Нууцыг нууц үлдээсэнд..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын зүйл, заалтууд дунд  Үндсэн хуулийг давж “гишгэсэн” заалтууд байх нь цөөнгүй. Тэгвэл дахиад нэг тийм зөрүүд төрхтэй хуулийг батлахаас хууль тогтоогчид ашгүй нэг татгалзлаа. Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийсэн ч, олонхийн дэмжлэг авч чадсангүй. Хэрэв тэгээд дэмжигдээд явсан бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заалт Төрийн нууцын тухай хуулиар бол үнэ цэнээ алдах хэрэг гарах байв.       

Учир нь “унасан” хуулийн төсөлд Маш нууц зэрэглэлд хамаардаг  иргэдийн хувийн мэдээллийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахаар тусгаад байсан. Тодруулбал, иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, өмч хөрөнгөтэй холбогдох мэдээллийг төрийн нууц биш гэж үзэж жагсаалтаас хасахаар тусгасан байсан.

Хэрэв эдгээрийг хасахыг дэмжсэн бол ардчиллын ноён нуруу болсон  иргэний эрх чөлөөт байдлаа УИХ гишгэлж, иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх  болон эрх чөлөөг бэхжүүлж байх учиртай ардчилсан төр засгийн шийдвэр утгаа алдах байлаа. Эл хуулийн төслийг Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  Уг нь Засгийн газраас энэ хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан юм. Гэсэн ч эргээд оруулж ирсэн.

Ер нь бол Төрийн нууцын тухай хууль батлагдсанаас хойшхи арван хэдэн жилийн хугацаанд нээлттэй нийгэм зохих хэмжээнд төлөвшиж, иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээллээр иргэдийг хангахад чиглэсэн төрийн үүрэг нэмэгдэж ирсэн. Зэрэгцээд нууцлалын хугацаа дуусгавар болсон, нууцлах шаардлагагүй болсон мэдээ, баримт бичиг, эд зүйлийг ил болгох ажиллагаа шат дамжлага ихтэй байгаа нь нээлттэй нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ иргэдийн хувийн мэдээллийг Маш нууц зэрэглэлээс хасах тухай даацтай байр сууриуд төдийлөн дуулдаж байгаагүй.

Харин ч Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалах шаардлага  байсаар ирсэн. Цаашид ч байсаар байна. Ер нь нууц гэж юу вэ гэдгийг тодорхойлох үүднээс тайлбарыг хүргэе.

 “Нууц” гэж нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих тэр зүйлийг ойлгох бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зааснаар:

-       Хувь хүний нууц

-       Байгууллагын нууц

-       Төрийн нууц гэж төрөлжүүлсэн байдаг.

Хувь хүний нууц гэдэг нь “Хувь хүний нууцын тухай” Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.” гэж байгаа бол төрийн нууц гэдэг нь “Төрийн нууцын тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ.” гэж заасан байгаа юм.

Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа иргэдийн хувийн мэдээлэл нь Төрийн нууцын нэг хэсэг мөн юм. Үндсэн хуулийн 11.1.-т  Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гээд заачихсан байгаа.Тэгвэл иргэдийн хувийн мэдээлэл нь үүнтэй чухал хамаатай.Тиймээс ч төр нь хуулиараа хамгаалж үлдэх ёстой юм. Цаашид ийм дэмий төслүүдийг босго давуулах хэрэг ч байхгүй биз ээ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top