100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 153 хүн зээл авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13


“100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд зээл авах хүсэлтэй иргэд гуравдугаар сараас эхлэн материалаа Төрийн банк, Капитал банкинд өгч эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар ОССК-оос Төрийн банк руу 1169 зээлийн хүсэлтийг шилжүүлсэн бол Капитал банкинд 400 гаруй өргөдөл ирээд байгаа ажээ. Харамсалтай нь тус банк Сангийн яамтай тохиролцоонд хүрч чадаагүй болохоор зээл олгохгүй, иргэдийг хүлээлтийн байдалд оруулаад байгаа юм.

ОССК-оос мэдээлж байгаагаар хөтөлбөрийн хүрээнд 153 хүнд зээл олгожээ. Харин тэдгээр иргэд бүгд орон сууцандаа ороогүй гэнэ. Учир нь 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зарим нь 2013-2014 онд ашиглалтад орох юм байна.

Харин иргэд зээл олгохдоо удаан байна гэж шүүмжилж байгаа бөгөөд энэ талаар Төрийн банкны маркетингийн мэргэжилтэн Г.Болорсүх: Бид зээлийг зохих журмын дагуу олгож байгаа. Манайд нийт 1411 материал ирснээс 180 зээлийн материал шийдэгдэж, 109 хүнд зээл олгож, одоо 144 материалыг судалж байна. Бид боломжийнхоо хэрээр хурдан судалж, өдөрт 20-30 хүний асуудлыг шийдэж байгаа” гэж мэдэгдлээ.

Сонгуулийн дараа энэ хөтөлбөр зогсонги байдалд орно гэсэн хардлага иргэдэд төрж байгаа ч эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байна. Тодруулбал Засгийн газраас баталсан урт хугацааны хөтөлбөр болохоор сонгуулийн дараа ч зээл олгох болно. Иргэдийн материалыг судлахад хугацаа орж байгаа болохоор хүлээж байгаа иргэдэд бухимдал үүссэний үндсэн дээр ийм хардлага төрсөн байх гэдгийг эх сурвалж хэллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top