АНУ, Иран энхийн тухай санамж бичиг байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иран, АНУ урьдчилсан байдлаар энхийн хэлэлцээр байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Харилцан ойлголцлын санамж бичигт бүх фронт, тур дундаа Ливанд гал зогсоох, Тегераны эсрэг тавьсан хоригийг цуцлах, Ираны сэргээн босголтын сан байгуулах заалтууд орсон байна.

Санамж бичигт Доналд Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар гарын үсэг зуржээ.

Санамж бичигт заасан гал зогсоох 60 хоногийн хугацаанд талууд энхийн хэлэлцээрийг эцэслэн байгуулах учиртай.

Эл баримт бичиг нь санамж бичиг бөгөөд Ираны үйлдлээс хэрэгжилт нь шалтгаална гэж Трамп мэдэгджээ. Хэрэв хоёр сарын хугацаанд энхийн хэлэлцээрийг эцэслэж чадахгүй бол Иранд дахин цохилт өгнө гэжээ.

Харилцан ойлголцлын санамж бичгийн гол заалтууд:

-Бүс нутагт цэргийн ажиллагааг зогсоох. Бүх фронт, тэр дундаа Ливанд цэргийн ажиллагааг даруй, бүр мөсөн зогсоох.
-Ирэх 30 хоногт Ираны боомтуудын бүслэлтийг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулснаас хойш 30 хоногийн дотор АНУ Ираны хилээс цэргээ татна.

-Ормузын хоолойг нээх. Ормузын хоолойг 60 хоногийн хугацаанд төлбөргүйгээр нээнэ. Үүний дараа Иран булангийн бусад орнуудын хамтаар илүү өргөн хүрээний, урт хугацааны хэлэлцээр байгуулна.

-Ираны сэргээн босголт, хөгжилд 300 тэрбум ам.доллар зориулна. АНУ тус бүс нутаг дахь түнш орнуудын хамтаар Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийн сан байгуулж, 300 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ.

-Тегераны эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах. АНУ Ираны эсрэг тавьсан бүх төрлийн хориг арга хэмжээг цуцлах амлалт өгч байна.

-Талууд Иран хэзээ  ч цөмийн зэвсэг бүтээх, худалдан авахгүй гэж тохиролцож, Ираны баяжуулсан ураныг устгах тал дээр хамтран ажиллана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top