“Аллагын эздийг нам дамнасан корпорац, хувь хүмүүсээс хайвал илүү онох байх”

2024 оны 04 сарын 10

Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийн одоогоос 10 жилийн өмнө өдөр тутмын сонинд өгсөн цуврал ярилцлагын онцлох асуулт, хариултаас хүргэж байна.


-Цагдаагийнхны хэлснээр бол “Казиногийн хэрэг”-ийг илрүүлчихвэл С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдчих юм шиг яриад байсан. Гэтэл хэрэг илрээгүй. Казино гэх хэргийнхээ үр дүнд хүрээд, С.Зоригийн аллагыг илрүүлэх ажил руу ямар  сэжмээр холбогдох ёстой юм, тийшээгээ огт ороогүй. Алуурчид “Эрдэнэт” гэж хэлсэн байхад тэр сэжүүрийг шалгаагүй... гэлээ. Энэ юу гэсэн үг вэ?

-Цагдаагийнхан “С.Зоригийн амийг хөнөөсөн энэ хэргийн ээдрээг тайлъя гэж байгаа бол казиног зоригтой шалгаж илрүүлэх ёстой. Эргэлзэхгүйгээр үүнийг л эхлүүлчихвэл, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гүйцэтгэгч, захиалагч, тэр мафи гэж яриад байгаа зүйл хөзрийн байшин шиг нураад ирнэ” гэж ярьж байсныг би сайн санаж байна. Казиногийн хэрэгт эхэндээ олон хүний нэр хахууль авсан гэх асуудлаар холбогдсон. Сүүлд нь Д.Энхбаатар, Д.Баттулга гэхчлэн Ардчилсан холбооны, дандаа бидний  найз нар ял авч шоронд орсон. Тэр хүртэл Их хурал дээр олон юм болсон.Эхлээд Казиногийн хуулиа хүчингүй болгож, зөвшөөрлийг нь цуцалж, гадаадын хөрөнгө оруулалтыг тас цохисон.

Хурандаа Д.Алтангэрэлийн ахалсан цагдаагийн ажлын хэсгийн хийсэн ажлын гол үр дүн нь Казиногийн гэх хэргийг л илрүүлсэн, С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлээгүй. Чухам аль хэсэгт нь очиж тулаад зогссоныг би хэлж мэдэхгүй байна. Цааш хэр гүнзгий явсан захиалагч, гүйцэтгэгч нарын асуудал байгааг ч төсөөлөхөд бэрх. Д.Алтангэрэлийн ахалсан цагдаагийн  ажлын хэсэг хэрэг бүрдүүлэх, мөрдөн шалгах гол ажлыг хийсэн. Цаг хугацааны хувьд аваад үзвэл, хэрэг илрүүлж болох цаг хугацааны  ихэнх хувийг эзэлдэг. Цагдаагийн удирдлагуудын нэг удаагийн хурал дээр би ил тод хэлсэн. “Та нар авлигатай тэмцэж байгаа юм уу, эсвэл хүн амины хэргийг илрүүлэхээр явж байна уу. Худал ярьж, мөнгө төгрөг төсөвлүүлж, дундаас нь түр зуурын ашиг харах юм уу, цаг хожих байдлаар асуудалд хандаж болохгүй” гэж. Гэвч, Казиногийн хэрэг тийм байдлаар шувтарч, жагсаалтад  нэр гарч байсан Их хурлын гишүүдийг заримыг нь өрөвдсөн, заримыг нь яагаад ч юм бэ цааш ухаж, төнхөлгүй орхисон. 200-300 ам.доллар, өмдний нэг тэлээ гэх мэт зүйл авсан гэдгээр гурван хүнийг суулгасан. Тэр нь яагаад С.Зоригийн аллагатай холбоотой болдог юм бэ гэхэд дараа нь ямар ч тайлбар сонсоогүй. Хамгийн сонин нь тэр.

С.Зориг тэр үед Дэд бүтцийн сайд, “Эрдэнэт”-ийн асуудал руу ч хүссэн хүсээгүй ордог л байсан байж таарна. Цахилгаан, дулаан  хангамж бүх юмаар дамжаад олон ажил яаманд төвлөрч байсан.Тендер  гэхэд л М.Энхсайхантай Эгийн голын тендерийг холбож, бараг л алчихлаа гэж ярьдаг моод дэлгэрч байлаа  шүү дээ. Тэрэнд үнэн голоосоо итгэчихсэн хүн ч явдаг байсан.Зарлаагүй, бүтээгүй тендерийг хардахын оронд “Эрдэнэт”-ийн тэр олон тэрбумын урсгал мөнгийг сайн шалгах ёстой л байхгүй юу. Яагаад шалгаагүй юм бэ гэдэг шалтгааныг  хэлж цөхөх юмгүй, жинхэнэ бодит их мөнгө орчиж байгаа газар их голын уснаас балга ч болтугай хүртчих сонирхолтой хүмүүс нь дэндүү олон, цагдааг дотор нь худалдаад авчихсан, худалдагдчихсан хүн цөөнгүй, “Эрдэнэт “дээр бол тусгай ажлын дэд хэсэг байгуулах нь зүйтэй байсан болов уу, дээр нь шалгах ёстой юмаа шалгаж байна уу гэдгийг давхар хянадаг бүтэц заавал хэрэгтэй юм байна лээ.

-Улс төрийн аллага илэрдэг үү?

-Олон улсын туршлагаас харахад, улстөрийн аллага олон жилийг ардаа орхисон ч бай захиалагч, гүйцэтгэгч, хамтрагчтайгаа илэрдэг юм байна лээ. Том сүлжээ байвал үзүүр бүрийг нэгд нэгэнгүй эрж олно гэдэг чимхлүүр ажил байх. Гэхдээ  гол судсыг нь олж, хэдэн жилийн дараа ч гэсэн тухайн хүн нь нас барсан байсан ч нэр усаар нь гаргаж зарласан тохиолдлууд байдаг. Хамгийн ойрхон жишээ гэхэд ОХУ-д улстөрийн зүтгэлтний амь насанд халдсан нэг бус удаагийн хэргийг илрүүлсэн. Б.Немцовын хэрэг олон түмнийг цочирдуулсан сүүлчийн том хэрэг гэхэд тодорхой хүрээний хүмүүсийг сэжигтнээр  татаж, шалгаж байгаа.

Хараахан илрүүлээгүй ч дээд төвшиндөө мэддэг, гол нь нотлох асуудал л байх шиг байна. Тэгвэл С.Зоригийн амь насыг хө¬нөөсөн хэрэг дээр яагаад гол судсыг нь тухайн үед ч, түүний дараа ч олоогүй юм бэ гэдэг асуулт бий. Илрүүлэх нь улстөрийнхөнд ашиггүй байх шиг байна л даа. Анхнаас нь зөв гольд¬ролоор шалгаж, илрүүлэхийн төлөө яваагүй учраас өнөөдөр хүмүүсийн дунд илрүүлчихнэ гэсэн итгэл алга байх шиг байна. Илрүүлэх гэж байна гэхэд хүмүүс өөрт байгаа мэдээллээ аваачиж өгөхгүй л болов уу.

-Яагаад?

-Намайг Ажлын хэсэг ахалж байхад хүмүүс цагдаад очоод тэр орой би тэнд явж байгаад тийм юм харсан гэх мэтээр мэдээллээ өгье, тэмдэглүүлье гэхээр хүлээж авдаггүй, эвгүй харьцдаг гэсэн мэдээлэл дуулддаг байсан. Хэргийн мөр халуун байх үед тийм зүйлтэй нүүр тулсан улс өөр яах юм бэ. Тэр үед “Нөгөөдөр” гэдэг сонин талийгаачийн цогцост задлан хийсэн зураг болон баримт, фактуудыг хамгийн сайн гаргасан. Гэтэл тэр сонины сэтгүүлчдийг дарамталж, ямар зорилготой юм гэхчлэн үл ойлгогдох хандлагууд их гарсан. Яг бодитой, хэрэг илрүүлэхэд нэмэр болохуйц баримт, фактаас яагаад ч юм бэ зай барьчихсан нь гайхмаар.

Тэгээд өөрсдийнх нь шалгаад байсан мэдээлэл ямар үр дүнд хүргэсэн нь тодорхойгүй. Үл ойлгогдох үйл явдлууд ч их явагдсан. Цаг хугацааны хувьд С.Зориг амь насаа алдсан тэр орой, цаг минутыг хэн нэгнийг баривчлах, хулгайлах гэхчлэн өөр зүйлд ашиглаад байдаг. Гэтэл яг тэр хэрэг нь илэрдэггүй. Ер нь бол анхнаасаа тэр асуудлыг ашиглан тэр үед түүхэнд анх удаа парламентад олонх болсон ардчилсан хүчин бидний буюу эрх баригч намуудын нэр хүндийг унагаая гэсэн операци явагдсан болж таараад байгаа юм.

-Таны ахалсан Ажлын хэсгээс тайлан  гаргасан уу. “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх дөхөж байна” гэсэн утга бүхий ярилцлагыг Д.Алтангэрэл, Д.Мөрөн нар өгдөг байсан. Тэгээд яагаад олоогүй вэ гэдэг асуулт одоо болтол байдаг?

-Манай Ажлын хэсэг жил хагас л ажилласан. Дүгнэлтээ тэр үед өгсөн. Сонинд ч гаргасан. Нуух зүйл ч байгаагүй. Илрүүлж чадахгүй байгаагийн гол шалтгааныг битүүвтэр үгээр гэхдээ тэнд дурдсан. Тэр дагуу янз бүрийн яриа хөөрөө гараагүй. Ямар ч ажил явагдаагүй. Ер нь бол дэлхийн шатрын их аварга Каспаровын хэлсэнчлэн “Геноцидийг хийсэн хүмүүсийн үр хөврөлүүд” болох хүмүүс Монголоор дүүрэн байна.

Ард иргэдээ алж устган жинхэнэ геноцид гээч аймшигт ярга (төрлөөр устгах) үйлдчихээр чинь манай үндэсний генофонд алтан ураг, лам, сэхээтэн, эрдэмтэд нь зайлаад ихэвчлэн нөгөөх яргачингуудаас бүрдэж эхэлнэ биз дээ. Улс төрийн хэргүүд илрэхгүй байхын учир нь ганцхан үүнд л байгаа юм. Сэтгүүлчид сонирхвол энэ тун сонин сэдэв. Би мөрдөн байцаагч биш нийгмийн судалгаан дээр суурилсан анализ хийхэд нэг иймэрхүү дүр зураг л гарч ирдэг юм шүү дээ.

-Аллагын эздийг хаанаас хайх ёстой юм бэ. АН дотроос уу, МАН-аас уу?

-Нам дамнасан корпораци, хувь хүмүүсээс хайвал илүү онох байх аа. Нэг намаас хайх нь учир дутагдалтай. Аль аль намын хүмүүс хамтарч захиалж хийгээ биз. Гол нь мөнгөний том урсгал дундаас хайх нь зөв гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Мөнгөтэй холбоогүй хайна гэвэл хуурай улстөр яриад хэрэггүй, дэмий олон хүнийг зүдрээсэн хэрэг болох байх л даа.

-Цаашид яах вэ?

-“Комиссар”-уудын савраас салгаж аваад жинхэнэ мөрдөн байцаагчдын гарт өгөх нь тэргүүн ээлжинд хийх ёстой зорилт гэж л харагдаж байна даа. Энэ тийм амар ажил биш. Гэхдээ үүнийг хийхгүй бол манай гэр бүл шиг дахиад  15 жил хүлээсний эцэст “алуурчныг олох л ёстой доо” гэдэг хий хоосон горьдлогоос цаашгүй хоцрох болно. Надаас асууж хариулт авч байгаа шигээ асуулт тавихгүйгээр зүгээр л “санамсаргүй” байдлаар салгаад авах юм бол дороо илэрнэ. Манай өвөөг алсан  аллага ч тэр, С.Зоригийг хөнөөсөн хэрэг ч тэр аль аль нь илэрнэ. Итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top