Б.Саранчимэг: 76 гишүүний онцгой анхаарах асуудал нь “Иргэдийн амьдрах орчин”

2019 оны 06 сарын 19

Бид "Зиндаа" сэтгүүлийнхээ дугаар бүрт орсон онцлох материалуудаа шат дараатайгаар оруулж, уншигчиддаа хүргэж байгаа. Энэ удаад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгийн "Зиндаа" сэтгүүлийн "Үлэмж төгөлдөр" буланд өгсөн ярилцлагыг онцлон хүргэж байна. 


“НОГООН” ХӨГЖЛИЙН ШАН ТАТАГЧ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр овоглогдсон Батсүхийн Саранчимэг хэмээх ажил хэрэгч хатагтайг монголчууд сайн мэднэ. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга тэрбээр экологийн боловсрол эзэмшихийн чухлыг олон нийтэд ойлгуулахыг зорьж ирсэн нийгмийн зүтгэлтэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн анхны бүтээн байгуулалтын түүх, өвөг дээдсийн эх дэлхийгээ хамгаалж үр хойчдоо үлдээсэн туршлагыг өгүүлэн, өнөөгийн бидэнд санаа өгөхүйц цогц асуудлыг хөндөж, шийдэл гарцыг дэвшүүлсэн “Ногоон ном” бол Б.Саранчимэгийн бүтээл. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгийн анхны “Экологийн боловсролын төв”-ийг байгуулсан. Ном, судалгааны бүтээлүүдийн санг хувиасаа хөрөнгө гарган шийдэж хувь нэмрээ оруулсан тэрбээр эдгээр үнэ цэнэтэй мэдээллүүд онлайн хэлбэрээр олны хүртээл болдог байх ёстой хэмээн үздэг. Түүний ширээний ном нь Lean In буюу “Өөдөө тэмүүл”. Эмэгтэй хүн Америкийн нийгэмд шийдвэр гаргах дээд түвшинд орох хэчнээн хэцүү байдгийг тод томруун гаргасан уг бүтээлд “Хүн өөдөө тэмүүлээд, зорилгынхоо төлөө явах юм бол зорьсондоо хүрнэ. Дуртай ажлаа хий, сайн ханьтай бол, сайн ажилла, нөхрөө хамтрагчаа болго. Нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй амьдар, үр хүүхэддээ цаг заваа зарцуул” хэмээн өгүүлдэг. Б.Саранчимэг өөрөө яг л ийм хүн. Түүний амжилт ололт бүхний ард гэр бүлийнх нь дэмжлэг нэн тэргүүнд байдгийн зэрэгцээ өөрийнх нь өөдрөг сэтгэлгээ, бүтээлч хандлага, хөдөлмөрийн үр шим бий гэдэгтэй хэн ч маргахгүй.

Б.Саранчимэг Дундговь аймагт төрж өссөн говийн бүсгүй. Арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж 1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр энэ чиглэлийн анхны мэргэжилтнүүдийн нэг. Орос, англи хэлтэй. 2013 онд ШУТИС-ийн магистрын хөтөлбөр, 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Төрийн ордноос түүний ажлын гараа, хөдөлмөрийн намтар эхэлсэн нь сонирхол татна. Тэрбээр 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор, 2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүн, 2010-2015 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Б.Саранчимэг 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан. Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, СӨХ-ны дэд зөвлөлийн тэргүүн. Б.Саранчимэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийн төсөл” санаачилна хэмээн хатуу шийдэж хуулийн төслийн судалгаагаа хийж яваа хууль тогтоогч юм. Тэрбээр хөгжлийн шинэ хандлагыг Монголдоо нутагшуулах үйлсийг тэргүүлж яваа “Ногоон хөгжлийн шан татагч” улстөрчдийн нэг билээ.


-Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгөх цаг зав гаргасанд баярлалаа. Таны бага нас, хүүхэд ахуй цагийн дурсамжаас ярилцлагаа эхэлье.

-Ээж, аав минь ямар сайхан хүмүүс юм бэ, биднийг яасан сайхан хүмүүжүүлж вэ гэж хамгийн түрүүнд бодогддог. Аав бол биднийг хайрлаад л байна. Ээж нэг их олон юм ярихгүй. Манайх гэж ажил хөдөлмөр буцалсан, хүүхэд бужигнасан айл байдаг сан. Ээж минь их уран хүн. Одоо хүртэл Дундговь аймагтаа ажиллаж, амьдарч байна. Дундговийн “Шилдэг татвар төлөгч” болоод түүнийгээ надад үзүүлж байгаа нь хүртэл гайхамшигтай. Би ээжээрээ маш их бахархдаг. Миний ээж бол бизнес сэтгэлгээтэй, эерэг үзэл бодолтой хүн. Бид багадаа үнэхээр аз жаргалтай, эрүүл орчинд, эрүүл хооллолттой өсөж торнижээ. Байнгын хөдөлгөөнтэй, гадаа тоглож нааддаг байлаа. Бидэнд эрүүл орчин, зөв хооллолт, хөдөлгөөн хэрэгтэй юм байна гэдгийг бага насныхаа дурсамжаас би олж хардаг. Хувь заяаны тохиолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал болж тэр том ажлыг эхлүүлж байсан минь, одоо харахад их чухал ажил байжээ.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны захирлын хувьд хэрхэн бүтээн босгож байсан түүхээсээ сонирхуулна уу?

-Элс эргэлдсэн, зэрлэг ургасан тал дээр тог цахилгаан ч үгүй, худаг ч үгүй газрыг аваад 27 хүнтэй, 12 хамгаалагчтай зогсож байхдаа “Яаж үүнийг босгоно доо” гэж бодогдож байсан. Сайхан хамт олон бүрдсэн. Хамт олон маань энэ бүхнийг босгохын төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилласан. Хамгийн түрүүнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрын хил хязгаарыг тогтоож, төлөвлөлтөө зөв эхлэх ёстой гэдэгт онцгой анхаарсан. Техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөлтөөс нь ажлаа эхэлж байлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 5 жилийн ойг тэмдэглэхэд хийсэн судалгаагаар, зуны улиралд өдөртөө 10.000 хүн ирж байна гэсэн тооцоо гарсан. Манайд ийм газар хэрэгтэй нь харагдаж байгаа биз дээ.

-Улаанбаатарт өөр очих газар газар үнэхээр байхгүй шүү дээ?

-Хамт олны маань нөр их хөдөлмөрийн үр дүнд, тухайн үедээ Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж чадсан. Тэр үед ногоон байгууламжид зориулж мөнгө төсөвлөдөггүй байлаа. Мөнхбаяр дарга Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа надад энэ ажлыг хийх боломж олгож, дэмжиж, төсөвт мөнгө суулгах тал дээр ойлголцоод хамтарч ажилласан.

-Энэ том бүтээн байгуулалтыг дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэж бодохгүй байна. Та хэр их хөрөнгө оруулалт нэмж татсан бэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өөрөө том төсөл. Төсвийн мөнгө том хувь нэмэр оруулсан. Нэмж таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт босгосон. Цэцэрлэгт хүрээлэн анхны сүлд дуутай, анхны том усан оргилууртай болсон. “Анхны” гэсэн тодотголтой маш олон бүтээн байгуулалтууд хийсэн. Эргээд харахад, бас их хөдөлмөрлөжээ. Хамт олон маань надад “Бид хамтдаа ямар сайхан их ажил хийсэн юм бэ” гэж хэлдэг.

Бид 110.000 гаруй мод тарьж, 10.000 гаруй бортоготой модыг хотын гудамжинд ярайлгаж өгсөн хүмүүс.

-Гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслийн нэг жишээг дурдвал?

-Төслөө хэрэгжүүлж байхдаа бид гаднын тусламж авахын тулд хойноос нь хөөцөлдөж байж ажлаа ойлгуулдаг байлаа. Жишээлбэл, Сөүл хотын дарга ирээд “Сөүл хотын төгөл” байгуулна гээд явсан. Дараа нь тэндээс ажлын хэсэг ирж үзээд тоггүй, усгүй газар дээр манайх төсөл хэрэгжүүлэх боломжгүй гэсэн ч араас нь уулзаад, “За тогтой болсон шүү” гэж явсны үндсэн дээр тэд 3,5 тэрбум төгрөгийн зураг төсөл хийж компаниа шалгаруулаад хэрэгжүүлсэн. Инчон хотын дарга манайд ирээд “Та нар ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэхэд их сайн байна” гээд манайхныг аваачиж туршлага судлуулж байсан юм. Манай улс жилдээ хоёрхон удаа мод тарьдаг. Тэгвэл жилийн дөрвөн улиралд мод тарих арга технологийг амьдралд хэрэгжүүлээд 10.000 гаруй бортоготой мод хүлээлгэж өгөөд ажлаа өгч байлаа.

-Гадаад орны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн туршлагыг та судалсан байх. Энэ талаараа сонирхуулвал?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анхнаас нь авч ажиллаж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Байгаль, экологийн хороон дарга байсны хувьд би маш олон орны туршлага судалсан. Бүх улс орон Цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуультай байдаг юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хууль санаачлахаар ярьж Засгийн газарт оруулах гэтэл зарим гишүүд намайг “Өөрийн байгууллагадаа зориулсан хууль гаргах гэлээ” гэж шүүмжилж байсан. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийн төсөл” санаачилна гэж бодож байгаа.

-Гадаад орнуудад цэцэрлэгт хүрээлэн сайн хөгжсөн байдаг. Нууц нь юундаа байдаг юм бол?

-Нийслэлийн ИТХ-д байхад Ардчилсан нам, Ардын намын хамтарсан бүлэг туршлага судалж байлаа. Олон цэцэрлэгт хүрээлэнг судалж байхад цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөгөө, төсөв нь хуульчлагдсан байдаг юм байна. Ингэж хуульчлагдсанаараа тэнд байгаа үл хөдлөх хөрөнгүүд, газар нь хүртэл хамгаалагддаг. Нью- Йоркийн цэцэрлэгт хүрээлэнг 100 жилийн өмнө хуульчлаад, ерөнхий төлөвлөгөөг нь баталж байхад Нью-Йоркийн төв нь бүр хэдэн километрийн хол байсан гэдэг. Одоо бол Central park хотын төв болж тэр хавьдаа үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ цэнэ эрс нэмэгдсэн байна. Ийм жишээ олон улс оронд байгаа.

-Нью-Йорк хот ногоон байгууламжийн төлөвлөлтөө хэрхэн хийдэг юм бол?

-Нью-Йорк хотын дарга нь Ногоон байгууламжийн даргыг өөрөө томилдог. Хотыг дээрээс нь хараад, энэ хэсэгт нь ногоон байгууламжийг ингэж хөгжүүлье гэдгийг төлөвлөөд, энэ хэсгийг нь төрийн бус байгууллагаар, энэ хэсэгт нь төрийн бодлогын хэмжээнд хөгжих ёстой гэсэн нэгдсэн бодлоготой. Тэрхүү бодлого нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсээ дэмжсэн байдлаар явагдаж байж л хөгждөг юм байна.

-Манай улсын хувьд мод тарьж, ногоон байгууламж хийдэг иргэдээ дэмжсэн ямар туршлага байдаг вэ?

-Засгийн газраас Үндсэн чиглэлээ баталж байхад, би энэ тухай саналаа хэлсэн. Өмнө нь би Нийслэлийн ИТХ- ын төлөөлөгч, ИТХ дахь Байгаль, экологийн хорооны дарга байхдаа Засгийн газарт санал болгож ногоон байгууламжийн ажил эрхэлж байгаа хүмүүсийг НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Одоо эргээд НӨАТ-тэй болчихоор тэр хүмүүс над руу хандаж байна. Эдийн засаг сайжраад ирэхээр НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газраас дэмжинэ гэсэн. Иймд ногоон байгууламж бүтээж буй иргэдээ НӨАТ-аас чөлөөлүүлэх боломж дахин гарна. ЗГ, УИХ-ын гишүүд энэ бодлогыг дэмжинэ гэж найдаж байгаа.

-Эко орчинтой байхын нэг үндэс нь бие засах газрын асуудлыг шийдэх явдал. Үүнд хэр анхаарч байв?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг аваад хамгийн анх бие засах газрын асуудлыг хотын даргад тавьж байлаа. Улаанбаатар хотод “City Toilet” төслийг хэрэгжүүлснээр арай дээрдсэн. Гэвч өнөөдөр хөрсний бохирдол, гэр хорооллын бие засах газрын асуудал хүнд байна. Зөвшөөрөлгүй худаг гаргаж байна. Ундны ус, бие засах газар хоёр зэрэгцээд байж болохгүй. Бид нийтийн болон гэр бүлийн хэрэглээний бие засах газрын асуудлыг улсын хэмжээнд сайтар төлөвлөж, төрөөс бодлого гаргаж шийдэх ёстой юм.

НИЙГМИЙН САЙН САЙХНЫГ ХҮССЭН  УЧРААС Л ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН

-УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхэд танд бэрхшээл учирсан уу? Эмэгтэй нэр дэвшигчид маш хэцүү зам туулдаг учраас л асууж байна.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд эхнээсээ л надад нэг бэрхшээл байсан. Миний төрсөн дүү Наранхүү УИХ-ын гишүүн. Намайг “Битгий нэр дэвш.” гэж их ятгадаг байлаа. Нэр дэвших тал дээр бага зэрэг бэрхшээл байсан шүү /инээв/.

-Энэ бэрхшээлийг яаж давсан нь сонирхолтой байна?

-Миний хувьд шинэ байгууллага удирдаж, цоо шинээр босгоод ирж чадсан. Мөн нийслэлийн ИТХ-д хоёр ч удаа  төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Тэгээд төрийн түшээ болж улс орныхоо төлөө илүү ихийг хийе, ногоон хөгжлийн төлөө дуу хоолойгоо гаргая гэсэн хатуу зорилго, хүчтэй тэмүүлэл надад байсан. Манай нам дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар оруулсан нь маш том боломж байлаа. Би өөрөө ярихаасаа илүү ажил хөдөлмөрөөрөө хүнд харуулах юмсан, үг үйлдлээ нийлүүлчих юмсан гэсэн хатуу зарчимтай явж ирсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан учраас бага ч гэсэн танигдсан байлаа. Дээрээс нь МАН бол ууган улс төрийн хүчин. Нам намайг дэмжсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхдаа хийсэн ажил маань хүнд хүрсэн. Тэгээд л УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн.

Эргээд харахад нийгэм маань эмэгтэйчүүд бидэнд маш их итгэл хүлээлгэж, хайр халамж, нийгмийн сайн сайхныг хүссэн учраас эмэгтэйчүүдийг сонгож гаргасан гэж боддог.

-Та ялалт байгуулсан. Сонгогчид таныг хэрхэн хүлээж авч байв?

-Нэр дэвшээд сурталчилгаа хийж явахад сонгогчид их сайхан хүлээж авсан шүү. Энэ бол итгэл, хариуцлага юм. Би энэ итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Өнөөдөр түүхэнд байгаагүй хэмжээгээр бүх шатны сонгуульд хамгийн олон эмэгтэйчүүд сонгогдлоо. Эргээд харахад нийгэм маань эмэгтэйчүүд бидэнд маш их итгэл хүлээлгэж, хайр халамж, нийгмийн сайн сайхныг хүссэн учраас эмэгтэйчүүдийг сонгож гаргасан гэж боддог. Одоо би Их хуралдаа нэлээн идэвхтэй гишүүдийн нэг. УИХ дахь МАН- ын бүлгийн дэд дарга, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. Хоёр дэд хороонд харьяалагдаж байгаагийн нэг нь Агаарын бохирдолыг бууруулах дэд хороо, нөгөө нь Тогтвортой хөгжлийн дэд хороо юм.

-Өмнөх парламентын эмэгтэй гишүүд дуулиантай байлаа. Одоогийн эмэгтэй гишүүд ямар асуудлыг хамтарч шийдэж байна?

-УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлэгт туршлагатай парламентчид бий. Оюунхорол гишүүн дөрвөн удаа, Сарангэрэл гишүүн хоёр удаа сонгогдсон. Тэд бидэнд түшиг болж хамтран ажилладаг. Энэ парламентын хувьд “Жирэмсэн, амаржсан эхчүүд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүд, хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэдтэй гэр бүлд тэтгэмж олгох тухай”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай”, “Нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Баяжуулсан хүнсний тухай”, “Хүчирхийллийн эсрэг хууль” гээд дандаа нийгмийн асуудал руу, боловсрол руу чиглэсэн хуулиудын ажлын хэсгийг эмэгтэй гишүүд ахалж, иргэдийнхээ дуу хоолой нь болж байна.

-Та энэ онд СӨХ-ны дэд зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон. Яагаад энэ ажил руу орох болов?

-СӨХ-ны дэд зөвлөлийн ерөнхийлөгч болооч гэж СӨХ-ны тэргүүлэгчдийнх нь гарын үсэгтэй санал ирсэн юм. Би гишүүдийнх нь санал бодлыг сонсъё гэсэн хариу өгсөн. Чуулганд очсон чинь бараг 100 хувийн саналаар намайг нэр дэвшүүлж 274 хүнээс нэг хүн татгалзаж, нэг хүн түдгэлзэж, бусад нь бүгд миний төлөө саналаа өгсөн. Нийгмийн бүх давхаргыг хамарсан энэ байгууллагыг засаж залруулах ёстой юм байна гэдгийг л би ойлгосон. СӨХ гэдэг байгууллагын үйл ажиллагаа ил тод, данс нь “шилэн” байх ёстой. СӨХ сайн ажиллах юм бол “эко” орчныг бий болгож, байшин барилгуудынх нь үнэ өснө. Ийм л зорилгын төлөө СӨХ ажиллаж, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан аюулгүй, цэвэр орчинд амьдруулах ёстой. Үүний төлөө хуулиа шинэчлэн найруулах баг гаргаад хамтран ажиллаж байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд иргэдийнхээ амьдралын гүн рүү орж ажилладаг. Тойрогтоо ямар ажлуудыг санаачилж байна вэ?

-Бид өнөөдөр парламентад үнэмлэхүй олонх болсны хувьд том эрх ашгаа харж ажиллах ёстой. Ард түмэн бидэнд маш том итгэл хүлээлгэсэн. 76 гишүүнээс 65 нь МАН-ын гишүүн гэдэг бол айхтар тоо. Бид улс орны эдийн засаг ямар хүнд байгааг дотор нь орж, илүү их мэдээлэл аваад сайтар ойлгосон. Иймд өөрийн чадах хэмжээнд тойрогтоо нэлээд ажил хийж байгаа. 

Хоттойгоо уялдаж ажиллаад, хөрөнгө оруулалт тавиулах төсөл, бүтээн байгуулалт дээр өөрийн бодлоо хэлж тусгаад л явж байна. Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болоод барилгажилт нь хийгдээгүй, дутуу дулимаг гүйцэтгэлтэй ажлууд байснаас иргэд хохирсон тохиолдол бий. Төрийн түшээгийн хувьд үүнийг ойлгож, сар бүр иргэдтэйгээ уулздаг. Нэг удаад халамжийн хүмүүстэй уулзсан бол, дараа нь даатгалынхантай гэхчлэн асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг.

-УИХ-ын гишүүний хувьд, ямар хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллав?

-2016 онд сонгогдсоноосоо хойш УИХ-ын гишүүдтэй хамтран хоёр хуулийн төсөл, нэг УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэр, даатгалын шимтгэлийг хувиараа нөхөн төлөх тухай хууль. Баянзүрх дүүрэгт хувиараа хөдөлмөр эрхлэгч маш олон байдаг. Энэ хуулийн ачаар нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байна. Нөгөөтэйгүүр эхчүүд гурван нас хүртэл хүүхдээ асрахад нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсэн болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд тасардаг байсан. Энэ хууль батлагдсанаар хүүхдээ асарч байгаа 92.000 эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцохоор болсон. Хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцно гэдэг бол иргэддээ хийж буй том хөрөнгө оруулалт юм.

-УИХ-ын тогтоолын төслийн тухайд?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ- ын тогтоолын төсөл, 2017-2022 онд хэрэгжүүлэх “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” боловсруулан батлах ажилд гар бие оролцож байна. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ халамжлах зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр нэлээд туршлага судаллаа. Жишээ нь, Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ олдмол ба төрмөл гэж ангилан үзэж том бодлого хэрэгжүүлдэг юм байна. Манайд төрмөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их байгаа. Эцэг эхчүүд нь  анзаардаггүйн улмаас даамжруулдаг явдал ч байна. Ер нь хүүхэд дөрвөн сартайдаа толгойгоо даахгүй бол, ямар нэгэн асуудал байна гэж үздэг. Тийм учраас Японд “Дөрвөн сартай хүүхдэд хийх нярайн үзлэг”- ийг төрийн бодлогын хэмжээнд авч үздэг. Ийм хүүхдүүдэд багаас нь хөдөлгөөний засал хийлгээд байвал бүрмөсөн хүндэрдэггүй. Үүн дээр л бид онцгой анхаарч, төрийн бодлогоор авч явахгүй бол манайд төрмөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал нэмэгдэх хандлагатай байгаа.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд, Хятадын засгийн газрын тусламжтайгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрт оношилгооны төв” байгуулах шав тавьсан шүү дээ. УИХ-ын гишүүн бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ямар ажлын хэсгүүдэд ажиллав?

-Тухайлбал, Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, Тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг боловсруулах талаар ажлын хэсгүүдэд орж ажилласан. Мөн УИХ-аар хэлэлцүүлж байгаа хууль, тогтоолын төслүүдэд тойргийн иргэдээс ирүүлсэн саналуудыг тусган ажиллаж байгаа.

-Манайд судалгаа, зөвлөх үйлчилгээ их хийгддэг. Эдгээр оюуны бүтээлүүдийг нийтийн хүртээл болгох тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бүх байгууллагын зөвлөх үйлчилгээ асар өндөр үнээр хийгддэг учраас энэ зөвлөмжүүд нэг даргын сейфэнд хадгалагдах ёсгүй. Манай залуу судлаачид нэг дороос очиж судлах боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж үздэг.

-Аливаа улс орон хөгжлийн бодлогоо төлөвлөхдөө судалгаанд суурилдаг. Сүүлийн үеийн ямар тоо баримт таны анхаарлыг онцгой татаж байна вэ?

-Нэг анхаарал татсан зүйл гэвэл, улс орон маань 77,8 хувь нь цөлжилт буюу газрын доройтолд өртсөн байна гэдэг дүгнэлт 2016 оны Байгаль орчны тайланд тусгагдсан байна. Энэ бол улс орны хамгийн тулгамдсан асуудал. Би Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд энэ тал дээр санал боловсруулж оруулсан. Өнөөдөр хот суурин газрын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээ байвал зохих түвшнээс 10 дахин бага байна. Иргэдийн амьдрах орчин гэдэг 76 гишүүний хамгийн түрүүнд санаа зовох ёстой асуудал байх ёстой.

ЭМЭГТЭЙ ХҮН БҮР ТЭР САЙХАН  МЭДРЭМЖИЙГ МЭДРЭЭСЭЙ

-Таны хувийн амьдралын сэдэв рүү оръё. Та амьдралынхаа мартагдашгүй дурсамжаас манай уншигчидтай хуваалцана уу?

-Амьдрал хүнээс итгэл, тэвчээр шаарддаг. Миний нөхөр их сайхан уужим сэтгэлтэй хүн. Бид оюутан цагтаа танилцаж гэр бүл болсон болохоор олон сайхан дурсамж бий. Бид хоёр том хүүгээ гурван настай байхад дээл өмсөж хуримын ёслолоо хийж байлаа. Би хуримын цагаан даашинз өмсөхсөн гэж үргэлж мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийн хот бол Санремо. Манай хүн итали хэл бие дааж сураад, “Би хайртыгаа Италид авч очоод хуримаа хийнэ” гэж ярьдаг байлаа.

