БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл орон даяар явагдаж өнөөдөр дуусна. Энэ жил өнгөрсөн жилийн адил аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан улсын хэмжээнд 10 мянган хүнийг бүртгэх юм байна. Зарим дүүрэгт байрны хүртээмж муутайгаас болоод бүртгэлийг өөр газар явуулах аж. Үүнд, Баянзүрх дүүрэг Жанжин штабын байранд, Хан-Уул дүүрэг 75 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэг монгол 3 дугаар сургуульд бүртгэлээ явуулна. Бусад дүүрэг өөрийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн байранд бүртгэнэ.
"Энэхүү гэрээгээр явсан ажилчид гурван жил ажиллачихаад хүрээд ирдэг. Гэрээний хугацаа дуусахад БНСУ-ын талаас мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг ч манайхан хамрагддаггүй хэмээн бидэнд хэлсэн. Тиймээс цаашид мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын төвийг Монголд хамтран байгуулъя гэдэг асуудал яригдаж байна” гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгосүрэн хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )