“Гамлет” жүжгийг Н.Наранбаатар тайзнаа амилуулах эрх авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Дэлхийн театруудын урын санд хүндтэй байрыг эзэлдэг дэлхийн алдарт зохиолч У.Шекспирийн “Гамлет” жүжгийн төслийн сонгон шалгаруулалт өчигдөр Улсын драмын театрт боллоо. Алдарт жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер зарлан өрсөлдүүлж байгаараа онцлогтой юм. У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болжээ. Учир нь дэлхийн сонгодог бүтээл тэр тусмаа “Гамлет” жүжгийг тоглох нь театрын төдийгүй уран бүтээлч хүний нэр хүндийн асар том илэрхийлэл, өндөр хариуцлага болдог билээ. Тус нээлттэй тендерт УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат  зүтгэлтэн Ч.Найдандорж, найруулагч Б.Баатар, найруулагч, жүжигчин Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин, Б.Мөнхдорж нар өрсөлдөв. Шалгаруулалтын дүнд гарахад “Бооцоо”, “Нууц амраг чинь болъё”, “Би эр хүнд хайртай” зэрэг жүжгээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулж чадсан Н.Наранбаатар “Гамлет”-ыг тайзнаа амилуулах эрхтэй болов.

Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, энэ оны намар “Гамлет” жүжгийг тайзнаа тоглоно.

Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд анх удаа 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетын дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байсан юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top