Н.ЛАНТУУ: “Хэрлэнгийн баръяа” дуугаар овоглуулах байтугай нэрлэгдэж явлаа шүү дээ

2024 оны 12 сарын 23

Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Лантууг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Юуны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэнд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Шагнуулах болсноо хэрхэн анх мэдсэн болоод, гардаж авах үеийн нандин мэдрэмжээс хуваалцаач?

-Баярлалаа. “Алтан бийр” наадамд оролцож байхад л Төрийн ордноос нэг хүн утсаар хэлсэн юм. “Та ирж авах уу, очиж өгөх” үү гээд. Тэгэхээр нь “Очиж авъя аа” л гэсэн. Хувцас хунар ч бэлдсэн юмгүй болохоор яараад байгаа нь тэр байхгүй юу. Болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу хүнд хэлэхийн арга байхгүй шүү дээ. Ордноос танай тойргийн хоёр гишүүнд өгөөд явуулах уу гэхээр нь “Би ирчихсэн байна аа” л гэлээ. “За тэгвэл маргааш ирж аваарай” гэнэ. Тэр үед шинжилгээ өгч байж ордон руу нэвтэрч байсан, тэрийг нь өгч хариугаа авч явсаар шагналаа аваад гартал үүдэнд телевизийнхэн ирчихсэн, маргааш өглөө нь 06.00 цагт нутаг руугаа гарсан. Тэгтэл Б.Мөнгөн-Өлзий рүү Лхагваа (Саран хөхөө театрын менежер С.Лхагвасүрэн) “За сайхан байна. Театр нь тосоод авна” гэж. Тэр “Театр нь тосоод авна” гэхэд л ёстой огшсон. Цагаан хаалган дээр иртэл манайхан учиргүй олуулаа тосоод байцгааж байсан. Тал талаас барьж аваад, зураг хөрөг гээд шуугилдаад  явчихсан. Театрынхан маань сайхан хүндэтгэл үзүүлсэн. Хөгжмийнхөн маань алга ташаад л. Орой нь музей дээр манай Дэжээгийн (Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Ч.Цэрэндэжид) уртын дууны дугуйлангийнхан маань уртын дуугаа дуулаад хүлээж авсан.Таньдаг, мэддэг бүгд л үнэхээр халуун дотно, сайхан хүлээж авсан. Бүгдэд нь маш их баярласан.

-Таны хүүхэд ахуй нас, дурсамжаар  яриагаа үргэлжлүүлье?

-Бага байхаас л манай ээж уран сайханд явдаг, сумын Улаан булангаас дуудлаа гээд явдаг, ирээд дуулсан дуугаа дуулж, тоглосон жүжгээ ярьж өгдөг байлаа.Түүнээс эхлээд л би дуу хууранд их дуртай болсон шиг байгаа юм. Манайхтай өндөр Загд гуайнх айл байдаг байлаа. Тэднийх бягтруултай. Тэр үеийнхэн “Нягтраал” гэж ярина. Би бүр түүнийг нь “Мангаа” гэж нэрлэнэ. Зарим орой тэднийх мангаа тавина аа. Би уг нь үдэш ганцаараа гарч бие засдаггүй, айдаг хүн шүү дээ. Гэтэл айл мангаа тавьж байвал айхаа байчихна. Давхиад л очдог байсан. Тийм л бага наснаасаа эхлээд урлагт татагдсан хүн юм даа. Манай ээж их сайхан дуулдаг, нагац эгч Н.Жадамба, айлын эгч О.Маам гээд мөн адил их сайхан дуулдаг хүмүүс байлаа. Гурвуулаа л аман хуураа татна, дуугаа дуулна. Тэд маань л анхнаасаа миний замыг засч өгсөн шиг байгаа юм. Ингээд 1946 онд нэгдүгээр ангид орлоо, сургууль дээр дууны бүлгэм хичээллэнэ, түүнд явна. Заасан дууг нь сураад л, заримынх нь үгийг бүрэн сураагүй өөрөө  зохиогоод л дуулаад явна. Тэр үед аймгийн тоглолтод хоёр, гурван удаа орсон. Тэгэхэд клубын Б.Дарьсүрэн гээд сайхан дуучин, н.Осор гуай гээд аккардион тоглодог  байлаа. Тэднийг хараад, ялангуяа Б.Дарьсүрэн гуай шиг хүн болохсон гэж хардаг байлаа. Шанз тоглодог, урт богиногүй их сайхан дуулдаг хүн байсан. Гэвч дөрөвдүгээр анги төгсөөд хөдөө гарчихсан. Хэдэн жил хөдөө малчин байсаан, аав ээж дээрээ. 1950 онд дөнгөж дөрөв төгсөөд гарч байгаа юм. Өөр сургуульд явж чадаагүй л дээ. Сайхандулаан сумын Хулсангийн хар овоо гэдэг бууцанд өвөлжсөн юм. “Баян сүрэг” гээд нэг жаахан дуу бий, одоо гарах номонд маань орсон. Хаврын нэг налайсан өдөр хонио хариулаад явж байхдаа л дуулаад явдаг байлаа даа. Ая данг нь өөрөө хийгээд аялчихна. Тэр л миний анхны уран бүтээл юм болов уу даа. Энэ мэтээр  урлагийн замд анх хөл тавьж байлаа. 1959 оны аравдугаар сарын 9-нд Соёлын ордонд гоцлол дуучнаар орсон юм. Тэгэхэд ёочин эзэнгүй байсан. Манай найруулагч н.Батнасан гэж хүн байсан, тэр л ёочин хүнгүй байгаа, сурна гэхэд миний багш Цэенбадам:

 -Энэ хүүхдэд өгнө өө, чи бол шилжээд л явчихна, нутгийн хүүхдэд сургана гэж байж надад сургаж байлаа. Миний насан туршдаа бодож явдаг ачтан юм шүү дээ. 1961 онд үндэсний хөгжмийн уралдаанд явлаа. Аймагтаа хоёрдугаар байранд, Банзай багш, Баатар нар нэгдүгээр байранд, хөгжмийн дөрвөлөөрөө тусгай байранд орж шалгараад улсад очоод мөн тусгай байранд орж байсан. Үнэхээр сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа шүү дээ. Том А.Баатар, Ч.Банзай багш маань, гээд сайхан хуурчид, радио хорооны Цэдэвдорж хуурч, хуураа тоглоод уртын дуугаа дуулдаг, Балдан гэж Хөгжим бүжгийн коллежид багш байсан даа, сайн бүжигчин, миний тэр багш, шанзчин н.Цэенбадам гээд олон сайхан хүмүүсээс л хамгийн гол сайхан ардын дуунуудыг сурч авсан даа. 1981 онд Хөгжимт драмын театр болоход хотоос багш нар ирж 45 хоногийн дамжаа хичээллэсэн. Түүнээс өөр сурсан сургууль байхгүй юм шүү дээ. Гэхдээ 1967 онд улсын мэргэжлийн шалгалт ирж, бүх жүжигчдийг шалгасан байх, түүнд л бие даасан шалгалт өгч,нэгдүгээр зэргийн жүжигчин гэдэг цолыг Ж.Довчиндорж гуай бид хоёр авч байлаа.

-Та гэр бүлээ танилцуулаач. Урлаг, уран сайхны энэ завгүй амьдрал дунд гэр бүлээ авч явах, дөрвөн хүүхдээ өсгөхөд амар байгаагүй байх?

-Би 1958 онд 19 настайдаа гэрлэсэн. Нөхрийг маань О.Довчинсүрэн гэдэг, тэр үед Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилладаг байлаа. Сүүлд банкинд санхүү чигийн ажилтай байж байгаад жолооч болсон. Жолооч хүн чинь их хэсмэл, би өөрөө гэрийн бараа харахгүй шахуу. Гэхдээ миний ар гэрийг авч явж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн нь манай хүн. Бас нагац эгч Н.Жадамбаа маань манай хажууд айл байдаг байхдаа хоёр томыг маань өсгөлцсөн. Гэхдээ л нарийн ширийн бүх л юмыг гэрийн хүн маань л зохицуулдаг байсан.

-Эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлээрээ, ах дүү нарынх нь хүүхдүүд хүртэл Дорноговийн соёл, урлагийг өнгөлж явна. Удам байна даа?

-Би эхээс тавуул. Манай дээдчүүлд хуур, хуучир дардаг олон цагаан толгойтой өвгөцүүл байсан гэдэг. Тэндээсээ л удам таслахгүй явж байгаа юм байна л гэж боддог доо. Миний мэдэж байгаагаар бол ижийгээс эхлээд би, манай Б.Мөнгөн-Өлзий, Б.Отгондүүгийн хүүхдүүд  урлагаар явж байна. Манай гэрээс урлагаар явсан хүн алга. Би чинь хоёр охин, хоёр хүүтэй. Хоёр хүү бол техникийн улсууд,  дуул гэвэл дуулчих байх. Хоёр охин ёочин, шанзанд дуу оруулаад байна. Гэхдээ өөрсдөө сонирхохгүй юм.

-Соёлын ордны бүтэц бүрэлдэхүүн ямар байв.Та анх дуучнаар ороод хөгжимчин, бүр жүжигчин болж байсан гэдэг?

-Соёлын ордон 15-хан хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Драмын найруулагч, дууны, бүжгийн, хөгжмийн гээд дөрвөн ангийн багш нар байна. Нийлээд л 15 хүн чинь ямар л тоглолт, концерт, жүжиг хийнэ бүгд л оролцохоос аргагүй. Тийм учраас би эхлээд гоцлол дуучнаар орсон ч гэсэн хөгжим оролдоод хөгжим сурч, жүжиг ч тоглодог болсон доо. Манай сум ч бас урлаг, соёлын ажил сайн зохион байгуулдаг байж. 1956, 1957 оны үед “Учиртай гурван толгой” тоглодог байсан шүү. Ц.Жагдал гуай хийж байлаа. Хөдөө тоглосон гайгүй хоёр том дүр бол “Учиртай гурван толгой” жүжгийн Хоролмаад, “Далан худал”-д Тунгалагт тоглож байлаа. 1958 онд манай сумын урлагийн тоглолт Сайншандад болсон юм. Тэндээс намайг шалгаад, Соёлын ордонд дуучнаар авъя гэсэн байв. Миний хадам ах Самдан гэж байлаа, тэр хүн л чамайг Соёлын ордонд оруулна л гэнэ. Дотроо баярлаад байгаа мөртлөө гаднаа айгаад байгаа юм. Тэгээд ахтайгаа хамт ордонд очтол найруулагч н.Батнасан, дарга н.Балжинням, хөгжмийн багш Ч.Банзрагч, н.Цэенбадам багш, бүжгийн багш н.Жамьян гээд бүгдээрээ суучихсан, намайг шалгадаг юм байна. Дуу дууллаа, жүжигчин хүний ажиглалт шалгана гээд эд зүйлийн байрыг өөрчлөөд шалгалаа, ритм сонсголоо ч шалгууллаа. Тэгээд л за чамайг авлаа, маргааш өглөө есөн цагт ажилд ир гэж байна. Ордон байхгүй, их хүнд нөхцөлд байгаа. Шавар шавхайны ажил ч хийж магад гэнэ. Одоогийн “Саран хөхөө” театрын наана, “Ажнай” худалдааны төвийн зүүн талд  байсан даа. Гэртээ харьж унтаад, өглөө эрт бослоо. Ажил есөд цуглана, цаг явж өгдөггүй ээ. Гарч ороод л байлаа, дөхөж өгдөггүй. Тэгж тэгж найм хагас болгоод л хүрээд ирлээ дээ. Ирчихээд үүдэнд суугаад л байлаа. Хүмүүс нь ганц нэгээрээ ирээд л байна, гүйцэд цуглахгүй л байлаа. Тэгтэл “Өнөөдөр тоглох болсон, энэ хүүхдийг өнөөдөр дуулуулна л гэж байна. Манай Цэенбадам багш шанзаа тоглож, ажилд орсон өдрөө л анх дуулж байлаа. Нэг хэсэг Цэенбадам багшийнхаа шанзтай л дуулдаг байсан. Өвөл нь харин 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийсэн. Одонгоо дарга ирж бүжиглээд л, Ухнаа ирж орос дуу дуулаад л. Тэнд л анх оркестртой дуулсан даа.

-Домог үлгэр, хууч яриа, мартагдсан оёдлын төрлүүд, уран зангилаа гээд ширхэгчлэн нэрлэвэл асар их өвийн төрлийг эзэмшиж байдгийг тань мэднэ. Дэлгэрүүлж ярьж өгөөч?

-Манай ижий их уран  хүн байж. Аман хуураа өөрөө хийхээс гадна аяга шанаганы иш хугарчихвал хадаж наах гээд гарын ур дүйтэй. Эмэг ээж  ном сайхан уншдаг, ер нь бол зоч болох гэж байсан гэдэг. Миний заяа дутаад эцэг минь өнгөрчихсөн юм гэж ярьдаг сан. Яг эрхээ авдаг үйлээ хийж чадаагүй юм билээ. Хөгшин ижийгийн минь аав Намжил зурхайч гэж эм барьдаг эмч, зоч хүн байсан гэдэг. Үлгэр түүхийг бол манайхан маш сайхан ярина. Манай ажаа Буяндэлгэр гэж миний хойд аав гэхэд над руу нэг муухай харж үзээгүй сайхан хүн байсан. Ажаа маань түүхч хүн байлаа даа. Тэр үед үлгэр, түүх сайхан ярьдаг, урдны юм их мэддэг хүнийг түүхч  гэдэг байв. Оройд л бараг үлгэр ярьж байдаг. Би үлгэрт  дуртай. Ярихгүй үед нь үлгэр ярьж өг гээд гуйгаад суучихна. Тэгэхээр “Өө үлгэрийн төлөө үлийсэн сохор. Үнс шороогоор булуулсан сохор” гээд л өнөөдүүл чинь цаашлуулна. Үлгэр, оньсогыг  маш сайн мэднэ. Өвөл  эрт харанхуй болдог учраас малаа хотлуулж, хоол ундаа хийчихээд нэгнийдээ цуглаад үлгэрээ ярьж, дуугаа дуулж, хуураа татаж, мааниа хөгжөөдөг байлаа. Зарим айлууд нууцаар мааниа хөгжөөнө. Манайх  их л дуулдаг  байсан. Аман хуурыг бол айл аймгаараа бүгдээрээ татдаг байсан.

-Ямар  үлгэрүүд ярьдаг байв?

-“Өнчин цагаан ботго”, “Цуутын цагаагч гүү”-г их ярина. Би уйлаад л сонсоно. “Хэрээдий дуурс”, “Оготны баатар”, “Өвсний үе алддаггүй үе мэргэн баатар”, “Агайн улаан хаан” гээд ярина. Гэхдээ туулиас өөр. Ирж хоноглож байгаа хүмүүс хүртэл сайхан үлгэр ярьдаг сан. Одооных шиг радио, зурагт байгаагүй ч өөр хоорондоо хөгжилтэй, сайхан байжээ.

-Аман хуурыг юугаар, яаж хийдэг байсан бэ?

-Сайхан өнгө хулсаар нимгэн болгож зороод, хэлийг нь хутганы үзүүрээр нарийхан гаргана. Сийлбэр л хийж байна гэсэн үг. Тэгээд оосор хийгээд  татна. Зузаан нимгэнээс нь шалтгаалаад дуундаа тааруулна, хөг тааруулна  гэсэн үг юм даа. Дээр үед гуулин сумны хонгио гэж байлаа. Тэрийг задлаад  давтана, хотонгүй сайхан давтах нь хэцүү. Би бол сайхан давтаж чадахгүй л байгаа юм, хотгор гүдгэртэй болгоод байдаг. Ижий бол бүр гаршчихсан, дороо л хийнэ. Их сайхан ч дуутай хийнэ. Ижийгийн хийж өгсөн хуурнаас надад одоо хоёр, гурав л бий. 2001 онд Ардын урлагийн наадамд явахдаа татсан даа. Хайрлаад, өөрөө хулсаар нэг муу юм хийгээд татдаг. Хулсан хуураар бол татлага л татна. “Уулган шарын тэшээ”, “Жонон хар морины явдал”, “Ингэ ботго нийлэх”, “Бух урамдах” гээд л, цаана нь хүн хашгирч байгаа, хэрээ гуаглах, нохой хуцаж байгааг хүртэл татлагандаа оруулдаг байлаа. Тэр “Жонон хар морины явдал”, “Уулган шарын тэшээ” бол ардын аман аялгуу, бусдыг нь ижий зохиосон. 2001 онд наадамд очихдоо “Ингэ ботго нийлэх” гэдэг дээр ингэ хөөсөлж байгааг оруулаад татаж байсан. Яг бодитоор хулсан хуураар ингэ хөөсөлж байгаагүй. Ингэ хөөслөх чинь их өрөвдмөөр шүү дээ. Зарим айл морин хуураа ингэнийхээ бөхөнд даруулаад явуулчихдаг, хуурддаг хүн байхгүй бол. Тэгэхээр салхинд маш сайхан дуугардаг. Хоёр өнгө хоршоод, хангинатал сайхан дуу гаргадаг.. Би бол тэгж хуурдаж үзээгүй, хөөсөлж байсан.

-Бид одоо нэхээс сүлжээсээ байг гэхэд нэрийг нь ч мэдэхгүй болчихсон байна. Та өөр оёдол, зангилааны нэршлүүдээс нэрлээч?

-Мал уядаг уяанууд гэвэл, тугалчлах, тооно туших, урхидах, зангилаанууд гэвэл, ам зангилаа, туухай зангилаа, тэр нь чөдрийн, ногтны, хазаарын гээд өөр өөр байна. Сүлжээнүүд бол гурваар, дөрвөөр жирэм, зургаараар олом сүлжих. Оёдол дээр хатгах, шаглах, хөших, хөвөрдөх, нэвтгэлзэх, зүү ороох, хос зүү ороохыг шазаргана, шуудай нуруу, загасан нуруу гээд олон янз байна. Одоо бол шуудай нурууг загасан нуруу гэж яриад байх болж. Энэ даалин битүүлээд амсрыг нь оёод байгаа чинь шүү дээ, бүгд л шуудай нуруу оёдол. Майхан нуруу ч гэдэг. Гэтэл загасан нуруу гэж яриад байх юм. Загасан нуруу чинь сүлжээстэй гарч ирдэг. Яг л загасны хайрс шиг болгож байгаа юм л даа.

-Таны бага залууд манай говьчуудын дунд ямар найр хурим болдог байв. Найр хуримын дэг ёсны талаар, ямар дуугаар эхэлж, ямар дуугаар төгсгөдөг байсан бэ?

-Заавал төдийд тийм найр хийнэ гэсэн тогтсон юм байхгүй. Нэг айл гэр барилаа гэхэд шинэ гэрийн найр болно. Миний багад б өдөр судар хардаггүй байсан шиг байгаа юм. Унага тамгалах, гүү барих үед мөн найр хийнэ. Хүнээс хүүхэд өргөж авахдаа жаахан найрлана. Одоог бодвол хүүхэдгүй улс олон байж, хүүхэд өргөж авах явдал их элбэг байсан. Манай эндхийн найр  боржигин найртай адилгүй. Найрын дарга гэж хүн  байна. Тэр хүнээс зөвшөөрөлтэй гарч, орно. Зөвшөөрөл аваагүй бол айргаар торгоно. Архи гэж байхгүй, айргаар л найрладаг. Яг эхэлдэг, дуусдаг дуу гэж нарийн баримталж байгаагүй. Ихэнхдээ найр, наадам аль алиныг “Түмэн эх”-ээр эхэлж, “Энх мэндийн баяр”-аар л жаргаана.

-Уртын дуу найр наадамд хэр дуулагддаг байсан бэ.Та хэзээ, хэнээс сурав, хэдэн дууны өв байна вэ танд?

-Манай нутагт голчлон “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Бор борын бялзуухай”, “Урьхан хонгор салхи” гээд дуулагддаг. Хутагтын дуу ч гэж мэдэхгүй шүү дээ. Манай нутагт мэргэн О.Ууяа гэж хүн байлаа. Жигтэйхэн гоё цангинасан хоолойтой, шөнөжин дуулахад цуцдаггүй байсан гэж ярьдаг байсан. Мэргэн гэдэг нь зоосоор мэргэлдэг. Нэг хүн тэмээгээ мэргэлүүлтэл,

 -Танай тэмээ чинь Баян овооны баруун жалганд баруун хойшоо хараад хэвтэж байна аа гэсэн гэдэг. Тэр үед нь чухам хаашаа харж идэж байсан юм, ямар ч байсан тэр Баян овооны баруун жалганаас олсон гэдэг. Их мэргэн хүн байсан байгаа юм. Хачин гоё цангинасан, одоогийнхоор бол сопрано хоолойтой хүн байсан. Ер нь сайхан дуулдаг хүн олон байсан. н.Аюур гуай, З.Маам гээд хамаатны эгч, Ж.Чулуу гуай, Дамбадаржаа гуай гээд сайхан сайхан дуулдаг хүмүүс байжээ. Би бол ижийгээсээ “Ар хөвчийн унага”-ыг хамгийн анх сурч байлаа. Сургуульд ороод “Цомбон туурайтай хүрэн”-г сурсан. 1953 онд Дундговийн Говь-Угтаал суманд манай нэг хамаатны хүн байлаа. Тэр хүн ижийгээс охиноо хань болгож явуулаач гээд намайг авч явсан. Нэг зунжин тэднийд байсан. Манай тэр хамаатан ахын эхнэр Соном “Хэрлэнгийн баръяа”-г боржигиноор дуулдаг байсан.Тэр хүнээр “Хэрлэнгийн баръяа”-г анх заалгасан. Нутагтаа ирээд хүн дуулаач гэхээр нь дуулж л байна, өөрөө ч дуртай хойно. Би чинь “Хэрлэн” нэртэй байлаа шүү дээ. Тэгж сурснаас хойш “Хэрлэнгийн баръяа”-г  одоог хүртэл дуулж байна. Тэрнээс хойш сурсан 20 гаруй дуу бий.

-Монгол ардын уртын дуунаас гадна Ноён хутагтын зохиосон уртын дуунуудыг өвлөн уламжилж, заан сургадаг. Хутагтын дуунуудыг хэрхэн сурч байсан бэ. Өөрийнхөө дуулдаг дуунуудыг нэрлээч?

-1993 онд Ноён хутагтын анхны ой, наадам болсон. Тэр үед би хөдөө гарчихсан байсан. “Зан үйлийн нэвтрүүлэг”-ийн редакцийн Мандах  хотоос ирж надаас Хутагтын дууны бүтэн бичлэг авсан. Тэгэхэд мөн “Ноён хутагтын дууг хэн олныг мэдэх вэ? Хэн сайн дуулах вэ?” гээд уралдаан болсон. Тэр уралдаанд би 14 дууг дуулж, олныг мэдэгчээр нь шалгарч байлаа. “Хөвчийн өндөр”, “Дөмөн”, “Урьхан хонгор салхи”, “Лам гурван эрдэнэ”, “Галбын магтаал”, “Эрх зээрд”, “Цэвцгэр хурдан шарга”, “Наран зул хул”, “Хурмаст тэнгэр”, “Үлэмжийн чанар”, “Таван дохио”, “Түвшин сайхан”, “Ичиг ичиг”, “Арын гурван хайлаас” гээд. “Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж” дуу манай суманд бас өөр нэг аяар дуулдаг байсан. Хоёр аяыг нь мэднэ. Би  1992 онд хөдөө гарсан. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхнээс л Хутагтын дуу гэж мэдэж, дуулж, сурч эхэлсэн. Ихэнх дуу нь манай нутагт дуулагддаг байсан. Гэхдээ Хутагтын бүтээл гэж мэддэггүй л байсан. Нэг номон дээр нь бий, энэ дууг тэр дууны аяар дуулна гээд. Жишээ нь, “Галбын магтаал”-ыг “Лам гурван эрдэнэ”-ийн аяар, “Бардам сэргэлэн бор”-ыг “Урьхан хонгор салхи”-ны аяар гээд бичсэн байсан. Дууг нэг сонсоод л сурчихдаг байсан.Манай нутагт бас шүлэглэж ярьдаг улс олон байсан. Одоогоор бол яруу найрагчид юм даа. Манай ажаа ч  тэгж ярьдаг байсан. Нэгэндээ зориулж дуу, шүлэг гаргана.

Буурлын хэцийг идэштэй гэдэг

Буяндэлгэрээ анчин гэдэг

Хунзын усаа элбэг гэдэг

Хув Чулуугаа жинчин гэдэг

Харуултын хавийг идэштэй гэдэг

Харцага Аюураа жинчин гэдэг

Ар гашуунаа гүнзгий гэдэг

Алтан бор Шагаагаа номтой гэдэг гээд л явж өгнө дөө. Хөх Шагдар гэж байхгүй юу. Хөх гэдгийг нь тэгээд цэвэрхэн хэлж байгаа юм л даа.

-Нутаг нутгийн онцлог, аж байдал, ахуй соёл нь дуундаа шингэсэн байдаг шүү дээ. Нутгийн ардын дуу болон харилцаа дууны талаар ярилцъя?

-“Говь нутгийн түрлэг” номдоо 63 дуу оруулснаас дуулж амьдруулж байгаа нь тун цөөхөн байна даа. Нутгийн ардын 58 дуу, тав нь ч миний л юм байгаа юм. Саран хөхөө театрын дуучин Д.Эрдэнэсувд “Гошингоо”-г дуулж байгаа. Л.Лачирмаа дуулдаг байсан юм. Би өөрөө “Мэргэ вангийн нутаг”-ийг л жаахан дуулаад байгаа. Дуучин Б.Батцэцэглэн “Айлын хүүгийн хошин дуу”-г дуулж байгаа юм билээ. “Монгол ардын харилцаа дуу” номонд 46 дуу багтсан. Хамгийн олон бадагтай нь “Алгирмаа”, 98 бадаг орсон. Өөр илүү олон бадаг байдаг үгүйг мэдэхгүй. ӨМӨЗО-ны нэг номонд арай минийхээс бага, 95 бадаг ч билүү орсон байна гэж сонссон. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрхлэгч А.Алимаа сонсоод л ухасхийн шүүрч аваад хэвлүүлж өгсөн. Маанийн хөгжөөх дуу гэж байна. Маанийн аялгуу нь нутгийн л аялга. Нэг маань дотроо бас их олон аятай. Дүнчүүр маань гэхэд бид нар нэг аяар, Мандах, Эрдэнэ сумдад мөн өөр өөр аяар уншдаг юм билээ. Цаашаа Архангайд очихоор бүр тэс өөр аятай. Манай энд хамгийн гол нь Хутагтын мааниудыг уншдаг. “Аврал гурван чухаг”, “Шүлэгтэй маань”, “Галав шанхай” гээд уншина. “Төрсний эцэст” маанийг З.Чулуунбаатарын ая хийснээр уншина. Ерөнхийдөө гуч гаруй маань бий, аятай.

-Соёлын ордонд хэдэн жил ажилласан бэ. Ямар газруудад аймаг, улсаа төлөөлөн оролцож байв. Энэ хугацаанд ямар гавьяа, шагнал хүртэж байсан бэ?

-1959 онд ороод 29 жил илүү ажиллаад 1988 онд тэтгэврээ тогтоолгосон. Тэгээд үргэлжлүүлж ажиллаж байгаад 1992 онд гарсан даа. Хавар нь хэдэн малтай болоод, хөдөө гарах аялаад байтал намар нь зүүн аймгуудаар тоглолтоор явна, ёочин байхгүй гэхээр нь яваад өгч байгаа юм. 1995 онд төв рүү орж ирээд, буцаад театртаа ороод 1998 онд гарчихаад байтал Б.Хүдэрчулуун даргын үед ёочингүй гээд буцаад орсон. Ингэж орж, гарч явсаар 2011 онд Л.Эрдэнэбат даргын үед аймгийн ойгоор тоглолтод суугаад л дахиж театрынхаа тоглолтонд ороогүй дээ. 1981 онд Чехэд Олон улсын урлагийн зургаадугаар их наадамд явсан. Тавхан хөгжимчин, нэг дуучин, нэг бүжигчинтэй явсан. Нэг бүжигчин нь Увсаас, уртын дуучин нь Говь-Алтайгаас, нэгдүгээр ардын дуучин Архангайгаас, хуучир хөгжмөөр Хөгжим бүжгийн багш Цэвэлмаа, морин хуурчаар Баянхонгороос, Завханаас нэг шанзчин, бас нэг лимбэчин хаанаас билээ тэгээд би эндээс ёочингоор явсан. Бүгд л Хөгжим бүжиг төгссөн мэргэжлийн хүмүүстэй би ганцаараа явж байлаа. 2011 онд Новосибирьск хот руу Төмөр замын Ахмадын чуулгатай уртын дуучин, хөгжимчнөөр явсан. Гадаадад бол ингээд хоёрхон л явсан. Дотоодод бол 1970 онд “Алтан говь” гээд долоо хоног Сэлэнгэд болсон, 1979 оны Улаанбаатар хотод болсон “Соёл урлагийн 10 хоног”-т, оюутан залуучуудын фестивальд Өмнөговьд, Хэнтийд гээд олон явж байсан. Уралдаан тэмцээнд олон явсан. Үндэсний хөгжмийн, уртын дууны гээд. Тэгэхдээ хоёр, гуравдугаар байрнаас хэтэрдэггүй хүн дээ би. Тэр 1979 оны “Соёл урлагийн 10 хоног”-т манай аймаг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан. Зөвхөн хөгжим гэхэд 40 гаруй хүн байсан. Бүжиг ч мөн 30 гаруй, Л.Ухнаа багш бүх бүжгээ хариуцаж авч явсан. Тэнд гавьяат авсан шүү дээ. Хөдөө гадаа байсан авьяастай улсуудаа татаад их олуул, сайхан бүрэлдэхүүнтэй явсан даа. Ө.Нарангэрэл гэдэг найруулагч байсан. Жүжигт болохоор нутгийнхаа жүжгийг хийнэ гээд А.Шартолгойн “Дуудлага”-ыг хийж байлаа. Манай концерт бол үнэндээ сайн болсон. Хамгийн сүүлд “Дэлгэр Монгол” гээд дуулахад зритель босдог байлаа шүү дээ. Би бол бүх оркестрын ёочин дээр, зарим цөөхүүл дуун дээр Б.Шүрэнчулуунтай ээлжлээд гарсан. Шүрэнчулуун гэж манайд сайн ёочин байлаа шүү дээ. Хөгжим бүжгийг улаан дипломтой төгссөн. Ёстой агуу ёочин байсан. Уг нь аль хэдийн тэр Гавьяат энэ тэрийг авахаар хүн байсан. Б.Шүрэнчулуун бид нэгдүгээр ёочин, хоёрдугаар ёочин нь манай сумын Ц.Одом гэж байсан, Ч.Цэцэгмаа хоёр байсан. Дөрвөн ёочин, арван хэдэн шанзтай, долоо найман хуучиртай, арван хэдэн хууртай сайхан том оркестр явсан. “Уран хасын удиртгал” тоглож байлаа. Музейн үзвэр үзэсгэлэн ч явсан, тусгай хүмүүс хариуцаад 10 хоног л сайхан болсон. Анх 1962 онд Үйлдвэрчний эвлэлийн 8 дугаар их хуралд очоод Засгийн газрын жуух авч байсан. Тэгээд 1977 онд Соёлын ажилтны зөвлөгөөнд очоод Хөдөлмөрийн хүндэт медаль, 1979 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1991 онд Соёлын Тэргүүний ажилтан болж байлаа. 2012 онд эхийн алдар одонг дөрвөн хүүхэдтэй хүнд өгдөг болоод Алдарт эхийн II одон авсан. Соёлын ордонд ажиллахдаа тав, таван жилээр ажлаа төлөвлөөд Таван жилийн гавшгайч, ажлаа дүгнээд диплом билүү нэг, хоёрдугаар байр гээд зөндөө л авч байсан даа. Драмын жүжигчин байсан Д.Санжмятав бид хоёр л түрүүлээд байдаг байсан.

-Таны өөрийн зохиосон, бүтээсэн уран бүтээл үлэмж их. Одоо ч хоёулаа бүтээлийн тань эмхтгэл дээр сууж байна. Таны өөрийн уран бүтээлийн талаар дэлгэрүүлж ярилцъя?

-Соёлын ордонд орсны дараа 1962 онд юм уу даа, “Үйлчин бүсгүй” дууг зохиосон. Манай аймгийн зураач, яруу найрагч Б.Цэрэннадмид үгийг нь бичиж, би аяыг нь хийсэн. Тэрнээс өмнө, за их том ярина аа. Б.Явуухулан гуайн “Тал нутгийн эзэн бүсгүй” гэдэг шүлгийг олж аваад ая хийв ээ. Тэгээд л тэрнээс хойш голдуу эхийн тухай дуу л хийсэн шиг байгаа юм. 1995 онд Д.Лувсаннямаа багштай хамтарч тайлан тоглолтоо хийсэн. Тэгэхэд нутгийн ардын үг “Хаврын шинж” гээд үгэнд ая хийсэн. Одоо хүмүүсийн ярьж байгаагаар үзэхэд хамгийн анх шахуу хийсэн хэрнээ “Үйлчин бүсгүй”, тэр “Хаврын шинж” хоёр л гайгүй сайн болсон шиг. Прокурор М.Чулуунтай олон дуу хийсэн, хотод байдаг манай нутгийн Ч.Баасанжав гээд яруу найрагч хүүхэнтэй олон дуу хийсэн. Сүүлийн үед Мөнгөнтэй (дүү Б.Мөнгөн-Өлзий) хамтарч, би үгийг нь бичиж олон дуутай болж байна. Бага байхын л бага сага юм бичнэ, тэрийгээ хүнд үзүүлэхгүй. Аяыг зохиосон дуу бол 80 орчим. Үгийг хийсэн 10 гаруйхан дуу бий. Өөрөө үгтэй, аятай нь хийсэн дөрөв, тавхан бий.

-Урлаг уран сайхнаас гадна нийгэмд хандсан өөр ямар сонгуульт ажил үүргийг гүйцэтгэж байв?

-Арай жаахан ажил сайтай байх юм бол бүх юм л овоордог юм шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн бүгд хурлын гишүүн, байгууллагын Тэргүүлэгч, Эвлэлийн хорооны гишүүн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар олон жил байлаа даа. Мөн Шүүхийн ардын төлөөлөгч гэж олон жил байлаа. Хэрэг таслахад суудаг хөндлөнгийн хяналт юм уу даа. Сайншанд хотын депутатаар гурван удаа сонгогдож байлаа.

-Төр засаг, цаг үеийн өөрчлөлт нийгэмд, хүн бүрийн амьдралд илт явагддаг. Гэхдээ таны зүгээс харахад өнөөгийн нийгэм, тэр дундаа шинэ залуу үеийнхэн юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ талаар ч их л юм баймаар байна. Урьд бол хүмүүсийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн төлөө мөн ч олон янзын ажил явагддаг байж. Долоо хоног бүр нэг өдөр лекц, нэг өдөр сонин уншлага гээд хүмүүжлийн ажил явагддаг. Орой гэртээ харьчихаад буцахгүй цаг байдаггүй байлаа. Ялангуяа одоо үед хүмүүжлийн ажлууд их хиймээр санагддаг. Маш их дутагдалтай байна. Цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, олон нийтийн ажлууд л хүнийг хүмүүжүүлнэ шүү дээ. Одоо яаж байна, одоо утас бариад л сууж байдаг болсон шүү дээ. Юм хөгжөөд сайхан болж байна л даа. Гэхдээ л хүний суурь ухамсар муу байна. Хүмүүжлийн л ажил их хиймээр санагддаг даа. Хүнд урлаг, соёлоор дамжуулж хүмүүжлийг олгоно. Гэхдээ хүн болгон дуучин, хөгжимчин, жүжигчин болох албагүй. Тэндээс ухамсар, хүмүүжлийн асар их мэдлэгийг л олж авдаг юм даа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.175) 2024 оны 12 сарын 30

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.175) 2024 оны 12 сарын 30

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Наран(202.9.40.45) 2024 оны 12 сарын 29

Сайхан ой ухаантай аюьяастай монгол нэгэн ижий юмаа. Урт наслаарай.

0  |  0
Top