Өчигдөр Монголын үндэсний сэтгүүл зүйн өдөр, тогтмол хэвлэл анх гарч эхэлсний 112 жилийн ой тохиов. Өдгөөгөөс 112 жилийн өмнө, 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээнээ "Шинэ толь” хэмээх сонин бичгийн анхны дугаар гарснаар Монгол Улсад үндэсний хэвлэл мэдээллийн салбар тууштай хөгжих анхны шанг татаж, тэр дундаа тогтмол хэвлэл, сонин бичигтэй болох үндэс тавигдсан билээ. Гэхдээ сэтгүүлчдийн хувьд баярлах бус, бичиж туурвих, зураглаж дүрсжүүлэх, тоймлож нийтлэх бүтээл ундарсан жирийн ажлын өдөр.
Тэртээ цагт анхны дугаараа гаргаж байсан сонин бичгийнхэн харин өнөөдөр өдөр тутмын тав зургаахан сонины хүрээнд эргэлдэж байна. Жилийн өмнө “Тогтмол хэвлэлийн тог тасрах нь” хэмээн бичиж байх үед мөн энэ хэд л гарч байсан, өнөөдөр мөнөөх хэд л тоотой хэдхэн сэтгүүлчийн мөрөн дээр тогтож, тогтмол хэвлэлийн тогийг тасалчихалгүй гал манаж явна.
“Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Монголын мэдээ” гэсхийгээд өнөөгийн сонин бичгийн тоо дуусаж буй. 1990-ээд оны сүүлээр “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Монголын мэдээ” гэсэн өдөр тутмын таван сонин л байсан. Түүнээс хойш өргөжсөн, тогтмол хэвлэл хорь гучаараа гарч байв. Гэтэл өнөөдөр мөнөөх цөөхөн тоо, төрөл дээрээ эргээд буусан. Энэ хэд гарахаа зогсвол Монголын тогтмол хэвлэлийн түүх төгсөнө. “Ингэхэд орчин үед, цахим хэрэглээ нийтийн хэрэгцээ болж, аль ч мэдээлэл нүд ирмэх зуурт Монгол бүү хэл, дэлхийн энгээр тардаг болсон шинэ зуунд сонин гэж юу вэ. Үнэ цэнээ хадгалж чадаж байгаа юу. Ач холбогдол нь хэвээрээ болов уу. Аль эсвэл хэвлэлийн зах зээлээс оргүй арчигдах дээрээ тулж хэрэгцээнээс гарч, мөхөж буй төрөл юм уу” хэмээн жилийн урьд бичиж байснаа өнөөдөр давтан асууя.
Сошиалаар, лайваар үйл явдлыг газар дээрээс нь шууд харж, телевизээр үзэж, сайтаас түргэн шуурхай танилцаж буй мэдээ мэдээллийг сонин хэмээх цаасан дээрээс маргааш нь уншиж сууна гэдэг орчин цагийн хурд, хөдөлгөөн дунд дэндүү хоцорсон зүйл мэтээр төсөөлөгдөх нь аргагүй л дээ. Тэр хэрээрээ цаасан хэвлэлийг хоцрогдсон хэмээн шоовдорлож, үл тоогсод байсаар байна. Хүн болгон сэтгүүлч болсон гэж өөрийгөө бодож, сошиалаар юу дуртайгаа цацаж байгааг уншигч, үзэгчид шүүлтүүргүйгээр хүлээн авч мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакцын бүтээл болоод сайн дурынхан хоёроо зааглаж ялгаж мэдэхээ болив. Бүр Төрийн ордонд хүртэл “Сонин хог болоод байдаг юм. Түүгээр юу хийдэг юм” хэмээн хэлэх төрийн албан хаагчтай таарч л байлаа. Цаасан хэвлэлийг хог гэж үзэж буй хүн Төрийн ордонд заларч сууна гэхээр харамсалтай.
Тэгвэл сонины үнэ цэн цаг хугацаа алсрах тутам нэмэгдэж байдгаараа давуу юм. Сонины сэтгүүлчид үгээр үйл мэтгэж, өнөө болж буй үйл явдлыг бодит үнэнээр нь хожмын хойчист түүх болгон бичиж үлдээж явдаг юм. Үүгээрээ бодит түүх, бодит эх сурвалж сонины шарласан хуудсанд мөнхрөн үлддэг. Цаг хугацаа алсрахын хэрээр үйл явдал бүдгэрч, мартагдаж, хэзээ юу болсныг барагцаалж мэдэхэд төвөгтэй болдог. Тэгвэл дуртай цагтаа цаасан хэвлэлийн үдээстэй дугааруудыг сөхөн харахад тэртээх цагийн өнгө төрх тэр чигээрээ нүдний өмнө дурайх бөлгөө. Нэгэн зуун, хэдэн зуун урсан өнгөрлөө ч сонины хуудсанд шигтгэн үлдээсэн үүх түүх баларшгүй баримт болж үлддэгээрээ түүх цадиг болон мөнхөрдөг юм. Ийм учраас сонины сэтгүүлчид өнөө цагийн “Монголын нууц товчоо”-г хойч үедээ зориулж туурвидаг гэж ам бардам хэлж болно. Энэ цагийн төр, засаг ямар шийдвэр гаргаж буй, иргэдийн аж төрөл ямархан байгаа, тэд юуг хүсэж, юунд тэмүүлдэг, гадаад нөхцөл байдал Монголын амьдралд хэрхэн нөлөөлж байсныг хожмын түүхч, судлаач, эрдэмтэн мэргэд эндээс шүүн тунгааж дүгнэлт хийх нэгэн бодит эх сурвалж болж үлдээдэг учраас өнөө цагийн “Монголын нууц товчоо” хэмээж буй хэрэг.
Чухам ийм сэтгэлээр өдөр тутмын сонины сэтгүүлчид цаг нартай уралдан асар хүнд ачааг өдөр бүр үүрч буйдаа огтхон ч шантралгүйгээр эх орныхоо, дэлхий дахины мэдээ мэдээллийг сонин бичгийн хуудаснаа шигтгэж үлдээсээр байдаг билээ.
Олон жилийн дараа үйл явдлыг телевизийн алтан сангаас дуу, дүрстэй нь үзэж болно. Гэхдээ тэгэхийн тулд эрж хайх цаг хугацаа шаардана. Цахим эх сурвалж кибер халдлагад өртөөд юм уу, өргөтгөл, шинэчлэлд орох явцад устаж мэднэ. Хожмын хойтод шүүж үзэхэд зарим хагас нь олдохгүй болсон ч байж мэдэх. Сониныг номын сангийн архивт суугаад хялбар хэрнээ ая тааваараа олж үзэж болдгоороо давуу. Ганц жишээ татъя.
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр Нийслэл хүрээнд ямар үйл явдал болсон тухай Норвегийн аялагч Оскар Мамен бичгээр тэмдэглэн зураг сэлтийг авч үлдээсэн нь өнөөдөр болсон мэт ив илхэн уншигдах ажээ. Түүхийн бодит үнэнийг бичиж үлдээдэг бичмэл эх сурвалж хийгээд гэрэл зургийн үнэ цэн жил өнгөрөх тутам “эрдэнэ” болж байдгийн бодит нэгэн жишээ энэ юм. Оскар Мамен бичихдээ “Өмнөх өдрүүдийг бодвол цаг агаар дулаахан, таатай сайхан бөгөөд миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр болж билээ... Хоорондоо нэг дэлэм орчим зайтай, мөр зэрэгцэн жагссан цэргүүд цөмөөрөө мориноосоо бууж, цулбуураас нь хөтөлсөн байх бөгөөд хоёр жигүүрийн энд тэнд төвөд болон монгол бичээстэй цэргийн туг өргөжээ. Монголчууд эр эмгүй хуран цугларч, хамгийн сайхнаараа хувцасласан байв. Монгол ноёд, эхнэрүүд дэгжин хээнцэр хүндэтгэл ёслолын хувцсаа өмссөн байхыг миний бие анх удаа энд харсан бөгөөд хэзээ ч үл мартагдах, хараад ханашгүй гайхалтай дүр зураг байсан билээ. Лам нар ч мөн энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан хувцаслаж тод улаан, шар өнгө нь тэдний хаа сайгүй байгааг харуулж байлаа. Тэр бүү хэл элдвийг сонирхох балчирхан хүүхдүүд хүртэл гоёлын хувцсаа өмссөн байв. ...Асар том шар тугийн архан талд хоёр дугуйтай, хятад маягийн дээвэр, хэв загвар бүхий гоёмсог жууз сүйхэнд Богд хаан морилох бөгөөд жуузыг тал бүрээс нь тод шараар өнгөлжээ. Жууз тэргийг хэдэн морьтой лам нар залж явах бөгөөд мөн тэрэгний арлаас шар дээсээр бэхэлсэн хөндлөн дамнуурыг хоёр талд нь тус бүр дөрвөн лам эмээл дээрээ дүүрсэн байв. Богд хааны жууз тэрэгний чанх ард басхүү адилхан сүйх тэрэг явах бөгөөд мөн л лам нар залж яваа харагдана. Энэхүү сүйх тэргэнд эдүгээ хатан болоод зогсохгүй их дагинаар өргөмжлөгдсөн хааны гэргий морилох ажээ. Энэ хоёр сүйх ойртон ирэхэд зам хамгаалж зогссон цэргүүд сөгдөн сууцгааж, тэрэг цааш зуу орчим дэлэм газар холдоход босоцгооно. Хаан эзний хоёр тэрэгний архан талд шар, хүрэн өнгийн хувцастай хэсэг бөөн лам, дагаад өөр өөр туг намируулсан цэргийн ангиуд ар араасаа орж ирэв...
...Орой болоход хийдийн гадаа гурвантаа буун дуу гарсан нь цэргүүдэд бэлэн байх дохио өгч байгаа бололтой байв. Хагас цагийн дараа ямар шалтгаанаар юм бүү мэд буун дуу дахин гурвантаа гарч, хэсэг чимээгүй байснаа хоёр дахь удаагаа дахин гурвантаа буудав. Нар баруунтаах уулын цаагуур хэвийж, харуй бүрий болох цагт ёслолын жагсаал ирсэн дарааллаараа хийдээс хөдөлсөн бөгөөд энэ удаад нэлээд хурдавтар ордны зүг жолоо залав. Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол Улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ” хэмээжээ. Энэ цагаас 113 жил хоёр сар гаруйн өмнөх үйл явдлыг бичгээр тэмдэглэн үлдээсэн нь кино мэт нүдэнд харагдаж байгаа биз ээ.
Яг энэ мэтчилэн сонины хуудсанд үлдэж байгаа түүхийг хэзээ нэгэн цагт хойч үеийнхэн сонирхон уншиж байх болно. Сонины угшилтай сэтгүүлчид ч энэ талаар өнөөдөр нийгмийн сүлжээний хуудаснаа бичиж байна. УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Бидний мэргэжил амаргүй ч өөрийнхөө төлөө биш бусдын төлөө ажилладгаараа аз жаргалтай, од хийморьтой байдаг юм шүү” гэсэн бол сэтгүүлч Г.Отгонжаргал “Цаасан хэвлэлийг үгүйсгэх харанхуй олны дунд сонин эрхэлж, сонин уншуулж, сонин яагаад чухал вэ гэдгийг өдөр бүр мэдрүүлсээр байгаад өдөр тутмын сониныхонд баярлалаа” хэмээжээ. News.mn-ийн Ерөнхий редактор Ш.Оюунчимэг “Цаг минут тутамд хөгжиж, суралцаж байдаг бидний мэргэжил бол сэтгүүлч. Цаашид ч суралцсаар байна. Баярын өдрөө сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарын орхигдуулсан нэг зүйл бол уншигчаа "Боловсруулах" гэж боддог. Сэтгүүлчийг, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийг жиргээчин, постчин, лайвчин, fake аккаунтуудаас ялгаж, үнэн бодит мэдээлэл бэлтгэдэг мэргэжлийн редакциа давхар таниулж, мэдээлэл өгч уншигчаа боловсруулах ёстой юм байна гэж л боддог доо. Мэргэжлийн сэтгүүлч, редакциуд улам олон болоосой” гэжээ.
Тогтмол хэвлэлийн тоо цөөрсөөр байгаад зах зээл, уншигчдын тоо, санхүү, эдийн засгийн бэрхшээлээс гадна нэг том шалтгаан бий. Энэ бол хүний нөөцийн хомсдол. Үүрэх ачаа хүнд, цалин бага салбар учраас залуус өдөр тутмын сонинд ажиллах хүсэл тааруу. Сонинд дадлага хийж зүгширсэн залуус олонд танигдах талаа бодож телевизийн салбарыг сонгох, цахим талбар болох сайтад ажиллах нь элбэг. Ний нуугүй үнэнийг хэлэхэд нас тогтсон голдуу цөөн сэтгүүлч өнөөдөр өдөр тутмын сонинуудад ажиллаж байна. Залгах халаагүй болж байна.
Сэтгүүл зүйн салбарын хамгийн тулгамдсан асуудал өнөөдөр энэ болов. Бодлогоор сонины сэтгүүлч бэлтгэх үе ирснийг сэтгүүлч бэлтгэдэг мэргэжлийн сургуулиуд, Монголын хэвлэлийн хүрээлэн, МСНЭ ч анхаарах цаг болсон. Тэгэхгүй бол тогтмол хэвлэлийн тоо өсөх бус, хүний нөөцгүйн улмаас хаалгаа хаах цаг тулж мэдэх нь. Бас мэргэжлийн редакциуд ч дор дороо залуу халаа бэлтгэхэд шамдах цаг ирээд байна. Гадаад орнууд ч цаасан хэвлэлээ авч үлдэхийг чухалчлах болсныг ташрамд дурдая.
Сэтгэгдэл ( 3 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл
Мэдээж төрийн бодлого бас хэрэгтэй. харин энэ салбарт ажиллах хүчин хомсдож байгаад, уншигчдаа алдаж байгаад өөр өнцгөөс ч харах хэрэгтэй л болов уу даа. Барууны гэж бидний шүтэх хэвлэл мэдээллийнхний жишгээр энэ салбарынхан эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн захиалгаар мэдээллийг гуйвуулах, чимэх, хүмүүсийн тархи угаах явцад идэвхтэй хутгалдсан. Бас ч үгүй, салбартаа нэр хүндтэй гэх сэтгүүлч нөхөд өөрөөсдөө мэдээллийн явцыг удирдах, нөлөөлөхөд оролцдог байсан нь ихэд нөлөө үзүүлсэн байх магадлал ихтэй. Өдөр тутмын сонин эрэлт ихтэй байх үед сэтгүүлчид ”сонин” сонирхолгүй болоход өөрсдөө тусалсан.