Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Эх хэлээ цэвэр ариун байлгаж, баяжуулан хөгжүүлэхийн төлөө сэтгэлтэй эрдэмтэн, судлаачид эх хэлний тухай хууль боловсруулах, Ерөнхий сайдын дэргэд Улсын нэр томъёоны зөвлөл байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөснөө өнөөдөр мэдэгдлээ.

Өнгөрсөн сарын 16-нд “Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэг байгуулагдаж тэргүүнээр нь Д.Цэрэнсодномыг томилжээ. Тэрээр хэлэхдээ "Нэн даруй эх хэлний хуультай болох хэрэгтэй. Хуультай болчихвол энэ замбараагүй алдаатай бичдэг асуудал байхгүй болно. Гэхдээ бид энэ хуулийг батлагдах хүртэл олон ажлыг зохион явуулах болно. Тухайлбал радио, телевиз, сонин хэвлэлийн болон сурах бичгийн хэл найруулгыг боловсронгуй болгох үүднээс тус бүрийнх нь чиглэлээр эрдэмтдийн багаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэхүү багууд онол арга зүйн туслалцаа үзүүлэх юм. Мөн нэр томъёо, аман болон бичгийн хэлний хэм хэмжээг цэгцлэх, хот суурин газрын хаяг, зар, хэл найруулгыг эх хэлнийхээ хуульд нийцүүлэн жигдлэх зэрэгт ажлын хэсэг байгуулахыг зорьж байна" гэлээ.

Мөн монгол хэлний үнэлэмжийг өндөр болгох нь чухал. Ажилд орохоор хүссэн хүмүүсээс гадаад хэлний мэдлэгтэйг нь ажилд авдаг. Гэтэл эх хэлээрээ өргөдөл зөв бичдэг хүнийг ажилд авдаггүй. Бид эх хэлээ эрхэмлэн дээдлэх асуудлаар олон ажил хийх болно гэж тус нийгэмлэгийнхэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top