Цайныхаа цагаар нэгэн кафед сууж байтал тааруухан хувцастай бага насны хоёр охин. орж ирлээ. Тэд зөөгч ойр орчимд байгаа эсэхийг сэмхэн ажаад, дөхөж ирэн “Эгчээ үлгэрийн ном авах уу” гэв. “Үгүй ээ, авахгүй”, “Ээ ганцхан ширхгийг авчих л даа. Шинэ ном шүү дээ эгчээ” гэж хоргооно. Бидний ярианаас тэднийг өрөвдсөндөө юу, аль эсвэл хурдан явуулахын түүс болсон уу хүмүүс ганц хоёрыг авч харагдав. Би ч бантахдаа 500 төгрөгийн үлгэрийн ном авлаа. “Та хоёр ном зарж олсон мөнгөөрөө юу авдаг вэ” гэж асуухад “Номын сангаас үлгэрийн ном 300 төгрөгөөр бөөндөж аваад 500 төгрөгөөр зардаг. Орлогынхоо ашгийг ээждээ өгөөд, үлдсэнээр нь маргааш зарах номоо худалдаж авдаг” гэж хэзээнээс гаршсан наймаачин байртай хариулав. Харин нөгөөх нь “Бас хоол авч иддэг шүү дээ” гэж байна.
Аав ээжээсээ “сайн” хүүхэд гэсэн магтаал сонсохын тулд бага наснаасаа хөдөлмөр эрхэлж буй нь хүүхдийн сурч боловсрох боломжийг хааж, эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлдөг. Хүүхэд аав, ээжийнхээ хайр халамжид элэг бүтэн өсч, тоглож наадах эрхтэй. Энэ бүгдийг зөрчиж, өөрийн болон өрөөл бусдын төлөө хөдөлмөрлөхийг хуулиар хориглосон байдаг. Тэр тусмаа хортой, аюултай нөхцөлд, мөлжпөгийн шинж чанартай ажил хийж байгаа бол түүнийг хүүхдийн хөделмөрийн тэвчишгүй хэлбэр гэж үздэг.
Манай улсад хүүхдийн хеделмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Судалгаанаас харахад хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 90 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт буюу малчдын хүүхэд байдаг. Мал маллах хүнгүй гэх нэрээр хүүхдээ сургуулиас нь гаргаж “цалингүй” хөдөлмөр эрхлүүлдэг. Гэтэл хуулиар “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр"-ны жагсаалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэлх олон зүйл багтдаг. Хүүхдүүд гэрийнхээ бизнест цалин хөлсгүй оролцох нь элбэг. Ар гэрийнх нь амьдрал тааруу хүүхдүүд ихэвчлэн хүнд хөдөлмөр эрхэлдэг нь нэгэнт нотлогдсон зүйл. Тэдний дунд аав, ээждээ тусалж, амьдралдаа жаахан ч гэсэн нэмэр болохыг хичээж буй хүүхэд байхадэцэг, эхийнхээ архины мөнгийг олохын тулд тэрэг түрж, гутал тосолж, гар дээрээс худалдаа хийдэг хүүхэд цөөнгүй бий. Энэ нь зөвхөн хөдөлмөр эрхлээд зогсохгүй гэр бүлийн дарамт, шахалтан дор амьдарч буйг харуулдаг. Хүүхэд хөдөлмөр эрхлэхэд хүргэж байгаа шалтгаан нь ядуурал, эцэг, эхийн боловсролын байдал, гэр бүлийн таагүй орчноос үүдэлтэй.
Засгийн газраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрийн 303 тоот тогтоолоор баталсан билээ. Дээрх хөтөлбөрийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах орон нутгийн төрийн захиргааны төв байгууллагууд болон талуудын гүйцэтгэх үүрэг оролцооны чиглэлийг баталж хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2007 онд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгаагаар манай улсад 5-17 насны хүүхдийн 11.5 хувь буюу 71330 хүүхэд ажил хийж байгаа дүн гарчээ. Ажил хийж буй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүй ажиллаж байна.
Монгол Улс 1999 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн эрх, хөдөлмөрийн талаархи холбогдох конвенцуудад нэгдэн орсон. Тэр үеэс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохын тулд бодлогын хэмжээнд анхаарч ажиллаж байгааг Хүүхдийн төлөө газраас мэдээлсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хүүхдийн хөдөлмөрийн стандартыг шинэчлэх үүднээс салбарын хуульд мониторинг хийж байгаа аж. Хүүхдийн ямар хөдөлмөрийг хориглох, эрхзүйн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох, хүүхдийн хөдөлмөрийг ямар нөхцөлд зөвшөөрөх вэ гэх мэт олон асуултын хариултыг тодорхой болгож байгаа гэнэ. Хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь уул уурхайн салбар дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг 2015 он гэхэд бүрэн устгах явдал аж. Энэ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “2016 он гэхэд дэлхий даяар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах” зорилттой нэгдэж байгаагийн илрэл юм байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт бэлгийн мөлжлөг, хууль бус үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, хил дамжуулан худалдах, аюултай нөхцөлд ажиллах зэргээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлж болно. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн.
Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг" өдрийг “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор тэмдэглэж байна. Мөн үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хамгаалалтын хувьцас, морины хэрэгсэлд тавих шаардлага /МNS 6264:2011/ стандарт батлан мөрдөж эхэлжээ. Энэ мэтчилэн үндэсний хөтөлбөр бодитой хэрэгжвэл хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрх хуулиар хамгаалагдах боломж бий болох нь ээ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )