Өнгөрөгч нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын сайд нар болоод Хотын даргатай тулсан уулзалт хийж, жижигрүүлсэн билээ. Тэр үед яригдсан чухал асуудлуудын нэг нь утаа байв. Ерөнхийлөгч утаагаа багасгах яасан бэ гэдэг асуултыг тавьж байхад нөгөөдүүл нь агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан гээд сууж байсан юм. Үнэндээ нийслэлийн иргэдэд тэр бууралт ердөөсөө ч мэдрэгдээгүй гэхэд болно. Харин Хотын дарга маань Ерөнхийлөгчөөс хатуу үг сонссоныхоо дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай хамтдаа Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргасан юм. Агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгож байгаагаа зарласан.
Ер нь бол энэ нь ниргэсэн хойно нь дандаа хашгирдаг жишгээрээ гаргасан шийдвэр болж л ойлгогдож буй. Тэгвэл ингээд зогссонгүй. Өвлийн туршид хорт утаагаар амьсгалсан нийслэлчүүддээ дахиад бэлэг барилаа.
Тэр нь хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр усан халаалттай зуух нийлүүлэх ажил аж. Энэ ажлыг нийслэлийн Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Нийслэлийн зүгээс мэдэгдэж буйгаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа гэж байна шүү. Тухайлбал сая өгүүлсэнчлэн гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр хангах зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа гэж буй юм.
Гэтэл үнэндээ эдгээр нь бодит ажил болж чадсан билүү? Нийслэлийн 185 мянган өрхийг жилд боловсруулсан түлшээр бүрэн хангая гэвэл хагас сая тонн хагас коксжсон түлш хэрэгтэй. Анхны тооцоогоор ТЭЦ-2 цахилгаан станц жилд 210 мянган тонн, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуйн нэгж 25-30 мянган тонныг үйлдвэрлэх, үлдсэн 250-300 мянган тонн түлшийг шинэ үйлдвэр барьж шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл өнгөрсөн оны төгсгөлөөс бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан ТЭЦ-2 станц одоо хүртэл хэвийн ажиллаж чадахгүй байгаагаас боловсруулсан түлшээр айл өрхүүдийг хангах ажлын гүйцэтгэл тасарсан юм. Шалтгаан нь үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэх. Ямартай ч хийж байна гэж зөндөө ярьдаг мөртлөө үр дүн тун багатай байгаа асуудал бол утааны эсрэг “тэмцэл” юм.
Ядаж байхад нийслэлийн агаарын бохирдлын 50-60 хувийг “үйлдвэрлэж” ирсэн 185 мянган өрхийнхөө талыг нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамруулна гээд байсан нь дампуураад байна. Сэтгэл хөдөлгөсөн нэртэй хөтөлбөрийн хохирогчид эхнээсээ жагсацгааж байна. Үргэлжлүүлээд суулт хийнэ гэж байна. Харин азаар урин цаг ирж, утаа цаашилсан цаг юм даа..
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )