С.Сүхбаатар: Өнөө үед амьд үлдсэн цөөхөн урлагийн нэг нь бүжиг юм

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарыг энэ дугаарын “Өглөөний зочин”-оор урьсан юм. ҮУИТ-ын 75 жилийн ойн хүрээнд энэ сарын 21, 22-нд алтан тайзнаа “Монгол угсаатан мину” тоглолтоо толилуулах гэж байна. Тэрбээр “Тавхан жил бүжиг дэглэсэн хүн таван удаа тайлан тоглолт хийсэн байдаг юм билээ. Би 50 гаруйхан жил бүжиг дэглэсэн. Гэхдээ уран бүтээлийн тайлан тавьж үзээгүй. Хэрэв тайлан тоглолт хийе гэвэл Монголын дөрвөн зүг, найман зовхис буюу тал талаас уран бүтээлчдээ цуглуулахад л тайз надад жижигдэнэ” гэж “томрох”. Өөр хэн ч ингэж эс чадах билээ. Эрэмгий зоригтой, этгээд содон түүний өвөрмөц сонин ертөнцөөс эрхэм уншигч танаа хүргэе.


-Бүжиг гэдэг бол хүн төрөлхтний биеийн хэлэмж, хөдөлгөөний хэл гэдэг. Та бол өсөхөөсөө өдийг хүртэл бүжгийн урлагтай салшгүй холбоотой явсан хүн. Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа гэдгийг сонслоо. Энэ удаа ямар тоглолт хийж үзэгчдийнхээ мэлмийг баясгаж, сонорыг мялаах гэж байна вэ?

-Хуучнаар Ардын дуу бүжгийн чуулга /АДБЧ/ гэж Монголдоо алдаршсан, одоогийнхоор Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэ ойн хүрээнд “Монгол угсаатан мину” шинэ уран бүтээл маань гуравдугаар сарын 21, 22-ны өдөр тоглогдоно. Энэхүү уран бүтээлд маань Монгол Улсын газар нутаг дээр амьдран сууж буй 21 аймаг 360 сумын монгол үндэстний ая дуу, бүжгэн дэгийн язгуур эхээс сэдэвлэсэн, уран бүтээл болгож чадсан урлахуйн монгол бахархал, Монголын язгуур урлагийг хөгжүүлсэн сайхан бүтээлүүд тоглогдох юм.

-Тэгэхээр Монголынхоо 13 ястны бүжгийг нэг дор багцалж, чуулбар маягаар тоглох гэж байна гэж ойлгож болох уу?

-Энэ уран бүтээлийг бүтээхэд зүг чигээр ярих юм бол Өмнөд Монгол, Өвөр Монгол, Зүүн Монгол, Баруун Монгол, Төв Монгол гээд хүмүүс ярьдаг шүү дээ, түүн шиг өнөөдрийн Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист олон зуун жилийн турш амьдарч байгаа ардын дуу, хөгжим, бүжгийн дэгийг авч үлдсэн язгуур их соёлыг ҮУИТ /АДБЧ/ 75 жилийн хугацаанд уртын дуунаас ардын дуулалт дуурийн жүжиг хүртэл, морин хуураас их найрал хөгжим-оркестр болтол, бий биелгээнээс Монголын бүжгэн жүжиг хүртэл хөгжүүлж ирсэн. Монгол ардын урлагийн их өв сангийн түүхэн ой болж байна гэж ерөнхийд нь хэлж болно. Энэ түүхэн ойн хүрээнд С.Сүхбаатар миний бие Монголынхоо газар нутгийн дөрвөн зүг, найман зовхист амьдарч байгаа болон Монгол нутгаасаа салан одсон үндэстэн ястнуудынхаа уламжлал болсон язгуур урлагийг судалсны үүднээс уран сайхны хэлбэрт шилжүүлэн, баяжуулан, хөгжүүлэн энэхүү тоглолтон дээрээ тоглох гэж байна. Монгол ардын урлаг бол эрт үед эзэнтэй байсан ч эзэн нь өөрийнхөө нэрийг хэлэхгүйгээр ардын дуу, ардын хөгжим, ардын бүжиг гэдгээр хөглөгдөн энэ цаг үед үлдсэн ийм сонгомол урлаг юм. Тийм учраас Монголын ардын сонгомол болсон урлагийг бид хөгжүүлэн тайзны урлаг болгож, ард түмэндээ 75 жилийн хугацаанд түүхийг уламжлуулан авч явж чадлаа. Нүүдэлчин монголчуудын үндэстэн, ястнууд гэж яриад байна. Өнөөдрийнх шиг суурин иргэншилтэй болчихоод нэг газар тогтоогүй, дөрвөн улирлаа дагаад говь, тал, хангай, Алтай, тайгаар нүүдэллэн явдаг учраас дуу, хөгжим, бүжиг нь өвөрмөц, өөрийн гэсэн нутаг нутгийн нэр нь үл мэдэгдэх ардын авьяастнуудаас сонгогдсон язгуур өвүүд үлдсэнийг хөгжүүлэн хийх гэж олон жилийн хугацаанд зүтгэсэн. Энэ маань бүтэж, монгол угсаатнаа магтан дуулсан сайхан уран бүтээлийг ҮУИТ-ын алдартай дуучид бүжиглэж, бүжигчид дуулж бүжиглэж, хөгжимчид ая эгшгээ тоглож үзүүлнэ.

-Уртын дуун дээр гэхэд Баруун Монгол ардын дуунууд богинохон, огцом, цавчим хөг, ая дантай сонсогдоод байдаг. Говь, тал тийшээгээ болоод ирэхээр уужим, цээлхэн болоод ирдэг юм шиг ээ. Түүн шиг бүжигт байгаль, цаг уур, ахуй амьдралын ялгаа гэж байх уу?

-Дэлхийд НҮБ-д бүртгэгдсэн Монгол Улс ганцхан бий. Харин нүүдэлчин монголчууд баруун, зүүн, өмнө, хойд дөрвөн зүг, найман зовхист нүүдэллэн амьдарч явсан. ҮУИТ дэлхийд Монгол Улсаа сурталчлан таниулж чаддаг. Их театр гэдэг нь их бүрэлдэхүүнээрээ их өв соёлоо хадгалж явдгаар нь өнөөдөр ингэж нэрлэж ирсэн би гэж ойлгодог. Хуучнаар бол АДБЧ гэдэг нь ард түмний урлаг юм гэж ойлгогдож байсан. Өнөөдөр Монголд уламжилж ирсэн урлаг, монгол соёл гэдгээрээ дэлхийд дархлагдан Монгол газар нутаг, монгол хүнээ, Монголынхоо төрийг засагтай нь дэлхий дахинаа тунхаглаж чаддаг гол эрдэнэ нь гэж би ойлгодог. Тэр эрдэнийг бүтээгч ҮУИТ-ын уран бүтээлчид тоглолтоо тоглоно. Ер нь ний нуугүй хэлэхэд, гайхамшигтай уран бүтээлийг үзнэ л дээ. Үүнийг гарцаагүй гэдгийг би бардам хэлнэ.

Миний хийсэн уран бүтээлүүд дотроо түүхэн, газар нутгаа магтсан, их хаад, хатдаа магтсан, хөдөлмөр, хүүхэд, ахуй, амьдралын сэдэвтэй гээд олон төрөл бий. Үүний  нэг л цогц хэсэг нь энэхүү тоглолт байх болов уу. Би уран бүтээлийн тайлан тавьж үзээгүй юм байна. Энэ бол миний олон жил бодож, чуулгадаа хамгийн сүүлд хийсэн уран бүтээлийн цогц эхлэл нь.

Дараа нь тэр олон сэдвийнхээ уран бүтээлийг толилуулах нь зүйтэй юм байна гэдэг бодол бий. Урлаг соёл гэдэг аугаа ертөнц. Энэ ертөнцийн соёлыг дүрслэх урлагт уран зургаар илэрхийлдэг. Тэр нь бүжгийн урлагт монгол дэг хувцас, түүнийг авч үлдсэн зураачид юм. Хөг эгшиг нь морин хуур тэргүүтэй монгол үндэсний олон хөгжимд бий. Байгалийн хувьд Монголын говиос эхлээд хээр тал, хангай, Алтай, тайгаар явахад л бүх монголчууд өөрсдөө нүүдэллэн явж байдаг. Энэ газар бүхэнд, тэр уулын эгшиглэнд, чулуунуудын хөг аялгуу, ууланд авирч байгаа, уруудаж яваа, модонд яваа хүний хөдөлгөөн, тэр нэрлэгдсэн уул хад, ус бүхнийг яруу найргийн хэлээр бол үгээр, хөгжмөөр бол ая аялгуугаар хэлнэ. Энэ бүхэн, уран бүтээлчид нийлж нэгдэж байж нэг цогц бүтээл гаргадаг гэж би ойлгодог. Би дэлхийн хүн төрөлхтнийг монгол хүн, Монголын иргэнтэйгээ адилтган зүйрлэж үздэг. Морь унадаггүй дэлхий ертөнцийн хүн байдаггүй. Харин монголчууд энэ олон зууны туршид ахуй амьдралдаа морь унадаг гайхамшигтай дэг жаягийг авч үлдсэнээрээ Морьтон Монгол гэж хүн төрөлхтөнд алдаршсан.

-Сүүлийн 100 жилд монголчууд эрчимтэйгээр суурин амьдралд шилжиж, энэ иргэншлийн ахуйд дуртай болж эхэлж байна шүү дээ. Энэ нь дээл хувцасны соёл, хэрэглээн дээр бүр илүү анзаарагдаж байх шиг байна. Зарим нь язгуур шинжээр нь авч үлдэх гэж хичээж байна. Нөгөө нь уламжлалаа шинэчлэх ёстой гэж үзэж байна. Түүн шиг бүжгийн урлагт ийм уур амьсгал хэр мэдрэгдэж байна вэ. Орчин үе, язгуур хэв шинжийг ер нь хослуулж болох уу?

-Та түрүүнд 13 ястан гэж хэллээ. Би урлаг гэдэг гоо зүй, ёс зүйн аугаа ертөнцтэй харьцаж байхдаа нэгэн зүйлийг олж харсан юм. Бид өөрсдийгөө арай дэндүү жижигхэн болгоод байгаа юм уу, цөөхөн болгох гээд байгаа юм уу, улс төр, нийгмийн бодлогын нөлөө юм уу, эсвэл улаан, цагаан, хар гэдэг арьс өнгө, шашин шүтлэгийн ялгаа юм уу, үгүй бол нутаг нутгийн гадны бодлого яваад байна уу гэдгийг ойлгохгүй байна. Тиймээс ястан уу, угсаатан уу, үндэстэн үү гэдгийг тодотгох асуудлыг Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүддээ бусад олон эрдэмтэн мэргэдтэйгээ хөндөж тавьдаг. Миний “Монгол угсаатан мину” гэдэг уран бүтээл таны хэлээд байгаа 13 ястнаас чинь даваад гарчихсан, цаана нь 20 гаруй байгааг би хийж амжихгүй л явна. Миний хойч үе, миний шавь нар, миний найз нөхөд гүйцээнэ биз ээ гэх бодолтой байгаа юм. Угсаатан зүйгээ түүхчидтэйгээ хамтран судалдаг. Яагаад гэвэл, миний аугаа багш нар дандаа түүхчид байсан.

Одоо ч найз нөхөд маань Монголын том түүх судлаач, эрдэмтэд болчихсон байна. Тиймээс бидний хадгалж үлдээсэн урлахуйн ухаан маань цөөрч үлдэх вий гэдэгт эмзэглэдэг. Харин орчин үеийн тухайд би хөдөөнөө гарвал ертөнцөд байхгүй гоё орчинд очдог. Америкийн зуун давхар байшинд очоод таван одтой зочид буудалд унтах уу, Америкаас найзыгаа Монголд авчраад галын тойром бүжиг хийлгээд, тооноор нь мянган од харагддаг өргөө гэрийнхээ хойморт унтуулах уу гэдэг нь өөрөө том агуулгатай зүйл. Надад гадаад, дотоодын олон найз нөхөд бий. Би хэнийг нь ч гурван одтой, таван одтой зочид буудалд хонуулдаггүй. Мянган одтой “буудал”-д амраадаг юм. Анх хилийн дээс алхан гарахдаа буюу 54 жилийн өмнө тоглолтоор явж байхдаа хэлсэн үгэндээ одоо ч хүрдэг. Түүнээс хойш олон ч найз нөхдөө хэлсэн ёсоороо хүлээж аваад адуу малынхаа бэлчээрт ойрхон, агаарын сайхан хөдөөдөө аваачиж, танан цагаан өргөө гэртээ монгол ёсоор амраахад гомдсон хүн байдаггүй л юм. Үүнийг л би орчин гэж боддог. Үе гэдэг бол өнөөдрийн төрж байгаа монгол хүүхэд өдгөө 90 гаруйхан настай миний ээжтэй нэг үеийнхэн гэж би ойлгодог. Тэгэхээр орчин үе гэдэг ойлголт бол миний дотоод сэтгэхүй дэх нэгэн зөрчил байдаг. Хувцасны дэгийн хувьд Монголын алдартай зураачид өнөөдрийг хүртэл гайхамшигтайгаар авч яваа. ҮУИТ-ын хувцасны урланг удирдан авч яваа ерөнхий зураач болон зураачид, оёдолчид түүхээ авч үлдэж чадсан гайхамшигтай уран бүтээлчид гэж хэлэхдээ би бахдалтай байдаг. Ардын зураач Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Төрийн соёрхолт зураач Ч.Үржнээ, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Дашзэвэг, зураач Очир, Л.Ганболд, Ч.Урантуяа гэх мэтчилэн манай улсын гайхамшигтай уран бүтээлчид надтай хамтран ажиллаж, олон бүжиг, жүжгийн маань хувцсыг бүтээлцсэн. Тэд маань Монголын хувцасны дэг жаягийг үлдээж чаддаг чадварлаг уран бүтээлчид. Хөгжмийн зохиолчдын хувьд Монголын шидээвэр болсон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, бүжгээ дэглэн та бүхэндээ хүргэсэн. Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Б.Шарав, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр,  Бат-Эрдэнэ, Д.Ариунболд, Ц.Буян-Орших нарын алдартай хөгжмийн зохиолчид, хормейстртэй хамтран ажиллалаа. Монголынхоо ардын уламжлалт язгуур өвийг чуулгадаа маш сайхнаар үлдээж чадсан чадварлаг уран бүтээлчид юм шүү.

-Хөгжмийн зохиолч шүлгэнд ая хийгээд, дуугаа бүтээж байхдаа “Энэ дуу яг тэр дуучинд тохирно” гээд бодож байдаг. Дуу, дуучин хоёр бие биеэ олдог шиг тохиолдол бүжгийн урлагт байх уу. Өөрөөр хэлбэл, бүжигчнээ бодож бүжиг дэглэх тохиолдол байх уу?

-Байна аа. Бүжигчнээ бодож бүжиг дэглэх бол нэг тал нь. Харин нөгөө талд нь бүжигчний ховорхон авьяас, бүжгийн утга санааг илэрхийлэх нь байна. Тэгэхлээр зориулж гэдэг үгийг дууны урлагт бол тенор, баритон, басс хоолтойтой дуучинд гээд цаад хүнийхээ дуу хоолойны өнгө, авьяас билгийн өгөгдөлд тааруулж бодон хөгийг тааруулдаг. Гэхдээ энэ хүнээр ямар төрлийн дуу дуулуулах вэ гэдгийг би хэлэхэд хэцүү. Харин би бүжгийн мэргэжил эзэмшсэн хүний хувьд бурхны тухай бүжиг дэглэхэд энэ хүн илүү уян хатан, дархны тухай хөдөлгөөнтэй бүжигт тэр нэлээд гүжирмэг эр, морь сургагчийн тухайд бол энэ нэлээд хөдөлгөөн сайтай хүн бүжиглэх ёстой гэж бодох нь гол биш. Ерөөсөө л “Хийж чад. Хий”. Харин тухайн бүжигчин “Би чадна” гээд хийдэг. Түүгээрээ тэр бүжигчин мэргэжлийн чадвараа гаргаж үзүүлж байгаа юм. Дэглэж өгсөн хүнд хөдөлгөөнүүдийг хийж чадаад, түүн дээрээ үсрэх, дэвхцэх, эргэх болно. Үүгээрээ бүжгийн урлаг бол спорттой эн зэрэгцэх, түүнээс ч хэцүү, биелэгдэшгүй, хүнд хөдөлгөөнийг бүжгийн хэлээр бид өнөөдөр илэрхийлж чаддаг. Үүн дотор нь тухайн бүжигчний хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, эр зориг, авьяас билэг байдаг. Тийм учраас урлагийнхан бол золиос болж чаддаг урлаг зүйн зүтгэлтнүүд юм. Бид үүнийгээ зөвхөн Монголдоо үзүүлдэггүй. Дэлхий дахинаа үзүүлчихсэн учраас би өнөөдөр бардам хэлж байгаа юм. Намайг бүжигчин гээд байдаг. Би үүнд их баярладаг. Морьтон Монголын нэгэн хүү “Жалам хар”-аараа дэлхийгээр аялжээ. Ингэж явахдаа Монголоо таниулан сурталчилж чадсан. Бүжиг дэглэгч хүн уяачийн тухай бүжиг дэглэх гэж байна гэж бодъё л доо. Гэтэл уяач бүхэн өөр өөрийн өвөрмөц хөдөлгөөнтэй байдаг. Тэрхүү уяач, уургач, бугуйлч бүхний өөр өөр хөдөлгөөн, арга барилуудыг өнөөдөр явж байгаа богинохон хугацаандаа судалж гаргаж ирэх ёстой. Тэр дотроос морины хөдөлгөөнийг хүний хөдөлгөөнтэй цуг олж хийх, үүнийг Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжид багш маань гарамгай хийчихсэн шүү дээ. Тэгэхээр түүнийг дагаад бид хийх л ёстой. Гэхдээ тэр хүний хэмжээнд хүрсэн бүжиг дэглэгчийг өнөөдөр хаанаас олж харах вэ. Тэр бүжгээр илэрхийлж байгаа гүн ухаан, бодлыг нь бас яаж олж харах вэ гэдгийг үе үеэрээ уламжлан авч явж байгаа бүжиг дэглээч, найруулагчид бид олж, өөрийнхөө өвөрмөц дэг жаягаар илэрхийлэх л ёстой. Үүнийг бол Ц.Сэвжид багш өөрөө гарамгай биелүүлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадсан хүн.

-Ер нь ингэхэд бүжиглэж чаддаггүй хүн гэж байх уу. Дуулдаггүй, солгой хоолойтой хүн бол байдаг?

-Хөдлөхгүй, авиа гаргахгүй хүн гэж байхгүй. Гэхдээ бүжиглэх гэдэг үг чинь өөрөө их хэцүү, өвөрмөц үг. Бий биелгээ  гэдэг чинь миний бие, би өөрөө хөдөлнө гэсэн үг. Ертөнцийн бүхий л хөдөлгөөнийг хүн хөдөлмөр дээрээ, эзэмшсэн мэргэжил дээрээ өдөр тутам хийж байдаг. Бүжиглэх гэдэг чинь хөдөлгөөн. Дуу гэдэг чинь авиа. Энэ хоёр бол арга билгийн ухаан. Энэ бол хүнд өөрт нь байдаг зүйл. Үүнийг бид хүн төрөлхтөнд өөрсдөд нь зориулж мэргэжлийн түвшинд үзүүлж, үлдээдэг. Байгалийн цуурай, ан гөрөө, морь сургах, мал адгуулахдаа ашиглаж чаддаг онцгой, гоц, хэцүү хөдөлгөөнүүдийг мэргэжлийн бүжигчид хийж чаддаг. Урлагийг мэргэжлийн түвшинд цөөхөн хүн эзэмшиж, авьяас билэг, гоц сонсгол, хөдөлмөрийнхөө үр дүнд бий болгоно. Амьдралд тохиолдсон нэг зүйлээ хуваалцъя. Би адуучин найзаараа дамжуулж адуучин эмэгтэйтэй танилцаж байлаа. Эрэгтэйчүүд л морь гарамгай унадаг, уургалдаг, бугуйлддаг гэсэн бодол бараг хүн бүхэнд бий. Эмэгтэй хүн морь унаад явахыг харсан мөртлөө л бид ингэж боддог шүү дээ. Гэтэл эмэгтэй хүн адуунд гарамгай гэдгийг харахаас нааш мэдэрдэггүй юм билээ. Нөгөө адуунд гарамгай эмэгтэй чинь морь уургалж, бугуйлдаж, сургаж байхыг хараад л миний онгод хөглөгдөж байлаа. Тэгэхлээр эрэгтэй, эмэгтэй гэдэг нь өөрөө их хүнд асуудал байдаг юм байна. Тэгсэн мөртлөө нэгэн биет хүнийг бий болгож чаддаг. Энэ бол арга, билгийн аугаа ухаан юм л даа.

-Та яагаад тайлан тоглолт хийдэггүй юм бэ?

-Өнөөдөр тавхан жил бүжиг дэглэж байгаа хүн таван тайлан тоглолт хийчихсэн байдаг. Би бүжиг дэглээд 50 гаруйхан жил болсон хүн. Миний уран бүтээл 9-10 төрөлд багтдаг. “Монгол угсаатан мину” тоглолт миний олон жил бодсон уран бүтээлийн маань нэг л төрөл нь байгаа юм. Угсаатныхаа ахуй зүйн талаар хийсэн нэгэн эхлэл. Би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл хүн бол богинохон хугацаанд нэгэн од болж гялалзаад л маргааш нь жаргадаг шиг бидний сэтгээд бодож, хийж байгаа уран бүтээл дараа дараачийн хэдэн зууныг ч юм бүү мэд, Монгол Улс, монгол хүн байгаа цагт явж байна. Түүнээс би ширхэг ч зүйл өөртөө авч явж чадахгүй. Харин би энэ бүгдийгээ тайлан тоглолт болгоё гэвэл Монголын тайз багадна. Дөрвөн зүг, найман зовхис буюу тал талаас уран бүтээлчдээ цуглуулаад хийсэн уран бүтээлээ тоглоё гэвэл өнөөдрийн бидэнд босгож өгсөн тайз бидэнд багадна. Би 50 гаруй жилийн хугацаанд ҮУИТ-аа өөрийн гэсэн өргөөтэй болоосой гэж хүсэж хүлээсэн. Өнөөдөр бүжиг, дуу, хөгжмийн урлаг чинь хөгжчихлөө. Дэлхий дахинаа Монголоо сурталчилчихлаа. Гэтэл бидэнд ард түмнийхээ бахархлыг төрүүлж өндөрт харайж, дүүлэх, аялгуу эгшиг, дуу хоолойгоо цуурайтуулах их театрын өргөөний барилга өнөөдрийг хүртэл баригдаагүй л байна. 

-Бодоод байх нь ээ, дуучид их алдартай байх юм. Алдартай бүжигчдийг нэрлээч гэвэл олонх нь гарын таван хуруунд хүргэх үү, бараг л хүргэхгүй дээ, ганц, хоёр нэр хэлээд л гацна байх?

-Тийм ээ, энэ бол үнэн. Монголын ард түмэн дуунд дуртай. Харин муу дуучин 220 Вольтоор өөрсдийг нь хуурч, нэмэхээр дуулж байна гэдгийг ард түмэн өнөөдөр мэдэхээ байчихсан. Хоосон микрофон бариад дуулж байгаа хүнийг алдаршуулаад байна. Одоо зохиолын дуу дуулж байгаа 20 дуучнаас нэг нь л мэргэжлийн, сайн дуучин байна гэж би хэлж чадна. Харин өнөө үед амьдаараа үлдсэн цөөхөн урлагийн нэг нь бүжиг юм. Цаашид ч хэдэн зууныг хүртэл үргэлжлэх урлаг бол мөн бүжиг. Өнөөдөр ихэнх дуучин микрофон барьж дуулж байна. Тэгээд нэмэхээр явж байна. Харин бүжигчин хүн ганцаараа бүжиглэх нэг өөр. Зуун хүн жигд нэг хөдөлгөөнийг хийнэ гэдэг амаргүй. Бүжиг дэглээчийнхээ захиргаан дор эвтэй болж, нэгэн жигд хөдөлгөөнийг биеэрээ хийж, Монголын эв найрамдлыг илэрхийлж чаддаг урлаг бол бүжиг. Та шүүмжлэлтэй асуудлыг олж харж асуусан учраас би жаахан шүүмжлэлтэй хариулт хэлчихлээ шүү.

-Саяхан хятадууд хаврын баяраараа роботтой бүжиглэж байсан?

-Харсаан. Гэхдээ энэ бол сүүлийн үеийн л робот. Үүнээс ч өмнө, Монголын залуучууд 30 жилийн өмнөөс роботын хөдөлгөөнийг дуурайж, дэгжин ганган гэгч нь бүжиглэж байсан юм шүү. Монголын бүжгийн дэг урсгалд роботтой бүжиглэлээ, роботын тэр хөдөлж байгаа хөдөлгөөнийг хийнэ гэдэг бол шинэ зүйл биш. МЭӨ IV-III зуунд буюу Хүннүгийн үед хадан дээр зурсан сүг зурагт роботын хөдөлгөөнүүд байж л байна шүү дээ. Энэ бол зургаараа мөнхрөөд үлдчихсэн ахуй амьдрал. Тийм учраас робот, мотоцикль, морины хөдөлгөөнүүдийг бид үеийн үедээ дагаж хийж чаддаг. Хүн өөрөө роботыг бүтээж чадсан шигээ янз бүрийн хөдөлгөөнийг өмнө нь хийж сурсан. Хөдөлгөөн бол мөнхөд л байдаг. Ёстой л “Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэдэг чинь энэ шүү дээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.118.122) 2025 оны 03 сарын 13

ANUSDN80955877

0  |  0
S(103.212.118.122) 2025 оны 03 сарын 13

ANUSDN80955877

0  |  0
S(103.212.118.122) 2025 оны 03 сарын 13

ANUSDN80955877

0  |  0
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Шизотой гар, ер нь урлагчид даан ялангуяа найруулагч энэ тэр гэсэн нөхөд ер нь солиорч дуусдаг, өөрөөсөө өөр хэнд ч ойлгохгүй юм хийдэг

0  |  0
иргэн(202.9.46.156) 2025 оны 03 сарын 13

сүүлийн үед манай бүжиг нэг л их навсганасан юм болох гээд байгаа шүү............

1  |  0
Мөнх(103.57.93.199) 2025 оны 03 сарын 13

Манай улс түмэн шидийн дуракаар дүүрэн амар амгалан сайхан улс шүү.

1  |  0
Top