдагч, хөрөнгөтөн орон руу хөл тавих нь өдрийн од шиг маш ховор байсан үе. Энэтхэгт лав эмээгээс минь өмнө элчингийнхний айлуудаас аав, ээж нь ирж байсан түүх байхгүй байсан юм билээ. Аав минь зоригтой эмээг урьж, бас олон улсын байгууллагын буян байсан байх, эмээ минь ирсэн. Хожим эмээ минь “НҮБ” гээд л их бахархан ярьдаг байж билээ. Аргагүй шүү дээ тэр үед АНУ-ын Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байгууллагад БНМАУ-ын Байнгын төлөөлөгчийн газар, Швейцарын Холбооны Улсын Женев дахь НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан байнгын төлөөлөгч болон дипломат ажилтнуудаас өөр НҮБ-ын нэр хаягийг зүүж байсан хүн байхгүй байсан. Аав минь анх удаа Монгол Улсаас НҮБ-д нэгдсэн үндэстний үндсэн ажилтнаар томилогдон ажилласан анхны монгол хүн байв. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын цэнхэр паспортыг өвөртөлсөн анхны монгол байлаа. Энэ бол үр хүүхдүүд бидний төдийгүй Монголчууд бидний бахархал байв. Спортоор бол манай тамирчид олимпын аварга болсонтой адил. Зуун ерэн гурван орны өндөр мэргэжил эзэмшсэн, эрдэмтэн, доктор, профессоруудын дундаас оюуны том олимпод өрсөлдөн Монгол ялж олимпын аваргатай боллоо гэдэгтэй агуулга нэг байлаа. Төрийн соёрхолт яруу найрагч Шаравын Сүрэнжав наяад оны сүүлчээр аавын минь талаар дурсаж байхдаа “Тэрбээр далай ламын нэн шадар Гүрдаваа лам лугаа ойр хамт байж, Жанрайсагийн хувилгаан Данзанжамцын мутраас мөнгөн оосортой бурхан хүзүүндээ залж, Массури уулын оройгоос ертөнцийн төв сүмбэр уул Хималайг тольдож, Женевт чуулж, Сингапур, Балба, Гонконгийг сүлжин дэлхийн нэр цуутай хотуудаар чөлөөтэй хүүрнэн алхаж явахын хувь заяаг эдлэхийн одонд төрсөн нэгэн билээ. Бага залуугаас сурсан хэл, соёл, төрөлхийн нөхөрсөг  сайхан төлөв, монголын төлөө цохилох эх орончийн чин халуун зүрх нь түүнийг ийнхүү буян заяаны  замд хөтөлжээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь Монгол хүн тив дэлхийн улс орнуудад маш ховорхон явж байсныг илтгэж байна. Тийм шүү, хэдэн социалист орноос өөр бусад орон руу явдаггүй байсан үе. Тэдгээр орон руу ч цөөхөн явна.

Эмээ минь гүйлгээ ухаан сайтай, ой санамж гэж гайхамшигтай, сэргэлэн, жаран настай гэхэд ануухан сайхан ч байж. Жаран настай байхдаа  миний эмээ тавин кг жинтэй, ав хар долгиотсон үстэй, нэг ч буурал үсгүй, нүүрэндээ оо энгэсэг тавьж байгаагүй, нүүр арьсаа огт арчилж байгаагүй гэхэд бараг үрчлээ нүүрэн дээр нь байдаггүй байв. Эмээ өөрийн гараар шарж бэлдсэн монгол хонины мах, айраг, хольсон тос, өрөм, ааруул, ер нь авчраагүй юм байхгүй. Тэр олон хил гаалийг даваад замдаа хүмүүстэй найз нөхөд болоод аваад ирсэн байгаа юм даа. Бид нар бөөн баяр болов. Хамгийн их ажил хийж, ар гэр биднийгээ авч яваа хүн гээд эмээ аавд минь сүүл, өвчүү гээд л авчирсан байлаа. Өвөө аавын минь маш хуучны, өөрөө амьд сэрүүн байхдаа байнга хоол иддэг байсан модны үндсийг зорж хийсэн хорин см-ийн диаметртэй том модон аяга байсныг цалин цагаан мөнгөөр бүтэн бүрүүлэн аавд минь бэлэглэв. Тэр үед тийм том аяга их ховор байсан. Аав минь өдөр болгон тэр мөнгөн аягандаа хоол цайгаа иддэг болов. Бидний гар хүргүүлэхгүй, угаалгахгүй, өөрөө л цэвэрлэж арчилна. Хожим Оч бид хоёрыг хуримаа хийхэд аав ганц охиныхоо хань, өөрийн хүүгээс өөрцгүй гээд Очид минь цагаан сүүг мэлтэлзүүлэн хийж тэр аягаа барьсан билээ. Оч тэр мөнгөн аягандаа хоол цайгаа байнга ууж иднэ. Би маш их бэлгэшээдэг юм, өвөө, эмээгээс минь ёстой жинхэнэ өвлөж ирсэн үнэтэй, юугаар ч сольшгүй, үнэлэшгүй эд гээд дээдэлнэ, хамгаална. Эмээд минь бидний амьдрал, амьдарч байгаа орчин их сонин, шинэлэг байв. Өвөл байсан учир эмээ минь халууцах нь гайгүй байв. Орой болгон эмээгийнхээ өвөрт унтах гэж Пүжи бид хоёр булаацалддаг байв. Эмээгээ гэрт байгаа гэж бодохоос гэртээ яарч ирдэг байв. Би лав эмээдээ тийм хайртай байсан. Тэгэхээр миний том охин Маралгуаг миний аав, ээж өсгөсөн, охин маань эмээ, өвөөдөө бас л тийм их хайртай байхдаа гэж заримдаа боддог юм. Эмээгээ аваад бид “Таж махал” үзэхээр явав. 

“Шаха Жаханы  өнчин зүрх

Сайхан Мумтазын өнийн сүнс

Ямуна мөрний хөнгөн бидэр

Янаг зүрхний хөшөө дурсгал

Моголын хааны эрдэнийн ганжир

Монгол угсааны эрдмийн увдис

Есөн Эрдмийн Таж махал

Ертөнцөд уран Таж Магнаг”         

Төрийн соёрхолт яруу найрагч Ш. Сүрэнжав ийнхүү уянгалан шүлэглэсэн байдаг. Ертөнцийн долоон гайхамшгийн нэг, үнэнч хайрын аугаа бүтээл, тэнгэрт цоройлох цагаан гантиг харшийг бид зорин явлаа. Арван нэгэн сар Монгол хүнд цаг агаарын хувьд их таарамжтай, тааламжтай сар. Бид өглөө үүр цайж эхлээгүй байхад, таван цагт машиндаа суугаад хөдөллөө. Урд шөнө нь ээж бүх юмаа жин тан бэлдчихсэн тул өглөө босоод л хүн бүр өөрсдийгөө л аваад явах үүрэг ноогдов. Замдаа идэх жаал зугаа зүйл бэлдээд сагсанд хийчихсэн, зам зуур уух ундаа, амттан гээд явдал дунд хэрэглэх зүйлсээ ойрхон авлаа. Өглөө дөрвөн цагт босон юмаа бэлдэж гараад, замд явж байхад үүр  цайж эхэлдэгсэн. Үүрийн таван жингээр холын замд гаран машиныхаа цонхоор үүр цайхыг ажиглан, эргэн тойрныг харж, дотор нь байгаа юм шиг мэдрэн явах надад хамгийн гоё мэдрэмж... Одоо ч хэрнээ, би үүрээр л гарах дуртай. Энэ удаад бид их баяртай байлаа. Яагаад гэвэл эмээтэйгээ хамт явж байгаа гэж бодохоос. Аав жолоогоо бариад, ээж хажууд нь суугаад, арын суудал дээр би, Пүжи, Жамул, эмээ бид дөрөв элбэг багтаж явлаа. Агра явах зам их бөглөөтэй, эрт л гарахгүй бол машин, хүн тэрэг, морин тэрэг, үхэр тэрэг, заан тэрэг, тэмээн хөсөг гээд  бүх л байж болох унаанууд явган хүнтэйгээ хамт хахчихна. Үнэхээр сонирхолтой бөгөөд замд ундрах хүний амьдралыг цонхоор ажиглаад явахад ямар ч кино үзсэнээс илүү. Замын уулзвар дээр бөглөрөөд түр зогсох л юм бол гуйлга гуйсан хүүхдүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүс шавчихна. “Багшис багшис” гээд л. Бид аль болохоор нүүр өгөхгүй байхыг бодно. Нэг л нүүр өгөөд, нэгэнд нь мөнгө өгчих юм бол хаанаас гарч ирдэг юм бэ бүү мэд шоргоолж шиг шавчихна. Тоохгүй байвал хэсэг зогсож байгаад яваад өгнө. Зарим нэг нь юу ч аваагүй дээ уурлана. Хөөрхий дөө, би бол хараад л байнга өрөвдөж явдаг байж билээ. Ингэж явах нь эдний буруу биш шүү дээ гэж бодно. Буруугаасаа болсон нэгэн нь байдаг л байх. Гэхдээ касстын хатуу тогтолцоотой энэ оронд “Эзэн нь хэчнээн хичээсэн ч заяа нь тогтоогдсон” тийм л заяатай, хувь тавилантай төрсөн бол тэрүүгээрээ дуусдаг гэдэг нь бараг үнэн юм байна лээ. Хичнээн царайлаг, хичнээн ухаантай төрөөд нэмэр байхгүй хорвоо. Гэтэл “Эзэн хичээвэл заяа нь хичээдэг” сайхан эх орондоо өөрсдөө хичээхгүй байж арчаагүй амьдарч, тэр лайгаа бусдад үүрүүлж буй хүмүүс надад дэндүү гамшигтай санагддаг байв.

“Жаргал даахгүйн зовлон

 Зовлон туулахаас ч уршигтай”   Миний аав З. Жадамба “Ухааны есөн цацал”

Юутай үнэн үг вэ. Хүн өөрөө амь бөхтэй амьтан болохоор ямар ч зовлонг туулж чаддаг, зовлонгоо хэчнээн мэдэрсэн ч мартаж чаддаг, харин жаргалаа дааж чаддаггүй, жаргаж байгаагаа мэдэрдэггүй, сэтгэлийн жолоогоо зовлонгийн зүг залан, зовсны дараа жаргал байж гэдгийг ойлгодог байна. Төлөв түвшин хүн болж өсөж торниход гэр бүлийн тогтвортой сайхан байдал, эцэг эхийн үлгэр дуурайл, бага наснаас ерөнхий боловсролын сургуульд олж авах амьдралын талаарх  суурь мэдлэг, бусад хүмүүсийн туулсан амьдралын замнал, амьдралын ухаанд суралцах маш чухал юм. Түүнээс биш сургуульд заадаг суурь шинжлэх ухааны хичээл дээр хэчнээн сайн дүн авснаар амьдралын ухаанд бүрэн суралцдаггүй. Гэхдээ энэ нь ерөнхий мэдлэгийн хичээлдээ муу байгаад амьдралын ухаанд суралцахад болно гэсэн үг биш шүү дээ. Олж авсан тэр мэдлэгийг амьдралын ухаанаар баяжуулж, амьдралд зөв хэрэглэж, үр дүн нь амьдрал дээр сайнаар гарахыг л амьдралын ухаанд суралцана, амьдралаа авч явах чадварт суралцана гэж ойлгож байна. Суурь шинжлэх ухааныг ойлгохгүйгээр амьдралын ухааныг бас ойлгохгүй юм.  Хүн бүр л маш сайн хичээх хэрэгтэй. Бусдыг маш сайн, тэвчээртэй сонсож сурах хэрэгтэй. Тухайн үед хэрэггүй мэт санагдсан ч мэддэг, ойлгомжтой юм ярьж байгаа мэт санагдсан ч, сургаж заах гээд байгаа мэт бодогдсон ч чив чимээгүй дуустал нь сонсож чадах тийм тэвчээр, ухаан гаргах чадвартай байх хэрэгтэй. Чадахгүй мэт санагдвал тухайн үед өөртөө хэлж чаддаг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал өөрийгөө ялж, удирдаж чадаж байгаагийн нэг том илэрхийлэл, гол шинж. Би ч бас тэгж чадахгүй байсан. Гэхдээ үүнийг ойлготол, ухаартал надаас хэдий хугацаа шаардагдсан тэр хугацаа үр хүүхдүүд, та нарт минь богино байгаасай гэж хүсэх үүднээс, “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” хэмээх сургаал үгийг ахин дахин санан, сануулж байгаа минь энэ. Сонслоо гээд юу ч өөрөөс чинь унахгүй шүү дээ. Дараа нь харин ухаарлыг авчирна, хэрэгтэй цагт сонсож байсан үгүүд хэрэг болно, заавал шүү. Авах гээхийн  мэргэн ухааныг гарга. Энэ бол ухааны эгэл шүүлтүүр.  Үр хүүхдүүддээ үүнийг л захинам. Би ч бас хичээж ирсэн цаашид ч хичээх болно. Холливудын хийсэн Энэтхэгийн жүжигчид тоглосон “Slumdog millionaire” кино Оскарын шагнал хүртсэн. Үзээгүй хүн бараг байхгүй байх. Тэр кинонд тэр бяцхан ядуу хүү өдөр тутмын амьдралдаа няхуур хандаж, бүгдийг сонсож, анхааралтай байж, амьдралын ухаанд суралцсан нь түүнийг тэр тэмцээнд ялж саятан болгоход хүргэдэг шүү дээ. Киног үзэхдээ хүртэл ихийг сурч, ухаарлыг олж байх хэрэгтэй. Хүн бүх амьдралаараа сурсаар байгаад, өөрөөр хэлбэл алдахгүйн төлөө сурсаар байгаад дуусдаг жамтай хойно.

