Өнөөдөр улс төр мэдээллийн төвд “Ногоон байгууламж, амьдрах орчноо хамгаалах иргэдийн түр хороо”-ноос сэтгүүлчдэд хандлаа. Уг хэвлэлийн бага хурлыг Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэн Б.Болд, Г.Батжаргал нар хийсэн юм. 120 мянгатын 18, 19-р байрнуудын дунд “ХУД-ийн 1-р хорооны цогцолбор байр барих ажил явагдаж байна” гэсэн самбар хатгаж дотор нь том жижиг хоёр барилгын нүх ухан их хэмжээний шороог автобусны буудлын ойролцоо асгажээ. Гэтэл уг хашаан дотор хорооны барилгын ажил дөнгөж суурь нь тавигдах төдийд орхигдсон бөгөөд хажууд нь орон сууцны барилгын ажлыг өдөр шөнөгүй хийж байгаа учраас 1-р хорооны иргэд энэ ажлыг эсэргүүцэж хуралдан түр хороог байгуулжээ.
Уг түр хороо нь барилгын ажлыг яаралтай зогсоох талаар ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хотын захирагч Г.Мөнхбаяр, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт шаардах бичиг хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Тэд хэлэхдээ "Иргэдэд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр нийтийн эзэмшил газар дээр барилга барьж байгаа нь хууль бус ажил юм. Энэхүү барилгыг барьснаар нар салхи хаагдаж, байр чийгтэн мөөгөнцөртөж, хүүхэд тоглох газаргүй болно. Мөн өвөл халаалтын асуудал хүндэрнэ. Иймд бид маргааш орой 18.00 цагаас 120 мянгатын автобусны буудлын баруун талд овоолсон шорооны дэргэд цуглан өөрсдийнхөө төлөө тэмцэхээ илэрхийлж байна" гэсэн юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )