HOPECA-2012 буюу үйлчилгээний газруудын хангамжийн үзэсгэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Өнөөдөр “Мишээл экспо” төвд “HOPECA-2012” буюу буудал, ресторан, баар зоогийн газруудын хангамжийн үзэсгэлэн боллоо. Энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Монголын зочид буудлын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн үйл ажиллагаанд “АПУ” компани ивээн тэтгэгчээр ажилласан байна. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой тус үзэсгэлэнд манай улсын нэр хүндтэй зочид буудал, ресторан, баар, зоогийн газрын төлөөлөл болсон нийт 60 гаруй байгууллага оролцлоо. Эдгээр байгууллагуудаас иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчилж амталгаат худалдааг явуулж байсан бөгөөд бизнес эрхлэгчдэд түншлэл тогтоох боломж олгосон юм. Мөн энэхүү үзэсгэлэнгийн үеэр Гаалийн ерөнхий газрын ажилтнууд импортын бүтээгдэхүүний талаар зөвлөгөө өгч байсан бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас импортын бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтаас эхлээд хэрхэн зөв сонголт хийх талаар зөвлөж байв. Тус үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ.

Энэ үеэр Монголын зочид буудлын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэлтэй цөөн хором ярилцлаа.

-HOPECA-2012 үзэсгэлэн юугаараа онцлог болон давуу талтай вэ?

-Манай HOPECA-2012 дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн бол өнөөгийн зочид буудал, баар, ресторан, зоогийн газарт хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, эдлэл хэрэгсэл, хүнсний болон хүний нөөцийн хангамж зэрэг үйлчилгээнүүдийг нэг дор цогцлоож байгаагаараа онцлогтой. Мөн ирэх жилд бид энэ үзэсгэлэнгээ олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаад олон улсын түвшинд хүргэнэ. Түүнчлэн бизнесийн байгууллагууд маань хоорондоо хамтарч ажиллах, түншлэл тогтоох давуу талуудыг бий болгон ажиллаж байна. Бид маргааш бүх зочид буудал болон бизнес эрхлэгч байгууллагуудын хангамжийн талаар ажилчиддаа зориулан тусгай сургалт зохион байгуулна.

-Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудаас олон улсын стандартын хэмжээнд хүрсэн зэрэглэлтэй хэчнээн буудал байна вэ?

-Өнөөдөр Монгол улсад одны зэрэглэлтэй 63 зочид буудал байгаагаас олон улсын зэрэглэлийн түвшинд хүрсэн хэд хэдэн буудал бий. Эдгээр нь гадаадын зах зээл дээр брэнд бүтээгдэхүүнийг бий болгож байна. Учир нь гадаадаас ирсэн жуулчид зочид буудал, ресторан, зоогийн газраар их үйлчлүүлдэг. Энэ утгаар нь зочид буудлуудыг улс эх орныхоо нэр хүндийг дэлхийн зах зээл дээр таниулж байгаа салбарын нэг гэж үздэг. Бид нар зочид буудлуудынхаа зэрэглэлийн түвшинг олон улсын түвшинд нэлээд дөхөж очсон гэж үзэж байгаа. Манай улсын зочид буудлууд бусад улс орныхоос техник, технологийн хувьд ялгагдах зүйл байхгүй гэсэн судалгаа гарчээ. Цаашдаа үйлчилгээний чанар, бүтээгдэхүүнээ улам илүү олон улсын түвшинд хүргэхийн тулд бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

-Саяхан бүх буудлаар хяналт шалгалт явуулсан. Энэ шалгалт хэр үр дүнгээ өгсөн бэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу, Нийслэлийн аялал жуучлалын газраас Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа буудлуудад хяналт шалгалт хийсэн. Монголын зочид буудлын холбоо, Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрууд зэрэг зочид буудалтай хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад бүх дэн буудал, зэрэглэлтэй буудлуудыг стандартын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгасан. Эдгээр бизнес эрхэлж байгаа газруудыг дэмжин, зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Үнэхээр энэ салбарт амжилт гаргахыг хүсч байгаа бизнесийнхэн мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top