УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж, дараах асуудлыг хэлэлцсэн юм. АН-ын бүлгийн хуралдаанаар АН үндсэн дөрвөн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эргүүлэн татах эсэх асуудлаар ч бүлгийн байр суурийг илэрхийлсэн юм.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Иргэний бизнесийн эрх чөлөө гэх бодлогын баримт бичиг дээр ажиллана
Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.
АН-ын сонгуулиар хэлж амлаж байсан олон зүйл ажил хэрэг болох ёстой
Төрийн өмчит компанид орон тоо нэмэгдэж байгаа асуудал сүүлийн үед их яригдаж байгаа. Хэдэн жилийн өмнө батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Төрийн хэмнэлт гэдэгт өргөн агуулга хамаарна. Орон тооны томилгоо, олон асуудал хамаарна. Ардчилсан намын хувьд өмнөх сонгуулийн үед хэлж амлаж байсан олон зүйл ажил хэрэг болох ёстой. Төр хасч танаж жижигрэх ёстой гэдэг байр суурийг байнга илэрхийлсээр ирсэн. Өнөөдөр хамтарсан Загсийн газар ажиллаж байна. Ардчилсан намын зарчмын байр суурь хэвээр байх ёстой гэж үздэг. Төсөв тэлсэн, төрийн өмчит компаниудыг хувьчлах, олон нийтийн болгох жагсаалт гарсан ч байхгүй болж байна. Төрийн өмчийг үр ашигтай олон нийтийн болгох боломжтой бүхнийг хувийн хэвшлээр хийлгээд улс татвараа авдаг байх зарчим нөгөө тийш явж байгаад би бол бодлогын хувьд зөв зүйтэй гэж боддоггүй. Төрийн өмчит компаниуд дээр хэчнээн хүн яаж томилогдсон бэ гэдэг тодорхой мэдээлэл алга. Бүлгийн дийлэнх гишүүдийн хувьд уламжлалт үзэл байр суурин дээрээ хэвээр байна.
АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг
1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдлийн хуваарилалт байсан. УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг. УИХ -ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ -ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга. УИХ -ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихсан байгааг зогсоож, 126 гишүүyийхээ дунд суух ёстой гэх хуулийн төсөл өргөн барина. УИХ -ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д өгдөг. Энэ нь Засгийн газар ажлаа УИХ-ын өмнө хариуцна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эвдэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, Ерөнхий сайд өөрөө ирж тайлбар мэдээллээ өгдөг, хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчимд шилжихгүй бол УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүүмжлэл яваад байна. Гуравт, УИХ -ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ -ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр УИХ- ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэж доромжилсноос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ -ын гишүүнээс бусад албан тушаалтан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худал хэлэх хэмжээний тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд УИХ -ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтныг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байга. Иргэдийнхээ худал мэдээллийг шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ -ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийхээс аргагүй байна. УИХ -ын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд хуулийн төсөл өргөн мэдүүлнэ.
Д.Цогтбаатарыг эргүүлэн татах эсэх талаар УИХ-д гарц гаргалгаа байхгүй байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр Үндсэн хууль дээр нэг л заалт бий.
Сүүлд нэг өгүүлбэр нэмэгдэж орж ирсэн. Тэр өгүүлбэр ямар агуулгатай вэ гэдэг дээр хууль тогтоогчийн болон Үндсэн хуулийн Цэцийн тайлбарууд шаардлагатай болсон. Тэр өгүүлбэрийн агуулгаас болоод УИХ -ын гишүүн хийж байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол гэдэг агуулга уншигдаад байна. УИХ-ын гишүүн биш байхдаа хөндөгдсөн асуудлыг шийдэх Үндсэн хуулийн зохицуулалт хаана байна вэ гэдэг асуудал тавигдсан. Тэр зүйл дотор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх гэдэг заалт байгаа. Ард нь залгаад УИХ -ын гишүoнийг эргүүлэн татахдаа уул гишүүнийг гэсэн үг байгаа. Түдгэлзүүлсэн уул гишүүнийг эгүүлэн татах асуудал нь Үндсэн хуулийн заалттай байна. Гэтэл түдгэлзүүлээгүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хаана байна вэ гэдэг Үндсэн хуулийн заалтаас урган гарсан тайлбар маргаанууд гишүүдийн болон хуульчдын дунд явж байна. Энэ хуулийн тайлбар агуулга дээр гарч байгаа асуудлыг шийдэх гарцаа одоохондоо олоогүй. Үндсэн хуулийг тайлбарлах эрх нь Цэц дээр байдаг. УИХ Үндсэн хуулийн агуулгаас зөрчсөн хууль тогтоомжийг санаачлаад баталбал яах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Миний хувьд сүүлийн хоёр удаа УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад энэ асуудлыг хөндөхдөө ийм зүйл гарч болзошгүй гэдгээр өргөжүүлж бичихгүй яав даа л гэж бодогдож байна. Нэг хөндөгдсөн заалтад найман жил гар хүрэхгүй гэдэг зохицуулалт бий. Ийм олон хууль зүйн маргаан байгаа учраас ингэж шийднэ гэдэг гарц гаргалгаа УИХ- д байхгүй ярилцсаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Тэмүүжин хуульч хүн биш дээ. Хуулийн гарц гаргалгаа гаргах чадваргүй хүн.