АНУ, Ираны яриа хэлэлцээнд ахиц гарч байгаа мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

АНУ-ын засаг захиргаа Ирантай өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах чиглэлд ахиц дэвшил гарч байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бид Ираны талтай маш сайн яриа хэлэлцээ хийлээ. Энэ асуудлаар алсдаа сайхан мэдээ дуулгах байх гэж би бодож байна. Бид бодит ахиц гаргасан” гэж Трамп хэлсэн байна.

“Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээний дараагийн үеийг хийх огноо болон газрыг Иран, АНУ-ын эрх баригчид хараахан тохироогүй байна” гэж Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи ням гарагт мэдээлсэн юм.

Хоёр талын яриа хэлэлцээний тав дахь үе тавдугаар сарын 23-нд Ромд болсон байна. Ираны Гадаад харилцааны сайдын мэдэгдсэнээр, хоёр тал дараагийн яриа хэлэлцээнд бэлтгэж байгаа бөгөөд дахиад ганц, хоёр уулзалтын дараа нааштай үр дүнд хүрнэ хэмээн найдаж байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 12-ноос хойш өрнөж буй яриа хэлэлцээ уран баяжуулах асуудлаарх санал зөрөлдөөний улмаас тасалдах эрсдэлтэй болж ирсэн юм. Америкийн тал Ираныг уран баяжуулахаас бүрэн татгалзахыг шаардаж байгаа бол Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн энхийн зориулалттай гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu