Морин цэргийн дууль

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 26


(2023 оны “Утгын чимэг” наадамд III байр эзэлсэн өгүүллэг)

Хөл хөнгөнтэй омголон морь унасан туранхай янхигар өвгөн өвсний толгой бөхөлзөх салхигүй хээр талаар товор товор алхуулж явлаа.

Намрын шаргал наран доорхи уул ус хөх ногооны униарт будантаад, залуу цагт юмсан бол гэрт тогтож суухын аргагүй сайхан өдөр байлаа. Ойрд унааны нуруунд гараагүй удсан болоод ч тэр үү морины явдалд цээж хөндүүрлэн, нөгөө муу шарх өвдөх янзтай. Олон жил өвчин намдаах эм уусаар эм өвчин хоёр ”найз” болоод одоо өвгөнд тус хүргэх юм ховор болжээ. Гол судасны хажуу хананд байрласан бууны сумыг  хамаагүй оролдвол хагарч, цус алдаж үхнэ гэсэн  эмч нар гар хүрэхээс эмээнэ.

Дайн дуусаад өчнөөн жил өнгөрлөө. Гэтэл би японы нэг муу сумнаас салж чадахгүй, нэг их үнэ цэнэтэй эрдэнэ авч хадгалж яваа юм шиг, цээжиндээ өвөртлөөд явж л байдаг гэж бухимдан бодсоноо, морио гуядан, дөрөөн дээрээ өндийн  салхи сэвэлзтэл ергүүлэв.

Агь таанын үнэр сэнгэнэж, болж:мор жив жив жиргээд, өнөө хавар өндөгнөөсөө гарсан нялх дэгдээхэйнүүд газар дэлхийг магтан, цэлмэг цэнхэр агаарт дэрвэлзэн нисэлдээд, үхлийн тухай бодох ч зай завсаргүй сайхан өдөр ажээ.

Өвгөн хэдэн саахалтын газар шогшуулсаар гаднаа тарагны тав гурван хонь ямаа, саалийн хэдэн үнээнээс өөр малгүй шахам жижигхэн бор гэрийн гадаа ирж дөрөө мултлахад, тэрэгний сүүдэрт унтаж байсан хонхорцогоо чирсэн хөгшин нохой залхуутайяа босч, ёс төдий хүн хүн боргосноо, нойрмог нүд нь Дамбий өвгөнийг танив бололтой буцаж хэвтэв.

Өвгөн тэрэгнээс морио уяад:

-“Нохой хорио” гэж сөөнгөдүү дуугаар нэгэнтээ доогтой хашгирсанаа, мөнөөх гэрт доор бөхийн орлоо. Тэрбээр гэрийн эзэн Хорол эмгэнтэй мэнд амараа мэдэлцээд, хоймор өөд  харснаа, эмгэний дэвсэж өгсөн олбог дээр очиж, хоёр том өвдөгөө түшин, уужим суудлаар завилан суугаад, арслантай авдар дээр малгайгаа авч тавив.

-Та чинь хамаг одон медалиа зүүчихээд өглөө эрт хаа хүрэхээр яарч явна даа гэж Хорол эмгэн цай аягалах зуур асуухад өвгөн:

-Холдохгүй ээ, энэхэн зуур. Цаана чинь Халхын голын их ялалтын ой болоод хот хөдөөгүй хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, ёслолын буудлага нижигнэж байна. Тэгээд энэ баярын өдөр гэрийн мухар сахиж суугаад яах вэ. Уул овоонд гарч,  малгайн  утаа сэргээнгээ танайхаар буугаад мордъё  гэж бодоод хүрээд ирлээ гэв. Эмгэн эргэнэг доогуураа тэмтчин, данх сав хангир жингэр дуугаргах зуураа:

-Энэ олон одон тэмдэгтэй зочныг чинь юугаараа дайлдаг билээ. Хөгшрөхөөр тогоо бүрхээр хүртэл намайг голоод, архи олигтой гарахгүй болох шиг  санагдах юм. Гэхдээ дэлхийн өвс  ногоо, дэлэнт малын буян хаачих вэ. Өнөөдөртөө танд амсуулах юм бий шүү гээд том галуун хүзүүт шилтэй нэрмэл  гаргаж, өвгөний өмнөх явган ширээн дээрээ тавьлаа. Өвгөн дунд гарын мөнгөн аягатай архийг  болгоомжлонгуй  нэг балгаснаа,

-Би чамд зарга мэдүүлэх гэж ирлээ гэснээ мөнгөн соёо цохилууртай гаанс тамхиа гаргалаа.

-Энэ сайхан баярын өдөр юу яасан зарга байдаг билээ, Дамбий минь.

-Монголын морин цэрэг атаканд орж, сэлмээр Японуудын толгойг цавчиж явсан гэдэг бол үлгэр гэнэ ээ. Тэр Дандар ороо бусгаа, огцом түргэн зантай, архи дарсанд толгой мэдүүлсэн хүн байсан учраас би түүнтэй ойр дотно нөхөрлөж яваагүй гэж нэг нөхөр араажаваар энэ өглөө улаан цайм ярьж байхыг сонслоо. Гарамгай баатар хүнийг ингэж хэлж болдог юм уу... Чи хэл дээ. Би тэр нөхөрт  гомдохдоо уур хүрч, хоолой зангираад, арга барагдах даа, наашаа ирж байгаа нь энэ гээд, архинаас даруй даруйхан хэд балгав.

-Дамбий минь иймхэн юманд бухимдаад яах вэ дээ. Энэ ертөнц дээр дайсангүй амьтан байдаггүй юм гэсэн. Дээрхийн гэгээнтэн Далай ламд хүртэл дайсан байхад усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл хүнд атаа хорсол өвөрлөсөн дайсан алийг тэр гэхэв ээ.

-Дандар баатар эгэл хүн биш ээ. Би тэр хүний морь баригч, амь сахигч, морин жолооч байсны хувьд, даргыгаа хэн байсныг сайн мэднэ. Манай хорооныхон зарим өдөр хоёроос гурван удаа дайралтанд ордог байсан юм шүү. Морин цэргийн дарга хүн хороо атаканд ороход хамгийн түрүүнд хар нөмрөг дэрвүүлэн сэлэм эргүүлж, морины хар хурдаар давхиж  явдаг учраас мэргэн буудагчийн овоо хараанд байнга онилоостой явдаг.

Алаг морьтой хороон даргыг дайсан аль эрт нүдэлж таньдаг болсон учраас түүнийг хэдэн арван хүн онь холбон бууддаг байсан юм гэхэд эмгэн, өвгөний шимийн архинд халамцан хөлөрсөн нойтон нүдийг харж,

-Тэгээд тэр олон бууны суманд яагаад оногддоггүй байсан юм бол оо. Хорвоогийн ус уух заяатай л хүн байж дээ гэж гайхан асуулаа.

-Манай дарга жинхэнэ дайны бурхан байсан юм. Зоригтой хүнийг сум тойрдог гэж үнэн юм билээ. Мань мэт нь тэр их хүний далбаан дор ар талд нь  алаг мориных нь тоосон дунд үхлийн тухай бодох завгүй, уухай хашгиран давхиж явсан юм.  Хорлоо чи мэдэж байна уу...  Гарамгай баатар гэдэг энэ  цолыг маршал Чойбалсан зүгээр ч нэг өгчөөгүй юм шүү. Дайн гэдэг очсон хүн бүхэн эргэж ирдэг газар биш ээ. Гэтэл чи намайг хүлээгүй.
 


Цэргээс халагдаад ирэхэд, юу ч болоогүй юм шиг нэг муу асман ламтай гэрлэчихсэн сууж байсан биздээ чи. Намайг тэнд, “Халхын голд самурай нартай эр эмээ үзэлцэн, энгэр заамаа хуваалцан алалцаж байхад чи энд, гүн ар талд,  хуурамчаар шар шувтлан хар болсон  нэг муу ламын сүг сүүдэртэй тэврэлдээд хэвтэж байсныг чинь бодохоос чамайг уучилж чаддаггүй юм. Одоо тэр лам хаана байна. За за больё.

Штабын дарга Шагдарсүрэнд гаргасан хамаг уураа ядарсан чамд гаргаад ч яах вэ дээ. Цээжинд зангирсан гомдлоо архины халуунаар чамд хэлж, агсам тавьж дотроо овоо онгойлголоо. Би ер нь сүрхий согтож байх шиг байна. Эртхэн эмээл хазаарынхаа  бүтэн дээр харих минь гэж хэлснээ үл мэдэг гуйвасхийн босч, үүд рүү алхлаа.

-Хорол чи намайг ямаршуухан ширээ ат шиг  сайхан залуу явсныг мартаагүй биз дээ.

-Яалаа гэж мартах вэ. Надад ч гэсэн таньтай суувал суучихъя гэж бодож явсан үе байсан юм шүү.

Өвгөн согтуу хүний манантсан сүүмгэр харцаар эмгэнийг сая үзэж байгаа мэт анхааралтай ширтсэнээ,

-Тэгээд чи суучихгүй яасан юм гэж хэлээ ээдрүүлэн асуулаа.

-Хувилгаан багш дайнд явсан хүнийг хүлээвэл эргэж ирдэггүй юм  гэж айлдсан юм. Тэр үгнээс нь айгаад би чамайг амьд мэнд эргэж ирээсэй гэж бодохдоо хүлээгээгүй юм аа.

- Хүлээж л байхгүй дээ..

-Хэрэв хүлээсэн бол та бид хоёр өнөөдөр ингээд уулзаад зогсож байхгүй байх байсан ч юм билүү хэн мэдлээ.

-Чи өөрийнхөө нүглийг үгээр цайруулах гэж бүү оролд

-Бүх юм болдгоороо болоод өнгөрсөн хойно, одоо та намайг зэмлээд буруутгах гээд яахав дээ Дамбий минь.

-Би чамайг буруутгахгүй ээ. Чи бид хоёр одоо хоёулаа насны хярд гарсан юмны наад цаадыг гадарлах болсон хуучны улс. Хэрэв чи намайг хүлээсэн бол би тэр дайны гал утаан дундаас буцаж ирэхгүй ч байсан байж юуны магад.

За би мордъё. Баяртай. Дандар баатрын цэрэг яаж давхидагийг чи хар даа гэж хэлээд Дамбий өвгөн Хоролоор сугадуулалгүй эмээл дээрээ сэвхийн мордоод хотноос гартал алхуулснаа, гэнэт чоно харсан мэт мориндоо ташуур өгөн ухасхийж,

Халхын голын бургасанд
Харанхуй манан татаад
Тэмцлийн цахилгаан гялалзан
Аянга мэт ниргэв гэж
дуулан газар дэлхийг морин туурайгаар бөмбөрдөн хуй салхи адил давхин одлоо.

2023 оны 10-р сарын 25
 

Zindaa.mn сайтын уншигчдад уран бүтээлээ харамгүй дэлгэхийг зөвшөөрсөн Ардын уран зохиолч,  Төрийн Соёрхолт Балжирын Догмид танд талархаж буйгаа дахин илэрхийлье. Та минь эрүүл энх, амжилт бүтээл арвин байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu