Н.Бурмаа: МУИС үеийн үед тэргүүлэгч их сургууль хэвээр байх болно

2019 оны 05 сарын 10

ШИНЭ ЗАМААР Хөтлөгч

Аливаа нийгэмд цоо шинээр зам нээж бусдыгаа хошуучлан манлайлагчид тухайн нийгмээ, улс орноо шинэ хөгжилд хөтлөн дагуулдаг жамтай. Чухам ийм хүмүүсийн нэг нь эрдэмтэн Нацагийн Бурмаа юм. Түүний явж ирсэн зам бусдынхтай огт адилгүй. Бас хийсэн алхам бүр нь анхдагч бөгөөд цоо шинэхэн байдаг. Арван жилийн сургуулиа онц төгссөн Н.Бурмаа анх Санхүү эдийн засгийн техникумыг төгсөхдөө Сүхбаатарын нэрэмжит тэтгэлгээр урамшуулагдан Эрхүү хотын УАААДС-д нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах урилга гардан авсан гэдэг. Тэрээр Эрхүү хотод суралцаж байхдаа улс төр судлаачаар оройн дээд сургуульд суралцаж нягтлан бодогч эдийн засагч, улс төр судлаач мэргэжлийг давхар эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын захиргаанд ажиллаж эхэлсэн тэрбээр нийслэлийн Өмчийн газар, Өмч хувьчлалын комиссын ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн албаны даргын албыг хашиж, үл хөдлөх хөрөнгийн суурь үнэлгээг гаргах, анхны дуудлага худалдааг зохион байгуулах зэрэг цоо шинэ ажлуудад гар бие оролцож байв. Нийгэм хувьсан өөрчлөгдөх тутам эзэмшсэн боловсролынх нь үнэ цэнэ үгүй болж байгааг тэр соргогоор мэдэрчээ. “Би явах хэрэгтэй, дахин суралцах шаардлагатай юм байна” хэмээн зориглон Москва хотноо УААА-н академийн Олон улсын бизнесийн удирдлагын их сургуульд мастерт суралцахаар явахад нь байгууллага нь бүх талаар дэмжжээ. Америк боловсролын системээр ОХУ-д бизнесийн удирдлагын ухаанд суралцаж эхэлсэн тэрбээр Монголд огт байхгүй цоо шинэ салбар болох аудитыг илүүтэй сонирхож байлаа. Тэр үед бизнесийн боловсрол эзэмшсэн анхдагчид бараг л бүгд бизнест хүчээ сорих алхам хийж байхад, Н.Бурмаа хотын захиргаандаа эргэн ажилласан байдаг. Хэсэг хугацааны дараа илүү өндөр түвшинд ажиллах ёстойгоо, цоо шинэхэн мэдлэгээ бусдад түгээх хүсэлд хөтлөгдөн буйгаа мэдэрч Удирдлагын академийн эдийн засгийн тэнхимд багшлах болов. Аудит хэмээх цоо шинэ хичээлийг Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт батлуулан, сургалтын хөтөлбөрөө боловсруулан хичээлээ зааж эхэллээ. Аудитын тухай удирдах ажилтнуудад заахын зэрэгцээ сонинд өгүүлэл бичиж, олон нийтэд аудит гэж юу болох талаарх цоо шинэ мэдээллийг түгээж эхэлсэн нь бас нэгэн шинэ зам байлаа. Тухайн үед Удирдлагын академид магистр зэрэгтэй багш цөөн. Тэдний нэг нь Н.Бурмаа багш байсан юм. Удирдлагын академийн захирлаар ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн томилогдож байв. Бурмаагийн хувьд түүний уншсан “шүлс асгарам” сонирхолтой лекц, их дээд сургуулийн багш хүний хүрэх ёстой түвшинг мэдрүүлсэн хэмжүүр нь мартагдашгүй сургамж болон үлдсэн байдаг. Бурмаа Удирдлагын академийн багш нартайгаа хамтран “Мон-Аудит” ХХК байгуулан ажиллуулав. Аудитороос ерөнхий захирал хүртэлх албан тушаалд нь ажилласан тус компани нь Монголын аудитын анхны таван компанийн нэг байсан юм. 17 ажилтантай болон өргөжиж, гадаад дотоодын олон байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж, нийгэмд танигдан ид цэцэглэж байсан компаниа хамтрагч нартаа үлдээсэн Н.Бурмаа дахин шинэ замаар алхах шийдвэр гаргажээ. Энэ удаа тэр холын Герман орныг зорьсон байна. ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргааны их сургуульд 2002 онд Төрийн удирдлагын магистрын зэрэг, 2009 онд Төрийн захиргааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтэд 1 жил судлаачаар ажилласан байна. Тэрбээр Герман, Австри, Словак улсуудын Төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага, олон улсын INTOSAI байгууллагад очиж ажилласан анхны монгол судлаач байв. Мөн түүнийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас олон улсын шинжээчээр томилон ажиллуулж байжээ. Н.Бурмааг Монголдоо ирэхэд нь МУИС халуун дотноор угтан авсан юм. МУИС-д анх удаа Нийтийн удирдлагын тэнхим шинээр байгуулах эрхэм үүргийг түүнд өгч, итгэл хүлээлгэн ажиллуулсан нь чухам л нүдээ олсон шийдвэр байсныг хэлэх хэрэгтэй. Н.Бурмаа тэнхимийн багш нартайгаа хамтран Монголдоо шинэ зам нээж, шинэ соёлыг түгээж, нийтийн удирдлагын дээд боловсрол олгох тогтолцоог хөгжүүлэхийн төлөө амралтгүй ажиллах өдрүүд нь ийнхүү эхэлсэн түүхтэй. МУИС- ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим өдгөө дотооддоо төдийгүй гадаадад ч танигдсан тэнхим болон хөгжиж байна. Тэнхимийн үндсэн багш нараасаа хоёр дахин их гаднын зочин профессор, судлаачидтай тэнхим МУИС-ийн хэмжээнд ч ховорт тооцогдоно. Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Нацагийн Бурмаагийн хөтлөн нээсэн энэхүү шинэ замаар Монголын үе үеийн залуус замнаж, улмаар улс орныхоо түүхэн хөгжилд бас нэгэн цоо шинэ замыг нээх тэр цаг холгүй буй за.


