Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд “төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан” зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр шалгаж байгаа аж.
Г.Бадамрагчааг тэр өдрийн 11.00 цагийн үед гэрээсээ гарч явахад нь хар хувцастай, бүрэн зэвсэглэсэн олон залуучууд толгойд нь уут углаж, цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан. Толгойд нь угласан уутыг авахад хоёр залуу буу тулгаад асуудлаа ярь гээд зогсч байжээ. Юуны учир, ямар шалтгаанаар Г.Бадамрагчааг “төр эргүүлсэн” гэх үндэслэлээр саатуулаад байгааг ойлгохгүй байна хэмээн түүний ах болон уран бүтээлийн найзууд, багш нар нь мэдэгдсэн юм.
Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаа хэлэхдээ “Миний дүүгийн эрхэнд ТЕГ-аас бүрэн халдаж байна. Байцаагдаж эхэлсэн цагаас хойш өмгөөлөгч нь мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцъё гэхэд хаалт тавьж эхэлсэн. Гэвч бид хуулийнхаа дагуу шаардлага тавьсны эцэст зөвшөөрөл авсан. Өмгөөлөгчид нь хэлэлгүйгээр хэд хэдэн удаа байцаалт авахаар оролдлого хийсэн гэнэ. Дүү минь одоо шоконд орж, сэтгэц нь жаахан өөрчлөлт орсон юм. Өнгөрсөн мягмар гаригт өмгөөлөгч Н.Пүрэвбаатар нь түүнтэй уулзах гээд 461 дүгээр ангид очсон. Гэтэл дүүг маань аль хэдийнэ ТЕГ-т авчирсан байсан. Өмгөөлөгчийг ТЕГ-т очиж, байцаалтад ороход дүү маань байцаагч н.Энхтөрийн үг бүрийг тоть шиг давтаад байсан гэсэн. Тэгээд өмгөөлөгч нар нь гайхаад ийм байцаалт байдаг юмуу гээд дүүгийн маань сэтгэцийг шалгуулах асуудал тавьсан байна лээ. Хүчээр байцаалт авсан учраас байцаалт өгсөн гэх тэмдэглэлд гарын үсгээ зурахгүй гэхэд нь дүүг маань тэгвэл чамайг цаазаар авах асуудлыг ярина гэж хэлсэн байгаа юм. Иймэрхүү маягаар л дүүд минь хэрэг тулгаж байна. Энэ хэрэг бол ямар нэг аюултай хэргийн золиосонд миний дүүг золиослох үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй бэлдээд ийм хэмжээнд хүрчээ гэж ойлгож байна” гэж байв.
Харин түүний уран бүтээлийн хамтрагч жүжигчин М.Дорждагва “Би Г.Бадамрагчаатай 1993 оноос хойш уран бүтээлийн тал дээр хамтран ажиллаж байна. Сүүлийн гурван жил бид хоёр огт салалгүй, хамтарч уран бүтээлээ хийсээр байгаа. Г.Бадамрагчааг би 20-иод жилийн өмнөөс мэдэхийн хувьд, уран бүтээлийн хамтрагч, ахынх нь найзын хувьд хэлэхэд тэр хүн ийм юм хийж явах хүн биш гэдгийг би нотолно. Г.Бадамрагчаад кино хийхээс өөр чадах юм байхгүй. Харин киногоо, уран бүтээлээ сайн хийх юмсан гэж бодож шаналж явдаг эгэл жирийн уран бүтээлч болохоос бус энэ бохир заваан улстөр лүү орох тийм жижиг амьтан биш ээ. “Шударга байя л даа” гэж нэг нөхөр яриад байдаг шүү дээ. Хаана байна тэр шударга чинь, шударга юм ерөөсөө алга. ТЕГ-ын байцаагч Энхтөр Г.Бадамрагчааг байцаалт өгөх талаар чинь сургуулилт хийнэ. Чамайг төв аймгийн мөрдөн рүү явуулна, цаазаар авна гэж сүрдүүлсэн байгаа юм. Цаазаар авах асуудлыг Энхтөр гэдэг нөхөр шийддэг юм уу. Цаазаар авна гэдэг үгийг дуртай нь хэлж ард түмнээ дарамталдаг юм уу. Монголын түүхэнд урьд хожид байгаагүй хамгийн арчаагүй төр одоо бий болоод байна. Зүгээр уран бүтээлээ хийгээд явж болохгүй ямар хэцүү цаг үе вэ?” хэмээн бухимдалтай хэлж байлаа.
Одоогоор Г.Бадамрагчаагийн шүүх хурлын тухай огт яригдахгүй байгаа аж. Түүний ар гэрийнхэн болон багш, найз нар нь Г.Бадамрагчааг батлан даалтад гаргах хүсэлтэй байгаа бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхийг хүсч байгаа юм. Мөн ТЕГ-ын байцаагч Энхтөрөөс татгалзах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )