П.ОЧИРБАТ: Хэрэг дээрээ тийрэлтэт онгоцонд суугаад явж байгаа хүмүүсийн авдаг цацрагийн хэмжээ 100-гийн торхонд хийгээд тавьсан шар нунтгийн хажуудахаас илүү

2025 оны 01 сарын 24

БНМАУ-ын эхний бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 онд хийсэн ярилцлагын төгсгөлийн хэсгийг эргэн сануулж, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн хүргэж байна. Ярилцлагын энэ хэсэгт “Алт” хөтөлбөр, Эрдэнэтийн гэрээг анх хийхэд Зөвлөлтийн тал манай саналаас яаж татгалзаж байсан, Тамсагт дээлээ мялаасан явдал, Тамсагт анх хятадууд бус АНУ-ын компани ороод сүүлдээ хэрхсэн, Оюутолгой, Дубайн гэрээний алдаа оноо, нүүрсний үнэ цэн, ураны ашиглалт, хариуцлагатай уул уурхай гэж юу болох талаар ярилцсан билээ. Ид цар тахлын үе байсан ч тэрээр найрсгаар хүлээн авч, “Амны хаалттай ярих уу” гэхэд “Чи бид хоёр бие биеэсээ цээрлэх юу байдаг юм” гээд, мөнөөх л алиа зангаараа “Үгүй ингэхэд хоёулаа 30 минут ярина гэчихээд гурван цаг гаруй хөөрөлдсөн байна шүү дээ” хэмээн инээж суусан нь санаанд тод үлджээ.

 

“АЛТ ХӨТӨЛБӨР”-ӨӨС Л БОЛЖ ГАЗАР НУТАГ СҮЙРСЭН ГЭЖ ХҮМҮҮС ДУРАМЖХАН ҮЗЭЖ БУРУУШААДАГ, ТҮҮНИЙГЭЭ НАДТАЙ ХОЛБОЖ ЯРЬДАГ Л ДАА

 

-Таныг Ерөнхийлөгч байхад таны санаачилгаар “Алт хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Яагаад заавал алтаа ухах болов. Энэ талаар өнөө хэр шүүмжлэл тасрахгүй байгаа шүү дээ? 

-1990-ээд оны эхээр бид их л тарчиг байлаа шүү дээ. Олон хүн одоо мартсан биз. Сүүлийн үеийн залуус ор мэдэхгүй болсон. Картын бараанд ч орж үзсэн. Лангуун дээр бор давс, хөндий гоймон л хоцорсон. Гаднаас орж ирдэг хүнс, бараа бүгд тасарчихсан. Гэрэл цахилгаан хөдөөд байхгүй, хотод тасалддаг болчихсон. Социалист орнуудын хамтын байгууллага болох Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл нь тарчихсан. “Дэмжиж тусалдаг СССР” маань өөрөө хүнд байдалд ороод тарж бутраад задарчихсан. Ийм үед “Бид өөртөө юутай билээ, яаж улс орны амьжиргааг хурдан залгуулах вэ, өөрт байгаа, их түргэн эргэлтэд орж болох зүйл юу юм бол оо” гээд бодохоор уул уурхайн мэргэжлийн хүн чинь “Алт гэж манайд нэг юм бий дээ. Түүнийгээ эргэлтэд оруулбал ямар ч нөхцөлд үнэ цэнээ хадгалж үлдэх валют юм даа” гэж санагдсан. Ингээд аж ахуйн нэгж, компаниудад чөлөөтэй алт олборлох ажлыг хэрэгжүүлбэл валютын нөөц үүсгэхэд, эдийн засагт хэрэгтэй юм гээд “Алт хөтөлбөр”-ийг санаачилж хийсэн хэрэг л дээ. 1990-ээд онд Монгол Улс жилд 620 орчим кг алт олборлодог байлаа. Одоо бол 24-25 тонн болсон байна. Ийм алтны нөөцтэй орон гаднаас зээл авсан ч төлбөрийн чадвартай гэгдэх учраас Монголд зээл өгөхөд эрсдэл харьцангуй бага ч гэдэг юм уу. Алт бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн хүрээнд хүртэл чухал нөлөөтэй зүйл юм л даа. Одоо хүртэл тэр хэрэгжиж л байна.

“Алт хөтөлбөр”-ийг гарч байхад нэг унц алт 258 ам.долларын үнэтэй байсан. Өнөөдөр 2000 ам.доллар хүрч байна. Алтны үнэ туж өсөөд, 1990-ээд оны эхтэй харьцуулбал 100 дахин нэмэгдсэн байна. Эдийн засгаа өөд татахад алтны үнэ цэн ингэж жилээс жилд өсөөд л байх юм л даа. Ингэж л тэр “Алт” хөтөлбөрийг эхэлсэн юм л даа.

 

 

-Шороон ордыг замбараагүй ашиглаж газар, нутаг нэлээд сүйдсэн дээ?

-Алт олборлолтын эхний үед хөрөнгө хуримтлал багатай байсан учраас олборлосон газраа нөхөн сэргээх ажил их муу явагдаж, дээрээс нь 2000-д оноос нинжа нар орж ирсэн. Юун нөхөн сэргээх, хайр гамгүй, эмх замбараагүй, системгүй явсан л даа. Манай аж ахуйн нэгжүүд ч нөхөн сэргээлт хийхгүй явсаар одоо л хөөцөлдөж нөхөн сэргээх, эздийг нь олж сэргээлгэх үйл ажиллагаа явуулдаг болж эхэлж байна.

Эндээс “Алт хөтөлбөр”-өөс л болж газар нутаг сүйрсэн гэж хүмүүс дурамжхан үзэж буруушаадаг. Түүнийгээ П.Очирбаттай холбож ярьдаг л даа.

 

ЭРДЭНЭТИЙН ГЭРЭЭГ АНХ БАЙГУУЛАХ ҮЕД ХАРЬЯАЛЛЫГ НЬ МОНГОЛД ШИЛЖҮҮЛЭХ, МОНГОЛЫН ҮЙЛДВЭР БОЛГОХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛТИЙН ТАЛ ОГТ ХАЛГААДАГГҮЙ БАЙЛАА

 

-Монголд ашигт малтмалыг системтэй олборлож эхэлсэн нь хэзээнээс вэ?

-Ашигт малтмалтай холбоотой янз бүрийн ойлголтууд бас байдаг юм аа. Бид хэзээнээсээ байгалийнхаа баялгийг олборлож, борлуулж төлбөрийн чадвараа зохих түвшинд авч явж байсан улс л даа. Дэлхийн хоёрдугаар дайн, 1940-өөд онд вольфрам, цагаан тугалга, жонш зэрэг ашигт малтмалаа ихээхэн олборлож Зөвлөлтийн улаан армийн зэвсэглэл үйлдвэрлэхэд тусалж байлаа. “Совмонголметалл” гэж хамтын байгууллага байсан. “Монголнефть” гэж байсан.

Тэрнээс ч эрт үед Бороогийн алтыг гаднынханд түрээсэлж, концессоор ашиглуулж татвараа авч байсан түүхтэй. 1970-аад онд Эрдэнэт үйлдвэрийг ЗХУ-тай хамтарч байгуулж, “Монголросцветмет”, “Монгол-Болгар металл”, “Монгол-Чех металл” зэрэг байгууллага ажиллаж байсан. Социалист системийн орнуудтай хамтарч ашигт малтмал, эрдэс баялгийн салбарт их өргөн хүрээнд хамтарч ажиллаж байсан юм шүү дээ.

Одоо бол бас л гаднын компаниудтай хамтарч Оюутолгойгоо ашиглаж, Монголд бүү хэл, дэлхийд байхгүй, Эрдэнэтээс 3-4 дахин том үйлдвэр ажиллуулахаар болоод байна. Гэхдээ Оюутолгойг шүүмжлэх хүн бишгүй л байх юм.

-Оюутолгойн гэрээг үр өгөөж муутай хийсэн гэсэн маргаан өнөөдөр ч тасраагүй байна. Уул уурхайн мэргэжлийн хүний хувьд та энэ гэрээг хэрхэн үнэлдэг бол?

-Гэрээ байгуулахад эхлээд зөндөө бэрхшээл гардаг. Жишээ нь, Эрдэнэтийн гэрээ байна. Энэ гэрээг таван удаа өөрчилж, нэмэлт оруулж, шинэчилж байсан. Эхний үед манай талаас тавьж байсан шаардлагыг Зөвлөлтийн хэлэлцээ хийж байсан тал хүлээн зөвшөөрөөгүй юм шүү дээ. Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр ч гэдэг юм уу, үүнийг зөвшөөрдөггүй. Эхлээд 50:50 хувиар ашиглана гэж бид ярьсан. Түүнд энэ төлбөрөө оруулъя гэхээр оруулдаггүй. Энэ болгоныг Монголын талын хувь хөрөнгөд оруулж тооцъё гэхээр хүлээж авдагггүй. Энэ мэт зөндөө асуудлыг хүлээж авдаггүй цааргалдаг байсан. Үйлдвэрт оруулсан зардлаа нөхсөнөөс хойш харьяаллыг нь Монголд шилжүүлэх, Монголын үйлдвэр болгох асуудлыг ярихад огт халгаадаггүй байлаа. “Үйлдвэр барьж эхлээгүй байхад нэг талдаа авах тухай ярилаа” гээд сайнгүй ханддаг байлаа шүү дээ. Тэгээд яваандаа 50 хувь дээрээ бага багаар оруулсаар байгаад Монголын талын дүрмийн сандаа нэлээд зүйлийг нэмж чадсан. Эцсийн дүндээ 49:51 хувь болж, манай талын хувь арай илүү гарч, олон төрлийн нөөц ашигласны төлбөр авдаг болоод алгуур алгуураар зөндөө их хугацаанд явсаар байж үр дүнд хүрсэн.

 

ГОЛ НЬ МАНАЙХ ӨӨРСДӨӨ МӨНГӨГҮЙ БАЙЖ 34 ХУВЬ ЭНЭ ТЭР РҮҮ ОРЧИХООД ХҮНД БАЙДАЛД ОРЛОО ШҮҮ ДЭЭ

 

-Оюутолгой дээр ямар алдаа гарсан бэ?

-Манайх тэнд заавал 34 хувиар хувьцаа эзэмших шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Би бол хэрэггүй гэж боддог.

-Яагаад. Оюутолгой Монголынх болохоор харин ч илүү хувь эзэмших ёстой биш үү?

-Өөрөө мөнгөгүй, хуримтлалгүй байж маш өндөр хүүтэй зээл авч, зээлийн өрд орон барин 34 хувь эзэмшээд яах юм бэ? Тэртэй тэргүй гадаадын хөрөнгө оруулалтаас 16-17 төрлийн татвар, төлбөр, хураамж авдаг шүү дээ. Түүнийгээ аваад, нөөц ашигласны төлбөр роялти гэдгийг түлхүү нэмүү тавиад, экологийн нөхөн сэргээлт, үр ашиг энэ бүхнийг нөгөө талд хариуцуулаад явахад л болчихно. Ингэсэн байхад цаад хөрөнгө оруулагч илүү зардал гаргаж олох ашгаа бууруулахгүйн төлөө хариуцлагатай ажиллана шүү дээ.

Манайх тийм зүйл дээрээ сайн анхаараагүй. 34 хувийн хувьцаа эзэмших гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Өр тавьчихсан. Монголын талд энэ үйлдвэрийн ажиллагаанаас олох үр ашгийн 53 хувь нь ногдоно, 47 хувь нь бусад хөрөнгө оруулагч, нөгөө талд ногдоно гэсэн боломж уг нь байгаа юм. Үүнийг бид нэг талаас чамладаг. Нөгөө талаас 34 хувьд ногдох хувиа авах хугацаа хөрөнгө оруулалт нэмэгдээд байхаар хойшлоод байдаг. Тэр хувьд ногдох мөнгийг авах хугацааг наашлуулах, цаашлуулахдаа гол нь биш. Гол нь бид Оюутолгойгоо үр ашигтай болгож, авдаг татвар, төлбөрөө ахиухан аваад явбал 34 хувийг заавал хуваах, оролцох гэх шаардлагагүй байхгүй юу. Бид түүнээсээ илүү төлбөр төлж, илүү хариуцлага хүлээж байна шүү дээ. Экологи, байгаль орчны асуудал гараад ирэхэд бид 100 хувь нөгөө талд үүрүүлж чаддаггүй. Яагаад гээч. “Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг. Танайх ч бас үүнийг хариуцна шүү” гэчихдэг.

Хариуцлага ярих болгонд Монголын тал өөрөө хувьцаа эзэмшигч учраас адилхан хариуцлага хүлээнэ гээд нөгөө талын хариуцлагыг тодорхой хэмжээгээр сулруулаад, өрөөсгөл болгодог тал байна. Мөн 1500 метрийн гүнд байгаа зэс, алтны хүдрийн нөөцийг тэдэн граммаар гээд нааш цааш болгох боломж өнөөдрийн геологийн шинжлэх ухаанд хараахан алга. Иймээс тодорхой эрсдэл байгаа юм. Түүнээс болоод заримдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болдог. Тэр тоолонд манай авах хувьцааны ашиг хойшилдог.

-Дубайн гэрээ байгуулах болсон шалтгаан энэ үү?

-Дубайн гэрээ гээд байна шүү дээ. Ийм учиртай юм. Газрын 1500 метрийн гүнд нэвтрэх малталт хийх явцад нурах дарах эрсдэл гарна. Хатуу чулуулаг байна гэж тооцож байсан газар зөөлөн нуранги үүсэж болно. Эндээс болж ажил саатаж, илүү зардал гарч, ТЭЗҮ-д тохирч тавьсан зургаан тэрбум ам.долларт багтахаа болиод, 2-3 тэрбум ам.долларын эх үүсвэр нэмж олж байж босгохоос аргагүйд хүрдэг. Хөрөнгө оруулалт нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс үүдээд зургаан жилийн дараа манайх ашгаасаа хувь хүртээд эхэлнэ гэж бодож байсан чинь 10 жилийн дараа ч юм уу, болж хойшилно. Ингэхээр хэнд таатай байх вэ дээ. 

Ашигт малтмалын тухай хуулиар бүтээгдэхүүнээ борлуулах эрхийг нөгөө хөрөнгө оруулагчдад өгсөн. Манайхыг зэс зардаг гэж тэр бүр мэдэхгүй, зах зээлийн үнэ нь ч ямар болох юм билээ. Тэгээд Рио Тинтог танайх борлуулалтаа хийгээрэй гээд л тийш нь өгчихсөн. Үүнээс болж Монголоор бүтээгдэхүүний борлуулалт дамжихгүй байна гэсэн дургүйцэл гардаг юм. Гүйлгээ Монголоор дамжихгүй байна. Гадаадын банкаар яваад байна гээд асуудал болдог. Нөгөөдүүлтэй ярихаар "Танай банкны систем найдвар муутай. Эрсдэлтэй. Тийм учраас энэ том хөрөнгө оруулалт, хөрөнгийн эргэлтийг танай найдвар муутай банкаар дамжуулах эрсдлээс үнэхээр болгоомжилж байна. Түүнээс биш болохгүй юмгүй. Танай банкны систем бэхжээд, найдваржаад ирэхийн үед болохгүй зүйлгүй. Гүйлгээний тодорхой хэсгээс хийж болох юм” гэдэг. Ингээд яриад хөөрөөд байхаар болдог л доо.

Манай Засгийн газар Оюутолгойн талаар Монголын талын сонирхолд төдийлөн нийцэхгүй гэж үзэж байгаа асуудлыг жагсаагаад, шийдвэрлэх дарааллаа тогтоод, энэ асуудлыг жишээ нь, 2020-2021 онд шийдье. Үүнийг нь 2022,2023 оноос хойш ярьж, тодруулж үзье гэж болно шүү дээ. Зэсийн үнэ хэлбэлзээд л байх юм байна шүү дээ. Үнийн хэлбэлзэл харьцангуй тогтворжих супер циклүүдийн үргэлжлэх хугацаа зэргийг харж байгаад ярилцаж хэлэлцье гэсэн зүйлүүд байдаг. Манайхыг огт юунд ч гар хүргэхгүй гэж нөгөө тал хэлдэггүй. Гол нь манайх өөрсдөө мөнгөгүй байж 34 хувь энэ тэр рүү орчихоод хүнд байдалд орлоо шүү дээ. Өр тавиад хүү төлөөд байхаар хүмүүс “Баялгаа нэг өгнө. Дээрээс нь өрд орно. Ямар гээч юм болох нь энэ вэ” гэдэг. Тэгэхээр тэр 34 хувийг авах хэрэггүй л байсан.

-Баялгийн эзэн юм чинь монголчууд 34 биш, бүр 51 хувийг эзэмших ёстой гэдэг л дээ, манайхан. Ингэж болохгүй юм уу?

-Авч болох байх л даа, гэхдээ 51 хувийн мөнгөтэй хүн тэр хувийг авна биз дээ. Нөгөө тал “За, мөнгөө тоолоод энд тавьчих” л гэнэ. Тэр мөнгө нь манайд байхгүй. Тэгэхээр Монгол Улс тэр хувь руу орж, тийм их өр тавих шаардлага байгаагүй юм. Бид цагтаа энэ тухай ярьж, хөөрч л байсан. Тэгэхэд л “Тодорхой хэмжээний хувьцаа эзэмших ёстой. Бид энэ юмны эзэн юм байгаа биз дээ” гэдэг юм. Эзэн нь эзэн л дээ. Эзэн хэвээрээ шүү дээ.

Төрд өмчлөх, эзэмших, ашиглах гурван эрх нь байгаа юм. Энэ гурваас ганц шилжүүлж болох эрх бол ашиглах эрхээ тодорхой нөхцөл байдлаар айлд өгч болно. Ийм л юм.

 

СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАХ ЗӨВЛӨЛӨӨР 20 ЖИЛ ХӨӨЦӨЛДӨӨД БАРААГҮЙ ЮМЫГ ХОЁР САРЫН ДОТОР ШИЙДЭЭД ИРЭХЭЭР ШОРОНД ХИЙЧИХНЭ

 

-Үүнийг засах гэхээр хүмүүс нь хэрэгт орчихоод байх шиг?

-Ер нь энэ төслийг тууштай хэрэгжүүлэх гэсэн улсуудыг л хэрэгт хийгээд байгаа юм. Би бол Дубайн гэрээг хийж, мөнгө олж Оюутолгойн зогссон байсан ажлыг гацаанаас гаргах ажлыг хийсэн хүмүүсийг  шагнах хэрэгтэй гэж хэлдэг юм. Тэгсэн чинь шоронд хийнэ гэдэг юм байна. Энэ төслийг санаачилсан хүмүүс буруу юм хийсэн гэж байна. Тэгмээргүй байгаа юм. Аливаа шийдэл ардаа тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Шийдвэр гаргасан зориг, алсыг харсан хараа, төрийн хүмүүсийн бодлого, шийдвэр бол их зөв байсан шүү.

Тавантолгой дээр ч ялгаагүй. Тавантолгойг 1972 оноос 1989 он хүртэл 20 орчим жил Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай хамтын хүчээр эзэмшье гэж бид хөөцөлдөөд шийдүүлж чадаагүй. Гэтэл М.Энхсайханы үед гурван орон нийлээд хоёр сарын дотор Тавантолгойг босгоод ирэхээр болсон. Япон нүүрсийг нь авья гээд зах зээлтэй болсон. Хятад хөрөнгийг нь гаргаад, зам тавиад ажиллая гэсэн. Монгол Улс нүүрсээ олборлож гаргаж ирээд ачаад өгч чадна. Ингэд гурван талаас үйлдвэрлэгчтэй, хөрөнгө оруулагчтай, зах зээлтэй болгоё гээд хоёр сарын дотор шийдээд, яг хэрэгжүүлдгийн даваан дээр зогсоочихсон.

Социализмын үед Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлөөр 20 жил хөөцөлдөөд бараагүй юмыг хоёр сарын дотор шийдээд ирэхээр шоронд хийчихлээ. Тийм юм гэж байх уу. Болохгүй шүү дээ.

-Манайхан юмаа хямдхан гаргаад, гаднынханд идүүлээд байна. Нүүрсийг илүү өндөр үнээр борлуулах боломжтой гээд байгаа л даа?

-Зах зээлийн үнийг дагахаас биш, өөрсдөө үнэ тогтоогоод 1000 төгрөгийн үнэтэй юмыг 5000-аар өгнө гээд зүтгэхэд хүн авахгүй биз дээ. Зах зээлийн аяс, ханшийг дагаж л явахаас өөр арга байхгүй.

Манайхан ингэдэг. “Японд нэг тонн коксжих нүүрс 400 ам.доллар байдаг юм байна. Манайх 100 ам.доллар хүрэхтэй, үгүйтэй, 70-80 ам.доллараар өгч байна” гэдэг. Японд болохоор далай, төмөр замаар тээвэрлэсэн бүх тээврийн зардал, даатгал, хамаг юмныхаа өртгийг шингээгээд Японы боомтод буухдаа 400 ам.доллараар бууж байгаа юм. Манайх бас 400 ам.доллараар зарж болно. Тэгвэл бид Тавантолгойгоос хил хүртэл нүүрсээ тээвэрлээд, тэндээсээ Хятадын нутаг дундуур өөрсдийн унаа хөсгөөр яваад, Хятадын усан боомтоор дамжуулж усан замаар Японд хүргээд, энэ бүх тээврийн зардлыг Монгол Улс өөрөөсөө гаргасан цагт 400 ам.доллараар зарж болно. Тэгж зарлагадсан бүх замын зардал, даатгалаа хасаад үзэхээр нөгөө 70 ам.доллар чинь л үлдэх байхгүй юу.

Бид тийм их тээврийн зардал гаргалгүй үйлдвэрийнхээ хашаан дотроос л 70 ам.доллараар зарж байна л даа. Түүнээс биш газар дээрээ 400 ам.доллар хүрч байгаа нүүрс хорвоод байхгүй. Үйлдвэрийн хашаанд, улсын хил дээр, айлын нутгийн боомт дээр гээд тус бүрдээ өөр өөр үнэтэй, тус бүрдээ зардалтай л байдаг. Тийм учраас бид нүүрсээ айлд сул хаяж өгөөд байгаа юм байхгүй. Заримдаа манайхан хоорондоо өрсөлдөнө. Нэг нь 70 ам.доллараар зарж байхад нөгөө нь “Би 55-аар өгнө өө “ гээд сууж байх маягийн. Ингэж бие биеийнхээ бүтээгдэхүүний үнийг унагаад байх юм хүртэл бий. Аль болохоор дотроо бодлого нэгтэй, үнэ ханшаа тохироод, гаднынхантай нэгдмэл байдлаар гэрээ, хэлэлцээ хийдэг бол бас чиг өгөөтэй, аваатай дундаж хавьд байгаад байж болмоор байдаг.

 

АНУ-ЫН СОНИРХЛЫГ МАНАЙД ТАТАХ ЮМ ЮУ БИЛЭЭ ГЭХЭЭР НЕФТЬ БАЙСАН. ТЭГЭЭД “СОКО ИНТЕРНЭШНЛ” КОМПАНИ ТАМСАГТ ЛИЦЕНЗ АВЧ ОРСОН ТҮҮХТЭЙ

 

-Тамсагбулагт та дээлээ газрын тосоор мялаасан удаатай?

-“Нефть хөтөлбөр” гэдгийг Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн бид хоёр бас санаачилсан юм. Нефтийн хайгуул хийлгэх лицензийг нэлээд чөлөөтэй болгож, анх АНУ-ын “Соко интернэшнл” компани лиценз авсан. Цагаан элсний өрөмдлөгийн ажил дээр би очоод “Нефтийн цооногоо амжилттай өрөмдөөд, эндээс нефть оргилж гараад, монголчуудын гоёлын дээлийг мялаах болтугай” гэсэн ерөөл хэлсэн юм. Тэр чинь 1994 он. Түүнээс хойш 1997 онд нөгөө Америк компанийн олборлож байсан Тамсагийн 22 дугаар цооногоос нефть оргилов оо. Тэгээд би очиж дээлээ мялаалаа. “Би өмнө нь тэгж хэлж байсан. Одоо олон түмнээ төлөөлж дээлээ мялаая” гээд.

Ерөөсөө нефтийнхний мэргэжлийнхний ёс уламжлал юм даа. Оргилж байгаа газрын тос руу орж хувцсаа буддаг заншилтай. Тэр цооногоос одоо хүртэл нефть авч байгаа.

-Анх тэнд АНУ-ын компаниуд яаж орсон түүхтэй вэ?

-Би АНУ-д анх Ерөнхийлөгч Ж.Буштай /эцэг/ уулзаж хоёр талын харилцаа тогтоох талаар ярилцаж байхдаа  нефтийн салбарт хамтран ажиллах бололцоотой юм гэж хэлж байсан. Гадаад харилцаагаа өргөтгөх гэж, АНУ-ын сонирхлыг манайд татах юм юу билээ гэхээр нефть байсан.

-Тэгээд Хятадад шилждэг нь юу билээ?

-Намайг Тамсагийн нефтийг Хятадад өгсөн гээд байдаг юм. Би АНУ-тай нефть ярьснаас цаашгүй. Сүүлд  “Петро Чайна дачин Тамсаг”-ийнхан  “Соко интернэшнл” компаниас лицензийг нь худалдан авч, үйл ажиллагаа явуулсан л даа.  БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна Дачин тамсаг” ХХК Тамсагийн газрын тосны орд газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд 1996 оноос 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг тэднийх АНУ-ын “Соко Интернэшнл” компаниас шилжүүлж авсан байдаг юм. Ерөнхийлөгч хүнд компани нааш цааш болгох эрх хуулиараа огт байхгүй шүү дээ.

 

ЯГ БАЙДАЛ ДЭЭРЭЭ УЛААНБАДРАХАД БАЙГАА ХУДГИЙН УСАН ДАХЬ УРАНЫ АГУУЛГА УЛААНБААТАРЫН ОЙРОЛЦООХ ХУДГИЙН УСНЫ УРАНЫ АГУУЛГААС БАГА

 

-Мэргэжлийн хүний тань хувьд асууя. Дорноговийн Улаанбадрах сумын хүн, мал уранд хордлоо гэсэн яриа  гардаг. Үнэхээр тийм хэмжээний хордлого тэр бүсэд байна уу?

-Сая комисс яваад, үзээд, шалгаад байхгүй гэж ирлээ шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн үнэлгээнд би бол итгэж байгаа. Яг байдал дээрээ Улаанбадрахад байгаа худгийн усан дахь ураны агуулга Улаанбаатарын ойролцоох худгийн усны ураны агуулгаас бага. Москвагийн А.С.Пушкины хөшөөний хавийн ураны агуулга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна л гэж гарсан байгаа шүү дээ. Ер нь ураны агуулга дэлхийд их нийтлэг, тархмал эд л дээ. Шар нунтаг гээд нэг юм байна шүү дээ. Би Казахстанд очоод тэр шар нунтаг ачсан чингэлэг дээр гараад дээрээс нь харж, хүмүүстэй нь яриад зогсож л байсан. Тэнд хүмүүс ажиллаж л байсан. Тэр нунтгийг 200-гийн торхонд хийж эмжиж гагнаад Хятад руу гаргадаг юм билээ.

Хэрэг дээрээ тийрэлтэт онгоцонд суугаад явж байгаа хүмүүсийн авдаг цацрагийн хэмжээ 100-гийн торхонд хийгээд тавьсан шар нунтгийн хажуудахаас илүү.

Манайх ураны талаарх төрийн бодлого баталчихсан. Цөмийн түүхий эдийг ашиглах хууль бий. Манай хоёр талын хөрш атомын цахилгаан станцууд бариад л байна. Хятад 20 гаруйг барина л гэсэн. ОХУ өөртөө ч бариад л, бусад улсад ч бариад л байна. БНСУ цөмийн өчнөөн олон цахилгаан станцтай. Би бас нэгээр нь орж гарч л байсан. Цөмийн энергийг ашиглах ажил дэлхий нийтээр яваад л байна. Стандарт, нормыг нь сайн хангаад ажилладаг л юм билээ л дээ.

 

УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГА ГЭДЭГ НЬ ОРОН НУТАГТ, ХҮНД НЬ, МАЛД НЬ, НУТАГ УСАНД НЬ, БЭЛЧЭЭРТ НЬ, БҮХ ЗҮЙЛД НЬ ӨӨРИЙМСӨГ ХАНДАЖ ХАРИЛЦАЖ, ХЭЛ АМАА ОЙЛГОЛЦОЖ ЯВСНААР ҮНЭЛЭГДЭНЭ

 

-Уул уурхайг хариуцлагатай болгоё гэвэл яах вэ?

-Аж ахуйн нэгж, компаниудын хариуцлагыг л их өндөржүүлэх хэрэгтэй байгаа юм даа. Ашигласан газар нутгаа сайхан нөхөн сэргээж, нутгийн иргэдтэй хамтарч, тэдний төлөө юм хийх нь чухал. Байгаа юмыг нь байхгүй болгосон юм чинь байхгүй юмыг нь бий болгоход туслах л хэрэгтэй. Нутаг орны, сумын, багийн иргэдэд чухам юу хэрэгтэй байгаа юм. Түүнийг нь хийж өгч, дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Байгаль орчныг нь хамаа намаагүй сүйтгэхгүй, бэлчээрийг нь талхлахгүй, булаг, шандыг нь ширгээхгүй, нутаг орныг нь булаахгүй, заагдсан талбайдаа л ажиллах учиртай. Тэр нутгаас баялаг олборлож л байгаа бол хариуг нь нутгийн иргэд, нутаг усанд нь заавал барих нь зөв. Ингэснээр уул уурхайнхны хариуцлагыг дээшлүүлж, олон түмэнд зөв ойлгуулна. Эргээд нутгийн олонд тустай, нэмэртэй, түшигтэй, өгөөжтэй, тус дэмтэй байвал уул уурхай ойлгогдоно шүү дээ. Морь уралдахад бай өгөх төдий хуурсан, аргацаасан байдал харуулах биш.

Нутгийн иргэдэд сэтгэл тавьж, тэдний төлөө ажиллахгүй бол чиний ажил бүтэхгүй. Чиний хариуцлага гэдэг бол зөвхөн уул уурхайгаа өндөр үр ашигтай, аюул осолгүй ажиллуулахаар хязгаарлагдахгүй. Уул уурхайн хариуцлага гэдэг нь орон нутагт, хүнд нь, малд нь, нутаг усанд нь, бэлчээрт нь, бүх зүйлд нь өөриймсөг хандаж харилцаж, хэл амаа ойлголцож явснаар үнэлэгдэнэ. Ингэж уул уурхай хариуцлагатай байна. Хүний төлөө байна. Зөвхөн өөрөө олз омог олохын тулд биш, ард түмэн, нутаг усаа хайрлаж тэтгэсэн чин сэтгэлийн сайхан харилцаатай байх ёстой. Ийм л уул уурхайг хариуцлагатай гэнэ дээ. Ингэж байж л өгөөжийг нь хүртэнэ. Үүнийг хичээж үзээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top