Монголын буддизмын сод төлөөлөгч Дандар аграмбын зохиолыг төвд хэлнээс орчуулж, уншигчдад хүргэлээ

2024 оны 02 сарын 21

ШУА-ийн философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, Р.Алтансүх нар Монголын буддизмын шинэтгэгч үзэл санааны сод төлөөлөгч Шадавдандар (1835-1916) буюу Дандар аграмбын “Мадхъямакын гэгээ шастарын тэмдэглэл”, “Нотлохуй ухааны товч үгс гучитын тайлбар” хоёр зохиолыг нь төвд хэлнээс монгол хэлэнд орчуулж “Дандар аграмба. Философийн зохиолууд” (УБ., 2023) нэрээр уншигч олонд хүргэж байна.


Монголын буддизмын шинэтгэгч үзэл санааны сод төлөөлөгч Шадавдандар (1835-1916) буюу Дандар аграмба нь өөрийн зохиол бүтээлээрээ монголын буддын философийн онцлогийг тод харуулсан сэтгэгч болно. Тэрээр 3 боть бүтээл туурвисан нь Чин вангийн хүрээнд модон бараар хэвлэгджээ.

Эдгээрээс ШУА-ийн философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, Р.Алтансүх нар “Мадхъямакын гэгээ шастарын тэмдэглэл”, “Нотлохуй ухааны товч үгс гучитын тайлбар” хоёр зохиолыг нь төвд хэлнээс монгол хэлэнд орчуулж “Дандар аграмба. Философийн зохиолууд” (УБ., 2023) нэрээр уншигч олонд хүргэж байна.

Монгол хэлэнд буддын философийн энэтхэг эх сурвалжууд орчуулагдаж байсан хэдий ч мадхьямака философийн логик, танин мэдэхүйн онол, буддын аргументацийн болон логик мөрдлөгөөний онол, хэллэгийн логикийг нягтад шинжилсэн судалбар зохиол төдийлөн орчуулагдаж байсангүй. Учир иймд орчуулагчид тус хоёр зохиолын орчуулгын концепци боловсруулах, нэр томъёог жигдлэх үүднээс арга зүйн шинжтэй хэд хэдэн зохиолын эрдэм шинжилгээний орчуулга, философи-эх бичгийн судалгааг давхар гүйцэтгэж, үр дүнг нь энэхүү орчуулгын бүтээлд нэгтгэн тусгасан байна.

Энэтхэгийн философич, мадхьямака-йогачара чиглэлийг хөгжүүлэгч Камалашила «Мадхьямакын гэгээ» шастартаа сэтгэл төдийтний философийн үзэл санааны үүднээс төв үзлийн философи дахь хоосон чанарын үзэл баримтлалыг няцаан тэмцсэн үндэслэлүүдийг 83 сэдэвт хураан тодорхойлжээ. Ингэхдээ тэдгээрийг нарийн эрэмбэ дараатай, онолын нарийн үндэслэлтэй, эш баримттайгаар гаргаж тавьсан байдаг. Тийм ч учраас мадхьямака философийн логик, танин мэдэхүйн онолын суурь бүтээлд зүй ёсоор тооцогддог байна.

Тус бүтээлийн цөөн тооны тайлбар байдгийн нэг нь Дандар аграмбын «Мадхьямакын гэгээ шастарын тэмдэглэл» юм. Түүний энэхүү зохиол нь агуулгын хувьд буддын философи, логик, танин мэдэхүйн онолын өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн хувьд үндэслэгээний баталгаа, няцаалтын олон хувилбарыг хэрэглэсэн төвд хэлт утга зохиолын сонгодог бүтээлийн нэг юм.

«Нотлохуй ухааны товч үгс гучит» буюу дэлгэрэнгүй нэрээр «Нотлохуй ухааны мөрийн агуулгыг хураангуйлсан товч, зохист ухааны сангийн үүдийг нээх түлхүүр» зохиол бол Их хүрээний шалгадаг ухааны дэг сургуулийг үндэслэгч, монголын логикч Шижээ буюу Агваандондовын туурвисан нэг сэдэвт бүтээл юм.

Буддын логикийн агуулгыг товч хураангуйлж, 120 мөрөөр шүлэглэсэн уг зохиолд төвд, монгол мэргэд тайлбар хийсээр иржээ. Тэдгээрээс Шижээ гавжийн гарын шавь Дандар аграмбын «Нотлохуй ухааны товч үгс Гучитын тайлбар» зохиол нэн итгэмжтэйд тооцогддог. Уг судалбар бүтээл нь буддын логик аргументацийн онолыг логик мөрдлөгөөний онол, хэллэгийн логиктой хавсарган шинжилсэн монгол логикчийн нэгэн шилдэг бүтээл болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(103.212.119.184) 2024 оны 02 сарын 29

Энэ их сайн бүтээл болжээ

0  |  0
А(122.201.31.214) 2024 оны 02 сарын 24

Үнэ хэд вэ?

0  |  0
Алтанзориг(202.21.108.10) 2024 оны 02 сарын 22

Хаанаас авч уншиж болох вэ

3  |  0
Top