Хиймэл оюун дарга нарын ТАШУУР БОЛЧИХЛОО

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Ер нь коммунистууд шинэ “юманд” дургүй юм билээ. Дургүй учраас өөрсдийнхөө эрх мэдлийн атганд барьж байхыг хүссээр ирсэн. Тэгэхээс ч аргагүй юм. Хорьдугаар зууны өнгөн дээр радио, телевиз гэх зүйл нээлтээ хийсэн ч утга, агуулгын хувьд хянаж байхаар болсон. Чухам иймдээ ч Владимир Ленин “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж хэлсэн юм.  Коммунистууд ийм байдаг юм байж. Өнөө цагт коммунист алга болоогүй гэж үү. Гэтэл үгүй байж. Байх, байхдаа мер хийгээд байж байна. Хиймэл оюунаар замын хөдөлгөөний дүрмийг ажиглаад торгож эхэлсэн.

Хүн төрөлхтөн хиймэл оюун гээчийг технологийн нэг дэвшил, аж үйлдвэрийн дараагийн хувьсгал гэж үзэж байна. Тийм учраас төрийн шийдвэр гаргах ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн. Бүр болиод БНХАУ-ын боловсролын системийн сургалтын агуулгад нэмэгдсэн. Хиймэл оюун бүхий гэрийн удирдлагын систем, автомашин, тоног төхөөрөмжид нэвтрүүлж байна. Гэтэл манайд төр засгийн торгуулийн системийн нэг хэсэг болжээ. Оны бөгсөн дээр хэдэн сар туршилт нэртэйгээр дасгаж байгаад он гармагц “яп” хийтэл торгож эхэлсэн. Манай дарга нар л хиймэл оюун гэж сүржигнээд байгаа болохоос арай боловсронгуй хяналтын камер юм л даа. Хиймэл оюуны хиймэл өгөгдөл эхнээсээ алдаа заагаад эхэлсэн. Нэгдүгээр эгнээнээс шилжих, зогс шугамын өмнө, эгнээ байр эзлэх, шилжүүлэх зэрэг дээр илт алдаа гаргаж байгааг жолооч нар шүүмжилсээр байна. Торгох арга нь л нарийсаад байдаг дэд бүтэц нь хөгжсөн билүү гэдэг асуулт гарч ирнэ. Зогсоол гэж байхгүй. Замын чанар гэдэг асфальтаас хучихаас цаашгүй. Метро, дүүжин тээвэр зэрэг нь даргын тархинд л байдаг манайх шиг улсад мянган хиймэл оюун байгаад нэмэргүй. Учир нь бодит байдал яг эсрэг учраас.

Казахстан гэдэг улс хаалттай улс байгаад одоо л хаалгаа сэгийлгэж байгаа. Гэтэл тэд яасан гээч хиймэл оюун гээчийг сангийн бодлогодоо хэрэгжүүлэх гээд бэлтгэлээ базааж байна. Манайхтай яг л ижил гараанаас эхэлсэн Гүрж улс хиймэл оюуныг дунд сургуулийн хөтөлбөртөө нэмэх гэж байгаа. БНХАУ-ын тухайд аль хэдийнээ нэвтрүүлчихсэн. Япон, Өмнөд Солонгос улс хиймэл оюуныг шинжлэх ухааны ололт амжилттай сүлэлдүүлэх замаар эдийн засгийн нэн шинэ эх үүсвэр болгохоор зорьж байна.

Гэвч 14 мега төсөлтэй гэж итгэсэн, метротой болох мөрөөдөлтэй, хүн амын тал нь шавчихсан Улаанбаатар хотод хиймэл оюун нэвтрэхдээ жолоочдыг торгох “улаан ташуур” болох хувь ерөөлтэй байж...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ленин багш(202.9.41.94) 7 цагийн өмнө

ленин багш энд ямар хамааралтай гэж? украйн, монгол, дундад азийн зөндөө улсад тусгаар тогтнолыг нь зааж өгсөн байдаг, бид харин төртэй засагтай, хуультай дүрэмтэй, үүнийг л дагаж мөрдөх жамтай ажгуу

1  |  0
Зочин(66.181.185.211) 23 цагийн өмнө

Хэтэрхий хөгжүүлвэл хүмүүсийг боолчлоно

0  |  0
Иргэн(202.9.46.134) 23 цагийн өмнө

Та яахав, бололцоотой соёлтой байж бно. Хүн болгон адилгүй, хүлэг жороогүй.

0  |  0
Зочин(66.181.177.141) 7 цагийн өмнө

Улсын дугаараа нуусан машинууд олон болсон бналээ эсвэл дугааргүй

1  |  0
Зочин(66.181.183.33) 7 цагийн өмнө

Торгууль төлөхгүй байхын тулд та дүрэм зөрчдөггүй байх ёстой. Дүрэм журамгүй, дур зоргоороо амьдармаар байгаа бол та өөр газар танаас өөр хүн амьдардаггүй эзэнгүй зэлүүд газарт л амьдрах хэрэгтэй болох нь дээ. Дэг журамд дургүй хүмүүс л аливаа шинэлэг болгоныг эсэргүүцдэг. Хотын унаган иргэд бид соёлтой, цэвэрхэн, аливаа хууль, дүрэм, журмаа биелүүлээд цэгцтэй амьдармаар байна

1  |  0
Top