ХӨРӨГ НИЙТЛЭЛ I Алганаас ундарсан нулимс

2025 оны 01 сарын 21

ГИШГЭХ ЭРХГҮЙ МИНИЙ НУТАГ
 

Шар торгон дээл асааж гартаа эрхи барьсан өвгөжөөр хүн Нью-Йоркийн гудамжаар намуухан алхана. Гүн бодолд дарагдсан нь царайнаас илт. НҮБ-ын дэргэдэх БНМАУ-ын байнгын төлөөлөгчийн газар орчим. 1960-аад оны эхэн үе. Энэ хавиар явж улсынхаа төрийн далбааны намирахыг харах ямар сайхан. Соёмбот далбаатай эл хашаан доторх уг нь Монголын нутаг. Гэвч өтөл надад тэнд дураараа гишгэх эрх алга. Болдогсон бол ганц алхам боловч дотогшилж, цээжин цаана бэтгэрч зангирсан их гунигаа задалж “Монголынхоо агаараар амьсгаллаа” гэж дотор сэтгэлээ хуурахсан.

Уг нь Монголоо энэ Мэй /Америк. Хятадаар/ улстай холбох үүрэг бүхий нэн хүнд итгэмжит даалгаврыг дээд газраас маш нууцаар авч “Улсаасаа урван дутааж оргож одсон” гэх нүгэлт муухай нэрийг үүрч эх орныхоо торгон хилийг элгэн цаанаа нулимстай давсан сан. Эх нутагтаа эргэн очино гэж итгэхийг хэчнээн хүсэвч орхиж үзсэн шоонд “Чи Монголынхоо агаарыг дахин хэзээ ч амьсгалахгүй, гагцхүү сүнс, чандар чинь эргэж ирмой” гэж буусан нь юутай гунигтай. Польшийн аялагч Фердинанд Оссендовски Нийслэл Хүрээнээ ирж дэлхий нийтийн хэтийн төлөвийн талаар асууж лавлахад ч олон жилийн дараахыг хэлж өгсөн нь таарч л байсан даг. Барон Унгерний хувь тавиланг алдалгүй буулгаж өгсөн миний шоо гагц өөрийн зураг төөргийг эндүүрч зөгнөсөн байгаасай.

Аан, тийм. БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгчийн газрын уулзалтад завшаанаар нэг уригдсан юм. Хэчнээн баяртай очсон билээ. Гэтэл... Зөвлөх Дашцэрэн гэж хүн байсан санагдана. Намайг хаанахын харьяат, энд нөхөд садан чинь хэн хэн байна, Америкийн цаг агаар зохиж байна уу гэх аар саар юм асуусан. Уг нь би аль тэртээ цагт нутгаасаа авч гарсан нууц даалгаврыг минь асуух нь дээ гэтэл тэгсэнгүй. Хятад, Энэтхэгээр явж дассан болохоор цаг агаар гайгүй таардаг, миний нөхөр гэвэл нутгаасаа барьж гарсан энэ эрхи, бас хаа очсон газраа монгол хүний нэрийг хугалчихгүй гэж бодож явдгаа л  хэлсэн. 1963 оны хавар юм аа. Колумбын их сургууль дээр болсон Монголын нийгэмлэгийн дайллага гэдэгт нэг уригдсан. Монголоос суугаа Байнгын төлөөлөгч Б.Жаргалсайхан, мөнөөх зөвлөх Дашцэрэн нар ирсэн. Би ч Онон Өргөнгөө, Хангины Гомбожав хоёр дүүтэйгээ очиж, Монголын нийгэмлэгийн анхдугаар их хурал хуралдсаныг тэмдэглэсэн нь өгүүлшгүй сайхан санагдаж билээ. Хангины Гомбожав маань нийгэмлэгийг даргалж байсан даа...1960-аад оны дөнгөж эхээр Монгол руугаа нэгэн захиа нууцаар дайх завшаан тохиосон ч ахан дүүсийн нэрийг дурсаж чадсангүй. Тэдэндээ гай болохгүй гэж тэр. Зүгээр л нутгийн зон олонд гэсхийгээд явуулж билээ.
 


Байнгын төлөөлөгчийн хашаанд хэдэн жаахан хүүхэд тоглож харагдах. Энэ хэдэн монгол хүүхэдтэй эртээд нэг тааралдаж, өвдөгнөөс нь адис хүртэж билээ. Нээрээ би хүнд адис тавьж явснаас биш адис хүртэж явсангүй. Хүүхэд л хойно, нөгөө хэд амандаа өвс ногоо тасдан хийж үзэгдэх. Амьтан хүнд харагдаж гэмгүй хүмүүсийг хэрэгт хийх вий хэмээн туйлаас сэтгэл чилэвч тэр багачуудад мөнөөх өвс ногоо хор болбол хэрхэх вэ. Арай томхоныг нь сэм дуудаж, өвс ургамал хамаагүй амандаа хийж болохгүйг арай хийн захиж хэлэв. Тэр бяцхан хүүгийн толгойг энхрийлэн илэхийг ямар их хүснэв. Гэвч тийм боломж үгүй тул дэмий л нэг гарын бугуйнаас нөгөө гараараа өөрийн эрхгүй тас атгахад ханцуй дотор хөлс чийхарна. Нүднээс хэрхэвч дусааж болохгүй нулимс алганаас хөлс болон ундрах ажээ.

Тэр даруй “Хэн бэ, юу вэ. Юун хүн байв? Хүүхдэд юм өгөв үү, яав” гэлцэн томчууд гарч ирэхэд “Нэг өвгөн хүн хамаагүй өвс ногоо амандаа хийж болохгүй, хор болж мэднэ” гэсэн хэмээн мөнөөх хүний явж одсон зүг рүү хүү хуруугаараа заав. Их л хачирхалтай нь монгол дээлийнх болов уу гэмээр шар өнгийн хувцасны хормой үл мэдэг үзэгдэн, нэгэн хүний дүрс сүүтэсхийн гудамж ороож үзэгдвэй. “Бараг л хутагт болов уу даа” хэмээх бодол тэдний сэтгэлд зурсхийх.

 

МОНГОЛ МИНЬ ТҮМНИЙ ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

 

Улсынхаа төрийн шинэ тугийг Байнгын төлөөлөгчийн газрынхаа хашаанд намирч байхыг үзсэн сэн. Алтан соёмботой тун сайхан юм. Гэм нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бэлгэдэл галын дөл дээрээс таван хошуу таглаагаар даруулсан нь тоогүй. Гэвч таглааг авч галыг сэргээн бадруулах цаг хэзээд ирэх нь дамжиггүй. Монгол минь тусгаар байгаа цагт таван хошуу таглаа ч өнөөхөндөө яах вэ.

Чан Кай Ши бээр уг нь надад талтай, итгэмжлэн хандаж, дэргэдээ авч зөвлүүлж явсан цаг буй. Харин өдгөө туурга тусгаар улсыг минь үл зөвшөөрч Олон улсын холбоонд /НҮБ/ элсүүлэхгүй, удаа дараа гацааж ирсэн нь хорлолтой.

Түүнээс хэд хоногийн өмнө дөө. Монгол минь түмний эгнээнд нэгдлээ. 1961 оны намар, аравдугаар сарын 27 шүү дээ. Д.Цэвэгмид хэмээх  эрдэмтэн энэ ертөнцийн эдгээр улс гүрний хар, шар, цагаан, бор арьст олон хэлийн зоны өмнө Монголоо төлөөлөн илтгэл хийж, яруу тунгалаг монгол үгсээ өчнөөн жилийн дараа дэргэдээсээ сонсох ямар сайхан юм бэ. Мөнөөх л алганаас ундардаг нулимс урсдгаараа урсаж, нэгэнт нулимсаа дүүрсэн гэж санадаг байсан атал аньсага чийгтэх нь юу билээ. Хүний нулимс гагц нүднээс бус, сэтгэл дотор хураан хуримтлагдсаар гарын алганаас ийнхүү садран урсдаг байх нь ээ. Зүрх сэтгэлийн гүнээс ундрах нулимс судал судсаар гүйсээр алгаар нэвчих нь энэ үү. Босоод алга ташаад л, ташаад л байлаа. Эргэн тойрны хүн амьтан энэ содон өмсгөлтэй өвгөн алга таших хориотой энэ газарт юу хийж байна гэж хачирхан харах ч дүүрсэн хэрэг. Эх нутаг минь дэлхийд данстай улс шиг улс гэдгээ сая хорвоо даяар дахин тунхаглав биш үү. Төрийн дуулал сонсоод өтөлж тамир муудсан зүрх цээж дэлбэлэм дэлсэж бараг муурах дөхөв. НҮБ-ын байрны гадна соёмбот далбаа манджээ. Өтөл өвгөн би үүнийг үзсэнээс хойш үхэвч гомдол үгүй. Монголдоо очсон мэт болов. Гагцхүү нутгаасаа ирсэн хүмүүстэй уулзаж, үг сольж чадахгүй нь гачлантай. Энэ эрхэм бол мэдээжээр Улиастайн сайд, таван настай ахуйдаа Дилова хутагтын хувилгаанаар тодорсон, Монголын шашин, төрийн томоохон зүтгэлтэн Башлуугийн Жамсранжав.

Ингэхэд хутагт бээр харин чухам ямар шалтгаанаар яаж эх орноосоо хальж хагацсан билээ?

 

ХАРЬД ҮРЭГДВЭЛ ТЭР, ХАРЬЖ ИРВЭЛ ЦААЗ

 

1931 оны хоёрдугаар сарын 26-ны тэнгэрт түмэн одод яралзсан харанхуй шөнө. Төмөр хонин жил гараад удаагүй цаг. Урьд жилээс нь цагаан сар хийхгүй хэмээн дээрээс хориг тотгор тавьдаг болж, элгэн садан жилдээ ганц гар зөрүүлэн шинэлдэг байсныг хавчиж эхэлж буй нь гол харлуулна. Орос, Хятад хоёрын дундах харанхуй хавцалд гэгээ оруулж, гадна талаас түшиж тулах улс гүрэнтэй, ялангуяа Америк, Англитай холбогдох арга зам сийл гэсэн маш нууцын нууц тушаалыг Маршал тэргүүтнээс хутагт хүлээж, “Оргон зайлж хил давж одсон урвагч хулгай” хэмээх муухай алдрыг биедээ наагаад итгэлт сайн нөхрөөр дагалдуулан эх орныхоо хилийн дээсийг алхав. Хүлээсэн үүрэг чанд хатуу, эргэж ирэх эсэхийг тавилан мэднэ. Гэхдээ л Монгол нутгийнхаа агаараар эцсийн удаа амьсгалж буйг зүрх сэтгэл нь ёрлож, өр өвдөн элэг эмтрэвч, торгон хил дээрээ нэгэнтээ уртаар амьсгалаад гаргаж өгсөн нөхөртэйгөө салах ёс үйлдэн сойвон Гэндэнгийнхээ хамтаар дотор газрын гүн тийш хүлгийн жолоо залсан сан. “Хүлэг минь би чамайг хүрэх газартаа очоод сул тавина. Ижил сүрэгтээ гүйгээд очоорой. Харин би дэл сүүлээс нь дээжлэн өвөрлөж үлдэе дээ”. Хутагтад эх нутгаас нь торж үлдсэн сүүлийн дурсгал. Унаж явсан мориных нь хэдэн ширхэг хялгас, барьж гарсан зандан эрхи нь түүний насан туршийн нөхөр байх болно.

Америкаар нэгэн түшиг хийх санаа бүр эртнийх. Аль дээр Богд хаант улсын үеэс төр, шашны зүтгэлтнүүд Орос, Дундад хоёрын бахь мэт хавчлага завсраас сугарч өөр газраас дэм тус хайхаар хэлэлцэх үед нэг тал Рибин                         /Япон/-ыг, бас нэгэн тал Мэй  /Америк/-ийг түшвэл ямар хэмээн мэтгэлцэхэд Богд гэгээнтэн, Дилова хутагт Б.Жамсранжав, Дилова бээрийн бүл, төрсөн эгч дүүсийн хүүхэд болох Жалханз хутагт Дамдинбазар, Сайн ноён хан Т.Намнансүрэн хийгээд бэйс Лувсанжанцан тэргүүлэн Америкийг нөмөрлөвөл ямар хэмээсэн билээ. Сүүлд ардын засаг гарч Бодоо сайд үүнийг дэмжиж яваад хэлмэгдэн үгүй болсон. Жалханз хутагт бээр 1919 оны арваннэгдүгээр сард Бээжинд очиж АНУ-ын хэргийг Бээжинд түр хамаарагч Чарльз Д.Теннекетэй нууцаар уулзан тусламж эрсэн удаатай. Богд гэгээнтэн хийгээд түүнийг дэмжигсдийн биес “Америктай харилцая, худалдаа наймаа хийе, консул ирүүлж суулгаач” гэсэн зургаан ч удаагийн захидлыг тусгаар улсаа сэргээн тунхагласан 1912 оноос Ардын засаг ялсан 1921 оны хооронд илгээв. Монголыг ивээлдээ авна уу гэж хоёр ч удаа хүссэн юм шүү. Тээр жил яалаа?

Дилова хутагтын бие Америкийн тусгай үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий консул Эберхардтыг Тяньжин хотоос Хүрээнд ирэхэд, бас Америкийн цэргийн атташегийн туслах хошууч Филоуныг Бээжингээс ирэхэд биеэр уулзаж тэдгээр хүсэлтээ уламжлахад Богдоос гүн хэргэм хүртэн Хүрээнд сууж асан Ла гүн хэмээх Швед худалдаачин Август Ларсон хэлмэрчилж байсан бус уу. Ардын засаг гарснаас хойш ч ийм бодол манайхны дотор байсаар ирсэн юм. Гэм нь тэр задарвал тийм бодолтон шууд сум долоож байсан цаг.

Уг нь Дилова хутагт Шилүүстэйн Наробанчин хийдээ тэргүүлэн бас чиг гэм багатай суусаар 1930 он гартал хэрэг бишдэж шашны зүтгэлтнүүд удаа дараа баригдан хороогдох нь ширүүсэв. Хоёрдугаар сар гарахад Зая Бандид гэгээнийг егүүтгэв. Дилова хутагт ч Эрэгдэндагва нарын эсэргүү хэрэгт сэжиглэгдэн баригдаж, наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын дөрвөнийг хүртэл байцаагдан, хэрэг таслагдаж, Эрэгдэндагва, Егүзэр хутагт, Донойжав, Гомбо-Идшин, Чадарбал, Бүүвэй гавж, Шамар ловон нарыг хороож, гурван ч хүн зургаан сараас 10 жилийн хорих ял авч, Манзушир хутагт 10 жилийн тэнсэнтэй, Дилова хутагт таван жилийн тэнсэнтэй мултарч, дахин хэрэг үйлдвээс буудан хороох ялтай гарсан. Түүнээс хойш Эрдэнэ бандид хутагт, Хүүхэн хутагт, Хамба Номун хан, Ялгуусан хутагт Бэгэрийн Номун хан нарыг барьж, олон ч хүний амийг хороосон доо. Эх оронч Ханд чин вангийн хүү Жамбалдорж чин ванг гэртээ буу сум хадгалав хэмээн хөрөнгийг хурааж буудан егүүтгэсэн гээд бодохоор өршөөлгүй.
 


Таван жилийн тэнсэнтэй Дилова хутагтын бие ийн нууц даалгавар тээн харийг зорив. Аливааг бүтээх самбаатай, төвөд хэлэнд гаргуун, хятад хэлний зах зухтай, шашны нөлөө, нэр хүнд сайтайн учир Банчин богдын дотор санаа, Хятадад буй япончуудын байдлыг ч тандан шинжлэх давхар үүрэг хүлээлгэв. Буцан ирвээс бууны ам хүлээж буй нь гарцаагүй. Амь нас алдахад нэгэнт хайран бус болсон. Харьд үрэгдвэл тэр, харьж ирвэл цааз. Гагцхүү эх орноос даалгасан Мэй улстай холбоо хэлхээ тогтоох үүргийг л умартаж үл болно. Хорвоогийн нөгөө бөөрийг олохдоо л олно. 

 

МЭЙ УЛСАД НЭВТРЭХ ЗАМЫН ЭРЭЛД...

 

Мэй улсад нэвтрэх, хорвоогийн уудамд гарах арга сүвэгчилнэ гэдэг хоёр талаас тас хавчсан атган дундаас зүүний сүвэгч мэт зайгаар элсний ганц ширхэг азаар унах мэт. Үүлэн чөлөөгөөр бултасхийн үзэгдээд өнгөрөх нарны гэрэл адил. Ямар боловч өвөрлөгч нутгаар дамжсаар Хятадын Ланжоуд суурьшиж чадав. Ар талаас мэдээ чимээ ч тасрав. Дэргэдээс салалгүй өдий хүрсэн Санжийн Гэндэн сойвон хувь заяаны эрхээр Баруун Сөнөдөд ар Монголоос дүрвэж ирсэн халх айлуудын дунд хоцров. Хожмоо 1945 оны дайны дараа зөвлөлт, монголын цэргүүд урагш гарсан халх айлуудаас буцаахад Гэндэн тэдний дотор багтжээ. “Дэргэдийн Гэндэн” хэмээн нутаг усныханд яригддаг нь тэр хүн мөн биз ээ. Хутагт бээр бууриа олох гэж бядан явсаар нутгаас гарснаас жилийн дараа 1932 оны нэгдүгээр сарын 15-нд гадаад Монголын төлөөлөгчийн хувиар Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайд Нэлсон Т.Жонсонд зориг гарган хандаж нэгэн захидлыг илгээжээ. Хутагт босоо монголоор хичээнгүйлэн бичсэнийг үзвээс “Их Америк улсын Элчин сайд та дээд газраа уламжлан нэвтрүүлж, их улсаас өршөөн үзэж, даруй түргэнээ арга тогтоон, бэрх зовлонд тохиолдсон гадаад Монголын олон амьтныг зовлонгоос гаргаж, Монголын шажин үндсийг бататган өөрийн эрхийг өөрт эдлүүлэн монголчуудын хүсэл санаанд нийлүүлэн туслах ажаамуу хэмээн үүний тулд өргөв” гэжээ.

Нутгаас гараад удалгүй 1931-32 оны үед Бээжин хотноо өлзий ерөөлт учралаар Оуэн Латтимор хэмээх, хожмоо АНУ-ын өмнөө барих, тэргүүлэх монголч эрдэмтний нэг болсон эрхэм хүнтэй танилцан багш шавийн барилдлага тогтоосон нь үлдсэн насных нь турш түүний итгэлт нөхөр, ивээлт дүү, зүг чигийн луужин болсон бөлгөө. Америктэй Монголоо холбох хутагтын чин хүсэл тасарсангүй. Америкийн Элчин сайдад захидал илгээснээс яг 10 жилийн дараа. 1942 оны нэгдүгээр сард үнэнч нөхөр О.Латтимортоо хандан хуучны явдлыг дурсаж дахин нэг захидлыг Бээжин дэх Америкийн ЭСЯ-аар дамжуулан Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд хаяглаж Монголын ирээдүйд тус болохыг хүсэн илгээсэн билээ.

 

ЭЛЧИЙН ҮГ АМАНД

 

1944 оны намар. Хутагтыг Ланжоуд сууж байхуйд Монголоос нэгэн нууцлаг элч төлөөлөгч түүнийг олж очив. Дээд хурлаас ирэв гэхийг бодохул бүр Засгийн газраас илгээсэн байж таарна. Мөн цагт Хутагтыг Монголоос гадагш нууц төлөөлөгчөөр илгээсэн хүмүүс бүгд хэлмэгдэн үрэгдээд байсан агаад гагц маршал Х.Чойбалсан л Дилова хутагтад итгэсэн хэвээр, нууцаар хүн илгээн холбоо тогтоож, Америк, Англи руу гарц олохыг шавдуулан байжээ гэх сэжүүр өнөө гараад буй. Элч хутагтыг хэрхэн олж очсоны нууцыг хожим өгүүлэх болно.
 


Монголоос нууц даалгавар авч, хутагтыг зорин олж очсон мөнөөх төлөөлөгч тамга тэмдэгтэй бичиг бүү хэл, ганц өгүүлбэр бичээс авч очсонгүй. Гагцхүү “Элчийн үг аманд” гэгчээр аман даалгавар, захиас тээж хүрчээ. Мөнөөх залуу эр Хутагттай ихэд нууцаар уулзаж ам нээв. “Өдгөө бүх ертөнцийн хоёрдугаар их байлдаан тоорних /шувтрах/ нь ойр болжээ. Манай Монгол Улс сүүлийн өдрийн зогсолтыг бодохгүй зүг сууж, цаг тухайг алдваас энэ мэтийн сайн тохиол дахин олдох нь бэрх бөгөөд мөн манай улсын ойр тойронд цөм залгих, эзлэх чөлөөг ширтэн үзэгчид буй. Иймд одоохон алс дахь хэдэн их улсуудад танигдан нэвтрэлцэх нь чухал болох тул тус улсын дотроос тусгайлан төлөөлөгчийг томилон гаргахад боогдол маш их тул дөхөм зохистойг бодвоос Дилова гэгээн чиний бие болбоос угаас тус Монголын дотор алдар гавьяа бүхүй, бат итгэмжит хүн бөгөөд уужимд сууж байх тул чухам төлөөлөгчид тавтайяа зохих тул нууцаар төлөөлөгчид томилон сануулах нь:

-Тус Монголын байгуулан бүтсэн улсыг батлан тогтоох,

-Бусад этгээд тус Монголын газар нутгийг хүчирхэн эзэрхэхийг хязгаарлах,

-Монголын нутгийн дотор нь ч бус улсын цэрэг буюу цэргийн туслагч нарыг суулгахгүй болгох,

Энэ гурван зүйлийг голчлон, жич, ард түмний эрх ашгийг батлан хамгаалах явдлыг яахин хэлэлцэхийг чамд бүрнээ эрх олгох бөгөөд эл учир Мэй /Америк/, Инг /Англи/ хоёр их улс лугаа яахин нэвтрэлцэх зам олохыг маш нарийн болгоомжлон үйлдэхэд ер мятран залхуурахгүйгээр үнэн хүчийг гаргаж, гавьяа бүтээхийг шууд итгэн тушаав. Яав ч бие зайлж, угсааны ард түмний гол их хэргийг бүү саатуул хэмээв гэжээ.
 


Нууц элчийн хэлснээс харвал Монголынхоо нутаг дэвсгэрт гадаадын цэрэг суулгахгүй, бусад улс хүчээр Монголын нутгийг эзэрхийлэхгүй, улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалахад Америк, Англи зэрэг холын том улс гүрнүүд зайлшгүй баталгаа болно гэдгийг Монголын тэр цагийн төр, засаг эрхэмлэн үзэж, уужимд сууж буй буюу улсаасаа зайдуу, Оросын хавчлагаас гадуур буй Хутагтад итгэн мөнөөх даалгавраа дахин өгсөн нь тодорхой.

Нас сүүдэр жарыг зооглоод байсан Хутагт хэдий хүний нутагт хэл ус мэдэхгүйд хавчигдавч улс эх орныхоо төлөө дахин үүрэг хүлээж, Мэй улсыг олох замыг сүвэгчлэх замдаа орлоо.

 

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СЭРЭМЖЛҮҮЛСЭН ҮЛ МЭДЭХ ЧИМЭЭ

 

Нууц элч хутагтыг хэрхэн олж ирснийг өмнөхийн нэгэн хэрэгтэй уяж холбож болох мэт. Элч ирэхээс хэдэн сарын өмнөх хэрэг. 1944 оны долоодугаар сарын эхэн. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Эгард Уоллес Хятад, Монголд айлчлахаар болов. Хутагтын амин итгэлт нөхөр, төрсөн дүү мэт дотно Оуэн Латтимор Дэд ерөнхийлөгчийн орчуулагчаар бараа болон дагалджээ. Яг Улаанбаатар тийш мордох өдрөө Ланжоу хотын нисэх онгоцны буудал дээр Дилова хутагт, Оуэн Латтимор нар уулзав. Хутагт чухам Латтимороор Монголын Засгийн газарт, маршал Х.Чойбалсанд хэлэх үгээ дайсан болох нь Латтиморын хариу захидлаас харагдана. Гэвч Латтиморт Х.Чойбалсанд дөхөж үг солих боломж таарсангүй. ЗХУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Иванов маршалын дэргэдээс алхам холдоогүй гэдэг юм. Аргагүй л дээ, Америкийн талын хүнтэй протоколоос гадуур үг солилцоно гэдэг амины дэнстэйн сацуу, угаасаа ч тэгүүлэхгүй гэж Зөвлөлтийн элчин маршалыг яс дагалджээ. Гэхдээ л Х.Чойбалсанд дохио зангаагаар ч болов тэмдэг дохио өгснөөр дээр өгүүлсэн нууц төлөөлөгч нутгаас гараад 13 жил болсон хутагтыг Ланжоуд буйг мэдэж хэдхэн сарын дараа тийн ам даалгавар дайж очсон хэрэг бус уу. Эндээс харвал БНМАУ-ын Засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны үед ч хутагттай холбоо тогтоохыг ихэд чармайж, АНУ, Их Британи, Франц хамтран хоёрдугаар фронт нээн ЗХУ-тай нэг тал болсон сиймхийг овжноор ашиглан мөнөөх их гүрнүүд тийш жим татахыг чармайж байсны нэгээхэн сэжим энэ юм.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Эгард Уоллесийн Монголд хийсэн айлчлал хөөрхөн паянтай. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт дэд Ерөнхийлөгчөө ЗХУ, Хятадын төлвийг ойроос тандуулахын зэрэгцээ тэдний дунд хавчуулагдсан Гадаад Монголын байдал ямархан байгааг мэдэхээр явуулсан нь энэ. Мөнөөх л хоёр орон ойртохыг санаархан байсны нэг сэжүүр энэ байж мэднэ.

Аляск, Сибирь, Узбекийн Ташкент, Шинжаан, Хятадаар дамжсаар дэд Ерөнхийлөгч Монголд иржээ. Түүнийг маршал Х.Чойбалсан өөрийн биеэр угтан авч. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри Эгард Уоллес Монгол дахь нөхцөл байдал, шашин шүтэх эрх чөлөө ардуудад байгаа эсэх, дайнд ямар нөлөөтэй оролцож байгаа, иргэдийн аж байдал гээд бүхий л зүйлийг богино хугацаанд өөрийн биеэр тандахыг хичээнэ.
 


Дэд Ерөнхийлөгчид Яармагийн саруул дэнжид гэр барьж өгөв. 1944 оны ид зун. Долоодугаар сарын 2-3. Гэрийн хаяаг шууж, түүгээр салхи сэвэлзээд зочдод таатай сайхан. Гагцхүү үл мэдэг исгэлэн үнэр ханхална. Эрүүл салхинд нам цохиулсан зочид ид нойрсож байтал нэгэн сэжигтэй зүйл шуугив. “Тагнах чагнах төхөөрөмж байрлуулснаас зайлахгүй” хэмээн ихэд эмээсэн тэд түүнээс хойш нойр нь хулжжээ. Өглөө болж. Гаднаас орж ирсэн монголчууд гийчдийн амар мэндийг мэдэн, гэрийн хананаас зүүлттэй ширэн хөхүүрээс айраг аягалж, зочдынхоо өмнө сөгнөж, өөрсдөө ч уув гэнэ. Мөнөөх исгэлэн үнэр тэр ундаанаас гарч байгааг америк зочид олж мэджээ. Харин шуугисан зүйлийн учрыг үл олов. Монголчуудыг гарч явсны дараа анзаарахад хананд зүүсэн хөхүүрээс сэжигтэй зүйл дуулдаж байгааг мэдэж, “нууц аппарат” олохоор хутгаж үзэхэд дотор нь юу ч байсангүй, гагцхүү мөнөөх ундаа өөдөөс нь исгэрэн шуугихыг ойлгоод ихэд инээлдсэн гэдэг. Тэгээд болоогүй ээ, буцахдаа ЗХУ-аар дайран ниссэн ч Эрхүүд цаг агаар муудаж дахин Монголд ирж нэг хоноод явжээ. Айлчлалаа сунгах нэг шалтаг ч байсан байж мэднэ. Тэрхүү айлчлалын үндсэн зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Ялтын бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын асуудлаар Америкийн байр суурийг бэлтгэх явдал байв. Угтаа Хутагтын авсан Монгол, Мэй улсын хооронд холбоо тогтоох замыг эрэлхийлэх даалгавартай агаар нэг зорилготой байсан нь өдгөө л тодорхой болж байна бус уу. Монголын тусгаар тогтнолыг бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд АНУ-ын байр суурь ихээхэн жин дарж байсан гэдгийг цагийн аясаар бид олон жилийн хойно сая ойлгох болно.

 

ЭРСЭЭР СУРСААР БӨМБӨРЦГИЙН НӨГӨӨ БӨӨРИЙГ ОЛОВ

 

Оуэн Латтимор 1941 оноос Чуньцинд Чан Кай Ши-н зөвлөх байхдаа Хутагтыг дэргэдээ авч Чан-гийн зөвшөөрлөөр нэг гэрт аж төрсөн билээ. Хутагт ч Чан Кай Ши-н дэргэд зургаан жил зөвлөхөөр суухдаа Хууль тогтоох хорооны гишүүн, Монгол-Төвөдийн хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн байлаа. Нутагтаа харья гэвч түүнд далгавар өгч гаргасан хүмүүс бараг бүгд хэлмэгдэн дуусчээ. Чан Кай Ши Хутагтын нэр сүрийг ашиглан өвөрмонголчуудын байдлыг тандах, ар Монголоос урагш гарсан халх айлуудыг нэг дор нэгтгэн хянаж байх зорилгоор Баруун Сөнөдөд “Дилова хошуу” хэмээх хошууг байгуулж суурьшуулах зэрэгт хутагтын нэрийг өмнөө барих болсон, түүнийг нэг ёсондоо дэргэдээ хорионд барих маягтай байсанд Дилова бээр ихээхэн дургүй, мултарч холдохын түүс болж байв.


1948 оноос Оуэн Латтимор Хутагтыг АНУ-д аваачихаар хүчин чармайлт гаргаж, хутагт ч Мэй улсад очихын хүслэн болжээ. Ямар боловч АНУ-д дөтлөх барьц лавширсаар... Гэхдээ Онон Өргөнгөө, Хангины Гомбожав хэмээх Японд сурсан авьяас билэгт хоёр залууг өөрөөсөө өмнө Америкт очуулахыг чухалчилж тэр ёсоор ч болсон юм. Дилова бээр тэр хоёрыг “Үнэн монгол зан, зорилт бүхий залуу хөвгүүд” хэмээн тодорхойлов. Мөнөөх хоёр хорь гаруйхан настай байсан бөлгөө. Дэ ван хэмээх Дэмчигдонров Өвөрмонголдоо монгол залууст зориулсан дээд сургууль байгуулахын сацуу ирээдүйтэй залуусаас Японд илгээж байсны дунд хожим АНУ-д монгол судлалын үндсийг бат тавилцсан дээрх хоёр залуу байсан билээ. 1946 он өндөр жил байжээ. Нутгаас гарснаас яг 15 жилийн дараа мөн оны хоёрдугаар сарын 29-нд хутагт Хятадын Чуньчин хотоос гарч Энэтхэгийн Калькутта хүрч, Жагарын оронд гурван сар суугаад эргэж Төвөдийн Лхаст морилов. Тэр тухайгаа “Төвөд зундаа Өвөрмонголоос сэрүүн, өвөлдөө Бээжингээс дулаан сонин газар” хэмээсэн нь бий. 1948 онд Энэтхэг, Төвөдөөр гороолон мөргөл үйлджээ. Тэр сацуу Далай лам Данзанжамцын төрсөн ах Түвдэнноров буюу Дагцэр гэгээнд бараа болж Гүмбэнд хүргэжээ. Мөн 1948 оны намар Бээжинд сууж, даруй Нанжин тийш буцах талаар бичиж байв. Хятадад амьдрал хүнд болж, Энэтхэг, Төвөдөд суух тухай, улмаар Америкт хүрэх талар бодох болов. Оуэн Латтимор Хутагтад санаа тавьсаар. “Нанжинд очиж суух, хэцүү байвал Шанхайд очих, тэнд буудал бэлдсэн” тухай захидал бичиж илгээжээ. Мэй улс хүрэх зам алхам алмаар дөтөлсөөр л байв.

1949 он гарлаа. Үүлэн чөлөөний нар гэгчээр Хятадад иргэний дайн гаарч, Чан Кай Ши-н Гоминданы Засгийн газар Формоза арал буюу Тайвань руу шахагдан гарав. Ноён Чан юун хутагтыг анзаарах мантай болоо биз.

Энэхэн зуурт Оуэн Латтимор Дилова хутагтыг АНУ-д татан авч чадав. Эрсээр сурсаар явсан бөмбөрцгийн нөгөө бөөрийг ийнхүү олов. Гэхдээ Америк орон түүнийг эхэндээ халуун хайраар өлгийдөн авсангүй, тун ч сэжиглэнгүй, эргэлзэнгүй угтаж дээ. Холбооны мөрдөх товчооныхон зүгээр суусангүй ээ. “Улаан засагтай Монголоос гаралтай, Чан Кай Ши-н дэргэд удаан суусан, Америктай харилцах замын шанг татах гэж бус, тагнуул туршуулаар ирсан биз” гэж хар сэр төрөх нь бас чиг аргагүй л дээ. Ихийн ихийг үзэж амссан Хутагтад энэ юу ч биш нь мэдээж. О.Латтиморыг хүртэл сүүлд Америкийн засаг, захиргаанаас өөр нэгэн хэргээр хилс хэрэгт  сэжиглэж байсан шүү дээ. Хутагтыг 1965 онд жанч халах хүртэл нь байнга суух иргэшил олголгүй, цагаачлалын албанаас л түр оршин байх үнэмлэх бичиг сунгаж байсан гэх.

Чан Кай Ши ч амар суулгасангүй ээ. 1950-иад оноос 1960-аад оны эх хүртэл Дилова хутагтыг буцаж ирэхийг шаардсаар, араас нь нэхэл дагал болсоор. Цаад санаа нь ар Монголын эсрэг суртал нэвтрүүлэгт Хутагтын нэрийг барих аятайхан зууш л гэж санаж. Гоминданы Засгийн газар Монголыг НҮБ-д элсэхэд удаа дараа тотгор тавьж, дөнгөж саяхныг хүртэл Монголын газар нутгийг Хятадтай нэгтгэн зурж байсан бус уу. Түүний далд санааг нэгдүгээрт мэдэх, хоёрт зорьсон газраа ирсэн Хутагт юу гэж буцах билээ.

 

МОНГОЛ СУДЛАЛЫН ҮНДСИЙГ АМЕРИКТ ҮҮСГЭЛЭЭ

 

Эрдэм номд нэвтэрхий, ааль зан дөлгөөн, хэнтэй ч эелдэг харилцдаг, Хятад, Төвөд, Энэтхэгээр явж хэр барагт нугарахааргүй хат суусан Дилова хутагтыг багш хэмээн хүндэтгэдэг О.Латтимор түүнийг Жон Хопкинсын Их сургуульд монгол хэл, түүх, соёлын зөвлөхийн ажилд оруулж, тэндхийн судалгааны багтай хамтран Монголын түүхийн судалгааг хийж байв. Хутагт бээр ингэж АНУ-д анхны монгол багш нарын нэг, монгол судлалын шанг татагчдын түүчээ болов. Энэ нь АНУ дахь монгол хэл, орон судлалын анхны хөтөлбөрүүдийн нэг байсан ажээ.

Монгол-Англи толь бүтээх ажилд оролцохоор Калифорнийн Их сургуулийн Сан-Франциско, Бэйркли дэх салбарт хэдэнтээ очив. 1942-1960 оны хооронд бүтээгдсэн уг толь өдгөө ч шилдэгт тооцогдох бөгөөд Дилова хутагт Б.Жамсранжав, Хангины Гомбожав нар хичээнгүйлэн оролцжээ. Индианагийн их сургуулийн Блүүмингтон салбар нь Монгол судлалын гол цөмийн нэг. Хутагт бээр өмнөө оруулан найр тавьж Мэй гүрэнд одуулсан Хангины Гомбожав тэнд Монгол хэлийг 1950-иад оноос заасан түүхтэй агаад Блүүмингтон Монгол номын цуглуулгаараа дэлхийд толгой цохих газар болсон төдийгүй Монголтой холбоотой сонин үзмэрүүд агуулдаг хөмрөг цогцлоосон билээ. Хутагт ч нэг их удалгүй Америкийн монголч эрдэмтэн Ф.Лессинг, Н.Поппе нартай нөхөрлөж, гэр орноор нь ч зочилдог болжээ. О.Латтиморын хүү Давидад Дилова хутагт Батбилэг хэмээх алдар хайрласан төдийгүй, гэрлэхэд нь монгол маягаар хуримлуулж, гэргий Эмилияг нь Эрдэнэгэрэл нэрээр мялааж, хүүхдүүдэд нь Батнасан, Жур гэдэг нэрсийг өгчээ. Хуурай хүү нь болсон Батбилэг гэргийн хамт Хутагтыг насан элтэл халамжилсан гэдэг билээ.

Дилова хутагт Нью-Йорк, Балтимор, Чикаго, Филадельфи, Лос-Анжелес, Сан-Франциско, Сиетл, Иллиноис зэрэг хот, мужуудаар явж, монгол судлалын үндсийг тарьж, аялан явснаас Мэрилэнд мужийн Балтиморт ихээхэн таатай ханддаг байлаа. Жон Хопкинс, Йелийн Их сургууль, Калифорнийн Их сургууль зэрэгт Хутагт бээр монгол судлалын ажил хийж гүйцэтгэж явав.

Дэлхийн хоёрдугаар дайн, эх орны дайны үеэр Сталины харгислал гэгчийг ихээр амссан халимаг дүрвэгсэд АНУ-д олноор ирэх боллоо. Тэд 1952 онд Нью-Жерси мужийн Фрийвүүд Акрес хэмээх газарт авто зогсоолын газрыг худалдан авч Бурхны шашны сүм байгуулахад Дилова хутагт дэмжин тусалж, сүмийн тэргүүн, шашны зөвлөх болж Нью-Жерсид ирсний сацуу Йелийн Их сургуулийн номын санд төвөд судар номыг цэцлэх, тайлбар сэлт зүүх ажлыг хийсэн хэвээр байв.

О.Латтимор үнэнч анд нь Английн Лийдсийн их сургуульд монгол судлалыг үүтгэхээр одохдоо хутагтыг хамт авч явахыг туйлаас хүссэн ч нас өндөр, тэнхээ барагтай болсны улмаас Дилова бээр дахин уулзах эсэхээ мэдэхгүй ихэд шаналан итгэлт нөхрийн суусан усан онгоцны барааг тасартал араас нь харан хоцорсон гэдэг билээ.

 

“ТЭМЭЭ ЗАЛГИДАГ” ЗАГАС

 

Хутагт бээр ихээхэн сониуч, хошин зантай хүн байв. Нэгэнтээ хэсэг нөхдийн хамт орон нутаг судлалын музей үзчихээд аварга том загасны толгойн ясыг шимтэн харж, дахин дахин тойрч үзээд О.Латтиморт бичсэн захидалдаа “Энэ загас тэмээг лавтайяа залгиж чадна” хэмээн бичиж, бас ч үгүй хоёр бөхт тэмээ бүхлээрээ загасны аманд багтаж буй зургийг зуран илгээж байж. Ууланд гарахдаа буга гараас нь өвс авч идсэнд хүүхэд мэт хөөрөн баясаж, 1957 оны үед Лос-Анжелесийн Диснейлэндийг үзсэндээ баярлаж мөн л захидалдаа бичиж байв. Түүгээрээ тэрбээр Диснейлэнд гэгчийг үзсэн анхны монгол хүн болсон билээ. Трамвайд сууж явахдаа хоёр ч удаа мяраалаг хар бүсгүйчүүдтэй тааралдаж, зэрэгцээ суудалд багтахгүй хавчигдан унаж тусах шахсанаа аанай л анддаа сонирхуулж, галт тэрэг болоод нийтийн унаанд дахин тийм овор ихтэй хүүхнүүдтэй нэг суудалд тааралдахгүй байх болтугай хэмээн хошигножээ. Зүгээр ч үгүй “Тэр бүсгүйн гарын бугуй тарган гахайн хөл мэт, гэдэс нь монголчуудын их тогоог хөмөрсөн шиг” гэсэн байгаа юм. Босоо монгол бичгээр бичсэн захидлууддаа америк анд нь ойлгохгүй байгуузай гэсэндээ “чихний омог, хамрын үзүүр хайрам хүйтэн” гэж бичсэнийхээ дэргэд чих, хамар зурж үзүүлсэн ч байх шиг. Бас муурнаас айна аа. Нэг удаа О.Латтиморын хүү Батбилэгийнд хонох гэсэн авч “мийгээс нь болгоомжлоод зочид буудалд унтав” гэсэн нь бий. Нутагтаа бяцхан шавь хөвүүн байхдаа нэгэн шөнө гадаалахаар гараад хийдийн өвгөн ламын том хар алаг муурын хоёр нүд өөдөөс нь цог адил гэрэлтэн байснаас цочиж, түүнээс хойш мийгээс жаахан жийрхдэг болсон гэх. Түүнийгээ ахан дүүсдээ хошигнон дурссан байдаг билээ. Бас болоогүй, банштай цай чанаж уух хэмээвч гурил хэрхэн элдэж, банш чимхдэгийг мэдэхгүйн улмаас бургер зооглосон тухай ч хөөрхөн захидал бий.

 

ЛАГШИН БИЕ ХАРЬД ХУРААГДАВЧ СҮНС СҮЛД МОНГОЛДОО ЗАЛРАВ

 

Аргал, хомоол, арц хүжсийн үнэр холилдсон нэг их ер бусын тансаг агаар цээж дүүрч, нүднээ агь таанат нутаг нь зэрэглээн дунд торолзон харагдана. Ээжийн чанасан цай, аавын элдсэн сур, нэхийн гангийн үнэр сэнхийж, гадаа уян дээр Нарованчин хутагтынхаа хийдээс хөдөөлөхдөө Жалханз хутагт Дамдинбазартай дөрөө харшуулан хатируулдаг асан ижилхэн шар цоохор морьд нь эрэгцэж үзэгдэнэ. Өөрийнх нь хөлөглөдөг цоохор эвшээж харагдана. Эрдэнэт хүлэг эвшээвэл эзэн хүндээ баяр зөгнөдөг бус уу. Яасан их бэлгэ дэмбэрэлтэй зүүд вэ. Цаахан талд нь анх хоёрхон настайд эмээл дээр гарч морины нуруун дээрээс хорвоог харж танихын баясал эдлүүлсэн шар хээр морь нь, аавынх нь бор морь.

“Зүүд биш юм аа. Бие хачин хөнгөн, огтоос жингүй мэт. Нэгэн их алтлаг гэрэл хөлөглөн хөвсөөр би нутагтаа иржээ. Хаврын урин цагт нутаг минь мөн ч сайхан аа”. Ийн хутагтын лагшин бие хүний нутагт номын агаарт хураагдаж, сүнс нь нутаг гүйсэн адуу шиг эх орондоо залран ирвэй. Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошуу, Ойгон нуурын тэнд 1884 онд эхээс мэндлэхэд нь намар орой атал солонго татуулан угтаж байсан нутагт нь өнөө ганц нэг хялмаа хаялснаа зөөлөн бороо шивэрч эхлэв. 1965 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр юм. Түүнээс даруй 51 жилийн дараа 2016 онд түүний чандрыг эх оронд нь зална.


Энэ хэр Нью-Йорк хот даяар Америкт байсан цор ганц амьд Будда, шарын шашны нэртэй төлөөлөгч, 84 шидтэний нэг, Монгол хувилгаан, Дилова хутагт Б.Жамсранжав 82 нас сүүдэр зооглоод жанч халсан тухай сонин бичгүүдэд мэдээ тавигдаж, эмгэнэлийн хуудсууд цуварч байлаа. Тухайн үед ид 30 настай байсан Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Энэтхэгээс хойтын буяныг нь даан уншлага ном базааж, нэгэн цагт гэрийн багш нь явсан тэр хүндэт эрхмийн төлөө  залбирал үйлдэж байв. Хутагтын зүтгэлээр бүтсэн Нью-Жерси дахь “Ница” дуганд халимаг сүсэгтнүүд буяны үйл базааж, хутагтын лагшинг хайлан чандрыг хэсэгчлэн хувааж, нэг хэсгийг ариун Жагарын орноо, бас нэгэн хэсгийг “Ница” дуганд, нөгөө хэсгийг Монгол нутагт нь залахаар хадгалсан билээ. 

...Дүрийг хувиргасан бие лагшин хүний газарт шингэвч гагцхүү сүнс, орчлонгийн хүрд, хүмүүний эрхшээлээс чөлөөлөгдөн Эх орноо тэмцэн ирэх нь энэ ажээ. “Тийм дээ, шоонд буусан шүү дээ. Биеэрээ биш ч, эх нутагтаа ирнэ ээ гэж. Цайны үнэр ямархан тансаг. Нутгийн дээс алхан гарснаас хойш 34 жилд ийм сайхан аагтай шаргал цай амссангүй. Сүнс минь харин эргэн ирж таашаан хүртэх нь энэ ажээ.

Хэлмэгдэж, шорон гянданд хоригдон амиа алдаж, эд хөрөнгөө хураалган тамаа цайсан дүү нараас маань үлдэж хоцорсон хэд нь, нутгийн буурлууд минь бор авдартаа нууж дарсан ном судраа үдшийн бүрий тасарсан хойно сэм гаргаж, үр ачаа тойруулан лааны гэрэлд уншиж суух үзэгдэнэ. Ил гаргаж болохгүйн эрхээр өмнүүр нь нам, засгийн тэргүүнүүдийн зургаар өнгөлсөн хөргийн минь өмнө шөнө дунд өрхөө бүтээн зул өргөж харагдана. Аятай юу даа, цаг хатуурсан ч нутагт минь номын дуу тасарсангүй. Хууль цааз чанга, хурааж авч сүйтгэсэн ч уул хаданд нууж үлдсэн ном судар, бурхан шүтээд минь ил гарч нар үзэх цаг ирнэ ээ. Үзэгдсэн газар нь нутгийн олон, дүү нарын минь жааз, гуунаас сугалан авч шатаан устгадаг байсан Жалханз хутагт бид хоёрын хөрөг ч ил харагдах өдөр буй. Зөн совин ингэж хэлээд байгаа юм. Энэ хорвоод онож төрж, хөлд орсон Ойгон нуур минь. Тавхан насандаа залагдаж очоод тэргүүлж суусан Шилүүстэйн Наробанчин гэгээний хийд минь хэлмэгдлийн сүүдэрт өртөн сүйрч унасан ч сэргэнэ биз ээ.

Сүнс төөрөлгүй нутгаа олсноос хойш өтөл миний сэтгэл юундаа хоргодох билээ. Алсаас хар багын мэдэх нэгэн дуу эгшиглэх шиг.

Хар хээр мориороо

Хатируулсхийгээд яваарай.

Харийн хошуунд очоод

Хайртай хүүгээ мартуузай...

Өндөр уулын дээгүүр

Өнгийн солонго татлаа даа.

Өргөн талын дундуур

Өнөөх хүү маань ирлээ дээ... Морин цаг ажээ.

 

Ашигласан материал:

М.Саруул-Эрдэнэ “Дилова хутагтын захидлууд”

Л.Чойжилсүрэн “Дилова хутагт” роман

Дилова хутагт Б.Жамсранжав “Ар Монголын улс төрийн дурдатгал”

Өөрийн ээж Ц.Должингийн дурсамж ярианаас

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чулуунцнцэг. ч. (103.57.95.130) 2025 оны 01 сарын 23

их хүмүүний хөргийг бичих хувь найзад минь тохиожээ. учир жанцангүй зүйл гэж үгүй билээ

1  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
Зочин(66.181.161.109) 2025 оны 01 сарын 23

Магадгүй Чойбалсан түүнийг нууцад байлгаж дахин холбоо тогтоох сэжүүрийг анаж байсан байж мэдэх юм. Тэр хүнд бэрх цагт өөрөө учраа олсоор яваад ертөнцийн нөгөө бөөрөнд оччихдог Халхын тагнуул гэдэг түүнд алт эрдэнэс шиг үнэтэй зүйл байсан учраас өөрөөсөө ч харамлан нууж дараагийн ажиллагаандаа нөөж байсан ч байж мэдэх биз ээ.

3  |  0
Зочин(66.181.161.109) 2025 оны 01 сарын 23

Хамар шархирч байна. Тухайн үеийн Зху-н шилдэг тагнуулуудаас ч дутахгүй ээдрээтэй тавьлан туулсан түүнийг Бнмау-н төлөөлөгчидтэй биечлэн уулзах үеэрээ ”Би Халхын Дилов хутагт байна. Монголын маань тусгаар байдлыг эцсийн эцэст хүлээн зөвшөөрсөнд би маш их баяртай байна хэмээн” чангаар хэлэхэд Чойбалсангаас ”Дилав хутагт гэдэг хүнтэй харилцаж, ойр холбоо үүсгэж, ярилцаж огт болохгүй шүү” гэсэн тусгайлсан даалгавар авсан тэд маш хайхрамжгүй өнгөрөөсөн гэдэг. Түүнийг нууцад элсүүлэн даалгавар өгч явуулсаныг зөвхөн Чойбалсан л мэдэж байсан. Магадгүй тэр үүнийгээ Оросуудад мэдэгдэхээс үхтэлээ айсан.

3  |  0
Зочин(66.181.161.109) 2025 оны 01 сарын 23

Түүнтэй холбоотой 1000 хуудас материал нууцаас гарсанаар ийнхүү домог шиг яригддаг байсан Халхын нэгэн хутагт, номч мэргэн егүзэр, самади багш, эртний Жагарын Милрапа, Дүвчин Диловын хувилгаан Баашлуугийн Жамсранжав гэгээний тухай түүх баримтаар биежвээ. Америкийн Вашинтон Пост сонины анхны нүүрэнд Халх хүний тухай анхлан бичсэнчлэн ”Эртний энэтхэгийн 84 шидтэний нэг, амьд бурхан, Гадаад Монголын Халх аймгийн засаг ноёны үүрэг гүйцэтгэгч, Дорно дахины судлаач, урьдын улаантнуудаас гадаадад цөлсөн тагнуул” Дилова хутагт Жамсранжав нь эцсээ хүртэл эх Монгол улсынхаа тусгаар байдлын тэмцэгч байж

3  |  0
Увш Пүрэвийн(104.185.116.129) 2025 оны 01 сарын 23

Шавийн нийтлэлээс өмнө нь хальт сонссон, бүдэг санаж тогтоосон олон хугарал, өнцөгдлийг нарийн нот тодруулж мэдэж ухаарлаа. Тэр эрхэм хүний бүү хэл өнөө эх газраас алс суугаа хэний ч болов алганаас ундрах нулимс аньсага давахгүй дотогшоо шингэх агшин байнам буй за.

3  |  0
Ard(59.153.114.201) 2025 оны 01 сарын 22

Ariun nandin agyaa hun.Tand morgoeoo.odooch ta end orshsoor.

1  |  0
Зочин(202.126.88.72) 2025 оны 01 сарын 21

Мөргөе өө

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 21

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 21

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 21

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 21

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 21

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

0  |  0
зочин(59.153.113.9) 2025 оны 01 сарын 22

Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болоход их нэмэр оруулсан гэж уншиж байсан шүү, хөөрхий

1  |  0
Сүсэгтэн(202.126.90.108) 2025 оны 01 сарын 23

❤️

3  |  0
о(66.181.171.28) 2025 оны 01 сарын 22

Мундаг хүн байсан

2  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 21

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

1  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 21

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  1
Mm(71.224.205.73) 2025 оны 01 сарын 21

Natsagdorj geed ar mongol bas mneg khen bilee uvurmongol (odoogoor) 2 khun daguulj end irsen . Mgl uud ikh l ochij khuuch khuurdug bsan daa . Gantsaaraa bol ireegui

0  |  0
Top