-МУИС-д Нийтийн удирдлагын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн түүхээс ярилцлагаа эхлэе

-Нийтийн удирдлагын хөтөлбөр 2011 оноос элсэлтээ авсан. Тэр үед нийтийн удирдлагын боловсруулагдсан хөтөлбөр, материаллаг орчин, ном сурах бичиг, юу ч байсангүй. Хөтөлбөрийг эхлүүлэх, цаг үетэйгээ зохицсон олон улсын түвшинд нийцсэн байх хүнд даалгавар өгсөн. Аливаа зүйлийн эхлэл болгон хэцүү. Шинээр хөтөлбөр эхлүүлэх, дараагийн шатны хөтөлбөрүүдийг нээх үйл явц тийм амар биш. Энэ бол маш том хариуцлага.

-Тэгэхээр бакалаврын түвшний сургалт нь 2011 онд анх эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Бакалаврын түвшинд 2011 оноос хойш өвөл, хаврын төгсөлт нийлээд 5 удаа, магистрын 2 удаагийн төгсөлт хийлээ. 2017 оноос докторын хөтөлбөртөө элсэлт авсан.

-Нийтийн удирдлагын чиглэлээр докторын хөтөлбөрт элсэлт хэр сайн байна вэ?

-Докторын хөтөлбөрт 2 удаагийн элсэлтээр 20 орчим хүн элссэнээс УИХ, ЗГ, нийслэл, дүүргүүд, орон нутгаас засаг дарга, тамгын газар, хэлтэс, тасгийн дарга, мэргэжилтнүүд байна. Элсэгчдийн судалгаанаас харахад нэг талаас Монгол Улсын төрийн албанд чадварлаг мэргэжилтнүүд шаардлагатай, нөгөө талаас төрийн албан хаагчид өөрсдийн үйл ажиллагаагаа судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан үр дүнтэй шийдвэр гарган явуулах чадвартай байх ёстойгоо хэдийнээ ойлгоод эхэлсэн нь харагдаж байна. Нийтийн удирдлагын хөтөлбөр зургаа дахь жилдээ явж байгаа хөтөлбөр болохоор залуу хөтөлбөрт тооцогдоно. Энэ хугацаанд хүрсэн үр дүн бол чамлахааргүй гэж бодож байна.

-Анхны бакалаврын хөтөлбөрөө төгсгөсний дараа мэдээж баяртай байсан биз дээ?

-Тиймээ анхны бакалаврын элсэгчдээ 2015 онд төгсгөж, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тэнхимийн таван жилийн үйл ажиллагааны тайлангаа тавьсан. Ой гэж нэрлэх гэхээр даруу бус санагдаад тайлан гэж нэрлэсэн. Амрах завгүй ажиллаж ирсний үр дүн гэж бодохоор мэдээж сайхан байсан. Тухайн үедээ тайлангаа тавих цаг болсон уу, үгүй юу гэж эргэлзэж л байсан. Тайлан тавьсны дараа хүмүүс чухам юу хийсэн гэдгийг маань ойлгосон байх.

“ЭНЭ ХҮН ЧАДНА” ГЭДЭГТ ИТГЭСЭН БАЙХ Л ГЭЖ БОДДОГ

-Та ажлаа юунаас эхэлж байв?

-ХБНГУ-н Шпайерийн Төрийн захиргааны их сургуульд магистр, докторын зэргээ хамгаалсан учир нэн түрүүнд энэ сургуулийнхаа эрдэмтэн профессоруудад хандаж зөвлөгөө хүссэн. ХБНГУ- ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтийн захирал, Профессор Яан Цыков энэхүү хүсэлтийг халуун дотноор хүлээн авч өнөөг хүртэл манай хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байна. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Конрад Аденауер, АСА, DAAD зэрэг байгууллага, сан хөтөлбөрт хандсанаар хамтын ажиллагааны эхлэл тавигдан одоог хүртэл хамтран ажиллаж байна. Иймд энэ хөтөлбөр бол ХБНГУ-ын эрдэмтэн профессоруудын мэдлэг, ноу хау, тус дэмжлэг, Герман улсын иргэдийн татварын хөрөнгийн санхүүжилтээр үндэс сууриа тавьсан хөтөлбөр гэж ойлгож болно.

-Танай тэнхимд герман профессорууд ажилладаг уу?

-Манай хөтөлбөрийн зөвлөх профессор Яан Цыков зөвхөн ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтийг төлөөлөөд зогсохгүй НҮБ, Европын холбооны улс, ХБНГУ- ын Бундестагийн зөвлөхөөр ажиллахаас гадна 20 гаруй улс орнуудын Парламент, Засгийн газар, төрийн албанд нийтийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгдөг нь бидэнд бусад улс орнуудын туршлагаас суралцахад түлхэц болдог. Профессор Яан Цыковын заавар зөвлөгөө, зааж чиглүүлсэн оюуны их хөдөлмөрийн үр дүнд энэ хөтөлбөр амжилттай байгааг зориуд тэмдэглэж байна. Манай хөтөлбөрт нэг хичээлийн жилд дунджаар 7-8 зочин профессор, судлаачид ХБНГУ, АНУ, Солонгос улсаас ирж ажиллаж байна. Тэнхим цөөхөн багштай харагдаад байдаг ч зочин профессор, судлаач нарын эзлэх хувь тэдний оюуны хөрөнгө оруулалт асар их.

-Танайх хэдэн багштай юм бэ?

-Манайх үндсэн таван багшаас гадна хоёр асистаншип ажиллаж байна. Цөөхөн хүнтэй учраас бид амралтын өдрүүдээр ажиллах хэрэгцээ байнга гарна. Манай хамт олон хөдөлмөрч хамт олон. Тэнхимийн хамт олондоо баярлаж явдаг. АНУ-д магистраа хамгаалсан Б.Баттогтох, Г.Мягмар, С.Ариунбилэг зэрэг чадвартай сайхан залуу багш нар ажиллаж байна. Тэдний ихэнх нь ХБНГУ-ын докторын хөтөлбөрт эчнээгээр суралцаж байна. Г.Баасанжав багш ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргааны их сургуульд докторантаар суралцаад ирсэн. Удахгүй бүгд эрдмийн зэргээ хамгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Тэднийгээ бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа. Сайн суурь мэдлэг боловсролтой, чадварлаг докторын зэргээ хамгаалсан баг бүрдэж байна. Ингэснээр хөтөлбөрийн суурь чанартай сайн тавигдана. Зорилго биелнэ бодож байна.

-Танай тэнхимд одоо хэдэн зочин профессор, судлаачид ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар зочин профессор болон судлаачид нийлээд 9 хүн ажиллаж байна. Ер нь манай хөтөлбөр зочин судлаачаар тасардаггүй. Тэнхимд гаднынхан зочилж ирдэг гэхээсээ илүү тэр хүний оюуны бүтээл, чадамжаас нь бид суралцаж байна. Монгол орны ирээдүйн төрийн албан хаагчдад, Монгол Улсад тусалъя гэсэн чин сэтгэлтэй, оюунлаг бүтээлч эрдэмтдийн дэмжлэгээр хөтөлбөр улам хөгжиж байна. Одоо докторын элсэлтээ авч байгаа нь бидний хамтын ажлын үр дүн юм.

-Үнэхээр богино хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөр байна?

-Богино хугацаанд ингэж хөгжөөд явсан хөтөлбөр цөөхөн байж магадгүй. Тэнхим, хөтөлбөр анх эхэлж байхад Олон улсын хурал хийгээд эхэлсэн. Түүнээс хойш жил бүр NUM-Leadership олон улсын хурлыг олон улсын түвшний ач холбогдол бүхий сэдвүүдээр зохион байгуулж ирлээ. Олон улсын хурал зохион байгуулахад олон улсын түвшинд танигдахаас гадна мөн өөрсдөө чадавхждаг. Зөвлөх профессор Яан Цыков олон улсын түвшинд эрэлт хэрэгцээ ихтэй завгүй эрдэмтэн мөртөө МУИС-ийн NUM-Leadership олон улсын хуралд гүнээ ач холбогдол өгч жил бүр ирж үндсэн илтгэл тавьдаг уламжлал тогтсон. Манай хөтөлбөрийг бэхжүүлэх тал дээр маш их зүйлийг хийсэн хүн. Тийм ч учраас бид МУИС-ийн ОУХНУС-ийн хүндэт доктор цолыг олгосон. Манай хөтөлбөрийн зочин Профессор, Доктор Штефан Ханселманныг онцгойлон тэмдэглэмээр байна. Хөтөлбөрийг бий болсон цагаас эхлэн одоог хүртэл манай хөтөлбөрт ажиллаж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт оруулсныг үнэлэн МУИС хүндэт доктор цолоор өргөмжилснөөс гадна Монгол Улсын Засгийн газраас “Найрамдал” медалиар шагнасан. Энэ боломжийг ашиглан хүндэт профессорууд, зочин профессор, судлаач нартаа баярласнаа илэрхийлье.

-Танай зочин профессорын хичээл ямар хэл дээр явагддаг вэ?

-Зочин профессорууд англи хэл дээр хичээлээ заадаг. Оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин янз бүр тул ихэнх тохиолдолд орчуулгатай зааж байна. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсын Хансон Их сургуультай КОЙКА-ийн төслийн хүрээнд хамтран ажиллаж төслийн хүрээнд Солонгос улсын профессорууд мөн англи хэл дээр хичээл зааж байна.

-Нийтийн удирдлагын хөтөлбөр хэрэгжүүлэхэд МУИС-аас хэр их дэмжлэг туслалцаа үзүүлсэн бэ?

-МУИС-аас тэнхим байгуулаад ажилла гэсэн үүрэг өгсөн болохоос онцгой анхаарсан зүйл байгаагүй. Ийм том хариуцлага хүлээж аваад их айж байсан. Хийх ёстой гэхээсээ илүү, хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр чин сэтгэлээсээ ажиллаж байна гэж боддог.

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙГ НЭР ХҮНДТЭЙ БАЙЛГАХ ГЭЖ БИД МЭРИЙЖ БАЙНА

-Энэ хугацаанд танай тэнхимийн материаллаг бааз хэр сайн бэхжиж амжив?

-ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) тусламжтайгаар нийтийн удирдлагын хөтөлбөр номын фондтой боллоо. Номын фонд жил бүр энэ байгууллагын санхүүжилтээр шинэчлэгдэж байна. Солонгос улсын Койка байгууллагаас нийтийн удирдлагын хөтөлбөрт кибер төвийн online- анги, холбогдох тоног төхөөрөмж зэрэг нийт нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Хөрөнгө оруулалтыг материаллаг талаас нь үнэлэхэд тун хялбар. Харамсалтай нь оюуны хөрөнгө оруулалт хийж буй зочин профессор, судлаачдын оюуны биет бус хөдөлмөрийг үнэлж чадахгүй байна. Байгууллагуудаас хандив тусламж, материаллаг хөрөнгө оруулалтыг хэмжиж чадаж буй ч оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж чадахгүй байгаад бид дүгнэлт хийж хэмжих арга замд шийдэл олох нь чухал.

-Та бүхнийг олон улсын экспертүүдийн UB-IMPULSE хэлэлцүүлэг хийдэг гэж сонссон?

-Тиймээ, бид GIZ байгууллагатай хамтран “Эдийн засгийн чанартай, хүртээмжтэй өсөлт” сэдвийн хүрээнд цуврал олон нийтийн хэлэлцүүлгийг 12 дахь удаагаа зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийг дэлхийн нэр хүнд бүхий Харвард, Стэнфорд, Конвентри, Мюнхен зэрэг их дээд сургуулиудаас урьж Монгол Улсад оюуны асар үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна. Хэлэлцүүлэгт Монголын улстөрчид, төрийн албан хаагчид, эрдэмтэд судлаачид, багш нар, хувийн хэвшлийнхнээс гадна Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын төлөөлөгчид байнга оролцож байна. Хэлэлцүүлэг олонд танигдаж эхэлсэн. Дараагийн хэлэлцүүлэг хэзээ болох вэ? гэсэн хүлээлт бий болж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулахад ивээн тэтгэн хамтран ажилладаг GIZ, Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хамт олон болон тус хөтөлбөрийн захирал Ноён Др.Ханселманнд талархаж явдгаа хэлмээр байна.

-МУИС Нийтийн удирдлагын мэргэжилтнүүд буюу ёс зүйтэй төрийн албан хаагчдыг бэлтгэж байна гэж ойлгож болох нь ээ?

-Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсад нийтийн удирдлагын чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршдог. МУИС Монгол Улсын тэргүүлэх их сургууль тул Нийтийн удирдлагын хөтөлбөрийг нэр хүндтэй байлгахаар мэрийж байна. Цаашид хөтөлбөрөө олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар итгэмжлүүлэх асуудалд анхаарч байгаа. Итгэмжлэгдсэн тохиолдолд оюутнууд дэлхийн аль ч улс оронд МУИС-д сурсан кредитээ хүлээн зөвшөөрүүлэх боломж бүрдэн давхар болон хавсарга хөтөлбөрөөр суралцах өргөн боломж нээгдэнэ. Хөтөлбөрөө улам сайжруулах, чанаржуулахад хийх их ажил байна.

-Энэ хөтөлбөрийн гол зорилго юу вэ?

-Тус хөтөлбөрийн зорилго олон улсын түвшинд нийцсэн сургалт явуулах, судалгаа хийх, мэдлэгтэй, бодит чадвар бүхий нийтийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх. Мөн онолыг практикт нэвтрүүлэх, практикт тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай болох гэж ойлгож болно.

-Нийтийн удирдлагаар төгссөн оюутнууд ямар ажлын байран дээр очиж байгаа вэ?

-Нийтийн удирдлагаар төгсөгчид төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэнээр төрийн албан хаагч болох боломж нээлттэй. Төрийн албаны шалгалтын судалгаанаас харахад манай төгсөгчид маш сайн амжилт үзүүлэн, өрсөлдөж буй ажлын байранд ихэвчлэн эхний байранд орж байна. Ийм үр дүн харахаар сайхан байдаг. Төгсөгчдөөс төрийн байгууллагуудад ажиллаж эхлээд байна. Мөн өндөр хөгжилтэй орнуудад болон дотоодод магистр, докторын хөтөлбөрт суралцаж эхэллээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна.

-Танай магистрын хөтөлбөрт өөр мэргэжлийн хүмүүс суралцах боломжтой юу? Тэр тохиолдолд нэмэлт сургалт авдаг байх, тийм үү?

-Зөвхөн манай сургуулийн төгсөгчид ч биш, өөр их, дээд сургууль төгсөгчид магистрын хөтөлбөрт суралцаж байна. Болзолт хөтөлбөрт зайлшгүй хамрагдах мэргэжлүүд байдаг. Тухайлбал: хэл, түүх, уран зохиол, эмчийн мэргэжлээр төгсөгчид болзолт хөтөлбөрийн 15 кредит хичээл үзсэний дараа магистрын үндсэн ангид суралцах боломжтой. Докторын хөтөлбөрт тодорхой хэмжээний практик судалгаатай төрийн албан хаагчид суралцаж байна.

-Та бас аймгуудад сургалт хийж төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажилладаг. Энэ тухайд?

