Хиймэл оюун ухаан Wikipedia-г үгүй хийх үү!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

 

Wikipediа цахим нэвтэрхий толийг эрхэлдэг Wikipedia Foundation төрийн бус байгууллага бодит хэрэглэгчдийн хандалт ихээхэн буурсан тухай мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хиймэл оюун ухааны технологи эрчимтэй нэвтэрч байгаатай холбоотой гэж 404 Media мэдээлжээ.

Орчин үеийн хайлтын систем болон чатботууд багц мэдээллийг бэлэн хүргэдэг тул хэрэглэгчид анхдагч эх сурвалж руу шилжих шаардлагагүй болжээ. Эл өөрчлөлт нь тус нэвтэрхий толины урт хугацаанд оршин тогтноход заналхийлж байна. Учир нь хэрэглэгчдийн тоо буурснаас редакторуудын тоо буурч, хандив ч багасах эрсдэлтэй.

Сонирхолтой нь Wikipedia-ийн материалууд нь хэлний ихэнх загваруудыг сургах үндсэн материал болдог төдийгүй нэвтэрхий толины контентын үнэн бодит байдал өндөр байдаг тул хайлтын системүүд эл эх сурвалжийг хамгийн түрүүнд ашигладаг байна.

Өнгөрсөн тавдугаар сард тус платформын трафик огцом өссөн нь чатботтой холбоотой байжээ. Тиймээс тус платформын хамгаалалтын системийг улам боловсронгуй болгосон байна. Үүнтэй зэрэгцэн амьд хэрэглэгчдийн хандалт буурч эхэлжээ. Бодит хэрэглэгчид эх сурвалж сайтууд руу хандах нь цөөрч, харин ботууд өөрсдийгөө халхавчлах аргаа сайжруулсан болохыг хамгаалалтын механизм харуулжээ. Хайлтын системийн үйл ажиллагааг шинжилсний дүнд хайлтын зөвхөн нэг хувь нь эх сурвалж сайт руу ханддаг болохыг тогтоожээ. Бусад хэрэглэгчдэд хиймэл оюун ухааны бэлдсэн мэдээлэл хангалттай байдаг аж. Залуу хэрэглэгчид нийгмийн сүлжээн дэх мэдээллээр хязгаарлагдах нь элбэг байна. Тиймээс Wikipedia Foundation хэрэглэгчдэд хандан хиймэл оюун ухаанаар дамжуулан авсан мэдээллээ эх сурвалж руу нь батжуулах замаар хүмүүсийн бэлдэж буй мэдлэгийн санг дэмжихийг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top