Цагдаагийн экс дарга нарын ар гэр гомдолтой байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нарын ар гэрийнхэн болон “Цагдаагийн ар гэрийн холбоо ТББ” сэтгүүлчидтэй уулзаж, шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Эдгээр хүмүүст ял ноогдуулсанаас хойш зургаа хонож байна. Энэ хугацаанд тэдний ар гэрийнхэн “Шүүгч нар гэмгүй хүмүүст хилсээр ял ноогдууллаа” гэж ярьсанаас албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй юм. Тэдний үзэж буйгаар долдугаар сарын 1-ний үйл явдлын гол буруутан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар юм. Эдгээр хүмүүс хууль зүйн дагуу жагсаал, цуглаанаа хийгээд өнгөрсөн бол таван хүний амь нас хохирч, цагдаа нар бэртэж гэмтэхгүй байсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсчээ. 7-р сарын 1-нд юу болсон хэргийг ард иргэд бүгд мэдэж байгаа. Гэтэл шүүх хурал хаалттай явагдсан. Энэ өдөр болсон үймээнд хохирсон цагдаа нарыг хохирогчоор оруулаагүй тухай хэлж байв.

О.Зоригтын ах О.Оюунцэрэн хэлэхдээ “Шүүх хурал олон хуулийн заалтыг уландаа гишгэж байна. Үүнийг мэргэжлийн хуульчид болон хохирогч талын өмгөөлөгч ч хэлсэн. Үнэндээ жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүс гол буруутан юм. Сонгуулийг будлиантуулсан тэр хүмүүс өнөөдөр хаана байна. О.Зоригтын хувьд дэндүү хатуу шийтгэл оноолоо. Хоёр өдөр хагас дутуу хэвтээ байдалд байлгаж байгаад л ял сонсголоо, мэдүүлэг ч өгөөгүй. Сүүлд нь тайлбар өгсөн байх. Уг нь шүүх хурал мэтгэлцээний журмаар явагдах ёстой байсан. Энэ нь ерөөсөө сонгуулийн өмнө ял өгөх зорилготой байгаа мэт санагдлаа. Бид Сүхбаатар дүүргийн шүүхийг гайхаж байна. Ч.Амарболд генералыг тухайн үед Баянзүрх дүүргийн шүүхээс ЦЕГ-ын дарга байгаагүй гэж тогтоосон байтал түүнийг үл ойшоосон нь энэ хүмүүсийг цаанаас удирдаад, зохион байгуулаад байна гэдгийг баталсан. Буруу зүйл хийсэн хүн заавал шийтгүүлдэг гэж” байлаа.

Ш.Батсүхийн дүү Ш.Баттулга “Таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэргийг үүтгэж, үймээн дэгдээсэн хүмүүс буруутай гэдгийг монголчууд бүгд мэднэ. Гэтэл бүх хүний мэдэж байгаа энэ хэргийн шүүх хурлыг яагаад хаалттай явуулсан бэ. Мөн тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болох С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр нарыг гэрчээр оруулна гэсэн яасан бэ. Гэмтэж, бэртсэн цагдаа нарыг яагаад хохирогчоор татаагүй вэ. Шүүгчдэд өөрийгөө өмгөөлье гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд хүлээж авах ёстой гээд хуульд заачихсан байдаг. Гэтэл яагаад О.Зоригтыг өмгөөлөгчгүйгээр хуралд оролцуулав гээд асуух зүйл их байна. Үндсэндээ шүүх хурал хууль бус болсон” хэмээв.  

Ч.Амарболдын ах Ч.Энхболд “Шүүх хурлыг ард түмэнд нээлттэй байлгахыг бид анхнаасаа хүсч байсан. Яагаад гэхээр цагдаа нар сонгууль будлиантуулаагүй, жагсаагүй, эмх замбараагүй байдал бий болгоогүй. Ийм нөхцөлд яллаж байгаа нь хуульд нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн асуудал боллоо. Хамгийн гол нь цэргийн гэмт хэргийн тохирохгүй зүйл ангиар зүйлчилсэн гэдгийг олон хуульч хэлдэг. Тэгээд ч шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй. Тухайн үед дотоодын нэг ч цэргийг оруулаагүй гэдгийг Ч.Амарболд хариуцлагатайгаар олон удаа хэлж, баталсан. Шүүх хурал дээр ч хэлсэн. Гэтэл тэдэнд Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлын урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс ял ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Хэдийгээр тэд өнөөдөр ял сонсоод өнгөрч байгаа ч энэ хэргийн жинхэнэ буруутныг олоогүй цагт ард түмний гомдол тайлагдахгүй” гэв. 

Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Шүүхийг бид үнэн зөвөөр нь ялгана гэж хүлээж байсан. Харамсалтай нь Сүхбаатар дүүргийн шүүгч нар улс төрийн захиалгаа маш амжилттай биелүүлж манай албан хаагчдад ял оноолоо. Шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж хэргийг шүүснийг Хүний эрхийн комиссынхон хүртэл баталж байна. Хурандаа О.Зоригтыг өмгөөлөгчгүйгээр шүүлээ. Нөгөө хэд нь өмгөөлөгчтэй гэдэг ч хавтаст хэрэгтэй нь бүрэн гүйцэд танилцуулахгүйгээр шүүх хуралд оруулах жишээтэй. Энэ мэтчилэн Монголын төр цагдаад харгис хандаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв Монголын төр үймээнийг таслан сэргийлсэн цагдаа нарыг буруутан болгоод дуусах гэж байгаа бол бид хохирлоо нэхэмжлэх болно. Тухайлбал, үймээнээр албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртэл авч улмаар амиа алдсан гурван албан хаагчийн амь насны хохирол болох 50 сая төгрөг, ямар нэгэн аргаар бэртэж гэмтсэн 300 гаруй албан хаагчдын эрүүл мэндийн нөхөн төлбөр гээд бүгдийг нь төрөөс нэхэмжлэхээр боллоо. Монголын төр цагдаадаа дэндүү харгис хандаж байна” гэж байлаа.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top