-Нөхөр тань хэлсэндээ хүрсэн үү?

-Тийм ээ. Бид хоёр гэрлэсний 25 жилийн ойгоороо Санремод Мөнгөн хуримаа хийсэн. Мөрөөдлийн цагаан даашинзаа өмссөн хуримын зургаа гэрийнхээ үүдэнд томоор угаалгаад тавьсан. Амьдрал ямар сайхан юм бэ гэдгийг зургаа харах бүртээ мэдэрдэг. Үнэхээр гайхамшигтай.

-Хуримын ёслолынхоо тухай яриач. Үнэхээр сонирхолтой байна?

-Миний төрсөн дүү Европт эм зүйчээр докторын зэрэг хамгаалсан юм. Дүү минь Европыг мэддэгийн хувьд Санремо хотод очиход тусалсан. Хуримын ордны дарга Оюунчимэг эгчээс “Мөнгөн хурим”-ын зөвлөгөө авахад “Тэнд улаан хивстэй байх. Цагаан даавуу авч яваад сүүн цагаан зам татуулаад оч” гэж зөвлөсөн. Хадам ээж минь урлагийн хүн. Олон ном бичсэн. Бидний хуримыг их сайхан хөтөлсөн. Монгол ёс заншлаараа хоёр талын хөгшчүүлээ аваачаад хуримласан. Найз нөхөд арван наймуулаа ирсэн. Амьдрал үнэхээр сайхан.

-Мөрөөдлийн цагаан даашинзаа өмсөөд алхаж явахад танд юу бодогдож байв?

-Үнэхээр гоё мэдрэмж. Эмэгтэй хүн бүр энэ гоё цагаан даашинзыг өмсөөсэй, тэр сайхан мэдрэмжийг мэдрээсэй гэж хүссэн.

-Цагаан замаар цагаан даашинзтай алхаад л очих үнэхээр гайхамшигтай байх. Нөхөр тань хүлээгээд л зогсож байсан уу?

-Тийм ээ /инээв/. “Мөнхөө чи үгээ бэлдсэн үү” гэхэд “Зүгээр ээ, зүгээр” гээд л байсан. Үгээ хэлэхэд нь “Миний Сараа надад яг л анх танилцаж байсан шигээ...” гээд л маш гоё үг урссан. Тэнд ирсэн бүх хүн уйлсан даа. Үнэхээр гоё. Тэр үгүүд миний амьдралыг сэргээгээд л ирсэн. Мөнхөөгөө хайрлаад л, бодоод л...

-Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан түүх байна. Та завгүй хүн. Гэр бүл, хүүхдүүддээ хэр их анхаарал тавьж чаддаг вэ?

-Манайх гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгалтай айл. Би хагас, бүтэн сайнд гарын хоолоо хийх дуртай. Борцтой цайгаа чанаад, гэр бүлээрээ хооллох сайхан шүү дээ. Эмэгтэй хүн инээж явах юм бол, ээж хүн аз жаргалтай байвал хүүхдүүд ч мөн адил тийм байдаг. Том хүү минь Америкийн Санта-Барбарагийн их сургуулийг Спортын шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн. Хамгийн анх өөрийн суралцахыг хүсдэг байсан гадаад харилцааны мэргэжлийг хүүдээ санал болгоод Малайзид сургасан чинь, хагас жил сурчихаад “Ээж ээ, энэ миний мэргэжил биш ээ” гээд хаяад ирсэн.

-Тэр чинь таны мөрөөдөл байхгүй юу даа... /инээлдэв/.

-Тийм ээ /инээв/. “Мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлө. Үр дүн заавал гарна” гэдгийг хүүхдүүддээ ч, найз нөхөд, дүү нартаа ч хэлдэг. Том хүү минь сургуулиа төгсөөд Монгол HD телевизэд зургаан сар ажилласан. Фитнесийн хувийн багш. Хоёр ч фитнес клубын үйл ажиллагааг удирдаж байна. Бага хүү сагс тоглох дуртай. Хичээлдээ яваад, хажуугаар нь сагсаа тоглоод л байгаа. Хүн эргээд хүүхдээсээ суралцдаг юм байна. Бид хоёр хүүхдүүдээсээ суралцаж байгаа / инээв/.

-Эмэгтэй хүн улс төрд хүлээн амжилт олохын тулд хамгийн түрүүнд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой, тийм биз?

-Ганц улс төрд ч биш, эмэгтэй хүн бизнес, урлаг, спорт, ажил хэргийн ертөнцөд тэргүүн эгнээнд явна гэдэг амаргүй. Эмэгтэй хүн хэд дахин их ажиллаж, түүнийгээ ойлгуулж байж л танигддаг болов уу. Яагаад гэвэл эмэгтэй хүн үр хүүхдээ өсгөнө, нөхрөө халамжилна. Илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний хувьд азтай. Хань минь намайг маш их дэмждэг. Хүний сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө явж байгааг минь ойлгодог. Ар гэр, аав ээжүүд минь үргэлж дэмжиж, урам өгдөг. Амьдрал гэдэг тэр чигтээ урам шүү дээ.

-Таны дуртай үзвэр гэвэл?

-Адал явдалтай, өрнөлттэй action кинонд дуртай. Гэр бүлээрээ долоо хоногт нэг удаа гэртээ, кино театрт сард нэг удаа кино үзнэ. Америкт сурч байсан үетэй минь л холбоотой байх. Кино үзэх дуртай. Миний хамгийн дуртай кино “life is beautiful” буюу “Амьдрал сайхан” гэдэг кино. Еврейчүүд ямар хэцүү нөхцөлд хэчнээн их эр зориг, ухаан самбаагаар амьд гарч байсан түүх нь таалагддаг.

-Сонгодог урлагийн тухайд?

-Миний нөхөр урлагийн гэр бүлд төрж өссөн. Бид хоёр Дуурийн театртаа үзвэр үзэх дуртай. ITB Berlin-ий үеэр балетчин Алтанхуягийн тоглолтыг үзэж, германчууд түүнийг хэчнээн их биширч байхыг нь хараад бахархаж байлаа.

-Нууц биш бол, ямар гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэнг таашаан хэрэглэдэг вэ?

-ЗХУ-д оюутан байхад нөхөр минь надад анх Dior-ын Poison авч өгч байсан юм. Одоо ч тэр үнэртнээсээ уйддаггүй. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд, Солонгосын The History of Whoo брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үнэн л тэр юм чинь /инээв/.

-Таны хобби?

-Би шатар тоглох дуртай. УИХ-ын гишүүн болоод “Цэцэн Түшээ” шатрын тэмцээнд оролцож түрүүлсэн. Хориод жил тоглоогүй ч дахин сэргээх сайхан байсан. Би шатрын спортын төлөө ямар нэгэн зүйл хийе гэж боддог. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд жил бүр дүүргийг хамарсан шатрын тэмцээн зохион байгуулж байна.

-Та спортоор хичээллэдэг, урлагт дуртай хүн. Урлаг, спорт хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?

-Одоо хуулийн засаглал өндөр түвшинд хүрч байгаа ч, хүнийг хүн болгон зөв төлөвшүүлэхэд урлаг, спорт хамгийн чухал үүрэгтэй гэдгийг өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн мэдэж, энэ тал дээр онцгой анхаарч байна. Бид ч бас хоцрох ёсгүй байх. Хамгийн түрүүнд урлаг, спортын сод авьяастай хүүхэд залуусаа дэмжих төрийн том бодлого байх ёстой санагддаг.

-Монгол эмэгтэйчүүддээ хандаж хэлэх таны үг?

-Манай эмэгтэйчүүд халамжлахын төлөө төрсөн юм шиг л байдаг. Эмэгтэйчүүд гэр орноо төдийгүй улс эх орноо аваад явж байна. Тийм болохоор “Монгол эмэгтэйчүүд маань өөрсдийгөө хайрлаж, бие биенээ дэмжиж урам өгч байя” гэж танай сэтгүүлийн хуудсаар дамжуулан хэлье.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Ц.Оюунчимэг

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №01(08/508) дугаарт нийтлэгдэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top