Зам маань урт, цааш үргэлжилнэ. Эрт, үүрээр гарсан учир зам сийрэг, өглөөний цэнгэг агаар нараар гэрэлтэж нарийн нарийн туяаг цацруулна. Энэ нь нэг л сэтгэлд хөнгөн баясалтай. Нар гэдэг агуу, нар байхгүй байсан бол амьдрал байхгүй гэж бодохоос айна. Нар луу нүдээ жоотийлгон байж хараад “Нар минь надад энэ их эрч хүч, илчнээсээ хайрлаач, надад сайн хүн болох замыг минь гэрэлтүүлж өгөөч” гэж гуйна. Би ер нь нарнаас их гуйдаг юм байна. Тухайн наснаасаа хамаараад гуйх юмны минь утга, агуулга нь гүнзгийрч байдаг байв. Гэхдээ эд хөрөнгө, эрүүл мэндийг гуйж байсангүй. Дандаа эрч хүчийг, эрдэм ухаарлыг гуйж байсан байх юм. Делигээс Агра хот хүртэл дөрвөн цаг гаруй явна, замын түгжрэлээс бас хамаарна. Бид замдаа зогсож жаахан юм идэв. Агаар нь нэг л цэнгэг, сайхан. Их л гоё мэдрэмж төрж байсан санагдаж байна. Сэтгэл баяр хөөртэй. Эргэн тойрон тариан талбай шаргалтана. Энд тэнд үхэр мал, намхан урц, навсайсан байшин, ноорхой хувцастай халтар, үс нь сэгсийсэн хүүхдүүд, нүүрээ мөлчийтөл нь угааж үсээ самнасан бас хүүхдүүд, сахал үсэндээ баригдсан цагаан байсан болов уу гэхээс өөрцгүй өнгөтэй болсон ноорхой даавуун орхимжтой эрэгтэй настай хүмүүс, хичнээн ядуу ч түмпэн саваа нүүр харагдтал зүлгэж байгаа гэрийн эзэгтэй нар, олон хоног холын замд тээвэр зөөж, машин нь эвдрээд машиныхаа доор хэвтэж янзалж буй угаасаа хар царайтай түүн дээрээсээ тоос шороотой холилдсон эрчүүд, өөх махандаа баригдан хөдөлж чадахгүй, хүүхдээр дэвүүр бариулан сэвүүлж буй тэр хар бор, бидний нүдээр бол увайгүй ядуу амьдралдаа ямбалж буй авгайчууд, жижигхэн тэргэн дээр өөрийгөө хүлж дөрвөн мөчгүй, их биенээс өөрцгүй болсон тахир дутуу хүн, өнгийн саригаар бөгсөн биеэ ороож, байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ гайхуулан толгой дээрээ зэсэн домбо тавин бэлхүүсэн биеэ намбалаг хөдөлгөн алхаж буй үзэсгэлэн гоо охид энэ бүгд нүдний өмнө тодхон зурайна. Тэгсэн мөртлөө тийм муухай, ядуу зүдүүг илэрхийлэхгүй байв. Хүн бүр завгүй, хүн бүр өглөөг угтаж байв. Харин тэд гуйлга гуйхгүй байлаа. Зам дээр гуйлга гуйдаг хүмүүсээс огт ялгаа байхгүй мэт гадна байдлаасаа харагдаж байгаа боловч гуйлга гуйхгүй байлаа. Биднийг анзаарч сониучилж харах ч зав, сонирхол бага байгаа нь харагдаж байлаа. Тэд өөрийнхөөрөө жаргалтай, зорилготой ...  Би сайн санаж байна. Харин энэ бүгд өөрийн өнгө аястай, аятай мэт санагдаж байлаа. Өөрийн эрхгүй тэр амьдралыг хайрлах, чадал хүрдэгсэн бол хамгаалах л сэтгэл төрж, сэтгэл минь уярч байсан юм. Амьд бурханы орон, Энэтхэг орны үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх үлгэр, домог шиг амьдралын дүр зургийг үүрийн гэгээнээр харж, ажиж, мэдэрч, хайрлаж явахдаа үүрээр төрсөн анхны тэр л мэдрэмжээрээ би төсөөлөн бодсон хэвээр. Хүнд тустай амьдрах юмсан...

Эмээ минь мааниа уншиж явлаа, нүд хальтрам дүр зургийг харж явахдаа, Монголчууд бид ямар их хувь заяатай хүмүүс вэ, тал дүүрэн бэлчих буянтай сайхан мал минь Монголчууд бидний амыг тосдож, өвөг дээдсээс хайрлаж хамгаалж ирсэн онгон, догшин газар шороо минь хичнээн их эрх чөлөө, баялгийг бидэнд өгнө вэ. Уужуу тайван, цээж дүүрэн амьсгалах тэнүүн сайхан тал нутаг, энд тэндгүй мушгиралдан урсах цэнгэг, тунгалаг гол горхи нь хүмүүн бидэндээ рашаан болсон ундаа, од болгоныг тоолж болох хаа ч байхгүй гүн хөх цэлмэг тэнгэр, мал нь хүртэл хоёр зуугаас таван зуун төрлийн ургамал ногоог сонгож, шилж иддэг үр өгөөжтэй баялаг хөрс, тэнгэр өөд цоройлон дүнсийх Монгол түмний аугаа түүхийн гэрч болсон сүрлэг уулс, нэгэн цагт Далай ламын ордны тавилгыг зөвхөн Монголын ойгоос унагасан модоор хийж байсан түүхтэй саглагар сайхан ой мод, талд цацсан сувдан шигтгээ шиг монгол гэр, нарийн цэнгэг хоолойгоор гийнгоолох хүүхдийн цангинасан дуу, талыг хөглөх уртын сайхан дуу, морин дэл дээгүүр дэвэх хүдэр Монгол эрс, гал өрдөн цайгаа чанах, хөдөлгөөн, үйлдэл болгондоо Монгол зан заншил, ёс жудаг, эх оронч үзлийг шингээж үгээр биш үйлдлээрээ үлгэр дуурайл болон үр хүүхдээ хүмүүжүүлдэг ухаалаг, Монгол хатдын үргэлжлэл охид, гэрийн эзэгтэй нар, уран байгалийн цэвэр бүтээл уян наалинхай, хацар гоо охидоороо бахархан харьцуулж явсан байх. Эдгээр дүрслэл бол хамгийн түрүүнд бидний ой тоонд байдаг байсан өнө мөнхийн  бахархал. Хөдөө нутгийн нэгэн өглөөг ийм л байдлаар дүрсэлнэ. Агра явах замд, яг тэр үед, зам дээр харагдаж байсан хөдөөгийн амьдралаас ялгаатай дүр зураг. Гэрэлтэй гэгээтэй амьдралын хажуугаар харанхуй, зовлонтой амьдрал байсан байлгүй яахав. Өнчин өрөөсөн, өвчин эмгэгтэй, ядуу зүдүү амьдрал, хоосон, өлсгөлөн, даарч хөрөхийн зовлон энэ бүгд байсан. Нүд хальтрам амьдралтай айл байдаг байсан. Хүний амьдрал л хойно жаргалтай зовлонтой, хүний нийгэм л хойно сайнтай муутай. Гэхдээ тухайн үед байсан тогтолцоо хүн болгоныг ядуу хоосон гэлтгүй үнэ төлбөргүй сургуульд явуулж, малчин сэхээтний хүүхэд гэж ялгалгүй тэнцэж л чадах юм бол дээд мэргэжил эзэмшиж, дотооддоо болон гадаадад суралцаж нийгмийн гарал үүслээ өөрчлөх боломж, эрх нь тэгш байсан юм. Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, ажил хийж байсан бол тэтгэвэр тэтгэмжид хамрагдаж, үр хүүхэдтэй өнөр өтгөн болсныхоо хэрээр гавьяагаа эдлэж, түүгээрээ бахархах, хувийн өмчгүй ч гэсэн хийснээрээ авсан нь тухайн үедээ хүрэлцээтэй байсан мянга есөн зуун наян он. Авдаг, иддэг, хэрэглэдэг юм нь ч тоотой цөөхөн байсан даа. Одоо тэр л олон хүүхэдтэй ядуу зүдүү амьдралтай гэж байсан айлын үр хүүхдүүд толгой цохих баячууд болж, хангалуун сайхан амьдарч байгаа нь олон. Тэр үед хангалуун сайхан амьдарч байсан хүмүүсийн үр сад ядуугийн туйлд орж ядарсан нь ч бас цөөнгүй. Эмээ минь бишрэх, шүтэх эрхийг боогдуулсан тэр үед хэнд ч захирагдахгүй нутгийн номтой хөгшчүүл дээр очиж, бурхан номын дуу сонсож, угийн ой санамж сайтай хүн болохоор бага залуудаа нэлээн олон бурханы номыг цээжилсэн байв. Эмээ минь цээжээр олон ном мэддэг, надад зааж би цээжлэхгүй болохоор бичиж авна. Эмээ одоогийн хүүхдүүд юм цээжлэхгүй гэдэг байсансан. Нэг аравны дөрвөн см-ийн диаметртэй модон эрхийг найман мм-ийн диаметртэй болтол нь элэгдүүлж маань эргүүлж уншсан байна билээ. Энэ бол нэг л эрхи нь шүү дээ Эмээ минь гурван эрхитэй байсан. Нэг нь сая ярьдаг модон эрхи, нөгөөх нь Жамул хожим Африкаас эмээд авчирч өгсөн хүний гавлын ясаар хийсэн эрхи, үнэн бишийг сайн мэдэхгүй, нөгөөдөх нь шүрэн эрих. Модон эрхиний дунд маанийн ном уншсан тоогоороо тэмдэглэгээ хийдэг оюун чулуу, шүр байдаг байв. Тэр оюу болон шүр нэг аравны зургаа орчим см-ийн диаметртэй. Тэр чулуунууд нэлээн жижгэрч элэгдэн нэг аравны хоёр мм-ийн хэмжээтэй болсон байна лээ. Энэ нь миний эмээ хэчнээн жива маань уншиж тэр чулууг элэгдүүлсний нотолгоо юм уу даа. Миний мэргэжлийн онцлог юм уу, ер нь би юмыг байнга хэмжиж, харьцуулж дүгнэлт хийж, тодорхой тоогоор ярьдаг зантай.

Бид Таж Махалын наана байрлах, дээр үед цэргийн хуаран байрлаж байсан “Рэд форд” дээр ирлээ. Тэнд Шах Жахан амьсгал хураахаасаа өмнө хоригдож, босч чадахгүй байхдаа ойр байгаа нэг баганад толины хэлтэрхийг тогтоон Таж Махалын дүрийг харж байгаад амьсгал хураасан гэдэг. Яг тэр газар нь очив. Мөн тэндээс Ямуна мөрний нөгөө эрэгт цагаан гантиг Таж Махалын усанд тусах тусгал мэт харагдахаар яг ижилхэн хар гантиг Таж Махалыг барьж эхлэх гэж байсан суурь харагдана. Хамгийн бага хүү нь эцгийнхээ энэхүү үйлдлийн эсрэг байж, барьж хорьсон билээ.  Гэтэл хайрт ээж нь энэ л хүүгээ төрүүлэх гэж байж алтан амиа алдаж,  хайрт хань, бяцхан үрсээ өнчрүүлэн тэнгэрт одсон. Амандаа хүлхэх нь холгүй байж өсгөсөн отгон хүү нь эцгээ барин хорьж эцсийн замд нь үдсэн. Ингээд бодохоор “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг юутай үнэн юм бэ гэж халагламаар санагдавч,  зөвхөн өөрийн эцэг эхийн хүслээс гадна улс орны том эрх ашиг, ард түмний амгалан тайван байдлыг урьдал болгон эрхэмлэсэн эх орончийн, удирдагчийн үзэл баримтлалыг хүндэтгэхээс бас аргагүй мэт. Гэхдээ л хайрт аав нь хичнээн их гомдож байсан болоо гэж бодохоос өөрийн эрхгүй аавыгаа санаж хайрлана. Яг тэр байран дээр нь хэвтээд баганад наасан жижигхэн толины хэлтэрхий рүү харахад үнэхээр Таж Махалын тусгал харагддаг юм билээ. Тэндээс бид Таж Махал руу явлаа. Гадна хашааны хаалгаар орж ирээд хартал газар дээр биш тэнгэрт барьсан мэт үзэсгэлэнт Таж Махал зэрэглээтэн харагдана. Үнэхээр гайхамшиг. Ямар гоё юм бэ? Аугаа хайр байж л ийм гайхамшигт бодит бүтээл болон туурвигдах байх.

Би энд аавынхаа “Таж Махал” дуулийн эхлэлийг бичихгүй байж чадсангүй.

“Хөрст дэлхий сумын зэвэнд

Хөндлөн гулдгүй нэвт сийчүүлж

Шарх нь аниагүй орчлон хорвоо

Шархтсан барс шиг архирч байлаа

Тив гүрэн монгол гутлын

Тэхийн эвэр шиг ээтэн хоншоорт

Өвдөг сөхрөн мөргөж

Өндийх тэнхэлгүй гэншиж байлаа

Эзэн Чингис аль хэдийнээ

Эх нутгийнхаа алтан хөрсөнд

Мөнх бусын үнэнийг үзүүлж

Мөнхийн цэвдэгт нойрссон авч

Алдар сүр нь амьдаараа

Аюумшигт зарлиг нь мөнхөөрөө

Ази Европыг бүхлээр нь

Атгасан гар шигээ зангидаж

Ээж нь хүүгээ уйлагнахад

Эзэн Чингис ирнэ шүү чимээгүй гэж

Улирах зууны ясанд хадтал

Уйлан хайлан бүүвэйлж байлаа

Хөх Монголын догшин хар цус

Хөвчин дэлхийн судсанд үерлэж

Удам залгасан их хаадынх нь

Уран гоолиг охид хатдын

Алтан хэвлийд Бөртэ Чонын хүйс

Агшин лугшин гүрэлзэж байлаа

Монгол цустайгаараа

Ихэс дээдэс омгорхож

Монгол хэмээх нэгэн нэр

Эрхэс тэнгэрт цуурайтаж байсан

Арван зургаадугаар зууны дунд үест

Авидийн гэгээн саатан залардаг

Арилсан бурхадын Энэтхэг оронд.....  энэ л гайхамшигт хайр сэтгэлийн үнэн бөгөөд гунигт түүх болсон юм. Аавын минь бичсэн “Таж Махалын дууль”-ийг уншихыг чин сэтгэлээсээ зөвлөж байна. Ариун хайрын үнэн түүхийг тэндээс л Та нар мэдэх болно.