-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулахад МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш нартай хамтран 2013 оноос аймаг, орон нутгийн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл төрийн албыг тогтворгүй болгон, төрийн албан хаагчдыг мэдлэгтэй мэргэшсэн байх асуудалд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл дундуур байдаг.

-Төрийн албан хаагчдад зориулсан төслийн сургалтыг ямар аргачлалаар явуулдаг юм бэ?

-Төрийн албан хаагчдад сургалт хийхдээ энгийн аргачлалаар төрийн албан хаагчдыг төрд ажилласан жил болон мэргэжлийн чиглэлээр ангилан сургалтад хамруулдаг. Харамсалтай нь улс төрийн сонгууль болгоны дараа төрийн алба, төрийн байгууллагуудын удирдлага болон мэргэжилтнүүд байнга солигдож байгаа нь шинжлэх ухаанч зарчмыг үнэгүйдүүлж байна.

-Төрийн албанд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

-Нэн тэргүүнд сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Төрийн байгууллагын бүтэц орон тоо, зохион байгуулалт, чиг үүргийн давхардалд анхаарч төрийн албаны мэргэшсэн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн бодлого чиглэх шаардлагатай. Нарийн мэргэшил ур чадвар шаардлагатай орон тоонд мэргэжлийн бус хүн ажиллуулдаг буруу тогтолцоог халах хэрэгтэй. Мэргэжлийн болон мэргэшсэн төрийн албан хаагч эрсдэл гаргах зөв буруугаа ялгах чадвартай учраас алдаа гаргах магадлал бага. Гэтэл мэргэжлийн бус хүн энэ ялгааг мэдэхгүй тул алдаа хийнэ, алдаа хийж ч байна. Мэдэхгүй хүмүүсээр алдаа хийлгүүлж байгаа үзэгдэл ч байна. Энэ бол аюултай.

-Тийм харамсалтай юм бас гарч байна шүү дээ.

-Хууль эрхзүйн орчныг улам боловсронгуй болгон шийдвэр гаргах түвшний ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулна гэсэн заалтыг хатуу мөрдөх юм бол, мэргэжлийн бус хүн ажиллуулан алдаа хийх эрсдэл багасна. Тийм зохицуулалт хийх хэрэгтэй.

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ, “КАРМЕН” ДУУРЬ ҮЗЭХ ДУРТАЙ

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ер нь чөлөөт цаг гэж бараг гарахгүй болчихоод байна. Хоногийн 24 цаг ч багадаж байна гэхэд хилсдэхгүй дээ /инээв/. Чөлөөт цаг гаргах юмсан гэж боддог ч бид амралтын өдрүүдээр ажилласан хэвээр л байна.

-Таны хобби?

-Хүүхэд байхаасаа шүлэг бичих гэж оролддог байлаа. Зөвхөн өөртөө л бичнэ, нийтлүүлж барьсан зүйл байхгүй. Миний хобби бол ном. Ном унших дуртай. Ихэвчлэн мэргэжлийн л ном уншдаг. Нийтийн удирдлагын чиглэлээр сурах бичиг бичиж байна. Сүүлийн үед 3 сурах бичиг гаргалаа. Одоогоор “Төрийн хяналт, хариуцлага” гэсэн сурах бичиг дээр ажиллаж байна.

-Ерөөсөө ажил, ажил гээд л... Гэхдээ бас үзэх дуртай үзвэр гэж байдаг биз дээ?

-Би сонгодог урлагт дуртай. Ялангуяа балет үзэх, сонгодог хөгжим сонсох, дуурь үзэх маш их дуртай.

-Ямар дуурь, балет танд хамгийн их таалагддаг вэ?

-“Хунт нуур” бүжгэн жүжиг, “Кармен” дуурь үзэх дуртай. Алтанхуягийн найруулсан болон бүжиглэсэн балетыг алгасахгүй үзэхийг хичээдэг. Манай урлагийнхан бас их өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа шүү дээ.

-Гэр бүлээрээ цагийг яаж өнгөрөөх дуртай вэ?

-Гэр бүлээрээ хамт өнгөрөөж байгаа цаг бага байдаг. Бүгд өөр өөрсдийн ажил гээд завгүй. Хааяа гэртээ өөрсдийн гарын хоолыг хийж идээд ярьж суух л хамгийн сайхан. Тайван орчин, бүх зүйл яг л байдгаараа. Хэн хэнийхээ дуртай, дургүй юмыг мэднэ. Нөхөр минь сайхан хоол хийдэг болохоор хийсэн хоолонд нь их дуртай.

-Та өөрөө анх хэрхэн Германд сурахаар явж байв?

-Миний багш Проф. Др. Л. Энхтайван маань ХБНГУ-д боловсрол эзэмших боломжийг олгосонд талархаж явдаг. Хүний сайхан сэтгэлийн дэмжлэгийг авсан болохоор бусдад адилхан тусалъя гэж их боддог. Тэнхимийн багш нараа ХБНГУ-д боловсрол эзэмшихэд анхаарч ажиллаж байна. Тэнхимийн багш нар маань бүгд миний төгссөн Шпайерийн их сургуульд очиж судалгаа хийж байгаа. Багш нарыгаа хөгжүүлэх асуудалд их анхаарч байна.

-Та ер нь оюутнууд, багш нараасаа өөр сэдвээр ярих дургүй хүн юм аа?

-Багш, оюутнуудаа дэмжихгүйгээр хөтөлбөр амжилтад хүрэхгүй. Янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцоход нь зөвлөнө. Манай тэнхим герман соёлтой тул багш нар оюутнуудаа цай кофенд урьж ярилцаж сууцгаана. Миний төгссөн сургуулийн соёл л доо. Оюутнууд эхлээд их гайхдаг байсан, одоо дассан. Энгийн байдлаар санал солилцох бас нэгэн боломж учраас ажлаа хийж байна гэж ойлгодог. Оюутнуудын хөтөлбөрт оруулдаг хувь нэмэр асар их. Оюутнууддаа оюунлаг бүтээлч хөдөлмөртөө улам өндөр амжилт гаргаарай гэж хүсмээр байна.

-Их сургуулийн багш нар бүгд тан шиг ийм байдаг уу?

-Их сургуулийн шаардлага бас их өндөр шүү дээ. Сургалт, судалгаа хийх ёстой, мөн олон нийтийг хамарсан нийгмийн хариуцлагын ажил хийх ёстой. Манай оюутнууд нийгмийн хариуцлага өндөртэй. Өөрсдөө санаачлаад Мини Парламент клубыг байгуулан ажиллаж Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар хавар, намрын чуулган хуралдаж байна. Нийгмийн хариуцлага бүхий оюутны ажил нэлээд санаачилдаг. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт номын сан байгуулж, асрамжийн газарт очиж тусалсан гээд сайхан жишээ олон бий.

-Танай тэнхимийн сүүлийн үеийн сонин гэвэл?

-Тэнхим сүүлийн үед судалгааны чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Тэнхимийн хамт олон бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран “Нийтийн удирдлагын үндэс” сурах бичиг гаргахаар ажиллаж байна. ХБНГУ- ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институт, Төрийн захиргааны их сургууль, Конрад Аденауерийн сан, GIZ, АСА байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, АНУ-ын Аласкагийн их сургуультай хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа өргөжөөд л байна.

-МУИС таны хувьд?

-МУИС зөвхөн миний хувьд төдийгүй Монгол Улсын хувьд оюуны их уурхай, оюуны хөрөнгө оруулалтын эх булаг, ундарга нь. МУИС-ийн хөтөлбөрүүд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан, чанартай мэдлэгтэй хүний нөөцийг Монгол Улсдаа бэлдэх тэргүүлэгч их сургууль хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Хамт олондоо болон үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчиддөө МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрдмийн ажилд нь их амжилтыг хүсье.

-Танд баярлалаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОУХНУС(202.9.43.121) 2019 оны 05 сарын 11

Энэ хэрэггүй тэнхимыг татан буулгах гэхлээр хэдэн багш нар нь оюутнуудаа хатгаж хэл ам хийсээр байгаад болиулчдаг . Уул нь ямар ч хэрэггүй тэнхим . Ер нь татан буугдана даа. Энэ мэт багш нар нь болиосой.

1  |  0
enkhee(202.21.118.6) 2019 оны 11 сарын 23

Uneheer ouynlag uym aa, tand amjilt husie

1  |  0
Ккк(202.9.42.2) 2019 оны 11 сарын 23

МУИС хэзээд тэргүүлэгч бх нь үнэн үнэн. Одоогийн оюутнууд ч дэ сурч бга юмгүй архи тамхи тэнэлт нь ихэдсэн чадваргүй төгсөгчид олон. Ирээдүйн монгол улс хүнд харагдаж бндаа

1  |  0
Top