...Хүний маань дээд нь ээж минь билээ, хө
Амттайхан арвин цагаан сүүгээрээ
Алагхан зүрхийг ашид амилуулж
Амь шигээ хайрлан байж өсгөнхөн
Хүслийн тэнгэр үр минь гэдэг
Хүний маань дээд нь ээж минь билээ... хэмээн уянгалуулах цээлхэн эрдүү хоолой цаанаа л нэг танил бөгөөд дотнохон санагдах. Үг бүхэн нь ухаарал хайрлаж, хөг эгшиг нь уяраасан ийм сайхан дуунуудыг ёстой л нөгөө “аргадаж дуулсан” болов уу гэмээр ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан авьяаслаг дуучны талаар эргэн санахыг хичээлээ. Тиймээ, нэгэн цагт урлагийн алтан тайзнаа авьяас билгээ гайхуулан нэр алдраа дуурсгаж явсан дуучин П.Адарсүрэн агсныг монголчууд өдгөө ч мартаагүй. Алдарт дуучны амжилт бүтээл хийгээд хувийн амьдралын тухай бүх үнэн өнөөдөр бидний дунд түүх болон үлджээ. Амьд ахуй цагтаа төр засгийн хайр хишгийг хүртэж чадалгүй “тэнгэрт харвасан од”-дын нэг гэгдсэн авьяаслаг дуучин маань урлагийн хүний зангаар сэтгэл доторхи гомдол гутралаа дарж чадалгүй, нэг хэсэг бор дарстай хүртэл “нөхөрлөж” явсан ч түүний төлөө харамсч, шаналсан хүмүүс цөөнгүй. Юутай ч, түүнийг амьд сэрүүн ахуйд өмөг түшиг болж, уран бүтээлийг нь хөглөн, хайр халамжаа зориулж явсан хань Б.Сүхээтэй нь уулзаж ярилцсанаа толилуулья.
-Таныг эрүүл ахуйч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Хаана ажиллаж байв даа?
-Тиймээ, хамгийн сүүлд Автобус баазад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа, эгч нь. Одоо 60 нас гарсан. Ач нараа хараад гэртээ суудаг ажилтай.
-Ханьтайгаа танилцаж, гэр бүл болж байсан үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?
-Бид хоёр 1985 онд танилцаж, бие биеэ таньж дотноссоор нэг гэрт орсон. Тэгэхэд би 35, Адараа маань 45 настай байсан юмдаг. Тухайн үед би хоёр хүүхэдтэй ч бусдын гар харахааргүй бие даасан амьдралтай байлаа. Харин Адараа маань эхнэрээсээ салчихсан, элдэв хэл аманд орооцолдоод их л гундуухан тааралдсан даа. Авьяаслаг энэ сайхан дуучныг хараад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрснөө нуугаад яахав. “Эр хүн алдаж онохыг алийг тэр гэх билээ. Ажилд орж, эхнэр автлаа манайд байхгүй юу даа” гэж хэлтэл мань эр шууд л “Би айлд байх сонирхолгүй хүн. Чамтай сууна” гэдэг байгаа. Би ч хэлсэн үгийг нь юман чинээ тоолгүй, мартаж орхисон. Үнэндээ түүнтэй ингээд суучихна гэж төсөөлөө ч үгүй явсан юм шүү дээ. Сүүлд нь мань хүн намайг нагацынхаа талын Энлай гэдэг лам дээр дагуулж очсон. Тэр лам амьдралын минь зам мөрийг үзэж, бидний хувь заяаг холбож өгч билээ. Ёстой л нөгөө “Заяаны хань зам дээр” гэдэг шиг надтай их энгийн хувь тохиолоор учирсан даа, миний хань.
-Алдарт дуучны төрж өссөн нутаг усны талаар андуу ташаа зүйл их сонсогддог. Яг аль нутгийн хүн юм бэ?
-Адараагийн маань тухай хөрөг нэвтрүүлэгт хүртэл нутаг усыг нь буруу нэрлэж байгаад сэтгэл эмзэглэж суудаг юм. Тэр минь Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хярын зуслан гэдэг газарт төрсөн гэдэг. Тоглож өссөн газар нь Шэрээгийн гол. Намайг төрсөн нутагтаа нэлээд олон удаа дагуулж очсон шүү.
-Ямар нэгэн урлагийн сургуульд суралцаж байсан болов уу?
-Үгүй ээ, байгалиас заяасан их авьяастай дуучин байсан. Ховдын хязгаарын цэргийн ангид алба хааж байхдаа урлагийн их наадамд оролцоод хотод ирсэн гэдэг. Толгойтын бараа баазад клубийн эрхлэгчээр ажиллаж байхад нь 1971 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад татаж авсан юм билээ. Нот бичих, хөгжим тоглохыг хэнээр ч заалгаагүй, бүгдийг нь бие дааж сурсан. Дуулж, бүжиглэх, хөгжим тоглохдоо их гаргуун. Ямартаа л, Л.Мөрдорж гуай нэг удаа манайд ирээд “Чам шиг баян хуур хөгжим бариад дуулж явдаг хүн байхгүй” гэхэд нь манай хүн хөгжмөө тоглоод “Алтай Хангайн уулс” дуугаа дуулж өгсөн. Тэгэхэд нь Л.Мөрдорж гуай уяраад “Ийм сүрхий дуучин гэдгийг чинь мэдсэнгүй” гээд л бөөн инээдэм болж билээ.
-Хүүхдэд их хайртай хүн байсан гэлцдэг юм билээ?
-Хэний ч хүүхэд байсан ялгаагүй, их сайн ханддаг. Ер нь, том жижиг гэлтгүй хүн болгонтой эвсэг харилцаатай байхыг хичээдэг байж билээ. Бусдыг гомдоохгүй, харин ч бүр боломжийнхоо хэрээр тус дэм болох гэж зүтгэдэг байсан даа. Хоёр охин, зээ нартаа их хайртай. Түүнийг минь өнгөрснөөс хойш нэг жилийн дараа гурав дахь зээ нь төрсөн.

-Гэрийн эзний хувьд, ямархуу байв?
-Ноён нуруу сайтай, аливаа зүйлд их цэгцтэй хандана. Хонь төхөөрөхдөө хурдан шаламгай гэж жигтэйхэн. Цагаан сарын ууцны махыг хариуцлагатай нь аргагүй чанаж, болгоно шүү. Тэр ч бүү хэл, хайлмаг их сайхан хийнэ ээ. Сүүлд хүүхдүүд өсч томроод, тусдаа гарахад хоёулханаа гэрээ сахиж үлдсэн юмдаг. Тэр үед намайг ажлаасаа ирэхэд атгасан гарын чинээ том бууз хийчихээд л хүлээгээд сууж байдаг хээгүй нөхөр байж билээ.
-Та өмнөх эхнэр хүүхэдтэй нь уулзаж байв уу. Одоо хэр зэрэг холбоотой байдаг вэ?
-Нэг их сүйд болж, уулзаад байдаггүй юм аа. Таван хүүхдийнх нь эх Гантогтох гэдэг багш эмэгтэй байсан юм. Түүнээс салаад хоёр жил гаруй хугацаанд ганц бие явсан гэдэг юм. Талийгаачийн оршуулга дээр л бид уулзалдсан гэх үү дээ. Насаар нь яривал, бид хоёр бараг чацуу шүү дээ. Нэг удаа телевизээр гарч байхыг нь харсан. Царай төрх нь ч гэсэн, яг л хэвээрээ байна билээ. Харин том хүү Амараа нь аавыгаа амьд сэрүүн байхад манайхаар ирдэг, эргэж тойрдог байсан.
-П.Адарсүрэн гуай таныг хөдөө орон нутагт тоглолт хийхдээ дагуулаад явдаг байсан гэсэн?
-Тиймээ, үргэлж надтай хамт явдаг байсан. Би боломжтой үедээ ажлаасаа чөлөө авах юмуу, аль эсвэл амралтын өдрөө тааруулж байгаад дагаад явна. Манай хүн ч гэсэн, намайг дагуулж явах их дуртай. Эрхбиш, эхнэр нь цуг байгаа юм хойно. Хувцас хунар нь цэвэрхэн, хоол унд нь зэхээстэй болохоор амар байсан биз. Би ч бас зүгээр нэг дагаж явахгүй ээ. Кассаа барьж, санхүүгийн асуудлыг нь давхар хариуцах ажилтай.
-Хөдөөгүүр их олон тоглолт хийдэг байв уу?
-1990-ээд онд зах зээлийн системд шилжсэнээр театруудын хувь заяа бүрмөсөн шийдэгдсэн. Чөлөөт уран бүтээлч гэдэг ойлголт 1985 оноос бий болсон зүйл. Тухайн үед Адараа маань чөлөөт уран бүтээлчдийг толгойлоод “Оргил” рашаан сувилал, “Улаанбаатар” зочид буудалд очиж тоглодог байлаа. Энэ хугацаандаа олны танил уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Дараа нь ятгачин Цэнд, Эрдэнэ, Оюун нартай хамт хөдөөгүүр мөн ч их явсан даа. Сүүлд нь Цагаан-Өвгөн, Хүрэлбаатарын эхнэртэй хамт уран бүтээл хийж, баруун таван аймгуудаар явж тоглолт хийдэг болсон.
-Урлагийн төрөл жанр харгалзахгүйгээр бүх л уран бүтээлчтэй хамтарч тоглодог байсан гэх юм. Энэ бүхнийг зохион байгуулж, авч явах хэцүү л байсан болов уу?
-Мэдээж, хэцүү байлгүй яахав. Олон хүний цалин хөлс, байгууллагын шимтгэл, тайзны хураамж, орон байр зэрэг бүх зүйлийг бид хоёр зохицуулна. Тоглолтынхоо хөтөлбөр, маршрутыг нэгбүрчлэн зурж бичих гээд л хийж буй зүйлдээ их анхааралтай ханддаг хүн байсан. Нэг хэсэг Ч.Мягмарсүрэн, Ц.Чимэддорж нартай хамт явж байгаад “Андууд” хамтлагийн Энхтүвшин, Галбаатар зэрэг хошин урлагийнхантай хамтарсан тоглолт хүртэл хийж байлаа. Заримдаа ганцаараа тоглолт зохион байгуулах үе ч цөөнгүй таарна. Энэ үед би кассаа барьж, Адараа маань тайзан дээрээ ганцаараа үлдэнэ дээ. Тоглолтоо өөрөө хөтлөхийн сацуу хошин зүйл ярьж, ардын болон нийтийн дуугаа дуулдагсан. Энэ маягаар аймагт тоглочихоод сумдаар яваад ирэхэд үзэгчид тоглолтыг нь дахиулах гээд санал хүсэлт их гаргадаг байж билээ.
-Нөхрийн тань дуунууд танд одоо байдаг уу. Ямар дууг нь сонсох дуртай байсан бэ?
-“Алтай Хангайн уулс”-ыг нь сонсох дуртай. Дууных нь бичлэгүүд байдаг ч гэсэн, тэр бүр сонсдоггүй ээ. Яагаад ч юм бэ, цаанаа л нэг хөндий санагдаад… Хань маань дэргэд байхгүй болохоор дуу хоолойг нь сонсохоор сэтгэл үймрээд хэцүү байдаг юм. Шүлгийнх нь гар бичмэлийг шавь Мөнхбаяр нь гуйхад “Чимиддоржтой хамтарч юм хийгээрэй” гээд өгчихсөн. Адараа маань 1986 онд Монголын радиод хэдэн хуучин дуугаа сэргээж, бас заримыг нь шинэчилсэн хэлбэрээр дуулсан. Монголын радиогийн алтан фондод л тэр сайхан дуунууд нь байгаа болов уу. Түүнээс минь зургийн цомог, ятга хоёр л үлдсэн дээ. Ятгыг нь манай зээ охин Маралмаа тоглож сурсан. Харин зээ охин Энхлүүн маань өвөөгөө дуурайсан, их авьяаслаг, ардын урлагт элэгтэй хүүхэд. “Том болоод уртын дуучин болно” гэж яриад байгаа.
-Шүлэг бичдэг байсан уу?
-Би шүлгүүдийг нь хуулж авсан, нэлээд хэдэн ном болохуйц бүтээл бий. Тэр минь дууны үг бичихээс гадна бодол санаандаа байгаа бүхнийг цаасан дээр буулгадаг байсан.
-Танд зориулж шүлэг бичсэн болов уу?
-1997 онд юм уу даа. Гэрийн маань ойролцоо байх том хар чулуунд хань минь байнга л бүдэрдэг байж билээ. Нэг өдөр гэнэт бухимдаад л “Би энэ чулууны тухай шүлэг бичнэ” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Чулуунд болохоор шүлэг зориулаад, надад юу ч байхгүй” гэж тунирхлаа. Өнөөх чулуутай барьцсан учраас Адараа маань тэр дор нь надад зориулж шүлэг бичсэн. “Хань минь” нэртэй энэ шүлэг их л гунигтай санагдсан шүү. Надаас холдох гээд байгаа ч юм шиг, эсвэл бүр өөрийнхөө хувь заяаг аль эрт мэдэрчихсэн мэт.
...Үүлнээс буусан хур шиг
Над дээр чи минь ирчихээд
Үүрнээс нисэх шувуу шиг
Намайг дагаад одов уу
Тэнгэрээс буусан хур шиг
Над дээр чи минь ирчихээд
Энгэрээс хальсан шувуу шиг
Намайг дагаад одов уу
Буцах ч аргагүй орчлонд
Чамайг дагаад дэвьюү
Ойчих ч аргагүй сэтгэлээр
Намайг түшээд суув уу... гэсэн шүлэг дээ. Анхны эхнэртээ зориулж “Хувиршгүй сэтгэл” дуугаа зохиосон гэдэг юм. Харин 1984 онд “Мөрөөдлийн дуу”-гаа надад зориулсан даа. Би шүлгийн дэвтрээс гадна баярын бичиг, дурсамжийн хуудсыг нь одоо хүртэл нандигнан хадгалдаг. Чемоданд нь бичиг баримт, шүлгийн ноорог, тоглолтын хөтөлбөр гээд бүх зүйл нь бий.
-Таалал төгсөхөөсөө өмнө хэвтэрт байсан гэл үү?
-Тиймээ, урлагийнхаа төлөө зүтгэсээр яваад өнгөрсөн. Нас барахаасаа өмнөхөн Эрдэнэтэд очиж тоглолт хийгээд ирсэн. Би урьд нь Адараагаа тоглолтоор явах болгонд нь үддэг байсан юм. Гэтэл яагаад ч юм бэ, тэр үед гаргаж өгч чадаагүй. Ажлаасаа оройтож иртэл охин маань “Аав хөгжмөө бариад явчихсан” гэж хэлсэн. Эрдэнэтэд сар шахам болоод Адараагийн бие гэнэт муудаж, гэр лүүгээ яарсан гэлцдэг. Ямар сайндаа л ээж, эгч, дүү нар нь “Харьж чадах болов уу” гэж санаа нь зовж үлдсэн байх вэ. Эрдэнэтээс ирээд дөрөв хоноод нас барсан. Их ч тэссэн дээ, хөөрхий.
-Бие муутай байсан юм уу?
-Бие тэнхээ нь их сайн шүү. Зусланд хонохдоо хүртэл булгийн хүйтэн уснаас шууд л хутгаж аваад уучихдаг. Тоглолтынхоо турш ганцаараа дуулаад гарч ирэхэд хоолой нь зүв зүгээр. Даанч элэг нь нэлээд муу. Би учирлаж гуйсны хүчинд хааяа нэг эмчид үзүүлнэ үү гэхээс биш өөрөө эмчлүүлнэ гэж ер үгүй. Өнгөрөхөөсөө өмнө ухаан орсон юм байлгүй, “Одоо л гайгүй болчихвол биеэ сайн эмчлүүлнэ дээ” гэж ярьж билээ.
-Архи уухыг нь болиулж дийлээгүй юу?
-1998 оны долдугаар сар бидний хувьд их л ёозгүй өнгөрсөн. Энэ үеэр л хань минь өдөр бүр шахам архи уудаг болчихсон. Хүн л юм хойно өдөр бүр согтуу ирээд байхаар нь уурлах үе бишгүй. Гэсэн хэдий ч, архи уухыг нь болиулж дийлээгүй. Би түүндээ хэтэрхий зөөлөн хандсан байж магадгүй л дээ.
-Гавьяа шагнал авч чадаагүйдээ сэтгэлээр их унадаг байсан гэж ярьдаг юм билээ. Хэрэв шагналаа авсан бол байдал өөрөөр эргэх байсан гэж бодогддог уу, танд?
-Их л гомддог байсан. “Хоёр ч Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Театрын бүхий л ажлыг чадлынхаа хэрээр нугалж явахад яагаад намайг тоодоггүй юм бол” гэж ярьдагсан. Түүнд минь “Алтан гадас” одонг хоёр ч удаа өгсөн. Нэгийг нь Чөлөөт уран бүтээлчдийн холбоо, нөгөөг нь Улсын баяр наадмын үеэр Засгийн газраас дуудаж өгсөн. Одонгоо авчихаад Төрийн ордноос гарч ирэхэд нь түүнийг минь нар тоссон их сайхан өглөө угтаж билээ. Энэ үед хань минь их л баярлаж байсан нь мартагддаггүй юм.
-Таныг их халамжтай, анхаарал сайн тавьдаг байсан гэж ярихыг цөөнгүй удаа сонссон юм байна?
-Адараа маань өөрөө их цэмцгэр хүн шүү дээ. Тоглолтынх нь улаан дээлийг Урлагийн ажилтны холбооноос дааж, Урт цагааны оёдлын газарт оёулж байсан. Сүүлд нь “Барилга” корпорациас ууж, малгай бүхий өвч бүрэн дээлийг чуулгын оёдолчноор хийлгэж өгсөн. Миний хань энгийн үедээ ч жигтэйхэн ганган. Би ажил ихтэй, завгүй болохоор хувцсыг нь бөөгнүүлж байгаад л нэг өдөр угаачихна. Заримдаа найз хүүхэн маань ч тусална шүү. Хамгийн сонирхолтой нь, Адараа хувцсаа өөрөө индүүддэг байсан. Сүүлд нь дээл өмсөх дуртай болохоор нь хоёр, гурван дээл оёулж өгсөн дөө.
-Та хоёрын амьдралд мартагдашгүй дурсамж олон үлдсэн байх даа?
-Зөндөө бий. Их цайлган, итгэмтгий хүн байсан шүү дээ, манай Адараа. Нэг удаа “Баянгол” ресторанд хоол идэхээр ортол хэдэн залуус сууж байхтай таарсан. Манай хүн тэдэнтэй ширээгээ нийлүүлж суугаад “Ах нь дандаа мөнгөтэй яваа ч уу, үгүй ч үү” гээд л дайлж гарсан. Гэртээ байхдаа эрх хүүхэд шиг л халамжлуулах дуртай. Толгойгоо хүртэл надаар угаалгана гээч. Өөрийнхөө дууг аялж, давтаад суудаг байж билээ.
-Урлагийнхан их орж гардаг байв уу, танайхаар?
-Амьд сэрүүнд нь орж гарч байсан хүмүүс одоо ч бараг үзэгдэхээ больж дээ. Эгч нь тийм их тансаг амьдралтай биш ээ. Бас тартагтаа тулсан ядуу ч хүн биш. Дундаж хэмжээний л амьдралтай явна. Хэнд ч баярлаж, гомдсон зүйл алга. Баярлаж болох хугацаа минь дуусчихсан юм шиг л… Одоо гэртээ суух шиг сайхан юм байхгүй болж. Хааяа түүнийгээ зүүдэнд ирэхээр уулзсан юм шиг л баярладаг.
-П.Адарсүрэн агсны дуунуудыг залуу дуучин Б.Мөнхбат дуулж, бие даасан тоглолтоо хүртэл хийсэн. Тантай ирж уулзсан болов уу?
-Үгүй ээ, уулзаагүй. Гэхдээ би Адараагийн дуунуудыг өмчилж, бусдад дуулах зөвшөөрөл өгөхгүй, энэ тэр гэж хэлэхгүй ээ. Яахав дээ, дуулбал дуулж л байг. Тэр сайхан дуунуудыг хүмүүс өнөө хэр нь марталгүй, санан дурсч байгаа нь сайхан. Хамгийн гол нь, олны сэтгэлд хоногшсон тэр хэмжээнд нь хүртэл дуулаасай. Дуучин Б.Мөнхбатын дуунуудыг сонсохоор хуучны сайхан ая дан, нугалаа хэмнэл нэг их анзаарагддаггүй. Мэдээж хэрэг, яг Адараатай адилхан дуулж чадахгүй л дээ. Тэр минь дахин давтагдашгүй, өвөрмөц хоолойтой дуучин байсан болохоор арга ч үгүй биз.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 6 )
СҮХЭЭ ЭГЧЭЭ ТА МАНДАГ ХҮН ШҮҮ ТАНД БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
argagui l mongoliin od bj de. ard tumnere hureeluulsen gaih**tai dawtagdashgui duuchin bj de. tuund gawya ***gn**ig n nehen olgwol mongolin duund durtai ard tumen bayrlah bolno.
bi bur baga bhasa l ene **dart duuchni duug sonsdog bsan. uneher dawtagdashgui hooloi shu. mongold tuunig dawj garah duuchin odohondo arai l toroogui bna da. Od gedeg chn ene hun l blaa.Tor zasag mini gawya ***gn**ig n amid seruund n ogogui ard tumen haram***g yumda.
manai elbegee songuulid orsoldoj bhdaa 2009 ond adaraad gavyatiig nehen olgoj bi chadna gej bsan odoo martaa bz dee saihan burdag gar daa
Sayhan huu n aaviinhaa dursg**d zoriulsan toglolt yavuulsan n ih saikhan bolson baina lee. Ter zavhanii geed nutgiih n neg z**uu ugui mun adilhan hooloitoi baina lee shuu. Adaraa guain buh duu uneheer goy.
Гавъяатыг нь нөхөөд өгчихөж болддоггүй л юм байх даа