Акбар хааны ач, Жахингирийн хүү Могулын их хаан Монгол цусны нэгээхэн дусал Шах Жахан саран ичээд нүүрээ бууруулдаг сайхан төрсөн Аржуманд Бануг, хожмын Мумтаз хатныг Агра хотын ихэс дээдсийн цуглардаг Нима зах дээр олж хараад, өөрийн эрхгүй сэтгэл алдран өдрийн бодол,  шөнийн зүүд болон байж өөрийн болгож авсан гэдэг. Тэр л мөчөөс хойш Мумтаз ариун бие, хувиршгүй сэтгэлээ эр нөхөртөө зориулж, дайны талбар, энхийн цагт хурам ч холдолгүй хажууд нь байж, журамт гэргий, элбэрэлт хань нь,  хайр сэтгэлийн баталгаа болсон арван гурван үрийг нь тээж, амьд үлдсэн долоон үрээ хайрлан энхрийлж,  арван есөн жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Хамгийн отгон хүүгээ төрүүлж байх мөчид амь тавин өвдөж байхдаа ч хайрт хань руугаа тэмүүлэн баруун чихэнд нь ганцхан үг шивнээд газар дэлхийгээс үүрд хальсан гэдэг. Хайртай хатныхаа сүүлийн шивнээ, сэтгэлийн хүслийг биелүүлж хорин жил урлан бүтээсэн, газарт бус тэнгэрт сүндэрлэн харагдах цагаан гантиг харшийг нэг ширхэг хадаас оруулалгүйгээр ур ухаан заран босгосон билээ. Нүдээр үзэж гараар тэмтрэн байхдаа хүн ийм гайхамшгийг туурвиж чаддаг байх нь ээ гэж бодогдоно. Сарнай цэцгийн дэлбээ болгоныг шигтгэн хийхдээ, дэлбээ болгонд халуун хайрын үгийг шивнэсэн байж таараа. Акбар хааны бунхан дээр байсан атгын дайтай очир алмаз эрдэнэ байсныг алдсан талаар хөтлөгч ярьж байлаа. Хамгийн гол нь Таж Махалын дөрвөн багана ямар нэгэн байдлаар унахад хүрвэл дотогшоо бус гадагшаа унахаар, хэмжээ нь хаанаас ч харсан нэг хэмжээтэй харагдахаар нарийн тооцоолж, урлан хийсэн. 

Таж Махалыг үзэн биширч, нэг хэсэг арван зургаадугаар зуунд эргэн орох шиг болов. Таж Махалын өмнө байдаг усан оргилуурын өмнө бүгдээрээ зургаа авахуулаад,  дахин нэг эргэн харж сайн цээжилж аваад бид тэндээс гарав. Би буцах замдаа машиныхаа цонхоор гадаах ертөнцийг ширтэн харж байгаа мөртлөө нүдэнд минь юу ч үзэгдэхгүй, харин тэр гоё хайрыг нүдэндээ харж, тийм л хайр надад ирэх болов уу гэж мөрөөдөн, бас ургуулан бодож явлаа. Замын турш аав, ээж, эмээ юм яриад л  явав.  Харин би тэр бүгдийг сонсохгүй, мэдрэхгүй явлаа. Би өөрийнхөөрөө жаргалтай байлаа.  Арван гурван нас гэдэг шилжилтийн нас эхэлж буй эгзэгтэй нас, бага нас ч бас биш юмаа.

