Сүүлийн үед цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдах, хүч хэрэглэх байдал нэлээдгүй гарах болсон. Он гарсаар 30 гаруй цагдаа бусдын халдлагад өртсөн байна. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төвийн үйлчилгээний хэсэгт гурван хүн архидан согтуурч байх үед Нийгмийн хэв журам хамгаалах газрын ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ тэдэнд шаардлага тавьжээ. Тэд хэтэрхий согтолттой байсан учраас биед нь зохих журмын дагуу үзлэг хийхэд Э гэгч нь зугтсан байна. Түүнийг араас нь хөөж гүйцэхэд цагдаагийн хэвлийд нь хутгалсан хэрэг гарчээ. Мөн улсын харцага Г.Намсрайжав шаардлага тавьсан замын цагдааг согтуугаар зодож танхайрсан хэргийг иргэд мэднэ.
Өнгөрсөн гурван жилийн байдлаар цагдаагийн албан хаагчдын биед халдсан тохиолдлын статистик судалгааг хийжээ. Судалгаагаар хоёр хоног тутамд нэг албан хаагч халдлагад өртдөг нь тогтоогдсон. Энэхүү судалгаа нь цагдаагийн ажилтны мэдлэг боловсрол, ажил үүргээ гүйцэтгэх чадвараас илүү ажиллах орчин эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм.
Уг нь бусдын амь нас, эд хөрөнгийг тулаад ирсэн аюулаас хамгаалахын тулд эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтыг хийвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг аж. Гэтэл энэ заалт цагдаад үйлчлэхгүй байна гэж ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах тасгийн дарга, хошууч А.Отгонбаяр хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )