Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Бид цаашид Хятад руу нүүрсээ гаргасан хэвээр байх юм бол алдагдалд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

 Засгийн газрын тухай хуулийн дагуу ЭЗХЯ шинээр байгуулагдсан билээ. Тэгвэл өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд өчигдөр бондын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодрууллаа.

- Чингис бондыг гаргаснаар манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?

- Маш олон давуу талыг манай улсад авч ирж байгаа. Үндэсний гадаад валютын нөөц даруй 2 дахин нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа үүссэн.  Ингэснээр төгрөгийн ханш тогтвортой түвшинд хадгалагдах бодит нөхцөл бүрэлдэж, сүүлийн 5 жилд анх удаа эдийн засаг дахь инфляцийн хүлээлт тогтворжсон.  Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх боломж, орон зайг үүсгэж өглөө. Үүнийг дагаад эдийн засагт боломжит зээлийн эх үүсвэр нэмэгдсэн.  Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, нэрийн дансны тогтолцоог бодит утгаар нь хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлсэн.  Моргейжийн тогтолцоог мөн сонгодог утгаар нь хэрэгжүүлэх эдийн засгийн суурь нөхцөл бүрдэж байна.  Дээрх хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр санхүүгийн салбарт урт мөнгөний тогтвортой, баталгаатай эх үүсвэр үүсэн хөгжиж, дотоодын эдийн засаг дахь санхүүгийн зардлын өртөг буурах бодитой бодлогыг хэрэгжүүлэх боломжтой боллоо.  Энэ нь ард иргэд, хувийн хэвшилд банкны зээлийн хүү буурч, хугацаа уртсах замаар түргэн шуурхай хүрч, шууд мэдрэгдэх юм.  Энэ нь үргэлжлэн инфляцийн өртөг, хүлээлтийг бууруулж, цаашид тогтворжиход хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь дундаж болон доод давхаргын бодит орлогын өсөлтийг шууд үүсгэн бий болгох юм.  Чингис бондын эх үүсвэр нь төрийн дансанд орж ирсэн өдрөөс их бүтээн байгуулалтын бэлтгэл ажил маш шуурхай хийгдэж байгаа бөгөөд үүгээр дамжин их бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй, барилгын улирал эхэлмэгц өрнүүлэх боломжтой болж, ашиг үр өгөөжөө анхны өдрөөсөө эхлэн өгсөөр байна.

- Бондын хөрөнгөөр орон нутгийн замуудыг барина гэж байсан. Яг ямар чиглэлд хичнээн  зам барих гэж байгаа вэ?

-  Бондын хөрөнгөөр эдийн засагт нэн шаардлагатай чиглэл болох авто зам, эрчим хүч болон төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөгдөж байна. Тухайлбал энэ жилээс 2016 он хүртэл Сайншанд, Баянхонгор, Мандалговь, Чойбалсан, Алтай, Баруун Урт, Улиастай, Мөрөн, Даланзадгад, Ховд, Улаангом, Өлгий зэрэг бүх аймгуудын төвүүдийг автозамаар холбохоор төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас Улаанбаатар хотыг 21 аймагтай хатуу хучилттай замаар холбох бодлого баримталж байгаа. Түүний эхлэл болгож энэ онд Дорноговь, Дорнод, Хөвсгөл гэх мэт зургаан аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбоно. Үүнд нийт 1300 км орчим урт зам барих юм. Энэ ажилд бондын мөнгөнөөс 300 гаруй сая ам.долларыг  оруулахаар төлөвлөөд байгаа.

-Нийслэлд баригдах хурданы замны хувьд?
-Бид түгжрэлийг бууруулахын тулд  Улаанбаатар хот дундуур босоо, хөндлөн гэсэн хоёр чиглэлд хурдны зам тавихаар төлөвлөсөн. Хөндлөн нь Туул голыг дагуулан тавина. Харин хөндлөн замыг мөн голын далан дагуулан тавина. Ингэснээр газар чөлөөлөх асуудал хөндөгдөж илүү зардал гарахгүй.

-Төмөр замын хувьд хичнээн км замыг тавих нь тодорхой болсон уу?
-Нүүрс, зэсийн баяжмал гээд стратегийн  баялгуудыг зөөдөг уул уурхайн салбарт төмөр замын асуудал чухалаар тавигдаад байгаа. Тиймээс бондоос олгож болох мөнгөний дээд хэмжээ болох 400 сая долларыг төсөвлөсөн. Харин төмөр зам барих эрхийг нь Монголын төмөр замд шилжүүлсэн. Тиймээс Төмөр замын байгууллага цаашид гадаад болон дотоодын хувийн компаниудтай хамтран төмөр зам тавих асуудлыг шийднэ. Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн төмөр зам, Хөөт-Нөмрөгийн төмөр зам, Хөөт-Бичигтийн төмөр зам, Тавантолгой-Цагаан суварга-Сайншандын төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт төмөр зам,Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлд нийт 1800 км төмөр зам тавина.

-Тавдугаар цахилгаан станц барих асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Тавдугаар цахилгаан станцыг амжвал Цагаан сарын өмнө гэрээнд гарын үсэг зурж бичиглэхээр төлөвлөөд байгаа.  Тиймээс энэ онд баригдаж эхлээд 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Мөн Тавантолгой, Шивээ Овоо, Багануур гурван уурхайг түшиглэн цахилгаан станц барьж эхэлнэ, уурхайн ам болгон дээр цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа. Ингэснээр бид гаднаас цахилгаан импортлохгүй харин  экспортлох боломж бүрдэнэ.

- Бондын хүүний талаар өөр мэдээллүүд гадуур тархаад байгаа. Манай улс яг хэдэн төгрөгийн хүү төлж байгаа вэ?
-Хүмүүсийн хардаж байгаа шиг  бид өдөр бүр хүү төлж байгаа зүйл байхгүй. Учир нь бондын мөнгө орж ирсэн өдрөөс эхлэн Монголбанктай менежментийн гэрээ байгуулан тэнд мөнгөө байршуулсан байгаа. Харин Монголбанк энэ мөнгийг дотоодын болон гадаадын банкуудад хуваан байршуулж эргэлтэнд оруулж ашиглаж байгаа. Тиймээс бид бондын хүүнд нэг ч төгрөг төлөхгүй байгаа гэж хэлж болно.

- Ямар менежмент хийж байгаа юм бэ?
-Төв банкнаас дотооддоо тодорхой хэмжээний бонд гаргасан байна лээ. Хүү нь арилжааны банкуудынхаас харьцангуй бага, долоон хувь. Манайд долоон хувийн хүүтэй эх үүсвэр гэдэг багадаа орж байгаа юм.

-Арилжааны банкууд өмнө нь 10 хувийн хүүтэй бонд авчихсан байсан. Үүнийгээ долоон хувийн хүүтэй бондоороо дараад голоос нь мөнгө завших боломж бүрдэх юм биш байгаа?
-Бид бага хүүтэй эх үүсвэр өгч байна гэдэг нь арилжааны банкны зээлийн хүүг бууруулах ажлаа л үе шаттай хийж байгаа хэрэг. Цаашдаа нийгмийн даатгалын сангийн 5.6 их наяд төгрөгийг мөнгөжүүлнэ. Ингэснээр зах руу бага хүүтэй мөнгө нийлүүлэгдэх бололцоо бүрдэнэ. Засгийн газар банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Түүндээ хүрэхийн тулд ажиллаж байгаа хэлбэр юм. Хардаад байвал юу ч бүтэхгүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг байх аа.

-“Чингис” бондын зээлийг буцаан төлөх цаг болоход төсөвт ачаалал үүсэх үү?
-Төсөвт ямар ч ачаалал үүсэхгүй. 2018 оны нэгдүгээр сарын 8-нд эхний 500 сая ам.долларын зээлийг төлөх ёстой. Өнөөдөр Монголд төсвийн зээл тусламжийн хэмжээ хоёр их наяд төгрөг байгаа. 2018 он гэхэд энэ нь тав дахин өснө. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ 10 их наяд төгрөг болно. Тэгвэл 700 тэрбум төгрөгийг тухайн үед бид төлөх болно. Тиймээс 10 их наяд төгрөгийн дэргэд энэ мөнгө асуудал биш. Харин өнөөдөр мөнгөө зөв зүйлд зарцуулах нь л чухал байгаа юм.

-Дэд бүтцэд хөрөнгө оруулахаар эргээд алдагдлаа нөхөж чадахгүй гэсэн шүүмжлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Улс орныхоо дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг нь ард иргэдийнхээ өмнө төр нь хариуцах ёстой асуудал. Тиймээс бондын мөнгөөр зөвхөн гурван хувь гэлтгүй 100  хувь хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Мөнгөний ашгийг урт хугацааны, богино хугацааны гэж хоёр хувааж үзэж байгаа. Тиймээс богино хугацаанд биш ч гэсэн урт хугацаанд эргээд үр ашгаа өгнө гэсэн үн. Өөрөөр хэлбэл дэд бүтцийг дагаад олон чухал асуудал шийдэгдэг болно.
- Төрийн өмчит компаниудад бондын мөнгөнөөс хэрхэн олгох вэ. МИАТ компанид онгоц худалдан авч өгөхдөө “Чингис бонд”-оос гаргана гэх?  
-Өнөөдрийг хүртэл бондын хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гараагүй байгаа. Бодлогын зөвлөл дээр ярилцаж байгаа асуудал бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана. Зам тээврийн яамны зүгээс МИАТ компанид гурван онгоц худалдан авах шаардлагатай үүнд 200 гаруй сая ам.доллар шаардана гэдэг саналыг бол ирүүлчихсэн л байгаа юм. Монгол Улс өөрийн гэсэн агаарын хөлөггүй юм шүү дээ. Бүхэл бүтэн улс байна даа, өөрийн гэсэн онгоцтой болчихвол уг нь.
-Эрдэнэс Тавантолгой өрнөөс болоод үйл ажиллагаа нь зогссон байгаа. Бондын мөнгөнөөс Тавантолгойн өрийг төлнө гэж яригдаж байсан?
-Тавантолгой бол төрийн компани учир төр хариуцах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд ямар нэгэн байдлаар өрийг нь дуусгаад үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхааран ажиллана. Гэхдээ өрийг дарахад  500 сая ам.долларыг  бондын мөнгөнөөс гаргана гэж яригдсан. Үүнийг эцэслэн  шийдээгүй байна.

-Чалкотой хийсэн гэрээг шинэчлэх талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Анхнаасаа хоёр улс гэрээ хийхдээ харилцан ашигтай байх гэрээ байгуулаагүй.  Нүүрсний үнэ нэмэгдэхэд манай нийлүүлж байгаа нүүрсний үнэ нэмэгддэггүй. Харин нүүрсний үнэ буурахад манай үнэ буурдаг байхаар гэрээг хийсэн. Бид цаашид Хятад руу нүүрсээ гаргасан хэвээр байх юм бол алдагдалд орно. Тиймээс гэрээг шинэчилнэ гэдэг дээр Засгийн газар хатуу байр суурьтай байгаа. Бид энэ гэрээг хүчингүй болгосон тохиолдолд Япон, Энэтхэг, Солонгос гээд урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтэй орнууд байгаа.

-Тэгвэл Чалкотой хийсэн гэрээгээ цуцлан өөр улстай гэрээ хийж магадгүй гэж ойлгож болох уу?
-Үүнд эцсийн хариу гараагүй байгаа. Гэхдээ ямар ч ашиггүйгээр нүүрсээ гаргадаг байж болохгүй.  Мөн бид мөнгө гарган Тавантолгойн өрийг дарна. Тиймээс эргээд бид мөнгөө олохийн тулд сайн гэрээ байгуулах хэрэгтэй. Урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаа орнуудтай гэрээ байгуулах юм бол бид урьдчилгаа авах маягаар алдсан мөнгөө нөхөх боломжтой юм.
-УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгсөн. Дараагийн 3.5 тэрбум ам.долларын бондыг хэзээ гаргах вэ?
-Бидний төлөвлөгөө ёсоор эхний 1.5 тэрбум ам.долларынхаа төслийг хэрэгжүүлээд, үр дүнг нь үзэх нь чухал байгаа. ДНБ-ий өсөлт нэмэгдээд ирэх цагаар буюу энэ оны сүүлээр энэ асуудал яригдаж эхэлнэ.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top