Бид хичээлдээ яваад, олон янзын хичээл нэмэгдээд нэг бодлын сонирхолтой нэг бодлын хүнд болж байв. Манай анги даасан багшийг Маргарита Викторовна гэдэг тооны багш, хатуу чанга мөртлөө хүүхдүүд бидэнтэй их дотно харьцдаг байв. Бид багшдаа их итгэнэ, тохиолдсон бүх л юмаа ярьж хуваалцана. Манай ангийнхан тоондоо жигд сайн байсан. Багш ч бидэнд маш их давтлага өгдөг байсан. Тооны ухааныг анхнаас нь үндэс сууриар нь ойлгохгүй бол цаашид томъёо цээжлээд ч ойлгохгүй гэж хэлдэг байж билээ. Санамсаргүй алдаа гаргавал толгой руу дунд хуруугаараа тоншдогсон. Тэр нь хорлонтой өвтгөнө. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд их тоншуулдаг учир хөдлөнгүүт нь дальдчина. Нэг өдөр, арван хоёрдугаар сарын есөн шиг санагдаж байна, сургуульдаа өглөө ирсэн чинь том ангийн хүүхдүүд бөөгнөрөөд л бөөн юм яриад нэг л бишээ. Бид гайхаад, нэг нэгнээсээ асуулаа. Манай ангид Оросын элчин зөвлөхийн хүү Дима Семиволос гэж их эрх дархтай, том ангийн хүүхдүүдтэй байнга нийлдэг, өөрөө ч их нийтэч хүүхэд байдаг байсан юм. Тэр бидэнд “Битлз” хамтлагийн дуучин Жон Леннон \John Winston Ono Lennon\ гэрийнхээ гадаа буудуулан нас барсан гэж хэлэв. Энэ үйл явдал нь АНУ-ын Нью Йорк хотноо болсон, Марк Дэвид Чэпмэн \Mark David Chapman\гэж хүн буудсан байв. Хамгийн сонирхолтой нь Дэвид Ленноны жинхэнэ шүтэн бишрэгч нь байсан бөгөөд түүнд их атаархдаг, түүнийг алж, өөрөө нэрд гарахын тулд ийм үйлдэл хийсэн юм билээ. Тэрээр хэлэхдээ “Ийм нэртэй хүн цаашид амьдрах ёсгүй” гэж хэлсэн гэж ярьдаг байв. Дэвидэд бүх насаар хорих ял өгсөн бөгөөд 2012 онд өршөөл гуйсан боловч хүлээж аваагүй, одоо хүртэл шоронд байгаа билээ. Энэ үйл явдал бидний хувьд бас нэг том цохилт  болов. Тэр үед Монголд Битлзийн дууг сонсох боломж байхгүй, Европын социалист орнууд БНАГУ, Чехословак, Югослав зэрэг улсад сурч байсан оюутнууд пянз авчирч сонсуулна, эсвэл дамын үнээр авч сонсдог байсан үе. Барууны үзэл суртлыг дэлгэрүүлэх хориотой, тиймэрхүү наймаа хийсэн хүнийг дамын наймаа, контрбандист гэж нэрлэн эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан үе. Саяхан оросын нэг кино үзэж билээ. Тэр кинон дээр оросын “форцавшик”-уудын тухай өгүүлдэг юм. Тэндээс нэг зүйлийг олж авсан нь “форца” гэдэг үг нь “for sale” буюу бидний одоогийнхоор “хямдрал” гэсэн үгнээс гарсан юм билээ. Тэр үеийн оросын дипломатууд гадаадын “хямдрал”-тай дэлгүүрүүдээс бараа оруулж ирээд зарахдаа “for sale” гэсэн хямдралтай дэлгүүрээс бараагаа худалдаж аваад, түүнийгээ зөв хэлж чадахгүй  “форца” гэж хэлж тэр барааг зарж байгаа хүмүүсийг “форцавшик” гэж нэрлэдэг болсон юм билээ.  Харин Энэтхэгт сурч, амьдарч байсан бидний хувьд бол чөлөөт нийгэм байсан тул бид юу дуртайгаа сонсож байсан. Битлз бидний шүтэн биширдэг хамтлаг, бид бүгд хөгшин залуугүй бишрэн шүтэгчид нь байсан. Тэр өдөр том ангийн хүүхдүүд хичээлээ хийгээгүй юмдаг. Багш нар ч хүндэтгэн үзэж, шилжилтийн хэцүү үедээ явж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг ойлгож хүүхдүүддээ итгэл үнэмшил авахын тулд сургуулийн захиргаанаас албадан хичээлд суулгалгүй харин чөлөөт сэдвээр ярилцуулан, нэг ёсны харж үзэж билээ. Манай анги ч бас тэр ангиудын тоонд орсон. Харин Пүжигийн анги ороогүй.

Б.Балдоо гуай  эрүүл мэндийн улмаас өөрийн хүсэлтээр эх орондоо буцаж, оронд нь манай алтан үеийн дипломатчуудын нэг Б.Жаргалсайхан гуай БНЭУлсад БНМАУ-аас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ирсэн байв. Б.Жаргалсайхан гуайн гэргий Март гуай, өтгөн хар буурал хөмсөгтэй, намбалаг мөртлөө их намжиртай, сэргэлэн хөгшин байж билээ. Эмээтэй минь хууч их хөөрнө. Эмээ ч тэднийд уригдан очиж дипломат ёс, үүсэл хөгжлийн талаар түүх сонсон сонин ихтэй ирдэг байсан. Хожим Очийг дипломатч болсон хойно аминчлан олон зүйлийг, Жаргалсайхан гуайн ярьсан болгоныг ярьж өгдөг, захидаг байж билээ. Их сонин, сонин түүх ярина, болдог байсан бол яг л одоо дахиад нэг сонсоод, цээжлээд авах юмсан гэж өчнөөн бодох юм. Даанч дэндүү хожим ухаарч байгаагийн нэг шинж дээ. Одоо эмээ минь ч алга, Жаргалсайхан гуай ч алга. Бүгд мөнх бусыг үзүүлжээ.Үүнийг л бүү давтаасай, ахмадынхаа үгийг сайн сонсож хэрэгтэй гэж үзвэл бичиж, тэмдэглэж авч байгаасай гэж л залуучууддаа би захиад байгаа ухаантай. Тэдний ач хүү Энхсайхантай бид тэр үеэс үерхэн одоо болтол анд нөхөд болон явж байна. Түүнийг Кеша гэдэг байв. Бид дараа нь Зөвлөлтийн элчингийн дэргэдэх гуравдугаар арван жилд хамт сурч байгаад Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд Очтой хамт суралцан, оюутан байхдаа манайд ирдэг бид сайхан найз нөхдүүд, хожим УИХ-ын гишүүн, ХЗДХСайд асан, ГХСайд Ц.Мөнх-Оргилын дүүтэй гэрлэсэн.

 

Top